"Эрдэнэс Тавантолгой" ХК түр зогсоод байсан нүүрсний экспорт нээгдсэнээс хойш Гашуунсухайтын боомтоор 22.6 мянган тонн нүүрс гаргажээ. Энэ талаар тус компаниас хийдэг ээлжит мэдээллийн цагаар компанийн Хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
Компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, "COVID-19"-ийн халдвартай холбоотойгоор манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан мөрдөж буй ч компанийн үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй, хэвийн явагдаж байна. Оны эхнээс өнөөдрийг хүртэл 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 шахам мянган тонныг экспортлоод байна. Нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. Бид үүнийг урьдчилан авч үзэн, эрсдэлийн тооцоо хийсэн" гэв.
Нэг их наядын ногдол ашиг хуваарилна
"ЭТТ" ХК ирэх 5 дугаар сарын 1-нээс ногдол ашиг хуваарилах хэвээрээ, энэ ажлыг шуурхай, оновчтой зохион байгуулах талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ), СЗХ болон Төрийн банк, "Гааль, татвар, санхүүгийн мэдээлийн технологийн төв" УҮГ зэрэг төрийн байгууллага, газруудтай хамтран ажилах талаар уулзаж ярилцаж байна.
Ирэх тавдугаар сард тараах нийт ногдол ашгийн хэмжээ нэг их наяд төгрөг. Үүний 85 хувь буюу 199 тэрбум 700 сая төгрөгийг "ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшиж буй нийт иргэд, ААН-үүдэд хуваарилна.
Мөн "ЭТТ" аппликейшнийг ашиглах, хувьцааны данс нээх хүсэлтэй брокер дилерийн 30 орчим компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд аль болох хурдан олгохоор ажиллаж байна гэв. Тус компани 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаас 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгөх юм.
Гүтгэлгийн худал мэдээлэл тендертэй холбоотой гарч байна
Мэдээллийн дараа “ЭТТ” ХК-ийн ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр сүүлийн үед тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гүтгэлэг, худал мэдээлэл зарим мэдээллийн сайт, олон нийтийн сүлжээгээр гарах болсныг хэлээд үүнд тайлбар өгөв. Тэрээр, "Үүнийг компаниас зарласан тендерт оролцсон зарим компани, хувь хүмүүс санаатайгаар цацаж байна" гээд, тухайлбал, “Уурхайн катерингийн үйл ажиллагаатай холбоотой тендерт өмнө нь оролцож байсан С гэгч иргэн худал мэдээлэл тараасан. Учир нь энэхүү тендер саяхан дахин зарлагдсан.
Тендер шалгаруулалтын хугацаа дуусах болоогүй. Тийм байхад зориуд үнэлгээний хорооны ажилтны нэр хүндэд халдсан мэдээлэл цацаж байгаа нь дарамт үзүүлэх, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэн хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан” гэлээ.
“ЭТТ” ХК нь ШӨХТГ, Төрийн худалдан авалтын газар (ХААГ), Сангийн яам, Үндэсний аудитын газар (ҮАГ) болон бусад хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд, ил тод явагдаж байна.
Компани өөрсдийн хүсэлтээр хуулийн байгууллага болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-т хандан худалдан авалтын үйл ажиллагаандаа тогтмол хяналт шалгалт хийлгэж ирсэн. Мөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг "KPMG", "Ernst&Young" гэсэн нэр хүнд бүхий компаниуд аудит хийж байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй гэдгийг мэдэгдэв.