УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарласан энэ хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ихэвчлэн тойрогтоо ажиллаж байна. Мөн өөрсдийн харьяалагдах Байнгын хороо болон парламентын бүлгүүд рүү чиглэсэн ажил хийж байгаа. Миний хувьд Монгол-Германы парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг. Энэ хүрээнд ХБНГУ-Монгол Улс хоорондын эдийн засгийн зөвлөлийн уулзалтуудыг хийж, хоёр улсынуламжлалт соёл, хүмүүнлэг, улс төрийн харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцож, хамтын ажиллагаа өрнүүлж байна.
Тухайлбал, Монголд нийтийн биеийн тамирыг дэмжих үүднээс ХБНГУ-ын мэргэжлийн байгууллагууд, тус улсад байгаа монголчуудын төлөөлөл хамтранунадаг дугуйн мэргэшсэн сургалт явуулах яриа хэлцэл хийж байгаа. Энэ хүрээнд дугуйн дасгалжуулагчийг ажиллуулахаар төлөвлөж байна. Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах менежментын талаар Германы талтай уулзалт хэлэлцээ өрнүүлсэн. Манай намын мөрийн хөтөлбөрт Сүхбаатар дүүрэгт хийх гол ажлын нэг энэ. Үүнээс гадна УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүний хувьд боловсролын салбарт нэлээд анхаарал хандуулж ажиллаж байна.
-Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулна гэж Та ярьж байсан. Энэ тухайгаа тодотгож ярихгүй юу?
-“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам бид хоёр санаачилан зохион байгуулсан. Энэ хүрээнд өнөөдөр мөн Төрийн ордонд боловсролын бүх шатны мэргэжилтэн, судлаачид, багш сурган хүмүүмжүүлэгч болоод салбарын төлөөллийг хамруулсан “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлгийг хийх гэж байна. Үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэхэд хамтран ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар мэдэгдээд байгаа.
ЕБС төгсөгчдийн болон олон улсын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлэг авахаар тэнцэж байгаа хүүхдүүдийн судалгааг үзэхээр, төрийн өмчит ЕБС-иудын байгалийн ухааны сургалт харьцангуй сайн байгаа ч англи хэлний оноо доогуур байна. Тийм учраас ЕБС-д зааж байгаа гадаад хэл, тэр дундаа англи хэлний түвшинг ахиулах, нийт төгсөгчид маань төгсөхдөө англи хэлний оноо авах түвшинд болгохыг бид зорьж байгаа. Энэ хүрээнд англи хэлний хичээлийн шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн заах аргазүй, сургалтын чанар хүртээмж гэхчилэн цаашид ямар ажил хийж болох талаар хэлэлцүүлгүүдээ хийнэ. Үүний дараа ЕБС-ийн байгалийн ухааны хичээлийг сайжруулах чиглэлд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн.
Энэ мэтээр боловсролын салбар дахь төсвийг нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэхийн төлөө УИХ-ын гишүүд ажиллаж байгаа. Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд олон улсад өрсөлдөхүйц үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжиж, хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй боловсрол олгохоор тусгасан.
-Боловсролын салбарт шинэчлэлт хийх ёстой гэж бид сүүлийн 30 жил ярьж байна. Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулна гэхээр яг ямар өөрчлөлт, шинэчлэлт байх юм бол. УИХ-ын нэр бүхий зарим гишүүн кембрижийн хөтөлбөрийг авах ёстой гэж ярьж байна. Та бүхэн үүний эсрэг байр суурьтай байна гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын сүүлийн 30 жилийн нийгэм, улс төрийн шилжилтийн үйл явцад хамгийн хүчтэй өртөж, удаа дараа шинэчлэлт хийсэн салбар бол боловсрол. Энэ салбарт 2004 оноос хойш хэд хэдэн шинэчлэлт хийсэн. Ерөнхий боловсролын X жилийн шатлалаас XII жил рүү шилжиж, нэгдүгээр ангид долоон настай ордог байсан бол зургаа болгосон. Мөн 2014 оноос сургалтын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг шинэчлэлүүдийг үнэлж үзэхээр, хүүхэд бүрд жигд хүртээмжтэй хүрч үйлчилж чадаагүй.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөгийн сумдын болон үндэстний цөөнхийн хүүхдэд энэ хөтөлбөр бүрэн гүйцэд хүрч үйлчлээгүй. Үр дүнд нь Монголын боловсролын салбарт тэгш бус хүртээмж газар авсан. Тэр хэрээр сургалтын чанар дордсон. Боловсролын чиглэлийн олон тоо баримтаас үзэхэд, нийт дүнгээрээ ахлах, дунд ангийн хүүхдүүдийн сургалтын чанар өмнөх үеүдээс эрс муудсан байх жишээтэй. Эдгээрт нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Тухайлбал, багшлах боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, “Цөм” хөтөлбөрөөс улбаатайгаар сургалтын агуулга, хүүхдүүдийн хичээлийн цаг болон багшийн ажлын ачаалал нэмэгдсэн. Багшийн ачаалал их байгаа нь сургалтын чанарт нөлөөлдөг. Олон улсад багшийн ачаалал бага байвал сургалтын чанар сайжирдаг жишээ бий. Тэр дундаа бага ангийн багшийн ачаалал маш өндөр.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам бид хоёр Монголын үндэсний боловсролын тогтолцооны асуудлаар мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж, олон судалгаа, дүгнэлт хийж байна. ЕБС-ийн хувьд сайн багшийг тогтвор суурьшилтай ажиллуулах, давтан сургах ажил хоцрогдож байгаа. Боловсролын тухай хуулиар багш таван жилд тутамд мэргэжлээ дээшлүүлж байх ёстой. Гэтэл манайд ажлын ачаалал ихээс ийм боломж хомс байдаг. Нийт багшийн 13 хувь нь жил бүр сургалтад хамрагддаг гэсэн судалгаа байна.
-Үүнийг одоо яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Хүн ам ихтэй хот суурин газарт нэг багшид ногдох хүүхдийн тоог цөөлөх ёстой. Өнгөрсөн жил нэг бүлэг 41-70 хүүхэдтэй Улаанбаатар хотод хичээллэсэн байна. Энэ нь багшийн ачааллыг нэмэгдүүлж байгаа учраас хүртээмжийг нэмэгдүүлж, багшийн үнэмлэмжийг сайжруулах ёстой. Үүний цаана боловсролын салбарт зарцуулах ДНБ-ий хэмжээг нэмэх шаардлагатай. Манайх одоо ДНБ-ийнхээ 2.1-5 хүртэл хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Хэдий ийм боловч боловсролын салбарын төсвийг задалж үзэхээр, ихэнх нь урсгал буюу багш нарын цалин, цахилгаан болон сургуулийн засвар үйлчилгээний зардал байдаг.
Сургалтын хөтөлбөр, багшийн заах арга зүйд маш бага төсөв зарцуулагдаж байна. Алслагдсан бүсэд байгаа нэг хүүхдэд зарцуулах зардал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт зарцуулж байгаа зардал тэгш бус байна. Тийм учраас хүүхэд хаана төрснөөс үл хамааран тэгш хүртээмжтэй боловсрол хүртдэг болох ёстой. Ингэхийн тулд төрөөс гарч байгаа зардал ч ижил тэгш байх шаардлагатай. Боловсролын салбарын санхүүжилтийг аймаг, сум бүрээр бид үзэхэд, харилцан адилгүй тоонууд их байсан. Сүүлийн 20 гаруй жилд төрөөс боловсролын салбарт зарцуулж байгаа зардал тэгш бус байгаа нь харагдсан. Хөдөө орон нутгийн бүх суманд хуучны VIII жилийн сургуулийг өргөтгөж, бүрэн дунд сургууль болгосон. Гэтэл энэ сургуулийн байрны ашиглалт маш бага. Гэтэл хүн ам ихтэй газруудад 2-3 ээлжээр хичээллэж байгаа тохиолдол маш их байна. Энэ нь салбарын төсвийн зарцуулалт тооцоолол муу байгааг харуулж буй хэлбэр. Нэг талаараа жижиг тойргийн зовлон. Гишүүд тойрогтоо сургууль бариулах хөрөнгө төсөвлүүлэхээс биш тэнд суралцах хүүхдийн тоо, ашигтай байдлыг нь харгалзаж үзээгүй гэсэн үг.
Тэгэхээр боловсролын салбарын томоохон шинэчлэлийн нэг нь, одоо байгаа XII жилийн сургалттай сумын сургуулийг бага, дунд ангийг нь нэг, ахлах сургуулийг нь хэдэн сумын дунд бүсчилсэн байхаар зохицуулах шаардлага үүсэж байна. Хүн ам цөөтэй сумын сургуулийн багшийн хичээлийн цаг үндсэн норомдоо хүрдэггүй. Жишээлбэл, мэдээлэл зүйн багш. Гэтэл XII жилийн сургалттай сургуулийг хэдэн сумдыг хамруулж нэг болгож, багш ажиллуулбал бүтээмж өндөр байна гэсэн үг. Одоо бол тухайн багшийн цагийн норм хүрэхгүй учраас нэг багш олон хичээл зааж байна. Энэ нь мэргэшсэн байдалд нөлөөлж байгаа. Эдгээрийг маш сайн тооцож байж, судалгаанд суурилж өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй.
-Тэгш бус байдлыг Улаанбаатар хотын сургуулиудад хэрхэн арилгах вэ?
-Боловсрол, эрүүл мэнд бол нийгмийн суурь үйлчилгээ. Тиймээс төр иргэдээ ялгаварлахгүй тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх ёстой. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд чанартай боловсролыг хүүхэд бүрт эзэмшүүлнэ гэж заасан. Үүний тулд тусгаар улсын хувьд аль нэг улсын хичээлийн хөтөлбөрийг оруулж ирэх бус, олон улсад хүлээн зөвшөөрсөн үндэсний боловсролын тогтолцоог бий болгох нь чухал гэж үзсэн. Тийм учраас кембриж мэтийн олон улсын аль нэг хөтөлбөрийг хуулбарлаж авах, тэр дундаа тусгайлан цөөн хүүхдийг шалгаруулж, өндөр зардлаар сургахыг эсэргүүцэж байгаа. Ер нь, Монголын боловсролын салбарт тэгш бус байдал газар авсан. Үүний тод жишээ ЭЕШ-ын онооноос харагддаг. Гэр бүл нь өндөр орлоготой айлын хүүхдүүд ЭЕШ-д өндөр оноо авч байна. Амьдралын боломжтой айл өрх хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургууль, давтлагад явуулдаг.
Өөрөөр хэлбэл, орлогын тэгш бус ялгаа боловсролын салбарт нөлөөлж байгаа учир Монголын төр үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулж, төрийн өмчийн бүх сургуульд ижил тэгш хүртээмжтэй байдлаар хүргэхэд анхаарахаас өөр аргагүй болжээ. Хувийн сургуулиудыг үгүйсгэж байгаа юм биш. Тэд боловсролын салбарын ачааллаас үүрч байгаа нь сайн хэрэг ч төрөөс олгож буй хувьсах зардлыг ялгавартай олгодог болох ёстой. Сайн багшийг хувийн сургуулиуд цалин амлаж, авч байгаа явдал түгээмэл байна. Тиймээс төрийн өмчит сургуулиудаа дэмжиж байж тэгш бус байдал арилна. Хувийн сургуулиудыг хааснаас тэгш бус байдал арилна гэж туйлширч болохгүй. Энэ бол шийдэл биш.
-Кембрижийн хөтөлбөр манайд хэрэггүй гэж байна. Гадаадын их, дээд сургуулиудад тэнцэх хэмжээний хүүхдүүдийг бэлтгэхэд бид нэн тэргүүнд юунд анхаарах ёстой юм бэ?
-Төрийн өмчит сургуулиудын хүүхдүүдийн англи хэлний түвшин муу байгаа ч бусад хичээлийн хувьд боломжийн хэмжээнд мэдлэг авч байгаа. ЕБС-д долоон жил англи хэл үзэж байгаа ч ЭЕШ өгөхөд хангалттай оноо авч чадахгүй байна. Суралцах явцдаа хийж байгаа дадлагыг сайжруулах, сургалтын шинэ технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Ялангуяа, хөдөө орон нутагт сайн багш ажиллуулах шаардлага байна. Багшаас үл хамааран бүх сургууль нэг ижил аппликейшн, хөтөлбөртэй байх хэрэгтэй. Багш бол тухайн хичээлийг удирдан явуулах, ижил түвшинд хичээлээ заадаг орчныг бүрдүүлмээр байна. Нэг ёсондоо, англи хэлний сургалтын агуулгыг бүрэн шинэчлэх шаардлагатай.
Багш боловсон хүчний тогтворгүй байдлаас үүдэж, нэг багш ирээд өмнөх жил орсон хичээлийг дахин заадаг байж болохгүй. Нэгдсэн нэг хөтөлбөр, системтэй болчихвол аль аль талдаа амар. Нэг ангид сурах сурагчдын тоог стандартад барьж, одоогийн ачааллыг багасгахын тулд МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт шинээр 200 сургууль барихаар тусгасан. Хүн амын шилжих хөдөлгөөн, хүүхдийн өсөлттэй уялдуулан шинэ сургуулиудаа барина.Түүнээс нэг гишүүн манай тойрогт барина гэх мэтээр асуудалд хандахгүй. Хүн амынхаа төвлөрлийг тооцож баривал ангийн болон багшийн ачаалал буурна.Ингэхийн тулд ойрын жилүүдэд боловсролын салбарт ДНБ-д эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Энэ нэмэгдүүлсэн төсвөө багшийн ур чадварыг дээшлүүлэхэд зарцуулбал үр дүнтэй.
-Та бүхний энэ санал, санаачилга хууль, тогтоолын төсөл болж УИХ-аар хэлэлцэгдэх үү?
-УИХ Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Тэр дундаа Монголын үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах, сайн багш бэлтгэх асуудлыг ярина. ЕБС-д сайн багш хэрэгтэй. Сайн багшийг тогтвортой ажиллуулахын тулд цалин хангамж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх ёстой. Ингэхийн тулд төрөөс хөшүүрэг, хөнгөлөлт байх ёстой гэж үзээд байгаа юм. Багшийн үнэмлэмжийг нэмснээр тогтвор суурьшилтай ажиллана. Багшийн чадварыг сургалтын ахицаар үнэлэх ёстой.
Гэтэл “Цөм” хөтөлбөрийг харахаар, багш нар хичээлийн цаг, агуулгадаа анхаарах бус хөтөлбөр боловсруулж, цаастай ноцолдож байна. Үүнийг халах ёстой. Нэг ёсондоо, олон улсад өрсөлдөх үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай хөгжүүлэх шаардлага байна. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг авч явах боловсон хүчин бэлтгэх ёстой болохоос биш гадаадын аль нэг их, дээд сургуулийн элсэгчийг бид бэлдэх ёсгүй юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, олон улсын хөтөлбөрийн сайн жишээг бид аваад явна. Цөөн хүүхдэд чанартай боловсрол олгох бус нийт сурагчдад хүртээмжтэй олгох ёстой л гэж үзэж байгаа юм. УИХ-аар хэлэлцэх үед бүх талын байр суурийг сонсож, хамгийн оновчтой, үр ашигтай хувилбарыг нь сонгоно.
-Боловсролын салбараас гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлд та хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг 13 гишүүнтэй. Гишүүн бүр өөрийн харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байна. Би Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн болон цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлд ажиллаж байна. Хувийн мэдээлэлд хууль бусаар халдах, хүүхдийг садар самуунд уруу татах, гүтгэх, доромжлох гэмт хэрэг цахим орчинд нэмэгдсэн. Хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Тиймээс цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим худалдааны орчинг бүртгэлжүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Энэ хүрээнд Цахим аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт удахгүй өргөн барина.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин