x

Ирьяа Халаш: Монголчууд 1990 онд СЭРСЭН

"Монголд эргэж ирсэн нь миний амьдралын хамгийн сайн сонголт байсан"

1990 оны Ардчилсан хувьсгалыг сурвалжилж барууны орнуудад Монголын нөхцөл байдлыг мэдээлж байсан Финландын сэтгүүлч, гэрэл зурагчин Ирьяа Халаштай ярилцлаа. Тэрээр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Уран зургийн галерейд “Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгээ саяхан гаргасан юм. Ирья Монголд 33 дахь жилдээ ажиллаж, амьдарч байна.

-“Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн тань даруухан, чимээгүй болоод өнгөрчихлөө?

-Ардчилсан холбоотой хамтарч, төсөл хийж байна. Эхний ээлжинд ном буюу фото зургийн альбом гаргаж, жижигхэн хэмжээний үзэсгэлэн гаргалаа. Энэ үзэсгэлэнгээ хүмүүсийн анхаарлыг татахын тулд дэлгэсэн юм. Миний хүсэж байгаа том зорилго бол фото зургийн энэ их материалаа Ардчилсан холбооны архивт оруулах. Магадгүй өөр архивт ч хадгалуулах санаа байна. Учир нь Ардчилсан хувьсгалын үед зургийн аппараттай хүн маш цөөхөн байсан.

Тухайн үед гэрэл зураг авч байсан хүмүүсийн ихэнх нь бурхны оронд одчихоод байна. Гэтэл тэдний гэрэл зургийн материалууд нь бас байхгүй болчихсон. Тэгэхээр маш харамсалтай. Түүхэн зургууд. Би чинь тийм ч их хөгшин биш ээ. Гэхдээ бодож байгаа юм. Би өнөө орой ч юм уу, маргааш өглөө амьд байх эсэхийг мэдэхгүй шүү дээ. 20 жилийн дараа амьд байх уу. Хэрвээ амьд байвал окей! Сайхан байна. Гэхдээ энэ бүгдийг хүн яаж мэдэх билээ. Тийм учраас миний дарсан зургуудын тодорхой хэсэг нь Монголын түүхийн архивт орох ёстой гэж бодож байна. Миний үлдээх юм байх ёстой. Үндсэндээ юмаа үлдээх нь миний үүрэг гэж үзэж байна. Үүний дараа хийх ёстой гурав дахь том ажил байна. Тэр ажилд маань санхүүжилт ерөөсөө байдаггүй ээ. Эрж хайж хаанаас олохоо мэдэхгүй байна. Эдийн засгийн хувьд би сайн мэдлэггүй юм. Хаанаас хандив, ивээн тэтгэгч олохоо мэдэхгүй байна.

-Ямар ажил?

-Бүх аймгуудаар явж 1990 онд яг ямар үйл явдал болж байсныг мэдмээр байна. Тэр мэдээ надад маш их хэрэгтэй байна. Тэр үед байсан хүмүүс, хөдөө, аймгийн төвдөө ардчилсан хувьсгалд оролцсон байсан хүмүүстэй уулзаад телевизийн камераар бичлэг хийж хадгалж, хамгийн чухал нь архивт оруулах хэрэгтэй байна. Бодит хүмүүсийг яриулаад түүхийн материал цуглуулж авмаар байна. Бүх аймгаар явж, тэр дундаа сонгогдсон хэсгийг ашиглаж, телевизийн цуврал нэвтрүүлэг хийх боломжтой.

Ойрын хугацаанд архивт орох, ирээдүйн судлаач гэх мэт хүмүүст материал болгож үлдээх хэрэгтэй байхгүй юу. Үүнийг би олон жил ярьж байна даа. Өнөөдөр хүртэл үүнийг нэгдсэн системтэй хийсэн хүн алга. Энд тэнд бага сага хийсэн хүн байна. Яг бүх аймгаар явж, тэр үед ардчилсан хөдөлгөөнд оролцож, дэмжиж, тэмцэж байсан хүмүүстэй уулзаж, ярилцлага авсан нь үгүй. Би тэрийг бичлэгээр хиймээр байна. Бүх аймгаар явмаар байна.

Энэ ч ганц нэг жилийн дотор хийх ажил биш. 2-3 жилийн ажил болно. Үүнд би санхүүжилт хаанаас олох билээ дээ гэж толгойгоо гашилгаж байна. Мэдэхгүй байна. Би одоогийн байдлаар цалингүй явж байгаа, коронавирусээс болоод. “Al Jazeera English Channel”-ийн Монгол дахь албан ёсны продюсерээр ажиллаж байгаа. Сар бүр цалин авдаггүй. Хийснээрээ авдаг. Хоёрдугаар сараас эхлээд бүтэн жил хийх ажлаа төлөвлөчихсөн байсан чинь коронавирус дэгдээд хамтран ажиллах хүмүүс минь гадаадаас ирж чадахгүй болсноос ажилгүй, цалингүй сууж байна. Ийм удаан, хэдэн ч сар болчихов. Найман сар цалингүй байна. Түүнээс өмнө би гадагшаа сургалтад явсан. Тэгэхээр бараг бүтэн жил цалингүй сууж байна. Миний хэмнэсэн мөнгө бүгд дуусчихсан. Яаж амьдарна аа (инээв).

-Та монголоор маш сайн ярьдаг юм байна?

-Тийм ээ, тийм.

-Та Монголд суурин байдаг уу?

-Байдаг, байдаг. Би Монголд 33 жил болж байна.

-Ирэн очин байдаг уу?

-Ер нь энд байдаг. Миний гэр энд байна. Надад өөр гэр байхгүй. Өвлийн хамгийн их утаатай үед Тайланд руу явдаг. Би өөрөө астматай. Утаатай үед шууд өвддөг. Хэд хэдэн удаа хатгаа авч, бронхиттой болоод эцэст нь биеийн байдал минь муудсан. Тэгээд утааны үед Тайланд руу явж тэнд очиж хэлний курст сурдаг байсан. Эхлээд тайланд хэл, дараа нь солонгос хэлний курст орсон. Бүтэн жилийн курст бүртгүүлсэн ч сурч чадаагүй. Хоёрдугаар сарын 26-нд хамгийн сүүлчийн онгоцоор Монголд ирсэн. Буцаж явж чадаагүй.

И.Жавхлантын хамт. 1990 он. Сүхбаатарын талбай

-Таны 1990 онд Сүхбаатарын талбайд авахуулсан зураг байна шүү дээ, үстэй дээлтэй энэ зураг. Энэ үед та хэдэн настай байсан бэ?

-Жаахан хүүхэд байсан. Би насаа хэлдэггүй ш дээ (инээв). Оюутан байсан. Хичээлээ тараад талбайд очсон чинь өлсгөлөн зарлагчид “Хүйтэн байна. Куртикээ тайлаад энэ дээлийг өмс” гээд үстэй дээл өмсгөсөн. Тэр өдөр С.Цацрал энэ зургийг дарсан л даа.

Оюутан байхдаа би Унгарт сурдаг байсан шүү дээ. Монгол хэлний судлалын ангид. Ярианы хэлний анги биш байхгүй юу. Би Унгарт таван жил сураад Монголд ирэхдээ ярианы хэл муутай ирсэн. Унгарт Монгол хэлний эртний хэлний бүтэц гэх мэтийг судалдаг байсан. Энд МУИС-д мэргэжил дээшлүүлэгч гэдэг статустай ирсэн. Би ерөнхий хэлний судлалын ангид сурдаг байсан. Гэхдээ бүх хичээлүүдээ профессор багштайгаа ганцаарчилж хийдэг байлаа. Энэ нь надад маш их хэрэг болсон.

-1990 оны хувьсгалын үед та Монголд сурч байжээ, тэгвэл?

-Тэгсэн, сурч байсан. Мэргэжил дээшлүүлэгч нэрээр ирээд оюутан болсон.

-Унгарт монгол судлалаар сурч байсан гэхээр бүр багаасаа Монголыг сонирхож байжээ. Монгол руу ирэх шалтгаан, үндэс нь хүүхэд байхад тань тавигдсан уу?

-Би Монголыг их сонирхож байсан.

-Хэдэн настайгаасаа?

-Энэ чинь их хачин түүхтэй (инээв).

-Ярь, ярь?

-Хачин түүх байна л даа. Гурван настайгаасаа үсгүүдээ нүдэлж эхэлсэн л дээ. Дөрвөн настай байхад ээж минь үлгэр уншиж өгдөг байлаа. Ээж нэг удаа “Чи бүх үсгээ мэддэг боллоо. Одоо үсгүүдээ холбож дууд. Чи чадна” гэсэн. Тэгээд би уншиж эхэлсэн. Янз янзын үлгэр уншиж эхэллээ. Манайд том атлас байлаа. Тэр атласын дотор орон орны хүмүүсийн фото зургууд байсан. Тэр зургууд дундаас хоёр хүний царай надад маш их хүчтэй нөлөөлсөн. Дөрөв, тавхан настай хүүхдэд яагаад тэр фото хүчтэй нөлөөлөв гэж гайхдаг. Хоёр эрэгтэй хүний царай байсан. Нэг нь монгол эрэгтэй хүн байсан. Нөгөөх нь Афганистаны хазара үндэстэн байсан. Тэр хоёр хүний царай надад маш хүчтэй нөлөөлсөн.

-Дотно санагдсан гэсэн үг үү?

-Тийм. Би үүнийг тайлбарлаж мэддэггүй юм. Одоо хүртэл миний нүдэнд тэр хоёр хүний зураг харагддаг. Би нутагтаа үлдэхгүй, ямар нэг өөр улсад амьдарна гэдгээ зөнгөөрөө мэддэг байсан. Өөр улс, өөр орнуудыг сонирхсон. Мэдэхгүй цөөхөн орон үлдсэний нэг нь Монгол орон байв. 1973 онд барууны орнуудаас анхны оюутнуудыг Хятадад сургаж эхэлсэн. Финландаас манай төрсөн эгч тэгж сурахаар явсан. Хятад руу галт тэргээр явахдаа Монголоор дайрсан. Галт тэрэгний цонхоор хэдэн зураг дарсан байсан л даа. Тэр зургууд дунд Монголын хэдхэн зураг дарсны дотор хээр талд морьтой давхиж яваа хүний зураг байсан. Тэр зураг надад дахиад маш хүчтэй нөлөөлсөн.

Швейцарьт арван хэдэн настайдаа нэгэн том чуулганы өмнө орчуулга хийсэн. Франц, герман, англи хэлнээс орчуулга хийсэн юм, сайн дураараа. Тэгэхэд Монголын тухай материал гарч ирсэн. Ингээд би Монголын тухай судалж эхэлсэн. Манай номын санд Монголын тухай юу ч байгаагүй. Тэгээд би гадаадаас захиалсан байхгүй юу. Маш цөөхөн тооны материал байсан ч би маш их сонирхсоор байсан. “За, би монгол хэлийг хаана сурч болох вэ” гэж бодсон. Тэгсэн чинь манай Финландын Хелсингийн их сургуульд анхан шатны курст Оросын буриад хүн монгол хэл заасан. Гэхдээ тэр хүн халх аялгаар ерөөсөө ярьж чадахгүй байсан. Надад дэмий санагдсан. Их сургуулийн багш нар “Монгол судлаач болъё гэвэл Унгарын Будапешт, Польшийн Варшав, АНУ-ын Индиана мужид сурах боломжтой” гэсэн. Төлөвлөгөөнөөсөө АНУ-ыг шууд хассан, мөнгө хүрэхгүй байсан учраас. Би унгар хэл тодорхой хэмжээнд сурчихсан байсан болохоор Унгарыг сонгоод өргөдөл өгсөн. Намайг их сургуульдаа авсан юм. Тусгай зөвшөөрлөөр Унгарт суралцахаар болж байлаа. Тэр үед Унгар руу барууны орнуудаас хүмүүсийг хамаагүй оруулдаггүй байсан юм. Гурван жил сурлаа.

Тэр үед би унгар нөхөртэй байлаа. Тэр нөхөр миний сурч байгаа чиглэлд үнэхээр дургүй байсан. “Битгий сур, өөр ямар ч хэл сурч болно. Хятад хэл сурсан ч хамаагүй. Наад хэлээ боль” гэсэн. Би маш их эргэлзсэн. Би өөрөө монгол хэлээр явмаар байсан. Аймаар дарамттай болж ирсэн. Манай финланд найзууд христ хүмүүс байсан юм. Тэд миний төлөө залбираад дундаасаа хандив цуглуулаад жилдээ ганц нэг удаа, маш ховор тохиолдлоор баруун Европоос Монгол руу жуулчлах боломжтой аяллын тасалбарын мөнгийг өгсөн.

-Ямар гоё юм бэ?

-1985 онд. Тэгээд тэд “Чи ямар ч байсан Монголд оч. Тэгээд чи мэднэ” гэсэн. Би Монголд ирсэн. Тав хоног болсон. Энд ирээд “Би энд дахиж ирнэ” гэдгээ шууд мэдсэн. Үүнийг би тайлбарлаж мэдэхгүй байна. Яагаад миний толгойд тийм бодол орсныг мэдэхгүй юм. Тэгээд л би тэр чигээрээ зүтгэж, хэн ч юу ч ярьсан хамаагүй өөрийнхөөрөө бүгдийг шийдэж, Унгарт сургуульдаа онц сураад 1987 онд спидент авсан. Хэн ч юу ч гэж байсан эс тоон Монголд ирсэн. Тэр бол миний амьдралын хамгийн сайн сонголт байсан.

-Та Монголд ирэх ирэхдээ хоёр нийгмийн шилжилт, хөдөлгөөн эхэлж буй хүндхэн цаг үед хөл тавьж ээ дээ?

-1987 онд, социализмын үед хэцүү байсан шүү дээ.

-Монголд ирээд тэр чигээрээ үлдсэн байна?

-Тэгсэн. Намайг оюутан байхад амьдрал амархан байгаагүй, хэцүү байсан.

-Хүмүүс “Социализмын үед сайхан байжээ”, “Ямар гоё байсан гээч...” гэцгээдэг болсон байна билээ?

-Өө, ямар худлаа юм бэ.

-Худлаа биз дээ?

-Худлаа худлаа. Би социализмын үед ирсэн шүү дээ. 1985 онд анх удаа ирсэн, дараа нь 1987 онд ирээд тэгээд тэр чигээрээ байж л байна. Тэр бол шал худлаа шүү. Хүмүүс тэр цагийг санахгүй байна, эсвэл ерөөсөө мэдэхгүй байна. Гэхдээ социализмын үед сайн юмнууд байсаан байсан. Тэрийг би үгүйсгэхгүй. Бүх юм муу байгаагүй. Гэхдээ өнөөдрийн нийгэмд байгаа хэн нэгнийг социализмын үеийн амьдралд оруулчихвал юу болох вэ. Хойд Солонгост очиж үзээрэй. Тэнд сайхан амьдрах уу. Тэнд хэсэгхэн хэдэн хүн сайхан амьдарч магадгүй (инээв). Тэнд чинь үнэхээр хэцүү байсан. Хамгийн гол нь хүний эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө, шашны эрх чөлөө, үг хэлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, хүн сонгуульд чөлөөтэй оролцох эрх, ганц намаас биш олон намаас сонголтоо хийх, нийгэмд нөлөөлөх эрх гэж юм социализмын үед байгаагүй шүү дээ. Тэр үед төр засгийг жаахан л шүүмжилбэл ял онооно, эсвэл бүр хөдөө нутаг заана. Нутаг заахдаа хамгийн хол аймаг руу заадаг байлаа. Тэр үед хөдөөнөөс Улаанбаатар руу хамаагүй орж ирж болдоггүй байсан. Янз янзын зөвшөөрөл авах хэрэгтэй байсан юм. Нэг хүн ардын засгийг шүүмжилсэн бол bye bye болно. Хамгийн хол аймгийн, хамгийн хол сумын, хамгийн хол бригадад явуулдаг. “Юм яримаар байвал малтай ярь. Өөр юм байхгүй” гэдэг байсан.

Тэндээс буцаж ирэх эрхгүй. Тийм ялтай байсан. Өнөөдөр хэнийг ч хамаагүй шүүмжилж болно шүү дээ. Шүүмжиллээ гээд ял оноохгүй, чөлөөтэй. Оноож болохгүй. Өнөөдөр хүмүүс үүнийг ойлгохгүй байна. Өнөөдрийн хүмүүсийг тийм нийгэмд оруулъя гээд чирвэл тэд дэлбэрээд, хэдэн хоногийн дараа зугтаагаад буцаад ирнэ (инээв). Тэнд амьдарч чадахгүй шүү дээ. Эрх чөлөө чухал. Марксизм, Ленинизм үзэлтэй ганц нам нийгмийг удирдаж, толгойд нь байгаа хүмүүс нь нийгмийн элитүүд байсан. Тэр үед авлига огт байхгүй байсан гэж худлаа ярьдаг. Авлига нь яг өнөөдрийн байдлаар биш ч авлига байсан. Тэр элитүүд нь тусдаа эрхтэй. Тэр хүмүүсийн хүүхдүүд Европт хаалтгүй сурна, тэр хүмүүс тусгай хангамжтай, машины үйлчилгээ авдаг байсан. Гэтэл бусад хүмүүс үгүй. Явган л явж байна. Хоол хомс. Тусгай үйлчилгээтэй дэлгүүрт орох эрхгүй. Хүүхдүүд нь хаашаа ч явж чаддаггүй байв. Их ялгаатай байсан шүү дээ. Тийм байхад ямар юмных нь тэгш эрхтэй нийгэм байх вэ. Тийм байгаагүй. Социализмын үе үнэхээр хэцүү байсан шүү.

-Та Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт зургийн аппаратаа бариад оролцсон сэтгүүлч, гэрэл зурагчин хүн. Тухайн үед та С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд Ардчиллын алтан хараацайнуудтай ойр дотно нөхөрлөж, хот, хөдөөгүүр явж сурвалжлага бэлтгэж, дэлхий дахинаа мэдээлэл дамжуулж байсан гол хүн. Тухайн үеийн нөхцөл байдлын тухай эргэн дурсвал?

-Тэр үед би дарсан зургуудаа архивт оруулна гэдэг ямар ч зорилгогүй, тийм юм огт бодоогүй л дээ. Миний зорьж байсан ажил бол энэ үйл явдлыг баримтжуулаад мэдээлэл цацах байсан.

Ирья. Хонконгийн Шек О хотод 1991 он. Гэрэл зураг авсан С.Зориг

-Та тэгэхэд “Ройтерс” агентлагт ажилладаг байсан байх аа?

-Тийм, “Ройтерс” агентлаг Бээжин дэх Финландын Элчин сайдын яамаар дамжуулж надад ажлын санал тавьсан. “Ройтерс”-ийнхэн надтай 1989 оны арванхоёрдугаар сард уулзсан юм. Монголд юу болж байгааг би ч өөрөө маш их сонирхож байлаа. Дэмжиж байсан. Эхлээд би С.Зоригтой нууцаар уулзлаа, Их сургууль дээр. П.Улаанхүү, Баабар, Р.Гончигдорж гэх мэт хүмүүс байсан л даа. Компьютерийн танхимын хажуух хоёр өрөөний арынх нь хаалттай шахуу өрөөнд С.Зоригтой хамгийн анх уулзсан. Санал солилцсон, ойлголцсон. “Энэ хүн үнэхээр ардчиллын төлөө явж байгаа юм байна” гэж бодсон. Тэгээд бид танилцсан. Тэрнээс хойш энэ хүмүүс надад хаана, юу болж байгааг байнга мэдээлдэг болсон. Тэд “Очоод баримт болгоод тэрийгээ мэдээллэ” гэсэн. Тэгээд л би мэдээгээ дамжуулж эхэлсэн. Эцэстээ байдал хурц болж эхэлсэн шүү дээ. Өлсгөлөнгийн сүүлчийн өдөр цэргүүд орж ирэх үү, Хятадын Тяньмэний талбайд болсон үйл явдал давтагдах уу гэсэн аюул тулгарсан.

Өлсгөлөнд оролцсон хүмүүс намайг гуйсан байхгүй юу. “Эндээс битгий яваарай, энд бидэнтэй хамт байгаарай. Бидэнтэй хамт хонож үзээрэй. Бидэнд юу ч тохиолдсон бай тэрийг дэлхий даяар цацаж мэдээлээрэй” гэсэн. Тэр нь үндсэндээ миний үүрэг болсон байхгүй юу. Энэ хүмүүсийг орхиж болохгүй, чадахгүй гэдгээ мэдсэн. Тэгтэл бидний төсөөлж байсан шиг айхавтар юм болоогүй, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ буусан. Барууны зарим орны сэтгүүлчид Бээжингээс ирэн очин ирж ажиллаж мэдээ бэлтгэдэг байсан ч тэр үед над шиг суурин байж мэдээ бэлтгэж байсан хүн байгаагүй. Тийм учраас би тэр чухал үйл явдлыг өөрийнхөө үүрэг болгож авсан байхгүй юу. Тодорхой хэмжээний баримт цуглуулаад мэдээллийг явуулдаг байсан. Тэр үед миний бэлтгэж байсан мэдээ, авсан зургууд түүхийн архив болно гэж огт бодож байсангүй ээ.

-Таны үзэсгэлэнд дэлгэгдсэн зургууд болоод альбомыг тань үзэхэд урьд өмнө нь харж байгаагүй “Нээрэн ийм нийгэм байл уу” гэж мартсаныг сануулах чухал, ховор зургууд их байна. Гэрэл зураг үүгээрээ үнэтэй юм аа?

-Үнэтэй. Надад мөнгө ирэхгүй ч зургууд минь үнэтэй. Өнөөдрийн монголчууд үүнийг нэг их үнэлэхгүй байх л даа. Гэхдээ 100 жилийн дараа би байхгүй, өнөөдрийн монголчууд ч байхгүй болсон хойно миний энэ зургуудыг хүмүүс үнэлнэ. Тэрний төлөө явж байна. Би ядуу сэтгүүлч. Өрөнд орсон. Өөрийнхөө байрыг зарахаас өөр аргагүй болчихоод л явж байна. Тэгэхдээ л 100 жилийн дараа хүн үнэлнэ. Энэ зургууд Монголын түүхэнд хэрэгтэй.

-Та буцаад явчихаж болох л байсан. 1990 онд зах зээлийн нийгэмд шилжиж, монголчууд хөл толгойгоо олохоо байж амьдрахад үнэхээр хүнд он жилүүд үргэлжилсэн шүү дээ. Гэтэл яагаад үлдчихэв?

-Би зүгээр л сонирхсон байхгүй юу (инээв). Энэний дараа юу болдог бол доо гээд хараад байсан. Жил жилээр сунгаад, сонирхолтой байсан учраас би буцаж яваагүй. Би мөнгөний төлөө яваагүй. Нэг талаасаа би жаахан тэнэг байна. Мөнгө хэрэгтэй байхгүй юу. Би тэрийг огт бодоогүй. Тэгээд эцэст нь ядуу сэтгүүлч хэвээрээ л үлдсэн байна. Гэхдээ сонирхолтой байсан. Жил жилээр сунгасаар 33 жил болж байна шүү дээ. Одоо би яаж буцах вэ дээ.

-Дасчихсан биз?

-Дасчихсан. Манай нутагт миний юу ч байхгүй ш дээ. Гэр орон ч байхгүй. Бүх юм Монголд байна. Гэхдээ их юм байхгүй.

-Та бол өнөөдрийн монголчуудын эрх чөлөөтэй амьдарч байгаа энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулсан гавьяатай хүн. Тийм ч болохоор Монголд амьдрах эрхтэй. Монголчууд хүний ачийг санадаг хүмүүс дээ?

-Би азтай хүн. Би тэрийг нүдээрээ харсан. Мөнгөний хувьд ямар ч нэмэр байхгүй. Би “Одоо юу хийх вэ” гэж бодсон. Биеэ үнэлж чадахгүй хөгшин болж байна аа (инээв). Яаж би мөнгө олох вэ, яана аа. Ёстой мэдэхгүй байна. Аргалаад яваад өнөөдрийг хүргэлээ. Байраа зарна, тэрний дараа яахыг ёстой мэдэхгүй байна аа. Гэхдээ би өөртөө хөгшин болж байна гэдгээ зөвшөөрөхгүй шүү. Би бол залуу, сэтгэлгээ минь залуу байна. Гэвч паспорт минь өөр юм хэлээд байна. Тэрийг би ёстой зөвшөөрөхгүй байгаа (инээв). Ийм үед цалинтай ажил олоход хэцүү байна. Олдохгүй юм. Хамгийн гол нь коронавирусээс болж байна. Коронавирус байгаагүй бол би гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллах байсан. Коронагаас болоод ёстой нэг... (Толгой сэгсэрч, шогшров.сурв)

-Та төрсөн нутаг Финландаа санаж байна уу?

-Сүүлийн 15 жил нутагтаа очиж чадаагүй. Би очмоор л байна. Тэнд найзууд минь байгаа. Бас төрсөн эгч минь байна. Цөөхөн тооны хамаатнууд минь байна, олон хүн үлдээгүй ээ. Гэхдээ би очмоор байна. Боломж байсангүй. Одоо ч боломж байхгүй. Замын зардлаас эхлүүлээд их зарлага гарна, айлд хоосон очиж болохгүй. Тэнд бүх юм үнэтэй. Нутаг руугаа явмаар байна. Өдөр бүр нутгаа санаж байгаа ч тэрийгээ аль болох бодохгүй байхыг хичээдэг. Гэхдээ нутгаа хармаар байна, хүмүүстэй уулзмаар байна. Манай байгаль сайхан шүү. Зуны улиралд бүр ч сайхан. Нэг ч гэсэн очмоор байна, мэдэрмээр байна. Боломжгүй байхад нутгаа байн байн санаж өөрийгөө шаналгаж болохгүй. Өөрийгөө барьж жаахан хатуу байсан нь дээр. Сэтгэлээ хатамжлаад “Битгий уйл. Хөл дээрээ зогс” гэж өөртөө хэлдэг дээ.

-Монголчууд одоо өөрсдийгөө яая даа гэсэн хүмүүс байна. Уг нь монголчууд хүний тусыг мартдаггүй юм. Та монголчуудыг ямар сайн хүмүүс байдгийг мэднэ дээ, уг нь?

-Би монголчуудтай хувь хүний түвшинд уулздаг. Ажлын түвшинд бас уулзана. Ажлын хүрээнд янз янзын хүмүүстэй уулздаг. Би хүмүүстэй уулзах дуртай. Миний найзууд бол өөр хэрэг. Найзууд бас олон янз байна. Сайхан хүмүүс. Ажлын хувьд би одоо ч хүртэл юм сурч, үзэж байна. Шинэ юмыг ойлгохыг хичээж байна. Хүмүүсийн бодлыг сонсож байна. Тэдний толгойд юу байгааг ойлгохыг хичээж байна. Жаахан нээлттэй сэтгэлгээтэй байх хэрэгтэй л дээ.

-Та ардчилсан хөдөлгөөнийг сурвалжилж байсан сэтгүүлч хүний хувьд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа улс төрийн амьдралыг хэрхэн харж, дүгнэдэг вэ?

-Албан ёсоор би улс төрд оролцохгүй. Нэгдүгээрт, би бие даасан сэтгүүлч учраас аль ч намын хүн биш, аль ч намын чиглэлд явдаггүй. Тэр бол миний зарчим. Одоогийн байдалд хамгийн түрүүнд залуучууд маш их оролцох хэрэгтэй. Тэгэхдээ түүхээ сайн мэдээрэй. Социализмын үеийн тэр түүхийг гоё гэж битгий бодоорой. Үүнээс илүү юуг хийх хэрэгтэй вэ гэхээр ардчиллын зарчмыг сайн судлаад энэ гацаатай юмыг яаж засахыг бодож байгаарай. Үймээн самуун, дэмий хэрүүл хийхгүйгээр энийг яаж засах вэ гэж залуус ажил хэрэг болгох ёстой гэж бодож байна. Алдаагаа засах хэрэгтэй. Буруу тийшээ явсан бол тэрийг засах хэрэгтэй. Залуучууд ажлаа уурлаж, шүүмжлэхгүйгээр системтэйгээр хийх цаг нь болсон.

С.Зориг. Хонконгийн Шек О хотод 1991 он. Гэрэл зургийг Ирья. Тэд олон улсын хуралд хамт оролцох үеэрээ ийнхүү бие биенийхээ зургийг даржээ.

-“Сэрсэн Монгол”. Энэ бол таны үзэсгэлэнгийн нэр. Тэгэхээр таныхаар монголчууд 1990 онд сэрсэн?

-Ардчилсан холбооны С.Эрдэнэцогт энэ нэрийг санал болгосон. Би тэрийг зөв гэж үзсэн. С.Цогтсайханы “Хонхны дуу”-нд монголчуудыг муухай зүүднээсээ сэрээрэй гэж хэлсэн байхгүй юу. Муухай зүүд чинь коммунизмын үе байсан шүү дээ. Тэрнээс сэр сэр, Ардчилал ирлээ. Тийм учраас “Сэрсэн Монгол” гэсэн утгаар ийм нэрийг сонгосон. Монголчууд коммунизмаас салаад ардчиллын чиглэлээр явж сэрсэн. Монголчууд 1990 онд сэрсэн. Сэрсэн монголчууд. Мэдээжийн хэрэг сэрсэн монголчууд цаашаа яаж ажлаа хийх үү, улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг чинь дараачийн асуудал. Гэхдээ яг тэр үед монголчууд сэрсэн.

-Өлсгөлөн зарлагчид сүүлийн өдрөө таныг дэргэдээ байгаач ээ гэж гуйхад та “Өнөө шөнө ямар нэг юм болоод би хоморгонд нь өртчих вий” гэсэн айдас байсан уу?

-Айдас байсаан. Тэр орой 22:30 цагийн үед юм уу даа, үр дүн гарсан. Ж.Батмөнх дарга радиогоор үг хэлсэн. Бөөн баяр болсон. Тэгээд өлсгөлөнгөө зогсоосон. Гэхдээ л би бэлтгэлтэй байсан. Би дотроо бодож байсан. Залуу ч байж. Айдас байсан ч тийм их тоогоогүй. Юм болвол түүнийг нь баримтжуулж, нүдээрээ харж мэдээллийг дэлхийд цацах ёстой гэж бодсон.

-Та ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай ойр дотно найзалж, нөхөрлөж явсан. Хэн хэнтэй илүү ойр байв. С.Зориг агсны зургуудыг олон дарсан байгаагаас тань та хоёрыг нэлээд сайн найзууд байжээ гэж бодлоо?

-Тийм тийм. Би бусад хүмүүсийн нэрийг дурдахгүй. Улс төрийн асуудал гарч мэднэ. Тийм учраас би С.Зоригийг ярья. С.Зоригтой нэлээд ойр дотны найз байсан. Гэрт нь очиж хонож өнждөг байлаа, хамт хөдөөгүүр явцгаадаг байлаа. Ажлын сайхан хамтрагчид байсан юм. С.Зориг зарчимч хүн байсан. Шулуун хүн. Чанартай хүн. Өөрийнхөө зарчимаас ухардаггүй. С.Зоригийн тухай янз янзын яриа байдаг ч жинхэнэдээ их шулуун, шударга хүн байсан юм.

“Сэрсэн Монгол” гэрэл зургийн цомог

-Та “Сэрсэн Монгол” үзэсгэлэнгээ Ардчиллын 30 жилийн ойд зориулсан билүү?

-Тийм тийм, 30 жилийн ойд зориулсан. Бас С.Зориг агсны харамсалтайгаар амиа алдсан өдөрт зориулж үзэсгэлэнгээ дэлгэсэн. Тийм учраас түүний нэлээд зургийг оруулсан л даа.

-Та монголчуудын уламжлалт баяруудыг хэр тэмдэглэдэг вэ?

-Үнэнийг хэлэхэд, Цагаан сараар дэндүү их бууз идээд ядардаг. Дэндүү их таргалдаг учраас тэр баяраас зугтдаг (инээв). Наадмаар бас зугтана аа. Би хэтэрхий олон удаа наадмын бичлэг хийчихсэн болохоор одоо наадмын бичлэг хийх тийм ч дуртай биш. Дэндүү их наадамласан, дэндүү их бичлэг хийсэн. Ядарч байна. Харин зүгээр л энгийн амралтад дуртай. Жишээ нь, зуны цагт голын эргээр яваад түүдэг асаагаад хээрийн хоол идэх надад сайхан. Эсвэл хөдөө яваад майхан барих. Эсвэл говьд очоод хэдүүлээ суугаад юм ярих. Тэр чинь надад хамгийн гоё байхгүй юу. Надад том найр майр хэрэггүй. Ер нь тийм. Эсвэл хэдүүлээ ой модтой газраар явна. Тэр чинь гоё. Би жаахан онцгүй хүн байх л даа.

-Үгүй үгүй.

-Надад энгийн юм хамгийн гоё.

-Таны гэрэл зургийн цомог худалдаанд гарчээ. Хаанаас яаж худалдаж авах вэ. Үнэхээр ховор, урьд өмнө нь харж байгаагүй түүхэн зургууд байна шүү?

-500 зурагтай, 380 хуудастай “Сэрсэн Монгол” гэдэг нэртэй цомог л доо. Үнэ нь 120 мянган төгрөг. Хэрвээ миний цомгийг сонирхож байвал 91181580, 80086058 дугаарын утсуудаар холбогдоорой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 13 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 30 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 12 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 22 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 47 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top