УЕП- асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын зургаан хүнийг Эрүүгийн хуулийн 133-р зүйлд заасан "Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан" гэм буруутайд тооцож, өнгөрөгч лхагва гаригийн орой Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд тус бүр 1-3 жилийн хорих ял оногдуулсан билээ.
Эрүүдэн шүүсэн гэх дээрх хэрэгт яллагдагчаар татагдсаны дараа УЕП-ын орлогч асан Г.Эрдэнатын хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж нууцаас гарсан гэх бичлэгийг Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүллээ. Хүний эрх зөрчиж байгаа тус бичлэгийн гол буруутан нь таныг гэж үзэж байх шиг байна. Эндээс ярилцлагаа эхлэх үү, хоёулаа?
-2013 оны дундуур энэ ажлын хэсгийг ахлах тушаал гарсан. Олон жилийн, ноцтой гэмт хэрэг дээр зөвхөн хуулийн хүрээнд, яг хуулийн процедураар ажилласан. Хуулийн зөрчилдөөнтэй асуудлыг тухайн үед Ц.Нямдорж сайд бид хоёр хоёулаа тавьж байсан. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж. Би хуулийг алхам ч зөрчөөгүй. Мөрдлөгийг мөрдөгч нар хийдэг. Нэг ийм хэргийн сэжүүр байна. Америк, Францад гэх мэтээр танилцуулж байсан. Тэгээд наад асуудлаа шалгаад үз сэжүүр гарч магад гэж хэлдэг байсан. Энэ хэргийн талаар олон талын, олон баримтыг шалгах явцад Хорих ангиас Ц.Амгаланбаатар гэх хүн мэдээлэл ирүүлснээр шалгаж эхэлсэн.
Таны үзсэн бичлэгийг би ҮАБЗ-ийн хурал дээр анх удаа үзсэн. Гүйцэтгэх ажлын хуулиар миний үзэх харах юмны хэмжээ хязгаарлагддаг. Прокурор гүйцэтгэх ажил явуулах, техник хэрэгслээр хянах зөвшөөрлийг өгдөг. Өгсөн. Энэ гүйцэтгэх ажил яаж явдгийг би мэдэхгүй. Хуулиараа мэдэх ч боломж байхгүй. Тухайн байгууллагын нууц. Гүйцэтгэх ажил гэдэг нь өөрөө их төвөгтэй зүйл. Энэ гүйцэтгэх ажилд манай нууц ажилтан яваа. Энэ хүнээ бид нууцална.
Тийм учраас ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тухай танд илтгэх хуудас илгээнэ гэж хэлдэг. Энэ бол хууль. Тэгээд тэр хүмүүс мэргэжлийн ямар арга техник хэрэглэх нь гүйцэтгэх ажилтнуудын мэргэжлийн онцлог. Ажлын хэсгийн ахлагч бүх процедураа мэдэх боловч гүйцэтгэх ажлын нарийн ширийн бүрийг мэдэхгүй.
-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүнийг барьж хорьчхоод гүйцэтгэх ажил явуулах, өрөө сольж сэлгүүлэн дарамтлах, гүйцэтгэх ажил нэрийн дор хэрэг тулгаж, эрүүдэх явдлыг зогсоох зорилгоор 2014.11.24 нд тушаал гаргаж Цагдан хорих төвд гүйцэтгэх ажлыг явуулахыг болиулж, журмыг нь өөрчилсөн. Үүнээс болж гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд саад боллоо, хуулийн байгууллагуудын эрх мэдлийг хязгаарлалаа гээд зарим нэг том даргад аашлуулж байв гэж фэйсбүүктээ бичсэн байсан. Шалтгаан нь энэ мөн үү?
-За тийм шүү дээ. Х.Тэмүүжин гишүүн сошиалаар байр сууриа илэрхийлээд байгаа зүйл. Гүйцэтгэх ажил гээд бохир юм явдаг юм байна. Үүнийг больё гэсэн чинь тэр үед нь Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын хуульчид эсэргүүцэж хүчингүй болгосон байдаг. Цагдан хорих байранд явуулах гүйцэтгэх ажил гэдэг зүйл, өнөөдрийн байгаа байдал энэ. Өнөөдөр бид энэ арчаагүй хэлбэрийг нь нийгмээрээ харлаа. Энэ өөрөө хууль бус зүйл рүү орж байж болох хэм хэмжээнээсээ халиад байгаа юм. Ердөө л энэ. Гүйцэтгэх ажил гэдэг чинь ямар нэг арга техник хэрэглэж болно. Гэхдээ хүний эрх зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх. Гүйцэтгэх ажил нэрийн дор. Энэ бол хуулиар зохицуулагддаг. Хуулиндаа тамлан зовоох гэж байхгүй ч энэ нь нэг тийм хянагдаж өгдөггүй хэцүү зүйл.
-Тэр бичлэгт нэг камерт хэрэгтнүүдийг оруулсан, нэг хэргийн холбогдогч нарыг нэгнээр нь дарамтлуулж хууль зөрчсөн нь харагдсан. Энэ арга хэмжээг ажлын хэсгийн ахлагч мэдэх боломжгүй нөхцөлтэй зүйл үү?
-Тухайн үед ирсэн тэмдэглэл мэдээллийг нь хараад бид гайхсан. Энэ чинь юу болов гэж. Та нар хууль зөрчиж гэж. Тэгээд намайг үйл ажиллагаатай танилцахаар очиход нэг камерт нэг хэргийн яллагдагч нарыг хорьчихсон байсан. Ингэж болохгүй одоо боль гэсэн. Ингээд больчихлоо гэсэн. Гэхдээ би нэг зүйл дээр алдсан. Маш их сонор сэрэмжтэй байж ийм алдаа гаргуулахгүй байх минь яав гэж. Уул нь хэрэндээ хуулийн хүрээнд шалгаад яваад байсан.
Ингээд Б.Содномдаржаагаас гомдол ирсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор очиж шалгасан. Тэгээд зохих хүмүүст хариуцлага тооц гэсэн албан шаардлага бичсэн. Тэр үед Т.Чимгээ камерт нь хүн орж ирсэн гэж хэлээгүй. Т.Чимгээгийн камерт хүн оруулах тухай ямар ч зөвшөөрөл өгөөгүй. Мэдээж Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын камерт ийм ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авахгүй байх. Нөгөө нэг нууц ажилтан оруулж үг хэлүүлэх гэж оролдоно, камерт нь хяналт тавина гэсэн зөвшөөрлөө авсан байж таараа. Одоо бодоход.
Ингээд энэ хэрэг илрээд шүүхээр шийдэх болсон. 2002 оноос 2017 онд үйлчилж байсан хуулийн хүрээнд бид ажилласан. Гүйцэтгэх ажилд прокурор оролцох боломжгүй. Яагаад гэвэл тодорхой хэсэг нь төрийн нууц. Нууц гүйцэтгэх ажилтан, туслах ажилтан, туслахаар ажилладаг хүмүүсээ тусгай албад дээд зэргээр нууцлахыг хичээнэ. Тэд чинь цөөхөн хүнийг, тодорхой хүрээнд гүйцэтгэх ажилдаа ашигладаг. Монгол хэдүүлээ билээ. Ингэж явж байтал 2017 оны шинэ хуулиар гүйцэтгэх ажил үзэх прокурорын эрх нэмэгдээд ирсэн. 2018 оны 12 сард энэ асуудлаар прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хүч хэрэглэж хүн шалгасан асуудал байж болзошгүй гэж шалгалтыг хийсэн. Ингэж Ц.Нямдорж сайдын гаргаад байгаа бичлэг илэрсэн юм. Сайдын илрүүлсэн зүйл биш, хуулийн байгууллага илрүүлээд мөрдөөд явж байсан зүйл.
Тэгээд тагнуулын газраас та нар тэр нууц гээд байгаа зүйлийнхээ бичлэгийг үзүүл ээ гэсэн. Хоёр байгууллага нь шалгаад хууль зөрчсөн зүйл байна гэж үзсэн. Тэгээд энэ хүмүүсийг яллагдагчаар татъя гээд гүйцэтгэх үйл ажил явуулж байсан тусгай албаны хоёр ажилтныг яллагдагчаар татаад цагдан хорьсон. (энэ маш нарийн улсын нууцууд яваад байгааг би яриад байна) Ингээд шалгалт хийж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байтал тэр баримтыг нь улстөрч хүн, хаанаас олж авсан нь бүү мэд, олж аваад өөрөө хуулиа зөрчөөд, улс төрийн тоглолт болгочихлоо. Энэ алдааг олж харах хуулиараа боломжгүй ч (нууцын гээд) би мэдээгүй нь миний буруу. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн. Тэр өөрийн чинь үзсэн гээд байгаа бичлэг дээр гарч байгаа үйлдлүүдийг зөв гэж өмөөрөхгүй. Энэ бол алдаа гарсан уу гэвэл гарсан.
-Хууль зүйн сайд баримтыг дэлгэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулсан, баримтыг олж авсан зэрэг үйлдэл хууль зөрчиж байна гэж үзэж байна уу?
-Хуулийн байгууллага нь шалгаад хэрэг үүсгээд явж байхад нь сүүлийн үед асар богино хугацаанд өрнөсөн явдалдаа хэрэгсэл болгоод ашиглачихлаа. Энэ маш буруу үйлдэл. Маш ноцтой хууль зөрчиж байгаа үйлдэл. Хууль зүйн сайд мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтыг үзэх, харах эрх байхгүй, хуулиараа. Хуулиа мэддэг хүн бол мэдэх ёстой л зүйл. Энэ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг ашиглан нийгмийн сэтгэл зүйгээр тоглож, том улс төрийн зорилгодоо ашиглах хэрэгсэл болгож байгаа нь маш аюултай. Мөрдөн шалгах ажиллагаанд буруу бохир зүйлүүд байгаа нь үнэн. Ний нуугүй хэлэхэд энэ хүрээний бузрыг дэлгэвэл далай болно. Яривал энэ нас хүрэхгүй гэдэг шиг.
Үүнийг засах гэж янз бүрийн аргаар, бага багаар өөрчлөлт оруулж эрх зүйн орчноо дээрдүүлэх гэж явж л байна. Д.Энхбатыг тамлаад хуруу гарыг нь хугалаад эцэст нь үхүүлсэн энэ чинь оргүй худлаа зүйл биш. Өөр өчнөөн олон асуудал байдаг. Гэтэл нэг тохиолдлоор хараад байгаад харамсаж байна. Бүх зүйлийг хуулиар шийддэг. Хэн нэг улстөрч шийддэг эд биш. Монгол хуультай биз. Намайг хянаж чадаагүй, зохион байгуулсан гэж гүтгэж хариуцлага хүлээлгэвэл тэр л биз. Бүх юм хуулийн хэм хэмжээнд хуулийн дагуу л явах ёстой. Би яах вэ яллагдаад үлддэг л юм байгаа биз. Гэтэл хамгийн хэцүү зүйл нь энэ арга барилаар ажилладаг нь бусад хэрэг дээр үлдэнэ. Энэ тогтолцоогоо засаж чадаж байвал сайн. Тэгж чадах уу. Энэ бол бодит үнэн.
Тэр бичлэгийг хараад ямар бүдүүлэг хийснийг гайхаж байна. Аль нэг орон зайнд алдаа завхрал гардаг. Цагдан хорих байранд хуулийн сургууль төгссөн залуу өглөө нь эхнэр хүүхдээ үнсэж гараад, тэр байран дээрээ дүрээ хувиргаж ороод, хуулийн хэр хэмжээгээ мэдээд ажилладаг ч тэнд байдал өөрөөр явагддаг. Хүмүүс мэдэхгүй болохоор хэцүү. Тэнд өөрсөдтэй нь таарсан адил хүмүүсийг нь ашигладаг. Энэ зүйлийг болиулъя гэж яривал өөр хэрэг. Энд хариуцлага тооцох тухай яривал өөр. Ажил, арга болгон өөр өөрийн онцлогтой. Гол нь хэм хэмжээг хэтрүүлэхгүй байх. Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурорын ажлыг Ц.Нямдорж сайд шийдээд байх шиг байна. Энэ мөрдөн байцаалтын ажлыг ямар шатандаа яваа, ямар баримт цуглуулсныг сайд мэдэж байгаа юм болов уу. Утгаа алдлаа.
Гэвч энд нэг сайн тал бий боллоо. Алив муу зүйл ч сайн муу хоёр талтай байх юм. Хүмүүс хэргийг мөрдөн шалгахдаа зарим тохиолдолд ийм болхи бүдүүлэг арга хэрэглэдгийг мэдлээ, харлаа. Бас гүйцэтгэх ажил яаж явуулдаг, түүнийг нь прокурор бүрэн дүүрэн хянаж болдоггүйг ч мэдлээ. Үүнийг Монголын нийгэм арай мартахгүй байлгүй дээ. Одоо үүнийгээ зас гээд шаардах байлгүй. Энэ нь сайн тал. Муу тал нь хэрэг захиалагчийн шалгах шатандаа явж байхад Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд мөрдөн байцаалтын баримтыг олон нийтэд дэлгэчихлээ. Тус хэргийг улс төрийн тоглолтонд оруулчихлаа.
Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх үү, улс төрийн оролцоотой шийдэгдэх үү аль нэгээр нь л явах байх. Энэ үйлдэл нь гэмт хэрэг үү, гэмт хэрэг. Үүнийг шалгах ёстой. Гуравдугаар сарын 15-нд миний удирдлагаар ажилласан хоёр хүнийг барьж хорьсон юм байна. Би тэр хоёрт ингэж мөрдөх ажиллагаа явуул гэж заагаад өөрөө өөрийгөө хэрэгт хийсэн болоод таарлаа. Энэ ажлыг Ц.Нямдорж сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу барьж хориогүй. Хэргийг шалгасан мөрдөн байцаах, прокурорын саналын дагуу шүүх хорьсон. Гэтэл энэ хэргийг Ц.Нямдорж гэдэг хүн илрүүлсэн болоод явчихлаа.
-C.Зоригийн хэргийн захиалагч нарыг олон нийт янз янзаар таамаглаж ярьдаг. Хэрэг үйлдсэн этгээдүүд ил болж ялаа эдэлж байгаа. Тэгвэл захиалагч нь хэн бэ?
-С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа. Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна. Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой. Бүүр хорих ангид хүртэл очиж мэдүүлэгээсээ буцах хүртэл дарамт үзүүлж байна. Тийм болохоор би ярих боломжгүй. Гэхдээ тодорхой нэр усгүйгээр хэлэхэд энэ хэргийг задлах сонирхолтой хүмүүс байх шиг байна. Өөр илүү зүйл ярих боломжгүй хуулиараа.
-Анх энэ хэрэг яаж илэрсэн бэ?
-Энэ үед би ажлын хэсгээс гарсан байсан. Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Прокурор, Цагдаагийн газарт гомдол ирээд гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан гэж ойлгосон. Хэргийн цаана их зовлонтой юм бий. Одоо үндсэндээ С.Зоригийн хэрэг алга болох нь гэж би зураглаж харж байна.
-Бичлэгт Ц.Амгаланбаатар гэгч этгээд Б.Содномдаржаагийн камерт орж дарамталдаг. Шөнийн 23:00 цагт хоригдлууд унтсан байх ёстой юм билээ. Гэтэл огт унтуулахгүй зодож, хэргээ хүлээ гэж дарамтлан, галуун цуваагаар суулгаж явуулан, суниалгаж өглөө болгодог. Энэ нь зургаан өдөр үргэлжилдэг?
-Чи ингэж хэл, тэгж хэл гэж зодохгүй байх шиг байгаа юм. Бичлэгээс хэргээ хүлээгээч гээд дарамтлаад байгаа нь харагдаж байсан, харин ингэж хэл, тэгж хэл, ийм мэдүүлэг өг гэж ярихгүй байгаа биз. Б.Содномдаржаа харин өөрөө мэдүүлэг өгөхөөр уг хэрэгт холбогдолтой гэж ойлгогдохуйцаар баталж ярьдаг. Зөвхөн хэрэгт байдаг тэр нарийн ширийн зүйлсийг хаанаас олж мэдэж ярьсан юм бол гэдгийг огт сонирхохгүй байх шиг байгаа юм.
Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатартай нэг камерт байснаас хойш тав хоногийн дараа би энэ хэргийг хийсэндээ харамсаж байна гэж бичиж өгсөн байдаг. Үүний дагуу мөрдөн байцаагч байцаалт авсан. Тэрээр хэрэг хийсэн тухайгаа ярихдаа бид захаас гутлын үдээс авсан. Түүгээрээ Б.Булганыг хүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Б.Содномдаржааг өмгөөлөгчгүй байцаасан. Үүнийг нь хяналт тавьж байсан прокурор нь чи хууль зөрчсөн байна гээд шаардлага бичиж арга хэмжээ авсан. Өмгөөлөгч нь орж ирээд ярихад мөн нөгөө зүйлээ давтаж ярьсан байдаг. Тэгээд өмгөөлөгч чи энэ хэргийг хийгээгүй биз дээ, надтай байхдаа ярьсан зүйлээ яриач гэхээр л би энэ хэргийг хийгээгүй гэж өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн байдаг. Хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтууд үнэлэгдэхгүй байх ёстой. Өмгөөлөгчтэйгөө өгсөн мэдүүлгийг нь бол ашиглана. Ц.Нямдорж сайд ямар нэгэн эрүү шүүлт байхгүй өөр нотлох баримтуудыг үгүйсгэж эхэлж байна лээ. Тэр бичлэгээс гадна.
Тухайлбал, 1998 онд би тэр хүнийг харсан орцонд таарсан надаас С.Зоригийн гэрийг асуусан гэсэн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа харагдсан. Яаж 18 жилийн дараа санадаг юм. Тэр яасан ой сайтай хүн бэ гэж. 18 жилийн дараа боловч тэр хэрэг тухайн үедээ нийгмийг цочоосон. Тэгээд зураг таниулах аргаар тухайн гэрчээс асуухад энэ байна гээд гэрчүүд гурав дөрвөөрөө шууд заасан байдаг. Үнэхээр та яг таньж байна уу гэхэд тэр мартагдахаар эд биш шүү дээ гэдэг. Тэр хэрэг гарангуут яг тэр хүн мөн байна гэсэн айдас үлдсэн учир мартаж чадаагүй гэж. Дахин олон удаа тэдгээр гэрчүүдийг янз бүрийн аргаар шалгасан алдаа гарчих вий, албаар төөрөгдүүлж байх вий гээд. Тэгэхэд дандаа л мэдүүлэгтэйгээ таарч байсан. Олон газар олон үндэслэлээр дахин шалгаж, байж үйлдсэн хүмүүс нь мөн байна гэж шүүхэд өгсөн шүү дээ. Уг нь шүүх бүх талаас нь нягталж үзээд гурван шатны шүүхээр нотлогдоод хэргээ хүлээж байгаа хүмүүс. Гэтэл одоо яах гэж байгаа юм бүү мэд.
Энэ мэтээр энэ хэрэгт тэр эрүү шүүлттэй холбоогүй цуглуулсан нотлох баримтуудыг энийг ч дарамталж цуглуулсан, энэ ч сэжигтэй гэх мэтээр үгүйсгэх гэж байгаа юм байна л даа. Ингээд С.Зоригийн хэргийг илрүүлсэн бүх баримт нотолгоог устгаад зохиомлоор хэрэг үүсгэсэн гэж үзээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт хэлмэгдсэн гээд цагаатгаад хаах гэж байгаа юм байна. Тэгээд энэ хэргийг илрүүлсэн хүмүүсийг буруугаар шийдсэн гээд том хариуцлага хүлээлгэх тийш нь явчихлаа. Төлөвлөгөө энэ юм байна гэж харж байна.
Зарим гишүүд энэ хэрэгтэй холбогдуулан жишээ аваад яриад байгаа нэг хэрэг байгаа. н.Дугархорлоогийн хэрэг гэж. Энэ хүний биед олон тооны гэмтэл учруулаад, хөхрөлт няцралт үүсгээд, карбин буугаар шилэн хүзүү рүү нь буудаж алсан хүн амины хэрэг гарсан. Тэгээд энэ хэргийг мөрдөөд нэр бүхий хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ хэргийг дахин задалж прокурорын мөрдөгч нартай хариуцлага тооцоод дууссан байдаг. Би энэ хэргийг уншиж байсан. Алдаа завхрал хаана нь гарсан юм бол, гээд сонирхсон.
Хамгийн эмгэнэлтэй нь н.Дугархорлоо согтуу унаж ойчоод биедээ гэмтэл учруулсан байна. Тэр бууг ардаа барьж байгаад гохыг нь дараад өөрөө амиа хорлосон гэж бичээд хаасан байдаг. Үүн шиг С.Зориг өөрийгөө 18 удаа хутгалсан уу, хутган дээр унаад үхсэн байна гэж арай хаахгүй байлгүй дээ гэж найдъя. Энэ хэргийн холбогдогч нарыг суллаад, одоо мөрд дөө л гэх байх аа даа, хэрэв тэгчихвэл үүнийг мухарлая гэж зүтгэх зоригтой аавын хүү хэд олдох бол. С.Зоригийн хэргээс болж, төрдөө зүтгэсний төлөө бүгд нуруугаа авхуулж байна.
-Энэ хүмүүс ямар нэг сэдэлгүй айлын гэрт шууд очоод хүний амь тасалсан байдаг юм уу. Эсвэл өөр цаана нь захиалга энэ тэр байдаг уу. Үүнийг тогтоосон уу?
-Энэ хэрэг захилагат гэдэг нь тодорхой л доо, хэн ч үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ би одоо үргэлжилж байгаа мөрдөлтийн нууцыг задлах эрх алга даа. Одоо ийм үед бүүр хэцүү. Дайран дээр давс нэмнэ. Гэхдээ гүйцэтгэгч нар бүгд захиалагч нь хэн бэ гэдгийг асуухаар олигтой юм олдохгүй тал бий. Ц.Амгаланбаатар дандаа худал ярьж хэргийг будлиулах гэж оролддог хүн. Их өөр өөр юм ярина. Ц.Амгаланбаатарын мэдээллээр шалгалт хийж Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг олсон. Гэхдээ Б.Содномдаржаа өөр зүйлээр хэргээ нотолсон хүн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хоорондоо ярьсан яриагаар тэр мессэж явуулсан гэх баримтаар нотлоод эхэлсэн.
Т.Чимгээ хажуудаа байгаа хүндээ хэргээ яриад эхэлсэн. Ингээд захиалагчийн шалгах ажлын хэсэг үргэлжлүүлээд ажиллаж байсан. Одоо ажлын хэсгүүд бүгд өөрчлөгдсөн. Бүх хүмүүсийг өөрчилж байгаад цаашаа явах юм гэсэн. Шинэ ажлын хэсэг гурван жилийн гүйцэтгэх ажлыг, хоёр жилийн мөрдөн байцаах ажлыг мэдэхгүй. Захиалагчийг шалгах ажлын хэсэг зарим хүмүүст маш аюултай байгаад байна л даа, тэгээд саад болж эхэллээ. Ц.Нямдорж сайд улаан цайм хууль бус үйлдэл хийж зөрчөөд зохиомол хэрэг гээд хэлчихлээ. Одоо бол энэ өөр тийш эргэж өөр сэдэв болчхов бололтой. Энэ нь тэгээд сүүлдээ хуулийн байгууллагуудыг хуугаар нь цэвэрлэе гэсэн аян болж хувирлаа. Би юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байна.
-Ц.Нямдорж сайд энэ баримтыг хаанаас яаж олж авсан юм бол?
-Энэ баримт уг нь сайд олж авах бололцоогүй зүйл. Мөрдөж байгаа эцэслэн тогтоогоогүй мөрдөн шалгах ажиллагааны нууцын материал. Ц.Нямдорж сайд юм л бол над дээр хэрэг нээдэг гэх юм. Баримт нотолгоо гараад ирэхээр хэрэг нээхгүй тэгээд яах юм. Нууц задарсан. Би дур гутаад байж байна. Ийм заваан юм хийж байдаг. Энэ хэрэг дээр Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр мэдсээр байж нуусан, дарсан заавар өгсөн зүйл байхгүй. Надад энэ хэргийг илрүүлэх ямар ач холбогдолтой юм. Би ажлаа л хийсэн. Баахан хүн шагнал авсан гэж байна, сайд. Магадгүй, шагнасан юм байгаа биз. Намайг лав шагнаагүй.
Тэр ноцтой хэргийг илрүүлсэн гээд бодвол тэр байгууллага нь чи энэ том хэргийг сайн ажиллаж хэрэг илрүүллээ гэж шагнасан байх. Харин одоо бүүр эсрэгээрээ гэмтэн буруутан бүүр зохиолыг нь бичсэн болгоод явчихлаа. Тэр үед бид бүгд л тэгж итгэж байсан. Би одоо ч итгэл арилаагүй. Энэ гурван хүн үйлдсэн нь тодорхой бүх баримт бүх зүйлээр нотлогдчихоод байна. Харин алдаа завхрал байсан уу гэвэл байж. Тэгээд алдаагаа хараад хэрэг үүсгээд мөрдөж байгаа юм биш үү. Гүйцэтгэх ажлын нууц гээд хана зөндөө л мөргөж байсан. Бид өөрсдөө дотоод хяналт шалгалтаараа шалгасан гэдэг байсан. Бид өөрийнхөө хэмжээнд үүнийг зас гэж явдаг.
Одоо энэ мөрдөж байгаа мөрдөлтөөрөө намайг яаж ажиллаж байсныг ол л доо. Асуудалгүй. Би тэнд Төв аймагт очоод камераар хараад энэ хүнээ одоо оруул одоо ингэж дарамтал гээд сууж байсан байна уу, эсвэл хотод ерөнхий прокурорынхоо орлогчийн ажлыг хийгээд цаастай зууралдаад сууж байж уу гэдэг нь гараад ирнэ. Одоо би тэр албан тушаалд байхгүй тэр баримтуудыг олж авахад нь саад болдог албан тушаалтан байхгүй болчихсон юм чинь хэн нэг нь гаргаад өгөө л байлгүй. Тэгэхээр миний өгсөн зөвшөөрөл баримтаар гарна. Хүний дургүй хүргэсэн баримтуудыг үзүүлж байгаад энэ хэргийн ард энэ хүн байгаа гэсэн арга хэрэглэж байна. Ингээд намайг нийгмийн өмнө ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хамгийн адгийн амьтан болгоод тавьчихлаа.
-Та төрдөө итгэл алдаж байна уу. Төр нь өөрөө таныг энэ ажлыг хий гэж хийлгээд буцаагаад буруутан болгочихлоо?
-Би энэ хэрэг дээр хэрэндээ хичээсэн. Гэхдээ төрд гомдох гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ эрх мэдлийн тулааны золиос болмооргүй байна. Энэ төрд чинь үүргээ биелүүлснийхээ төлөө буруудаад, хэн нэгний золиос болоод байвал хэн ажиллах юм. Үүнд нь харамсаж байна. Эрх мэдлийн тулаан дунд иргэд төдийгүй хэдэн хуулийн нөхөд чирэгдэж байх шиг байна.
-Бичлэг дээр гараад дарамтлаад зодолдоод байгаа Ц.Амгаланбаатар өөрөө би энэ хэргийг мэднэ гэж гомдол гаргасан. Ц. Амгаланбаатар гэж хэн бэ? Энэ хэрэгт үнэхээр холбоотой юу? Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг хаанаас анх барьсан ямар ажил хийж байсан. Т.Чимгээгийн хашаанаас нэг цогцос олдсон гэдэг?
-Ц.Амгаланбаатар гэгч ялтан онц ноцтой гэмт хэрэгтэн. Ц. Амгаланбаатарт их урт хэргийн түүх байдаг. Таксины жолооч алсан хэргээр шоронд ороод дан шоронгоор явж байгаа хүн. Нарийн яривал гэмт хэргийн түүх нь бүүр 14 наснаасаа эхэлнэ. Бага насны хүүхэд хүчиндсэнээр. 16 настай хүүхэд хүн алаад явах уу гэж хүмүүс асуудаг. Монголд хүн алсан хүүхдүүд зөндөө байдаг. С.Зоригийн хэрэг дээр болохоор 16 настай хүүхэд яаж хүн алдаг юм гэнэ. Тэр таксины жолооч нь аавынх нь зарсан машиныг барьж явж таараад, тэгээд тодорхой сэдэлгүй ардаас нь боомилж алсан байдаг. Цогцсыг нь багаажинд нь хийгээд хаяад явчихсан хүн.
Бас нэг сонин баримт бий. Одоо тусгаарлаад шалгаж байгаа хэрэгт мөрдөгчид нотлох баримтаар авчихсан байх гэж бодож байна. