Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан Английн алдарт зохиолч Нил Гейманы КОРАЛАЙН хэмээх уран сэтгэмжит туужийн орчуулагч А.Анударийг энэ удаагийн дугаарт танилцуулж байна.
-Орчуулсан номныхоо талаар товчхон танилцуулаач?
-Олон залуу үзэгч Коралайныг андахгүй байх. Ижил нэрт хүүхэлдэйн киногоороо манайд илүү танил. Би харин яагаад ч юм Коралайныг үзээгүй. Миний хүрээлэлд үзээгүй хүн цөөн. Би номоор нь танилцах хувь тохиолтой байж л дээ. Нэг талаасаа киног нь үзээгүй нь оносон ч байж мэднэ. Урьдчилсан төсөөлөл, хүлээлт байхгүй. Энэ түүхтэй цоо шинээр танилцаж Коралайныг болон түүний ертөнцийг, адал явдлыг өөрийнхөөрөө төсөөлөн бий болгож орчуулах амттай сайхан байсан. Энэхүү зохиолоор дамжуулан Нил Геймантай танилцаж, ер нь Дэлхийн хүүхдийн уран зохиолын ертөнц рүү багахан өнгийсөндөө маш их олзуурхаж байгаа.
Миний бага нас монгол ардын үлгэр, орос ардын үлгэр, Андерсен, ах дүү Гриммын үлгэрүүд, цөөн хэдэн монгол зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээл, дунд сургуулийн хөтөлбөрийн хүрээнд уншдаг байсан орос зохиолчдын бүтээлээс хэтрэхгүй. Хүүхдийн уран зохиолын баялгийг өдий насанд хүрсэн хойноо Коралайнаар дамжуулан ойлгож мэдэрсэн гэхэд хилсдэхгүй. Коралайн бол бүх насныхан унших бүтээл, тэр дундаа “young adults” буюу залуу уншигчдын шимтэн унших бүтээлүүдийн нэг болов уу. Коралайны түүх шууд тулгасан сургамжаас илүүтэй олон философилог санаа агуулдаг, уншигчдад жигтэй адал явдлаараа дамжуулан хүний амьдралын суурь үнэт зүйлс болох хайр, гэр бүл, нөхөрлөлийн талаар эргэцүүлэх болон ёс суртахууны олон талын ойлголтыг уншигчдад хүргэх бүтээл. Мөн бодит байдлыг үнэлэх, мэдрэх, өөрөө өөрийгөө тодорхойлох талаар зүүд, төсөөллийн ертөнцөөр дамжуулан бодож эргэцүүлэх боломж олгох бүтээл.
-Энэ зохиолын юу нь хамгийн их таалагдсан бэ? Орчуулах болсон шалтгаан болоод онцгой зүйл нь юу байв?
-Коралайны дүр. Зохиолыг нэгэнт дэлгэсэн л бол гол дүр болох сониуч адтай Коралайн таныг өөрийн адал явдлын эргүүлгэнд эргэлт буцалтгүй татаад оруулчихна. Жихүүцэм, айдас төрүүлэх үйл явдал гарах ч Коралайнтай байгаа учраас тийм ч аймаар санагддаггүй юм. Мөн зохиолын уур амьсгал маш их таалагддаг. Ер нь аливаа зохиолын нэг ид хав нь, уншигчийг татах барих, мартагдахгүй байх чанар нь уур амьсгалдаа байдаг санагддаг. Та нэг зохиол уншиж дуусаад тодорхой хугацааны дараа зохиолд гардаг нэр, үйл явдал, үг үсгийг санахгүй байсан ч уур амьсгалыг нь хүчтэй мэдэрч байвал тэр сайн бүтээл гэж санагддаг. Өөрийн биеэр үзэж туулсан хүчтэй дурсамжтай л адил. Коралайны ертөнц огт мартагдахгүй тийм уур амьсгалтай. Английн буйдхан хотхоны меланхолик бороотой өдрүүд, чийг даасан агаар, манан гээд, хуучин байшингийн нигшүүн үнэрийг ч та жинхэнээсээ үнэрлэсэн юм шиг мартахгүй. Коралайны талаар санахын төдийд тэр ертөнцөд эргэж очих болно.
-Орчуулж байхад тохиолдож байсан хүндрэлтэй зүйл, туршлага, сонирхолтой зүйлээсээ хуваалцаач?
-Биднээс тун хол Английн соёл, ахуй, амьдралын хэв маягийг монголчилж буулгах амаргүй байсан. Мөн хүүхдийн зохиолын хэл онцлогтой. Энгийн атлаа гүнзгий санаануудыг илэрхийлэх амаргүй байсан. Хэт санаанд нь хөтлөгдөж хүүхдэд ойлгомжгүй болгохвий гэхээс болгоомжилж байсан. Ер нь хүүхдийн зохиолыг орчуулахад том хүн байхаа түр хойш тавиад өөрөө хүүхэд болж уншиж бичихэд суралцсан.
-Аливаа уран бүтээл болоод орчуулгын ажил том бага гэлтгүй түүнийг бүтээн туурвих хөдөлмөрлөх явцад тухайн уран бүтээлчид өөрийн гэсэн арга барил бий болдог. Тэгвэл өөрийн урлан бүтээх хэв маяг, онцлогоосоо хуваалцаач?
-Уран бүтээл, урлан бүтээх гэдэг надад тун хол сонсогдож байна. Коралайн миний анхны уран зохиолын орчуулгын бүтээл. Урлан бүтээх хэв маяг, арга барилаа хараахан таньж амжаагүй гэж хэлэх байх. Энэ багахан туршлагаасаа ойлгосон зүйл гэвэл орчуулга бол их төвлөрлийг, тууштай, сахилга баттай байхыг, нэгэн зэрэг хайрцаглагдахгүй сэтгэх, эрэлч хайгуулч байхыг шаарддаг. Нэг голдиролд ороод яг сайхан явж байтал гэнэт гацаж ямар нэг үг, санаа, илэрхийллийн хойноос хэдэн цагаар хөөцөлдөж, төөрч, шал өөр зүйл уншчихсан, сонирхчихсон явж байх нь олонтаа тохиолддог. Яг энэ үед “эргэж ирэх”, хэмнэлээсээ гарахгүй үргэлжлүүлэх хэцүү ч гэсэн чухал байдаг.
-“Коралайн” зохиолын сэдэв өөрийн тань хийж буй ажил болоод үзэл санаатай нийцэж, холбогдож байсан уу?
-Нил Гэйман хэлэхдээ “Би эмэгтэйчүүд өөрийгөө авардаг түүхэнд дуртай” гэсэн байдаг. Коралайн бол яах аргагүй ийм түүх. Би эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр багагүй хугацаанд ажиллаж байгаагийн хувьд эмэгтэй хүн гол дүр байж, гол дүр байхдаа гоо үзэсгэлэн бус зориг, цэцэн мэргэн ухаанаараа тодорч, өөрөө өөрийгөө тодорхойлох, амьдралаа өөрийнхөөрөө бүтээн туурвих эрхтэй, боломжтой, хүчтэй байх үзэл санааг агуулсан бүтээлийг өөрөөрөө дамжуулан хүргэж байгаадаа тун их баяртай байгаа.
-Яагаад уран зохиолын ном орчуулах болсон бэ?
-Тагтаа хэвлэлийн газар надад энэ саналыг тавьсан. Урьдчилан өөрөө бэлдэж, сонирхож, сонгосон зүйл байхгүй гэсэн үг. Эхэндээ эмээж байсан. Нэртэй хэвлэлийн газраас гарах бүтээлийг орчуулна гэдэг том хариуцлага. Мөн хүүхдийн уран зохиолын бүтээл гэхээр бүр ч хариуцлагатай. Гэхдээ намайг чадна гэж итгэл хүлээлгэж Коралайнтай хувь заяаг холбож өгсөнд маш их талархаж байгаа. Би энэ бүтээлийг орчуулахдаа хувь хүнийхээ хувьд их өссөн мөн насан туршийн найзаа (Коралайнаар) нэгээр нэмсэн.
