x

О.Мөнхсайхан: Ерөнхийлөгчийн зүгээс хэрэг, маргаанд нөлөөлөх эрсдэл байгааг хуулиар хаах хэрэгтэй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.

-Ойрд ямар сэдвээр судалгаа хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хичээлээ заахын зэрэгцээ судалгаа хийж, түүнийхээ үр дүнгээр хууль зүйн салбарын асуудал шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахыг хичээдэг. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 40 гаран хууль шинэчлэгдэж батлагдана. Эдгээр шинэ хуулиас өөрийн судалдаг чиглэлийн хуулиа хэрхэн гарах хэрэгтэй талаар судалж байна. Жишээлбэл, МУИС-ийн хуульд “Шүүхийн эрх зүй” гэж хичээл зааж энэ чиглэлээр 4 ном дангаар болон хамтран хэвлүүлсэн судлаачийн хувьд шүүхийн тухай хуулийн шинэчлэлд анхаарч байна.

ХЗДХЯ-аас Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж эхний хувилбараа 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр вэб сайтдаа тавьсан тул энэ төслийг бүтэн сар орчим судлаад дэлгэрэнгүй саналаа хүргүүлснээс заримыг нь Ажлын хэсэг төсөлдөө тусгасанд талархаж байгаа. Энэ саналаа 200-аад хуудастай цахим ном болгон Нээлттэй нийгэм форумын вэбсайтад хэвлүүлсэн. Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг эцэслээд 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн барьсан. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн болон Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулийн гэх хоёр төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд өргөн барьсан.

Ерөнхийлөгчийн зүгээс энэ төслөө нийтэд хангалттай хугацаанд танилцуулж санал аваагүйгээс өргөн барихаас нь өмнө саналаа хүргүүлэх боломж олдоогүй. Иймээс, зуны амралтын дараа судалгаа хийж Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүдийн заалтуудаас аль нь сайн, аль нь засаж залруулах, хасах, өөрчлөх хэрэгтэй вэ гэдийг санал болгож, үндэслэлээ бичиж дуусаад байна. Энэхүү хоёрдахь удаагийн дэлгэрэнгүй санал маань Стратеги академийн сэтгүүлд 90 хуудас болж хэвлэгдсэн.

Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх саналаа боловсруулахдаа уг төсөл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн эсэх, манайд шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагатай холбоотой асуудлыг зохистой шийдсэн эсэх, олон улсын сайн туршлагыг Монголын онцлогт тохируулан харгалзсан эсэхийг судалсан.

-Таны саналаа өгсөн Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд Шүүхтэй холбоотой маргаан их гарч байна. Аливаа нэг хэрэг маргаан шударга бусын хонгилоор орж, хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэх болсон. Шүүх бие даасан, шүүгч бүр өөрийн гэсэн толгойтой байж, улс төрөөс хараат бус ажиллахад ямар зохицуулалтыг тусгах ёстой юм бэ?

-Ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд зөвхөн хууль, нотлох баримтаар биш, харин улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог.

Энэ утгаар үнэхээр ийм эрсдэл байгаа. Зарим тодорхой хэргийг шийдэж байгаа байдал, тэр шийдвэр гаргаж байгаа цаг момент зэргээс ийм эрсдэл байна гэж хардах хүмүүс байна. Үүнээс гадна олон улсын судалгаанаас иймэрхүү дүр зураг ч харагддаг. Жишээлбэл, Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд 140 гаруй улс дахь шүүхийн хараат бус байдлыг үнэлж жил бүр эрэмбэлдэг. Манай Улсын хувьд 2011 онд 2.6 үнэлгээ авч 122-т жагсаж байсан ч уг үнэлгээ баг багаар нэмэгдэж 2016 онд гэхэд 3.2 үнэлгээ авч 100-д жагссан. Гэвч, 2017 ондоо 3 үнэлгээ авч 110-т, 2018 онд 2.8 үнэлгээ авч 113-т, 2019 онд 2.6 үнэлгээ авч 120-т жагсаж буурч байна. Шүүхийн хараат бус байдлын энэ судалгааг бизнес эрхэлж байгаа хүмүүсээс авч дүгнэдэг. Тэгэхээр бизнес эрхлэгчид өөрсөдтэй нь холбоотой маргаан шударгаар шийдэгдэж байгаа дээр тун хангалтгүй байна.

2012 оны Шүүхийн багц хуулиар шүүхийг дагнаж байгуулсан, ШЕЗ-ийг Дээд шүүхээс тусад нь байгуулж, түүний бүрэлдэхүүнийг орон тооны болгосон, шүүхийн эдийн засгийн баталгааны заалтыг хуульчилсан зэрэг ахицтай зүйлс хийгдсэн. Гэхдээ тэр үеийн шинэчлэл амлаж байсан улс төрийн амлалтдаа хүрч чадаагүй.

Нэгд, Шүүхийн тухай багц хуулийг батлах явцад Ерөнхийлөгч дээр хэт төвлөрсөн эрх мэдлийг задлах бус, харин ч ШЕЗ-ийн дарга, гишүүнийг батлах бүрэн эрхийг өгөх зэргээр илүү төвлөрүүлчихсэн.

Хоёрт, 2014, 2015 онд шүүхийг шинэчлэн зохион байгуулахтай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг чөлөөлчихөөд буцаан томилохдоо 13 шүүгчийг томилолгүй үлдээчихсэн, маш олон шүүгчийг өөрсдөөс нь санал авахгүй өөр тийшээ шилжүүлэн томилсон нь шүүгчийн хараат бус байдлын ноцтой зөрчил болсон ч өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй байна.

Гуравт, Шүүхийн тухай багц хуулийн амин сүнс болсон заалтууд нэг нэгээрээ Цэц дээр болон УИХ дээр хүчингүй болсон. Цэцийн шийдвэрийн зарим нь Үндсэн хуулийг эргэлзээтэй байдлаар тайлбарласнаас гарсан, харин УИХ бол бодлогын хувьд ухралт хийсэн. Жишээлбэл, шүүхийн үйл ажиллагааны төсвийг болон шүүгчийн цалин хөлсийн хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглосон заалтыг 2015 онд УИХ хүчингүй болгосон.

Дөрөвт, зарим талаар шүүхийн шинэтгэлийн амин сүнсийг ойлгож хэрэгжүүлэх эсэхэд эргэлзээтэй хүмүүсийг томилсон. Жишээлбэл, гэмт хэрэг мөрдөн шалгах явцад хяналт тавьдаг УЕП-оор нэгэн улстөрчийг томилсон, дараа нь цагдааг томилж, прокурорыг цагдаажуулсан. Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролгүй хүнийг нэр дэвшүүлж томилуулсан. Энэ мэтээс болж 2012 оны шүүхийн шинэчлэл хүлээгдэж байсан үр дүнгээ өгөөгүй.

-Шударга бусын хонгил гэх зүйл юунаас болж үүсчихэв?

-1992 оны Үндсэн хуулийн 33.4-д Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэж заасан байсан. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багшийн "Төр ба эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал" номонд бичсэнээр энэ заалт нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнд түүнийг нарийвчлан журамласан тодорхой бүрэн эрхийг л хуульд заах үзэл баримтлалтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн 33.4 энэ үзэл баримтлалаараа хэрэгжээгүй.

Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон. Үүнээс гадуур Үндсэн хуульд үндсэн бүрэн эрх болгож болгож зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар нэмээд өгч ирсэн. Тухайлбал, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь өнөөдөр хүртэл хэрэгжиж байгаа.

Ийм бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар огт олгогдоогүй. 2002 оноос хойш сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Энэ мөн Үндсэн хуульд заагаагүй хэрнээ өнөөдрийг хүртэл дараагийн хуульд нь суугаад хэрэгжээд явж байгаа. 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л Үндсэн хуульд буй хүрээнээс хальсан явдал. 2012 онд ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилдог болсон нь шүүгчийн томилгоонд түүний зүгээс хэт нөлөөтэй болсон. 2019 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах бүрэн эрхийг өгөөд байгаа. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг ч ямар ч үндэслэл дурдахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр дуусгавар болгодог болсон. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг, Ажлын албыг нь томилж удирддаг.

Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхэд хамаарахгүй маш олон ийм бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Жишээлбэл, авлигын гэмт хэргийг шалгах үүрэгтэй АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг, тэр гэмт хэргийг шалгаж байгаа процесс хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилж байна. Дээрээс нь тэр маргааныг шийддэг шүүгч, ерөнхий шүүгчдийг томилох, хариуцлага тооцоход Ерөнхийлөгч маш нөлөөтэй. Энэ нөхцөлд олон нийтийн хардаж хэлээд байгаа шиг тодорхой хэрэг, маргаанд Ерөнхийлөгчийн институцийн зүгээс зүй бусаар нөлөөлөх бодитой эрсдэл бий. Эрх мэдэл ингэж хэт төвлөрсөн байгаа нь шударга бусын хонгил гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг. Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчид ийм олон бүрэн эрх өгдөггүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн шүүхтэй холбоотой бүрэн эрхэд нэлээд өөрчлөлт орсон гэж ойлгодог.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуульд заасан 33.4 дэх заалтын уг үзэл баримтлалыг тодотгож “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан. 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын хоёрдугаар тогтоолд Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өгч болохгүй гэж илүү бататгаад орчихсон. Энэ бол хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг.

-Одоо өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төслүүдэд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэрхэн тусгагдсан бэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувьд Үндсэн хуулийн 33.4-т заасан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн заалт маш олон байна.

Жишээлбэл, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заажээ. Засгийн газрын төсөлд ингэж олгоогүй, харин тухайн шүүх бүрийн шүүгчид нь дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж орсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын сайн туршлагад нийцсэн заалт. Манай улсад ерөнхий шүүгчид хуулиар маш их эрх мэдэл өгсөн нь өөрөө шударга бусын хонгил гэж хэлээд байгаа эрсдэлийг үүсгэх өөр нэг шалтгаан нь. 2012 оны Шүүхийн тухай хууль төдийгүй одоо өргөн барьсан төслүүдээр ч тэр ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах боломжтой зохицуулалт байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталдаг, шүүх бүрэлдэхүүнийг томилоход нөлөөтэй.

Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, давж заалдах шатны ерөнхий шүүгч танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох гэх мэт заалтууд хэвээр байна. Шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх ийм давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй. Ерөнхий шүүгчийн давуу эрхүүдийг бүгдийг нь хасах ёстой. Үндсэн хууль шүүгчийн хараат бус байдлын үзэл баримтлалаар ерөнхий шүүгч гэдэг бол шүүн таслах ажил дээр бусад шүүгчтэй яг адилхан эрх мэдэлтэй байх ёстой.

Ийм хэт эрх мэдэлтэй ерөнхий шүүгчийг бүгдийг нь дахиад Ерөнхийлөгч томилдог болох юм бол энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл арилахгүй. Үүний оронд тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээс сонгодог байх ёстой. Ингэхээр шүүгчдэд нэг субьектээс нөлөөлөх боломж нь багасчихаж байгаа юм.

-Үндсэн хуулийн 33.4-т заасныг зөрчиж Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн өөр заалт байна уу?

-Ерөнхийлөгчийн төсөлд шүүгчийг чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхийлөгчид олгосон байна. Үндсэн хуулиар энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгөөгүй. Засгийн газрын төсөлд ямар нэгэн албан тушаалтан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд оролцохгүй байхаар сайн зохицуулалт Засгийн газрын төсөлд тусгасан байна.

Тодруулбал, ШЕЗ болон Сахилгын хорооны орон тооны гишүүнээр сонгогдсоноор шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэнд тооцогдох бөгөөд дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь сэргэнэ гэжээ. Мөн, Засгийн газрын төсөлд “ШЕЗ шүүгчийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр түдгэлзүүлэх,” уул “үндэслэл арилсан бол бүрэн эрхийг сэргээнэ” гэсэн байна.

Үүнтэй адилхан өөрийнх нь буруутай холбоогүй үндэслэлээр, тухайлбал чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шилжсэн, томилогдсон, сонгогдсон бол шүүгчийг чөлөөлөх асуудлыг ШЕЗ шийдэхээр хуульчлах нь шүүгчийн хараат бус байдалд илүү нийцнэ. Учир нь, ШЕЗ шүүгчдээсээ сонгогдсон тав, бусад нээлттэйгээр нэр дэвшүүлж томилогдсон тав, даргаа дотроосоо сонгосон тал талын төлөөлөлтэй төдийгүй ШЕЗ-ийн шийдвэр нь захиргааны шүүхийн хяналтад байдаг.

Түүнчлэн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төслийн аль алинд нь Үндсэн хуулийн 33.4-ийг ноцтой зөрчиж байгаа нийтлэг нэг зүйл байна. Энэ нь ШЕЗ-ийн нэг гишүүнийг, Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг Ерөнхийлөгч санал болгохоор Ерөнхийлөгчийн төсөлд биччихсэн. Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн гишүүний нэг, шүүхийн сахилгын хорооны нэг гишүүнийг тус тус Ерөнхийлөгч томилохоор биччихсэн. Энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгч болохгүй. Ингэж хэлэхээр зарим нэг шүүмжлэл гарч буй нь үндэслэлгүй.

-Тухайлбал ямар шүүмжлэл гарч байна вэ?

-Нэгд, Ерөнхийлөгчийн оролцоог бүрмөсөн алга болгох гээд байна гэж байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд гурван үндсэн бүрэн эрх эдлэхийг Үндсэн хуульд маш тодорхой заасан, түүнийгээ л хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дээд шүүхийн санал болгосноор түүний ерөнхий шүүгчийг, УИХ-тай зөвшилцөж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг тус тус томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх нь хэвээрээ байгаа. Мөн, шүүхийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилж оролцож байгаа нь ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оролцоог огт байхгүй болгож байна гэх нь утгагүй.

Хоёрт, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх ёстой, энэ нь Үндсэн хуулийн шүүгчийг томилох 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрх дотроос урган гарч байгаа юм гэж хэлээд байгаа юм. Ийм зүйл бол огт байхгүй. Үндсэн хуулийн 51-т ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилно гэх зүйл Үндсэн хуулийн аль ч заалтад байхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн асуудал биш.

Хуульчдаас шүүгчийг шилж олох ШЕЗ-ийг Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад, түүнээс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч өөрөө шүүгчээр томилно гэдэг бол уг томилгоог Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болгоно. Ийм байх байсан бол Үндсэн хуулиар ШЕЗ-ийг тусгайлан байгуулахгүй байсан төдийгүй энэ нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй илт зөрчилдөнө.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх бэ?

-ШЕЗ болон Сахилгын хорооны бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ерөөс оролцож болохгүй гэх үзэл баримтлалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үндсэн бүрэн эрхээс нь гадуур эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгч болохгүй гэж Үндсэн хуулийн 33.4-т тодруулан шинээр заасан гэж түрүүн тайлбарласан. Үүнээс гадна 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 49.5-т ШЕЗ-ийн таван гишүүнийг шүүгч дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох бөгөөд тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар нэг удаа ажиллана, даргаа дотроосоо сонгоно гэж заасан.

Шүүгч нь давамгайлаад ирэхээр явцуу ашиг сонирхлыг илүү баримтлаад хариуцлагыг нь сулруулах эрсдэлтэй. Шүүгчийг нь цөөлчих юм бол шүүгчийн хараат бус байдал руу халдах магадлалтай. Тиймээс шүүгч болон шүүгч бус гишүүнийг тэнцүү байхаар Үндсэн хуульд заасан нь хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг олж байгаа юм. Даргаа дотроосоо сонгож байгаа нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай.

-УИХ-д өргөн баригдсан төслүүдэд ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэхээр тусгасан байна вэ?

-ШЕЗ-ийн шүүгч болон шүүгч биш гишүүдийг бүрдүүлэх талаарх төслийн заалтууд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг тус тусад нь ярья. ШЕЗ-ийн шүүгч гишүүнийг сонгоход баримтлах гурван шаардлага Үндсэн хуулийн 49.5-д агуулагддаг.

Нэгд, ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг Монгол Улсын шүүхийн нийт шүүгчдийг багтаасан бүрэлдэхүүнээс шүүгч гишүүнийг сонгох агуулгатай бөгөөд ингэхдээ шүүгчид биечлэн, цахимаар, шуудангаар гэх мэт аргаар саналаа өгөх боломжтой. Ийм агуулга Ерөнхийлөгчийн төсөлд туссан ч Засгийн газрын төслөөр Дээд шүүхийн шүүгчид дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхыг багтаасан Шүүгчдийн зөвлөл ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгохоор заасан нь шүүгчдийг ялгаварлан гадуурхаад зогсохгүй Үндсэн хуулийн 49.5-ийг зөрчдөг. Монгол Улсын бүх шүүгч ШЕЗ-ийн гишүүнийг сонгоход оролцох ёстой.

Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д зааснаар шүүгчид ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг УИХ зэрэг аливаа этгээдэд санал болгох бус, харин дотроосоо шууд сонгох ёстой. Энэ шаардлагыг Засгийн газар төсөл хангаж байна. Гэтэл, Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчид өөрсдөө ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг шууд сонгохгүй, харин УИХ-д санал болгож томилуулна гээд оруулчихсан.

Гуравт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх тухай УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд гурван шатны шүүх тус бүрийн шүүгчдийн тэнцвэртэй төлөөллийг ШЕЗ-д хувь тэнцүүлэн оруулахаар заасан. Энэ нь аль шатны шүүхэд хэр олон шүүгч ажиллаж байгаатай хувь тэнцүүлж хуваарилна гэдэг санаа. Шүүгч таван гишүүний олонх анхан шатны шүүгчдээс сонгогдох ёстой. Засгийн газрын төсөлд ийм шаардлага тавиагүй. Харин, Ерөнхийлөгчийн төслөөр анхан шатны шүүхийн шүүгч гурав, хяналтын шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч тус бүр нэгийг ШЕЗ-д оруулахаар заасан нь зүйтэй. ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг бүрдүүлэхдээ Үндсэн хуульдаа энэ мэтээр нийцүүлж оруулах ёстой.

-Төслүүдэд ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг хэрхэн сонгон шалгаруулж томилохоор байгаа бол?

ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэх талаар төслүүдийн заалтыг авч үзье. Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн арван гишүүний шүүгч биш, таван гишүүнийг хууль зүйн байнгын хороо гурав, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэй сонгон шалгаруулж томилно гээд орчихсон. Ерөнхийлөгчийн төсөлд шүүгч биш, таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гурвыг нь хуульчдын холбоо санал болгож УИХ томилгооны сонсгол хийж томилно гээд заачихсан. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг хэрхэн сонгох талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалд гурван шаардлага бийд төслүүдийг нийцүүлэх хэрэгтэй.

Нэгд, ШЕЗ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч санал болгох, томилох зэргээр оролцохыг Үндсэн хууль 33.4 хориглодог. Төслүүдийн аль алинд нь Ерөнхийлөгч оролцохоор болчихсон байгаагаас татгалзах хэрэгтэй.

Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг “нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж заасны үзэл баримтлалыг УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд “ШЕЗ-ийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний …бусад таван гишүүнийг бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох”-оор заасан.

Өөрөөр хэлбэл, шаардлага хангасан хэн ч чөлөөтэй нэрээ дэвшүүлэх, улмаар тэдгээр нэр дэвшигчээс шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг сонгон шалгаруулж гаргаж ирэх, энэхүү сонгон шалгаруулалтад шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангана гэсэн агуулгатай. Үндсэн хуулийн энэ гурван шаардлагыг хамгийн сайн хангах, олон улсын сайн туршлагад нийцсэн, Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр олон янзын бодлогын хувилбарууд байж болно.

-Ерөнхийлөгчийн оролцоогүй ямар хувилбарууд байж болох уу. Хэрхэн сонгон шалгаруулах вэ?

-Сонгон шалгаруулалтыг хэн хийх вэ гэдэг дээр хоёр хувилбар яригдаж байгаагаас нэгийг нь сонгоосой. Тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулах үүргийг хариуцуулах нь эхний хувилбар. Ажлын хэсэг нь ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн нэр дэвшигчийг гаргаж ирнэ гэсэн үг. Нэг талаас төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьектүүдийн төлөөллийг, нөгөө талаас мэргэжлийн болон иргэний нийгмийн төлөөллийг тэнцвэртэй хангаж энэ ажлын хэсгийг шууд байгуулах хэрэгтэй.

Жишээлбэл, ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг дараах есөн субьектээс бүрдүүлж болно. Юуны өмнө, УИХ дахь олонх, цөөнхөөс нэг нэг хүн ажлын хэсэгт оруулбал ардчилсан сонгуулийн үр дүнг хүндэтгэж, олонх цөөнхийн тэнцүү оролцоог хангана. ХЗДХЯ нэг төлөөлөл оруулах нь хууль зүйн салбарын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд шүүхийн асуудлыг тусгах, шүүхийн төсөв зэргийг шийдвэрлүүлэх, ШЕЗ болон ХЗДХЯ-ны бодлогын уялдааг хангахад тустай. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага бөгөөд хууль зүйн өндөр мэргэжилтэй хүмүүсээс бүрддэг учраас уг комиссын саналаар нэг хүнийг ажлын хэсэгт оруулж болно. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог ийм дөрвөн институци ажлын хэсэгт оролцож болж байна.

Төрийн институтын зэрэгцээ иргэний болон мэргэжлийн институцийн төлөөлөл Ажлын хэсэгт орж ирэх нь маш чухал. Жишээлбэл, хуулиар байгуулагдсан хоёр мэргэжлийн холбоо байдаг. Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбооноос нэг, нэг гишүүнийг ажлын хэсэгт оруулж болох юм. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдал хангагдахгүй бол ямар сайн үндэслэл гаргаад нэмэргүй өөр зүйлээр хэрэг шийдэгдэх учраас хуульч болон өмгөөлөгчийн ажил утгагүй. Иймээс, эдгээр мэргэжлийн холбоод энэ зарчмыг хангахын төлөө ажиллах үүрэгтэй.

Түүнчлэн, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулиудын төлөөллийн нэгдсэн хуралдаанаас нэг субьект оруулж болно. Хууль зүйн сургуулиуд нь хууль зүйн дээд боловсролыг олгохдоо хүний эрх, хараат бус шүүх, хууль дээдлэх ёс гэх мэт үнэт зүйлийг эзэмшүүлэхийн төлөө ажилладаг. Мөн, Монголын Хүний эрхийн форумаас нэг гишүүн оруулж болно. Энэ форум нь хүний эрхийн чиглэлээр тууштай ажилладаг ТББ-уудыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний сүлжээ бөгөөд НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд гурван ч удаа Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх иргэний нийгмийн тайланг хүргүүлсэн, олон улс болон бүс нутагт нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц юм. Вэбсайт, телевиз, сонин, сэтгүүлийн тал талын төлөөллийг хангаж сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн стандартыг тогтоож мөрдүүлдэг нэр хүндтэй байгууллага болох Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нэг хүнийн ажлын хэсэгт оруулж болох юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийг оруулбал 9, оруулахгүй бол найман гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдана гэсэн үг. Ажлын хэсэг нь хэн нь шаардлага хамгийн сайн хангасан бэ гэдгийг судалж тухайн албан тушаалд тус бүрт нэг нэр дэвшигчийг санал болгох хэрэгтэй. Энэ шийдвэрээ дийлэнх олонх буюу 2/3-р шийддэг болбол ямар нэгэн субьект, УИХ дахь олонх, цөөнх, сайдын нөлөө хэт давамгайлж нөлөөлөх боломжгүй болно.

-ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулалт хийж тодруулсны дараа хэн томилох нь зүйтэй вэ?

-Ажлын хэсэг байгуулаад эсхүл таван өөр субъект тус тусдаа сонгон шалгаруулалт хийгээд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнд нэр дэвшигчийг тодруулаад ирэхээр тэдгээрийг УИХ томилдог болох хэрэгтэй. Яагаад гэхээр ШЕЗ хуульчдаас шүүгчдийг шилж олж Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд шүүгчид нь иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаан орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгчдийг шилж олох учраас ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан ёсны легитим шинжээр хангана.

Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Франц, Испани, Итали зэрэг улсад шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ томилдог. Парламент томилно гэдэг нь үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. ШТХ-иар УИХ-ын үзэмжийг хязгаарласан гурван механизмыг олон улсын сайн туршлагад үндэслэн суулгаж өгөх хэрэгтэй.

Нэгд, сонгон шалгаруулалтыг дээр дурдсан тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг хийж эсхүл таван өөр мэргэжлийн болон иргэний нийгмийн институцээс тус тусдаа хийж, үүнийхээ үндсэн дээр УИХ-д санал болгоно. УИХ өөрөө үзэмжээрээ хэнийг санал болгохыг шийдэхгүй.

Хоёрт, УИХ-ын дур зоргыг хязгаарлах, олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийсний үндсэн дээр томилдог байх хэрэгтэй. Энэ сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдах нь чухал.

Гуравт, санал болгосон хүнийг томилох эсэхийг УИХ дийлэнх олонхиор шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр УИХ дахь олонх нам, эвсэл давуу байдлаараа эрдэж бус, харин цөөнхтэйгөө зөвшилцөж шийднэ, олонх төдийгүй цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн хүн л томилогдоно гэсэн үг. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг томилох эсэхийг парламент дийлэнх олонхоор шийдвэрлэдэг нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг, сайн туршлага юм. Парламентын засаглалтай улсад ШЕЗ гэх мэтийн томилгооны асуудлыг тэнцвэртэй шийдэхийн тулд ерөнхийлөгчид бүрэн эрх нэмж өгөх замаар бус, харин парламент дахь олонх болон цөөнхийн зөвшилжцүүлдэг ийм механизмыг илүү их хэрэглэдэг.

Энд санал болгож буй байдлаар ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулж томилохоор хуульчилбал аль нэг субъектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг хааж, шүүгчийг шилж олох, томилоход гол институцийг бүгдгийг нь тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ бие даан, хараат бусаар хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдэнэ. ШЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж томилоход мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй УИХ дахь олонх, цөөнх, бодлогын яам, хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоог хангана. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хуульчийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог маш сайн хангана.

-Шүүгчдийн сахилга хариуцлага сул байна гэх шүүмжлэл байдаг. Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

-Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд ҮАБЗ, ШЕЗ гэх мэт янз бүрийн субъектээс хөндлөнгөөс оролцох байдлаар хуульчилж ирсэн нь уг тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас үүнийг шийдвэрлэх үүднээс Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд шинээр тусгасан. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан. Уг хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж орхисон боловч үүний үзэл баримтлалыг УИХ-ын 2020 оны 2 дугаартай тогтоолд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажиллагаанд хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэжилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэх зарчмыг хуульчлахаар тодотгож бичсэн.

Засгийн газрын төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байна. Дөрөв нь шүүгчдийн зөвлөлөөс сонгоно, гурвыг Хууль зүйн байнгын хорооноос, нэгийг Ерөнхийлөгчөөс, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр сонгон шалгаруулж томилно гээд заачихсан. Ерөнхийлөгчийн төсөлд Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуульчдын холбоо болон шүүгчдийн нэгдсэн зөвлөлөөс тус бүр гурван хүнийг санал болгож УИХ сонсгол хийж томилно гээд орчихсон.

Энэ 2 төсөл дээр дахиад л Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгохоор орж ирж байгаа нь Үндсэн хуулийн 33.4-ийг зөрчсөн байна. Монгол Улс 530 хүрэхгүй шүүгчтэй, сахилгын хэргийн ачаалал тийм их биш учраас уг хорооны гишүүдийн тоо одоогийнх шигээ ес байхад болно. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний 4 буюу цөөнх нь шүүгч гишүүн байх нь шүүгч шүүгчээ өмөөрдөг байдлыг хязгаарлаж, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцоход итгэл найдвар төрүүлнэ. Нөгөө талаар, шүүгч биш гишүүд олонх учраас шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэл үүснэ.

Энэ эрсдэлийг хаах үүднээс Шүүхийн сахилгын хорооны сахилгын зөрчлийн агуулгыг шийдсэн магадлал нь хууль зөрчиж байна гэж үзвэл Дээд шүүхэд гомдол гаргаж шийдүүлж байх ёстой. Засгийн газрын төсөл яг ийм агуулгатай. Сахилгын хорооны шийдвэрийг Дээд шүүх дээр гомдол гаргаж шийдүүлэх учраас Дээд шүүхийн шүүгч сахилгын хороонд орохыг хориглох заалтыг Засгийн газрын төсөлд шинээр тусгах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн төсөл Дээд шүүхэд гомдол гаргах эрхгүй байхаар заасан нь Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдалтай зөрчилдөнө. Шүүхийн сахилгын хорооны сахилга оногдуулдаг бүтцийг бий болгоход шүүгч нар нь цөөнх байна, түүний гарсан шийдвэрийн талаарх гомдлыг Дээд шүүхэд гаргаж шийдүүлнэ гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд бичсэн.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхдээ ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхтэй адил зарчмаар шийдвэрлэх хэрэгтэй. Тодруулбал, эдгээр гишүүдийг тал талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг сонгон шалгаруулдаг байж болно эсхүл уг сонгон шалгаруулалтыг Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хууль зүйн сургуулийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан, Монгол Улсын хүний эрхийн форум эсхүл Хүний эрхийн үндэсний комисс хийж болно. Энэ хоёрын аль нэг хувилбараар шалгарсан хүнийг УИХ томилгооны сонсгол хийж дийлэнх олонхын саналаар томилдог байхаар хуульчлах хэрэгтэй.

Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний дөрөв нь нийт шүүгчдээсээ сонгогдсон шүүгч гишүүн байх тул шүүгчийн ажлын онцлогийг ойлгож, шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэлийг бууруулна. Бусад таван гишүүн нь өөр өөр институцийн тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшигч сонгон шалгаруулалтаар гарч ирэх тул шүүгчийн сахилга, хариуцлагыг хангахад тустай.

-Манай улсад шүүгчдэд сахилга хариуцлага тооцдог механизм хэрхэн явж ирсэн байдаг вэ?

-2014-2018 оны хооронд нийт 71 шүүгчид сахилгын арга хэмжээг Шүүхийн ёс зүй хороо авсан байдаг. Эдгээрийн ихэнх нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ердөө 15 нь сахилгын шийтгэл хүлээсэнд янз бүрийн шалтгаан бий. Уг хорооны шийдвэрийн чанарын асуудал байсныг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийн буруу зохицуулалтаас болж сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй байдал үүсдэг.

Жишээлбэл, шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог үр нөлөөгүй болгож буй нэг шалтгаан бол хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Засгийн газрын төсөлд шүүгчийн сахилгын зөрчил гарснаас хойш 12 сар өнгөрвөл ямар ч хариуцлага тооцохгүй гэдэг заалт орсон. Нэг жил бол дороо өнгөрчихдөг учраас сахилгын ноцтой зөрчил гаргасан шүүгчид шийтгэл оногдуулж чадахгүй болно. Манай улсад 28 жил шүүгчийн маш ноцтой сахилгын зөрчлийг шийдэж чадахгүй байсан гол цоорхойнуудын нэг нь хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Шүүгчийн үйл ажиллагаа ямагт олон нийтийн итгэлийг дааж байх ёстой гэдэг үүднээс олон улсад манай улс шиг хөөн хэлэлцэх хугацааг нэг жил гэж заадаггүй. АНУ, Канад, ОХУ зэрэг улсад хөөн хэлэлцэх хугацааг огт үйлчилж болохгүй гэж үздэг. Европын улсуудад хөөн хэлэлцэх хугацаа тавивал таван жилээс дээш хугацаагаар тавьдаг. Жишээлбэл, Италид 10 жил, ХБНГУ-д огцруулах зөрчилд ийм хугацаа үйлчилдэггүй.

Түүнчлэн Засгийн газрын төсөлд албан томилолт, баяр ёслол болон албан ёсны арга хэмжээтэй холбогдуулан бусдаас шүүгчид өгсөн нэг сарын цалингаас дээш үнэтэй бэлэг дурсгалын зүйлийг төрийн өмчид тооцох бөгөөд худалдан авах санал өөрөө гаргаагүй бол шүүгч тэдгээрийг өөрийн ажиллаж байгаа шүүхэд баримттайгаар хүлээлгэж өгнө гэж байгаа юм. Нэг сарын цалин хүртэлх хэмжээний бэлэг сэлтийг шүүгч өөрөө авч болно гэж байгаа нь шүүгчийг авилга, ашиг сонирхлын зөрчилд автах эсхүл тэгж ойгогдох байдал үүсгэх ухралт болно. Мөн шүүгчийн хариуцлагыг дордуулсан заалт шүүгчийн сахилын зөрчилд хүлээлгэх шийтгэлийг хэт хөнгөвчилсөн заалт хоёр төсөлд орчихсон. Шүүгч сахилгын зөрчил гаргавал хаалттай эсвэл нээлттэй сануулна, сургалтад суулгана, зэрэг дэвийг бууруулна, эсвэл огцруулна гэж байгаа юм. Огцруулахаас бусад нь ерөнхийдөө хөнгөн шийтгэл.

Ер нь шүүгчид зэрэг, дэв байх нь зүйтэй эсэх эргэлзээтэйгээр гадна зэрэг дэв бууруулсан ч үндсэн цалин нь хэвээр үлдэх тул энэ нь хөнгөн шийтгэл юм. Гэтэл дунд зэргийг хүнд шийтгэл төсөлд тусгагдаагүй байна. 1993, 2012 оны хуулиудад орж хэрэгжиж ирсэн цалин бууруулах гэсэн дунд зэргийг шийтгэлийг хасаж буй үндэслэл нь ойлгогдохгүй байна. Төрийн албан хаагчдад 20 хүртэлх хувиар цалин бууруулах шийтгэл байдаг. Гэтэл энэ бүгдээс илүү өндөр хариуцлагатай алба хашдаг шүүгчдэд яагаад энэ шийтгэлийг хасаж байгаа юм. Шүүгчид хүлээлгэх сахилгын шийтгэл хөнгөн, дунд, хүнд гээд олон төрөлтэй байвал тухайн сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд нь тохирсон шийтгэл ногдуулах боломж бүрдэж шударга ёс хангагддаг.

-Шүүхийн мэргэжлийн хороо яг ямар үүрэгтэй байгууллага юм бэ. Энэ хороо байх ёстой юу?

-Хоёр төсөлд бичсэнээр Шүүхийн мэргэжлийн хороо хоёр чиг үүрэгтэй байхаар байна.

Нэгд, шүүгчид нэр дэвшигчээс шалгалт аваад шалгалтад тэнцэхгүй бол хасна, тэнцсэнийг нь ШЕЗ-д хүргүүлнэ.

Хоёрт, Шүүхийн мэргэшлийн хороо шүүгч мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарвал түүнд үндэслээд шүүгчийг чөлөөлөхөөр заажээ. Энэ хороог татан буулгах хэрэгтэй. 

Үндсэн хуулийн 49.4-т ШЕЗ гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох үүрэгтэй гэж заасан. Гэтэл ШЕЗ-ийн шилж олох ажлыг Шүүхийн мэргэжлийн хороо гээд байгууллага руу шилжүүлж ирсэн нь маш их шүүмжлэл дагуулдаг. 2012 оны хуультай адилхан Мэргэшлийн хороо шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авч тэнцсэнийг нь оноогоор нь эрэмбэлэн ШЕЗ-д хүргүүлэхээр Ерөнхийлөгчийн төсөлд заажээ. ШЕЗ онооны эрэмбийг заавал бариад хамгийн өндрийг нь Ерөнхийлөгчид санал болгохоор зохицуулбал ШЕЗ-ийн шүүгчийг шилж олох бүрэн эрх үгүйсгэгдчих гээд байдаг. Эсхүл ШЕЗ уг эрэмбийг өөрчлөхөөр хамгийн муу оноо авсан хүнийг Ерөнхийлөгчид санал болголоо гэж шүүмжлэгддэг. Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороо шалгалт авчхаад тэнцсэн бүх нэр дэвшигчийг ШЕЗ-д хүргүүлэх боловч оноогоор эрэмбэлэхгүй гэж буй нь ШЕЗ сонголт хийх боломж олгож буй ч шалгалтаар тааруу оноо авсан хүнийг шүүгчээр томилуулахаар санал болгох боломж нь хэвээр үлдэнэ.

Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороог ШЕЗ байгуулахгүй, харин түүний 9 гишүүний зургааг Шүүгчдийн зөвлөл сонгохоор байна. Тэгэхээр Шүүгчдийн зөвлөл гэх бүтэц ШЕЗ гэх Үндсэн хуулийн байгууллагын хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг хуваалцах болчхоод байгаа юм. ШЕЗ өөрөө шалгалтаа аваад хүнийх нь хувьд судлаад хамгийн сайн үнэлгээ авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгохоор хуульчилж ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан ажлыг нь өгөх хэрэгтэй.

-Шүүхийн мэргэшлийн хорооны үлдэж буй нөгөө чиг үүргийг хаана хариуцуулах уу?

-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн дүгнэлт гаргах чиг үүргийг Шүүхийн мэргэшлийн хороонд өгөхөөр заажээ. Тодруулбал, энэ талаар дүгнэлт гаргуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, Мэргэшлийн хороонд хүргүүлэхээр Засгийн газрын төсөлд бичжээ.

Мэргэшлийн хороо шүүгчийг албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан бол ШЕЗ-д хүргүүлж, улмаар ШЕЗ шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох саналыг Ерөнхийлөгчид гаргана гэжээ. Шүүхийн мэргэшлийн хорооны дүгнэлтийн дагуу шүүгчийг чөлөөлөх эдгээр зохицуулалтыг бүхэлд нь хасах хэрэгтэй.

Нэгд, энэ нь доод шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулна. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэг маргааныг гомдлоор хянан шийдвэрлээд зогсохгүй ийм дүгнэлт гаргуулах хүсэлтийг Шүүхийн мэргэшлийн хороонд хандах бөгөөд уг хорооны гуравны хоёр нь мөн л давж заалдах болон хяналтын шатны шүүгчид байхаар төсөлд заасан.

Хоёрт, хяналтын эсхүл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн асуудал орхигдохоор байна.

Гуравт, маргааныг шийдвэрлэх шударга процесс Мэргэшлийн хороондбайхгүй, төсөлд алга. Нотлох баримт гаргаж өгөх, маргаанаа шийдвэрлэх хуралдаанд биелэн оролцох гэх мэт эрхийг шүүгч эдлэхгүй.

Дөрөвт, тулгамдсан асуудал бий ч ийм замаар шийддэг олон улсын сайн туршлага олдохгүй байна. Үүний оронд бусад улсад ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангахгүйг харуулсан тодорхой үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцохоор тодорхой жагсааж хуульчлаад бусад сахилгын зөрчилтэй адил журмаар шийдвэрлүүлж байна.

Тавд, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангаагүй байх нь шүүгчийн сахилгын зөрчил учраас уг зөрчлийг Мэргэшлийн хороонд харьяалуулбал Үндсэн хуулийн 49.6-д заасан Шүүгчийн сахилгын хорооны чиг үүргээс хувааж Мэргэшлийн хороонд шилжүүлсэн зөрчил болно. Эндээс үзэхэд Шүүхийн мэргэжлийн хорооны шалгалт авах чиг үүргийг ШЕЗ-д шилжүүлэх, дүгнэлт гаргах чиг үүргийг нь хасаж сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах ажлыг нь Шүүхийн сахилгын хороонд бүрэн хариуцуулах нь Үндсэн хуульд илүү нийцнэ.

-Улсын дээд шүүхийг улстөрөөс хараат бус байлгах талаар төсөлд хэрхэн тусгагдсан бол?

-Өргөн барьсан төслүүдэд Дээд шүүхтэй холбоотой ноцтой зүйлс байна. Улсын дээд шүүхэд одоогийн хуулиар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн багшаар ажилладаг туршлагатай хуульчдыг оруулдаг. Энэ бол олон улсын жишигт нийцсэн зүйл. Дээд шүүх хуулийг тайлбарлаж хөгжүүлдэг учраас өөр, өөр мэргэжлийн ажил хийж байсан хүмүүс орж байж хуулийг зөв тайлбарладаг.

Гэтэл Засгийн газрын төслөөр зөвхөн шүүгчээр ажиллаж байсан хүмүүс л Дээд шүүх рүү орох чиглэлийг илүү барьсан байна байна. Өмгөөлөгч эсхүлпрокуророор зөвхөн дагнан арваас доошгүй жил ажилласан хүмүүс улсын дээд шүүхэд ажиллах эрхтэй болно гэж байгаа юм.

Жишээлбэл, өмгөөлөгчөөр тав, прокуророор тав жил ажилласан хүн Дээд шүүхэд ажиллах боломжгүй болох нь. Мөн их сургуулийн хуулийн багш орохыг хориглочхож байгаа юм. Үүнийг хааж байгаа нь Дээд шүүхийн хууль тайлбарлах, хяналтын журмаар маргаан хянан шийдвэрлэх чадавхад муугаар нөлөөлнө.

Мөн, Дээд шүүх Ерөнхий шүүгч болон 24-өөс доошгүй шүүгчээс бүрдэнэ гэх заалт одоогийн хуульд заасан нь төслүүдэд хэвээрээ орчихсон. 24-өөс доошгүй гэхээр дээшээ хэд ч байж болно. Энэ заалтыг урвуулан ашиглаж шүүгчдийн тоог нэмэх замаар Дээд шүүхэд нөлөөлөх эрсдэл байна. Ийм заалтыг олон улсын сайн туршлага хориглодог. Хуульдаа Дээд шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой заах ёстой. Одоогийн тоогоо барьж Ерөнхий шүүгч болон 24 шүүгчээс бүрдэхээр хуульчлах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Дээд шүүх бүх зүйл рүү орж шийддэгийг нь хязгаарлаад зөвхөн хуулийн хэрэглээний хамгийн ноцтой асуудлуудыг шийдэхээр хуульчилбал бүрэлдэхүүний энэ тоо хангалттай.

Ерөнхийлөгчийн төсөлд буй нэг сайн заалт бол Дээд шүүх дээр тухайн маргааныг шийдэхэд цөөнх болсон шүүгч тусгай саналаа хэвлүүлэх эрхийг олгож буй явдал. Энэ заалт шүүгчдийн хараат бус байгаа эсэхийг нь харах, хариуцлагыг нь дээшлүүлэх, шүүхийн ил тод байдлыг нэмэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулах тул дэмжинэ.

Эцэст нь, Дээд шүүхэд хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлэх заалтууд орчихсон байна. Дээд шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар шийднэ, хууль хэрэглэх талаар тайлбар гарна, Цэцийн гишүүнд гурван хүнийг нэр дэвшүүлнэ гээд олон бүрэн эрхтэй. Төслөөр шүүгчийн мэдлэг, чадварыг үнэлүүлэх Мэргэжлийн хороонд дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулах бүрэн эрх нэмээд өгөхөөр заажээ. Үүнийг хасах талаар түрүүн ярьсан. Мөн, Дээд шүүх шүүгчдэд сургалт явуулна гэж байгаа юм. Шүүгчийн сургалт дээр 29 улсыг судлаад үзэхээр шүүхийн захиргааны эрх мэдлийг аль субъектэд өгч байна, түүнд шүүгчийн сургалтаа хариуцуулдаг. ШЕЗ-тэй улс орнууд дийлэнх нь ШЕЗ-дөө сургалтаа өгдөг бөгөөд Дээд шүүхдээ шууд өгдөггүй. Үүнээс гадна Дээд шүүх зөвлөмж гаргана, шийдвэр бичих аргачлал, журам батална. Энэ бүх эрх мэдэл нийлэхээр Дээд шүүхийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүгчид зүй бусаар нөлөөлөх, улмаар шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах эрсдэл үүсгэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 11 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top