Олон улсын харилцаа судлаач, гавьяат багш Ж.Баясахтай ярилцлаа.
-Өмнөд Монголд үндэсний бичиг соёлыг хориглох болсонтой холбогдуулан олон улсын хүрээнд хүний эрх ашиг хөндөгдлөө гэж үзэж байна. Үүнд АНУ-ын конгрессоос мэдэгдэл гаргах тухай ч яригдсан. Хэрэв гарын үсэг 100 мянгад хүрч конгресс мэдэгдэл гаргавал ямар үр дүн авчрах вэ?
-Тэнд монгол үсгийг халах асуудал зогсох болов уу. ӨМӨЗО монгол, хятад гэсэн албан ёсны хоёр хэлтэй. Өөрөөр хэлбэл, бүх албан газрууд нь хоёр хаягтай гэсэн үг.
Нэг ёсондоо тэр нь одоо байхгүй болох тухай асуудал юм. Энэ 24 сая хүн амтай Өмнөд Монголын гурван сая нь монголчууд байгаа. Тэдгээр гурван сая хүн ам хятаджих бодлогод орж байгаа гэсэн үг. Хятадын 98 хувь нь Хань үндэстэн байдаг, бусад нь Монгол, Төвөд, Уйгар гэх таван үндэстэн оршдог. 1947 онд байгуулагдсан ӨМӨЗО Хятадын анхны өөртөө засах орон юм.
Хятад бол олон үндэстний улс биш, ганцхан үндэстэн гэдэг их завхрал 1966-1976 оны Соёлын хувьсгалын үед явагддаг байсан. Тэр ганц үндэстэн нь Жунхуа миньзу буюу “Их дундад үндэстэн” гэдгийг зохиож, бусад улс үндэстнүүдийг хааж хавчдаг болсон. Тэр үед Хятад үндэстний бодлогодоо томоохон алдаа гаргасан гэж үздэг. Ингээд 1985 оноос хойш үндэстний асуудал намжсан.
-Конгрессын мэдэгдэл гэдэг нь ямар учиртай юм бол?
-Ерөөс хүний эрхийг зөрчиж болохгүй гэсэн санаа.
-Өмнөд монголчуудын хэл соёлыг хэрхэн хадгалж үлдэх вэ?
-Тэртэй тэргүй өмнөд монголчуудын монгол хэл ядуу болчихсон. Тэдний нэр үг дандаа хятадаар, өдөр тутмын хэрэглээний үг нь ч ялгаагүй. Жишээ нь, талх гэдэг үгийг “миянбу” чихэрийг “тан” гэж хэлбэл илүү ойлголцож байна. Ингээд хэлний хөгжил нь хязгаарлагдмал болсон.
Өмнөд монголчууд “Дарга цэргээсээ авхуулаад бүгд монголоороо ярих юм, яасан гоё юм бэ” тэгж гайхдаг, бахархдаг. Өмнөд Монголын зарим аймгууд нь хятадтайгаа хил залгадаг болохоор тал хувь нь хятад, тал хувь нь монголоор ойлголцох жишээний. Дээрээс нь монгол хэлний хичээл орохгүй бол тэгээд дууслаа, нөгөө 50 хувь нь ч байхгүй.
Монгол нэртэй боловч ихэнх нь “баярлалаа, сайн байна уу, баяртай” гэдэг гуравхан үгтэй, хэл нь ийм ядуу болчихсон. Харин бичгээ дагаад эртний соёл нь хадгалагдсан.
Харин энд монгол хэлний хөгжлийн амьд хөрс байгаа. Худлыг үнэн давтахаар үнэн болдогтой адилхан удах тусмаа амьдралын урсгалд ороод явчихна. Өмнөд Монгол үнэхээр хэцүү болж байна даа.
-АНУ-ын конгрессын мэдэгдэлтэй холбоотой гарын үсэг хэдэн мянгад хүрсэн байна. Та харж үзэв үү?
-Арав хоногийн өмнө харахад 70 мянга болчихсон байсан. Олон нийтийн сүлжээгээр мянга, хоёр мянга боллоо гээд л яригдаж байна. Тэгэхээр конгресст өгөхөд болох хэмжээнд очсон байна л даа.
Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн, тэр нь өмнөд монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн байна. Үүнд Өмнөд монголчууд их баярлаж байгаа. Ардчилсан орнуудын жишгээр төрийн тэргүүн байсан хүн мэдэгдэл хийдэг л дээ.
-Энэ асуудлаар дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд дуу хоолойгоо нэгтгэж байна. Ингэсэн ч үр дүн нь ямар байх нь одоог хүртэл эргэлзээ төрүүлж буй?
-Гадаадад суугаа Өмнөд монголчууд Япон, Өмнөд Солонгос, Америкт жагсаж байна. Тэдний зүгээс Хятад тал руу соёлын өвийг нь устгалаа гэж эсэргүүцэж буй. Харин манайхыг биднийгээ дэмжээч гэсэн маягтай яваад байгаа.
Нэг сурвалжлагч надаас үүсэн нөхцөл байдлын тухайд “Бид ер нь юу хийж чадах вэ” гэж асуусан юм. Би хариуд нь “яаж ч чадахгүй” гэж хэлсэн л дээ.
Хэрэв дэлхийн хэмжээний мундаг эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан амьд сэрүүн байсан бол нэг юм хэлэх байсан болов уу. Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гуай чинь шинэ бичгийг бий болгож, монгол бичгийг халахад оролцсон хүн шүү дээ.
Харин Б.Ринчен гуай Монгол бичиг үлдэх ёстой гэдгийг Хятадын академийн ерөнхийлөгч Го Можод захидал илгээсэн байдаг. Ингээд тэр захиа нь Мао Цзедунд хүрсэн гэдэг яриа бий.Ингэж монгол бичгээ аварсан түүхтэй.
-Хэл бичгийн асуудлаар хамгийн түрүүнд НҮБ-ын Юнеско дуугарах ёстой ч одоог хүртэл нам жим байх юм?
-Саяхан Японд суугаа Монголын элчин сайд хоёр цаг мэдэгдэл хийлээ. Тодруулбал, хос бичигтэй болох гэж буй тухайгаа мэдэгдлийн үеэр ярьсан. Япончууд Өмнөд монголтой холбоотой онцгой бодлого баримталдаг улс шүү дээ. Хятадын зүүн хойд хэсэг Японы эрхшээлд байлаа. Улмаар Японыг эсэргүүцэх дайн 1932 онд гарсан юм.
Ингээд зүүн хойд хятадыг чөлөөлж байсан түүхтэй. Тухайн үед Манжго улсад Япон болон Монгол үндэстнийг алтан ургийнхан, угсаа гарал нэгтэй хэмээн бодлого явуулдаг байсан. Хүүхдүүд нь сургууль руугаа Чингис хааны тухай дуу дуулж явдаг. Япон улс өөрөө өмнөд монголчуудад өвөрмөц ханддаг. Японд Өмнөд Монголын оюутнууд хамгийн их сурч боловсордог юм. Тиймээс ч Япон улсын зүгээс хэл соёлтой холбоотой асуудалд монголчуудыг дэмжиж байна.
-Хятадын зүгээс улс орны дотоод хэрэгт хэт оролцож байна хэмээн ам таглах жишээний. Хэл соёлын асуудал үндэстний хэмжээний зүйл учраас олон улсын түвшинд зайлшгүй яригдахад хүрээд байна?
-Ван И сайд Монголд айлчлахад төрийн гурван өндөрлөг бичиг үсгийн талаар ярилаа.
Гэтэл “Энэ бол манай дотоод хэрэг”гэж айхавтар хариу өгч, амыг нь хаачихсан. Манай төр гадны хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдэг юм хэлээд л амаа хаалгачихаж байгаа юм. Энэ асуудлыг төлөөлж хэлэх дэлхийн хэмжээний том эрдэмтэн байхгүй.
Гэхдээ яах вэ их сургуулийн оюутан багш нар жагсаал хийсэн байна лээ. Тэд гарын үсэг цуглуулахад нэлээн идэвхтэй оролцож байгаа болов уу. Энхтайвнаар зэрэгцэн орших таван зарчим бий. Үүнд, улс үндэстний газар нутгийн бүрэн бүтэн байдал гэх мэтчилэн зүйл багтдаг. Тодруулбал, аливаа улсын дотоод хэрэгт оролцохгүй гэсэн заалт байдаг.
Ерөөс өмнө нь соёлын хувьсгалын үед Өмнөд монголчуудын хэлийг бүр хорьж байлаа. Дараа нь зөөлөн бодлого явуулж, монгол гаралтай хүний цалин дээр нь хэдэн төгрөгийн нэмэгдэл өгдөг болсон. Жишээ нь, ажил албанд ороход нь хөнгөлөлт үзүүлэх гэх мэтчилэн зөөлөн бодлоготой.
-Хэрэв идэвхтэй оролцоод 100 мянган хүн гарын үсэг зурвал ямар үр дүн авчрах бол?
-Хятад Америк хоёр чинь хоорондоо муудах гээд байгаа шүү дээ. Ингэх болгонд америкчууд чинь Тайвань, Хонконгийн асуудлыг дандаа сөхөж тавьдаг. Ерөөс бичиг үсэг, шашин шүтлэгээ хадгалах нь хүний эрх гэсэн зүйл бий. Энэ нь зөрчигдөж байна гэсэн үг. Одоо Өмнөд Монголд үндсэндээ шарын шашингүй, бөө мөргөл бүр ч байхгүй.
Өөрөөр хэлбэл, Шашингүй үзэлтэй гэсэн үг. Тэгсэн хэр нь хүн болгон цаанаа шүтдэг бурхадуудтай. Шашин шүтлэг, зан үйл нь байхгүй болсон. Харин одоо бичиг нь үгүй болохоор бүр ч хэцүү байдалд орно.
Хятадын иргэн Монголд ирэхэд монгол нэрээ ч бүтэн тавьдаггүй. Яс үндэс гэхээр хятад паспорт дээрээ монгол нэрээ тавьж чадахгүй байгаа юм. Тэрэнд нь өмнөд монголчууд ихээхэн эмзэглэдэг юм. Хятадад чинь хэн албан тушаалд хүрч байна гэвэл дандаа “Хань” үндэстэн албан тушаал ахидаг байх жишээний. Өөрөөр хэлбэл, хятад гаралтай хүн албан тушаалд хүрдэг. Харин өөр нэртэй хүн гараад ирэхээр үндэстэнг тавьдаг. Тэгэхээр хятадын олонх нь Хань үндэстэн учраас үүнд ялгаа бий.
-Эхнээс авхуулаад хос бичигтэй болох мэдэгдлийг Японоос гаргалаа. Одоо гарын үсэг нь бүрдвэл АНУ-ын конгресс мэдэгдэл гаргана гэсэн. Ер нь конгрессын мэдэгдэлтэй холбоотойгоор үндэстний хэмжээний асуудлыг шийдсэн жишээ байдаг уу?
-Жишээлбэл, Индонез улс бурхны шашин шүтдэг улс.тэгээд хятад гаралтай улсууд нь дандаа өөр хэл дээр нэрээ авдаг. Ханзаар хэрэглэхгүй, хятад нэр байхгүй байх жишээтэй.
Гэртээ хэрэглэдэг нэг нэртэй. Конгрессын мэдэгдэл гэдэг нэг ёсондоо айхавтар шахалт юм. Дэлхийд хөгжлөөрөө Хятад улс хоёрдугаарт бичигддэг. Харин Америкаас тэд их эмээдэг. Бусад улс орныг тоохоо болиод удаж байна. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг Америкт үйлдвэрлэдэг. Даяаршлаар хамаг дэлгүүр нь Ази руу чиглэж гарсан.
Одоо ковид гарснаас хойш даяаршил яригдах нь багассан. Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувь урд хөршөөс хамааралтай. Өөрсдийн үндэс угсаа, шашин шүтлэгээ нуудаг болоод ирэхээр эрх чөлөөтэй хүн гэж хэлэхэд хэцүү. Энэ байдлаараа Хятад улс бичиг соёлын уг бодлогодоо өөрчлөлт оруулахгүй байх гэж хувьдаа бодож байна.
Казахстан улсын ерөнхийлөгч асан Назербаев 2020 онд бичгээ сольж, улсаа хөгжүүлнэ хэмээж байсан. Гэтэл яг асуудал ирэхэд ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн. Тодруулбал, латин бичиг хэрэглэх гэхээр оросууд нь дургүйцэж эхэлж байгаа юм.
-Тэгэхээр мэдэгдэл гаргасантай холбоотой үр дүн авчирсан жишээ байхгүй гэсэн үг үү?
-Дэлхийд бол байхгүй. Олон улсын хэмжээнд шийдсэн зүйл тун цөөн гэсэн үг. Ер нь бичиг үсэггүй улс бага шүү дээ. Индонезийн нэг үндэстэн солонгос хэлийг төрийн хэл болгож авах гэж байна. Үүнд нь Солонгосын Засгийн газар жигтэйхэн дуртай байгаа юм. Солонгосууд манайх руу хүртэл шинэ үсгээ болиод хангул бичигт орвол яасан юм гэж явдаг. Нэг үндэстэн өөрийнхөө соёлыг түлхэж байна гэсэн үг.
-Хятад бас өөрийнхөө соёлыг түлхээд байгаа юм биш үү?
-Тийм ээ. Миллиард 300 сая хүний 96 хувь нь хятад үндэстэн гээд бодохоор хүссэн хүсээгүй түрж байгаа юм. Тэгээд өмнөд монголчуудын хэрэглээний нэр үг нь дандаа хятад болсон.
-Ер нь босоо бичгийг Өмнөд монголчууд л өдийг хүртэл авч яваа учраас үндэсний хэл соёл хадгалагдсан байх?
-Бид чинь хоёр жил латин үсгээ хэрэглэх гэж байгаад дэлхийн хоёрдугаар дайны дараа шинэ үсэгт орлоо шүү дээ. Одой энэ шинэ үсэг харийн бичиг учраас дүрэм нь эвлэрээгүй байгаа юм.
Үе үеийнхэн өөр өөрөөр бичдэг. Монгол бичгээрээ явбал тэгэхгүй шүү дээ. Монгол бичгийн гайхамшиг бол бичгээр дамжуулаад эртнийхээ соёлыг ойлгож мэдэж авах таатай юм байгаа юм. Өмнөд Монголд олон сайхан ном гарсан ч сүүлдээ хумигдаж байхгүй болж байна. Монгол тулгар бичгийн цуврал байхгүй болсон.
Өмнөд Монголд үндэсний бичгийн хэрэглээ байхгүй бол бид нар ёстой зэрэмдэг болох гээд байна.
-Хэрэв монгол бичгийг хэрэглэхээ больчихвол тэр том гүрний соёлд уусах нь цаг хугацааны асуудал болох байх?
-Тэдний хувьд бэлчээр нь хувьчлагдсан учраас ааруул цагаан идээ гаргаж авч чадахгүй байсан. Өмнөд Монголд бэлчээрээ хувьчилсан тул малынх нь шим тэжээл нь муу байдаг.
Тиймээс манайх шиг хорхог, боодгоо хийж чаддаггүй. Цагаан идээний төрлийг сайн мэдэхгүй. Манай цагаан идээг Өмнөд Монголын хүнд бэлэг болгож өгөхөөр халхын цагаан идээ цаанаа амттай юмаа гэж учиргүй баярлана. Хятад хэл чинь өөрөө хонь, ямаа хоёрыг ялгадаггүй хэл юм шүү дээ. Ямааг уулын хонь гээд нэрлэчихсэн. Ингээд Өмнөд Монголд хэлний хөгжих хөрс нь байхгүй болохоор ярианы хэл нь ядуу болсон. Мэдээж бичигт сайхан зүйл бий.
Өмнөд Монголын жүжигчин Б.Баасанжав “Бид бусдадаа бидний ард жинхэнэ монгол -үндэстний улс байгаа гэдгээр бахархаж явдаг юм аа” гэж нэгэн нэвтрүүлэгт ярьж байсан. Харин залуусын хувьд өөрсдийн соёлыг хялайх янзтай, монголоороо ярихаас ичдэг болсон байсан. Жишээ нь, нэг ангид 10 монгол хүүхэд байхад үүний долоо нь хоорондоо хятадаар ярьж байна. Тэгтлээ тэр үндэстний бахархал гэдэг юм байхгүй болсон.
-Мянга мэдэгдэл гаргаад нэмэргүй гэсэн үг үү?
-Хятадын жинхэнэ сонгодог хэлбэрийн бичиг нь Тайваньд байдаг. Тэгэхээр Хятад бичиг ямар болох вэ гэдэг чинь өөрөө сонин ойлголт, том асуудал болоод буй. Монгол бичгийг хорьж, өөр үндэстний хэлийг хааж байгаа боловч өөрсдөө толгой дээрээ лай хурааж байна гэсэн үг.
-Конгрессын мэдэгдэл АНУ-ын сонгуулиас өмнө гарах болов уу?
-Энэ хариуг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө гаргах байх. Тэнд арваннэгдүгээр сарын 3-нд сонгуультай. Одоо энэ мэдэгдлийг л Өмнөд Монголын нөхдүүд маань хүсэн хүлээж, горьдож суугаа даа. Өөрсдөө бол тэмцэж чадахаа больсон.
Өмнөд Монголын их сургуулийн Чимэддорж гэх мундаг эрдэмтэн нь хүртэл төр засгийн хос бичигтэн болох бодлого зөв гэж ярьсан байна лээ. Уг нь жинхэнэ баттай зогсох хүн боловч чадаагүй. Германд доктороо хамгаалсан монгол судлалын эрдэмтэн шүү дээ. Өмнөд Монголын өөрсдийнх нь гол сэхээтнүүд дуугарахгүй болохоор бууж өгч байна гэсэн үг.
Сурагч хүүхдүүд нь хэд жагсаад нэмэр алга. Хамгийн түрүүнд дуугарах ёстой НҮБ-ын боловсрол шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО таг чиг болохоор хэцүү биз. Конгрессоос илүү НҮБ-ын ерөнхий ассамблей дээр л ярих нь хамгийн чухал. Энэ асуудлыг НҮБ-ын чуулганаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерис ярина гэсэн байна лээ.
Эх сурвалж: Өдрийн сонин