-Таны бодлоор уран зохиолын орчуулга бусад төрлийн орчуулгаас юугаараа онцлог вэ?
-Эх хэлнийхээ өмнө үүрэг амлалт авна гэдэг, нэгэн зэрэг аль хэдийн байр сууриа олж үнэлэгдсэн дэлхийн бүтээлийн өмнө үүрэг амлалт авна гэдэг сүрдэж эмээхээс аргагүй зүйл. Уран зохиол орчуулахад баригдмал байж болохгүй гэхдээ их сахилга баттай байх ёстой, хуурай, хөшүүн байж болохгүй гэхдээ “уянгалах” гээд хэт үгээр “бялдаж” хамаагүй хэрэглэж болохгүй юм шиг санагдсан. Мөн зохиолчийн хэм хэмнэл болоод зохиолын уур амьсгал гэдэг зүйлийг алдахгүй хөрвүүлнэ гэдэг тун бэрх. Уран зохиолын орчуулгын ажил бол нэг талаасаа уран бүтээлчийн ажил- авьяас, мэдрэмж шаардана. Нөгөө талаасаа судлаачийн ажил- шинжлэх ухааны суурь мэдлэгийг шаардаж байдаг. Кругозор гэж ярьдаг даа. Уран зохиолын орчуулагчдын хөдөлмөр бол хүнд бөгөөд хүндлэм юм л гэж энэ туршлагаасаа улам их ойлгосон доо.
-Уран зохиол танд юу өгдөг вэ?
-Уран зохиол, уран зохиолын хэл миний амьдралаас амсаж байгаа их бага жаргал ч бай, зовлон ч бай аль алинийг нь “илүү бүтэн” болгодог юм шиг санагддаг. Их хийсвэрлэж хариулвал бодит амьдрал гэж нэг жүрж байлаа гэж бодоход үнэр нь уран зохиол юм уу. Жүржийг үнэрнээс нь салгаж төсөөлөх гээд үз л дээ. Жүржийг жинхэнэ “бүтэн” жүрж байлгахад миний амьдралд уран зохиол хэрэгтэй.
-Хамгийн дуртай зохиолч болон зохиолынхоо тухай хуваалцаач
-Миний хувьд “хамгийн хамгийн” гэх асуултад хариулахад хамгийн хэцүү байдаг. Өмнө хэлсэнчлэн дахин дахин уур амьсгал нь санагдаад, эргэж татаад байгаа зохиол гэвэл Харуки Муракамигийн “Эрэг дээрх Кафка” байна.
-Яагаад энэ зохиол болон зохиолчид дуртай вэ?
-“Эрэг дээрх Кафка” эвгүй жихүүцэм юм ихтэй гэхдээ л дотно, дахиад нэг уншмаар санагдуулдаг. Сайн муугийн ялгаа зааг балартсан, төгсгөлд нь амьдралын байтугай "хувь хүний хөгжилд" оруулчихаар өчүүхэн сургааль сургамж ч олдохгүй, зарим хүнд бол нүдэнд хүйтэн гэгчээр сэтгэлд хүйтэн зохиол л доо. Гэхдээ яг л энэ чанаруудад нь дуртай. Муракамигийн олон бүтээл уншиж байгаагүй. Түүний уран бүтээлийнх нь талаарх, ямар зохиолч болох талаарх маргааныг нэг их сонирхдоггүй. Гэхдээ ямар ч байсан Мураками хот газрын шуугиант, өрнүүн, хэмнэлт, гял цал талыг бус ганцаардмал, саарал, уйтай талыг мэдэрсэн, өрөөндөө ганцаар гуниглаж суухын, өдөр шөнө солигдохыг үл анзааран уншиж суухын, гунигтаа шалтгаан олж чадахгүй байхын, хөгжмөөс өөр ханьгүй байхын зах зухаас ч болтугай мэддэг "шинэ үеийн" “судсыг барьчихсан” зохиолч юм шиг санагддаг. Мөн нөгөө л зохиолын уур амьсгал гэдгийг гаргууд бүтээдэг зохиолч санагддаг. Эцэст нь дахиад хэлэхэд “хамгийн хамгийн”-д хариулаагүй шүү.
-Энэхүү номыг орчуулах үйл явцад хэдий хэмжээний хугацааг зарцуулсан бэ?
-Өөрийнхөө үндсэн ажилтай зэрэгцүүлснээ тооцолгүй яг л орчуулга дээрээ сууснаа, мөн нойргүй шахуу сууснаа тооцолгүй өдрийн ажлын цагт хөрвүүлээд тооцвол хагас сарын л ажил болох болов уу.
-Орчуулагчын хувьд Коралайны дүрийн онцлогоор дамжуулж уншигчдад хүрэх ойлголт болоод нөлөөлөл юу байгаасай гэж хүсэж байна вэ?
-Дээр хариулсан дээрээ энд тодруулга хэлвэл Коралайныг “охидын түүх, охидод зориулсан” гэж битгий шошголоосой гэж хүсч байна. Коралайн бол сониуч, сэргэлэн, адтай, зоригтой хүүхэд. Тэр хэний ч үлгэр дууриалал, анд нөхөр байж чадна. Зохиолд “Зоригтой байна гэдэг бид айхгүйдээ биш харин айж байсан ч хийхийг хэлдэг юм” гэж гардаг. Айдас бол байх ёстой жам ёсны зүйл харин айж байсан ч өөрийнхөө төлөө, бусдын төлөө, хайртай, үнэтэй зүйлсийнхээ төлөө үйлдэл хийж байвал тэрийг зориг гэж хэлнэ. Ямар нэг муйхар, харанхуй үйлдэл бус айдастайгаа нүүр тулсан, айдсаа таньсан, ухаалаг үйлдэл бол зориг юм. Энэ мэт бидэнд угаас байдаг чанаруудынхаа талаар хүүхдүүд, томчууд ялгаагүй эргэцүүлэн бодох, ойлгох боломжуудыг Коралайн нээх болно.
-“Коралайн” тууж хүүхэд болон насанд хүрэгчдийн чухам алинд нь зориулсан, аль түвшний уншигчдыг хамрах бүтээл болж таарах вэ? гэсэн асуултад зохиолч Нил Гейман “аль алинд нь таалагдсаар ирсэн бөгөөд хүүхдүүд үүнийг адал явдал гэж сэтгэж уншдаг бол насанд хүрэгчид нэгэн шөнийн хар дарсан зүүд гэж хүлээж авах нь олонтаа” хэмээн хариулсан байдаг. Тэгвэл уншигчдын хүрээлэлд хүүхэд болон насанд хүрэгчид аль аль нь багтаж буйн гол шалтгаан, онцлог нь юу вэ?
-Коралайны насны хязгаар, зориулалтын талаар олон санаа бодлууд, маргаанууд бий. Миний хувьд Коралайн “bed time story” буюу өөрөө уншиж чадахгүй хүүхдийг унтуулахдаа уншиж өгөх ном биш. Өөрөө уншиж сурсан сургуулийн бүх насныханд тохиромжтой гэж бодож байна. Мэдээж томчууд шимтэн уншина. Зохиолчийн хэлснээр томчууд илүү айж уншаад ч байх магадлалтай юм.
Олон том хүнээс "Коралайнаас айдаг" гэж сонсож байсан. Адал явдал талаасаа үнэхээр гайхамшигтай бүтээгдсэн, дүрслэгдсэн зохиол. Тиймээс томчуудад захиж хэлэхэд өөрсдийн төсөөлөл, үзлээрээ Коралайныг багачууд дүү нартаа ойлгуулахдаа “аймшгийн” гэж бүү тулгаарай гэж хүсэх байна.
Ярилцсан М.Оюу-Эрдэнэ /tagtaa.mn/