Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдээллээ.
Тэрээр өөрийн сошил хуудаснаа "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав" хэмээн нийтэлсэн байна.
Манай улс 2019 оны аравдугаар сард Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Улмаар ФАТФ-аас манай улсад зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн билээ.
Тус зөвлөмжийн биелэлтийг шалгах хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан юм.
Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцсон юм.
Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тул саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэжээ.