Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хооронд хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэж байна. Ингэснээр тус газраас нэвтрүүлж буй E-Mongolia цахим порталаар дамжих бүхий л төрийн үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэх ба энэхүү томоохон төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм.
Өөрөөр хэлбэл, 180 орчим төрлийн төрийн үйлчилгээний төлбөр Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд тусна.
Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг 2016 оноос эхлүүлж, үйлчилгээний төлбөр тооцоог гүйцэтгэх дэд бүтцийг бий болгосон.
Ингэснээр Сангийн Яамны Төрийн сангийн газрын өмнөөс иргэдийн төрийн үйлчилгээний төлбөрийг Монголбанк картын системээр дамжуулан хүлээн авч, төрийн байгууллагын дансанд гүйлгээг нэгбүрчлэн, бодит цагийн горимоор тусгах ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны мөн үеээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 75 мянган ширхэг төрийн үйлчилгээний гүйлгээ дамжсан байна.
Одоогийн байдлаар Монголбанк нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, эдгээр байгуулагын зарим үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг гүйцэтгэж байна.
Цаашилбал, Монголбанк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төлбөрийн картын системийг энэ ондоо багтаан бүрэн нэвтрүүлэх, мөн үндэсний төлбөрийн EMV chip стандарт бүхий Т картыг ойрын хугацаанд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Ингэснээр Монголбанк нь Сангийн Яамны Төрийн сангийн газрын нэрийн өмнөөс иргэдийн төрийн үйлчилгээний төлбөрийг өөрийн картын системээр дамжуулан хүлээн авч, төрийн байгууллагын дансанд гүйлгээг нэг бүрчлэн, бодит цагийн горимоор тусгах ажлыг гүйцэтгэж байна.