Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа.
-"Саарал жагсаалт"-аас гарах ФАТФ-ын зөвлөмжийг хэрхэн биелүүлснийг шалгах газар дээрх хяналтын баг саяхан Монгол Улсад ирж ажиллалаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэлийн дагуу Монгол Улсыг энэ ондоо багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах нь Монголбанкны эн тэргүүний ажил байсан. Энэ хүрээндээ маш эрчимтэй ажиллаж, бусад төрийн байгууллага, хувийн сектор, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласны үр дүнд газар дээрх хяналт шалгалтын багийг Монгол Улсад авчирч чадлаа. Ингэснээр ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтын баг аравдугаар сарын 1, 2-ны өдөр хяналт, шалгалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийтдээ 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцож, бүгд өөр өөрсдийн салбарын хариуцсан ажлаа тайлагнасан. Тэгэхээр газар дээрх энэ хяналт, шалгалтын хариу нь аравдугаар сарын сүүлээр гарч, ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэр гарна. Тэгэхээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлийн үндсэн ажлууд 2020 онд хийгдсэн.
Харин ирэх онд ямар ажил хийх вэ гэдэг асуудал бий. Төв банк жил бүрийнхээ мөнгөний бодлогын үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах асуудалд өндөр ач холбогдол өгч, тэргүүн зэргийн заалт болгож оруулдаг. Ирэх жил ч бас энэхүү уламжлалаа хадгалж байгаа. Тэгэхээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр заалт оруулсан. Тодруулбал, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд хууль эрх зүйн орчноо ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн боловсронгуй болгоно. Мөн Монгол Улсын үнэлгээний үр дүнтэй байдал буюу зөвлөмжүүдийнхээ үнэлгээг ахиулах чиглэлээр гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллана” гэж тусгасан.
Түүнчлэн ирэх 3-4 жилд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг буюу Үндэсний хөтөлбөрийг батлуулъя. Ингэж батлуулахдаа үндэсний эрсдэлийн үнэлгээг хийнэ. Энэ оны хоёрдугаар сард Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэг байгуулагдсан. Нийт 10 дэд ажлын хэсэгтэй, 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй энэ баг нь салбар бүрийн эрсдэлийг үнэлэх, үүн дээрээ тулгуурлаад, дутагдалтай талуудыг илрүүлж, асуудлыг систем, тогтолцооных нь хувьд тодорхойлох зорилготой юм. Бид энэхүү үндэсний эрсдэлийн үнэлгээг дөрөвдүгээр улирал гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Үндэсний эрсдэлийн үнэлгээний ач холбогдол юу вэ?
-Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр салбар бүрийн эрсдэлийг гаргаж ирснээр энэ нь ирэх оны эхний улиралд батлагдах Үндэсний хөтөлбөрийн гол цөм нь болох юм. ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн дараагийн үнэлгээ 2023 онд болно. Тэгэхээр Үндэсний хөтөлбөр нь ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн зөвлөмж тус бүрээр ямар асуудал тулгарах вэ, ямар эрсдэлүүд бий болох вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ, хэн, ямар байгууллага хариуцах вэ гэдэг бүх асуудлыг тодорхойлох бодлогын томоохон бичиг баримт болох юм. Тийм учраас бид ирэх оны эхний улирал гэхэд энэхүү баримт бичгээ батлуулаад, үлдсэн хугацаанд нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаад, цаашид хэрэгжүүлж ажиллана. Энэ бүгд нь 2023 онд болох ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн үнэлгээг хамгаалах чухал суурь ажил болох юм.
-ФАТФ-ын зөвлөмжийн талаар үнэлгээг сайжруулахад ирээдүйд ямар алхам хийх вэ?
-Юун түрүүнд энэ он болон ирэх он дамнаад виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх хуулийг батлуулах шаардлагатай байгаа. Мөн ашгийн бус байгууллагын тухай хуулийг батлуулах хэрэгтэй. Үүн дээр ХЗДХЯ голчлон ажиллаж байна. Харин виртуал хөрөнгийн зохицуулалтын хуулийн хувьд Монголбанк хариуцах юм. Мөн 2021 онд техник хэрэгжилтийн “Зөвлөмж 1”-ийн үнэлгээг сайжруулах тухайд Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа. Дээр дурдсанчлан Үндэсний эрсдэлийн үнэлгээг 2020 ондоо багтаад хийнэ. Энэхүү үнэлгээний дагуу бид 2021 онд ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэгт үнэлгээг ахиулах чиглэлээр ажиллах юм. Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн хувьд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлууд илүү чухал байна. Ингэхдээ гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, техникийн туслалцаа авна. Тэгэхээр 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр ийм бодлого хэрэгжүүлэх юм.
-Монгол Улс "саарал жагсаалт"-д орсноор банкуудын гадаад гүйлгээ, мөн корреспондент банкны үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдсан. "Саарал жагсаалт"-аас гарснаар энэ асуудал эерэгээр шийдэгдэх үү?
-"Саарал жагсаалт"-д орсон орны хувьд дараагийн нэг жилдээ ДНБ-ий өсөлт 0.98 нэгж хувиар буурдаг гэсэн статистик бий. Манай улсын хувьд энэ асуудал нь санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарт яаж нөлөөлөх вэ гэдэг нь маш чухал. Банкны сектороор дамжаад гадаад худалдаа эрхэлж байгаа хувийн секторын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, гадаад төлбөр тооцоо хийгдэх хугацаа уртасч, төлж байгаа шимтгэлүүд нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, нэг банкаар дамжаад төлбөр тооцоогоо хийдэг байсан бол хоёр банк болчихоор тухайн арилжааны банкны болон тухайн банкаар үйлчлүүлж буй хувийн хэвшлийн байгууллагын зардлыг өсгөдөг. Гэхдээ Монгол Улс саарал жагсаалтаас гарсан тохиолдолд энэ асуудал эерэг тал руугаа өөрчлөгдөнө. Гадаад төлбөр тооцоо дамжуулагч банкны хувьд корреспондент банкны харилцаа нь маш чухал.
"Саарал жагсаалт"-тай холбоотойгоор корреспондент банкны үйл ажиллагаа хумигдсан ч ФАТФ-ын саарал жагсаалт болон Европын холбооны хар жагсаалтаас гарснаар манай улсын банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавих шалгуур зөөлөрнө. Мөн тухайн улс орны банкуудад Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай тэмцдэг, энэ чиглэлийн эрсдэл багатай юм байна, тийм учраас гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэх мессежийг өгнө. Банкуудаас мөн корреспондент банкуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дахин эрчимтэй арга хэмжээг авч эхлэх байх. Энэ утгаараа ойрын хугацаанд корреспондент банкны үйл ажиллагаа сайжирна гэж харж байгаа.
-Ирэх онд эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улс дахин "саарал жагсаалт"-д орохгүй байх нөхцөл бүрдэх үү?
-"Саарал жагсаалт"-д орохгүй байхын тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал. Мөн тухайн улс орон төрийн дээд түвшинд энэ асуудалд ач холбогдол өгч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчилж, хариуцсан байгууллагууд нь ажлаа цаг тухайд нь, чанартай хийх нь чухал юм. ФАТФ-аас тавьж байгаа олон улсын стандартууд байнга чангарч байгаа. Тэгэхээр энэ стандартуудыг Монгол Улс тухай бүрд нь дагаж мөрдөж байх ёстой. Тэгж чадахгүй бол дараагийн харилцан үнэлгээний баг ирэхэд дахиад л дутагдалтай байна гэж дүгнүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр стандарт өөрчлөгдөх болгонд Монгол Улс тэр стандарттай хөл нийлүүлж явах нь чухал юм. Тухайн стандартын дагуу хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийдэг, тэрхүү шинэчлэл нь практикт хэрэгждэг, бодлогын систем, зарчим, стратегитай байх ёстой. Үүнийг л ФАТФ-аас хамгийн гол зарчим болгож, шаарддаг.
-ФАТФ-ын зөвлөмжийг дагахад төрийн байгууллагуудын оролцоо чухал гэдгийг та хэлж байна. Өмнө нь Монгол Улс саарал жагсаалтад ороход Монголбанк болон СЗХ-ны удирдлагад хариуцлага тооцсон. Тэгэхээр иргэдийн хувьд үүнийг зөвхөн Монголбанк эсвэл СЗХ-ны л ажил юм байна гэж ойлгосон шүү дээ. Энэ талаар?
-Санхүүгийн мэдээллийн алба нь төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны гадаад, дотоод харилцаа гээд бүхий л асуудлыг хариуцаж байдаг. Гэхдээ хэчнээн тийм ч гэсэн тухайн байгууллагын өмнөөс ажлыг нь хийх чадавх, боломж, бололцоо, хууль эрх зүйн орчин байхгүй. Одоогоор Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд төрийн 20 гаруй байгууллагын оролцоотой Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж байна. Мөн төрийн 20 байгууллагын оролцоотой Үндэсний зөвлөл бий.
Тухайлсан төрийн байгууллагуудын дээд удирдлага болон дунд түвшний менежрүүдийн хосолсон ажлын хэсгүүд тогтмол хуралдаж асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Мөн хамтын ажиллагаагаа сайжруулаад явж байна. Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ-ын зөвлөмжүүд, бусад стандарттай холбоотой хийгдэх ажлуудыг тухайн бүрд нь эдгээр зөвлөлдөө танилцуулж, аль байгууллага ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлж, асуудлыг эзэнтэй болгоход тогтмол дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын МУТСТ талаарх ойлголт, хүний нөөц чадавхи харьцангуй сайжирсан гэдгийг бас онцлон тэмдэглэмээр байна.
Мөн Терроризмтэй тэмцэх зөвлөл гэж бий. Уг зөвлөл нь терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Энэ зөвлөлд мөн л 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл бий. Тэгэхээр манай энэ зөвлөлүүд байнгын харилцан хамтын ажиллагаатай байх ёстой. Мөн мэргэжлийн холбоодуудын хүчин чармайлт чухал.
Үүнээс гадна хэчнээн төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран ажилласан ч гэсэн энд хувийн хэвшлийн дэмжлэг маш чухал. Тэгэхээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүд маань төрийн байгууллагуудаа дэмжээд, үйл ажиллагаанд нь тогтмол хамрагдаж, мэдээлэл, туршлага солилцох байдлаар ажиллаж явах нь дараагийн удаад 2023 онд Монгол Улсын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг үнэлэхэд ямар нэгэн дутагдал гарахгүй байх чухал суурь болно.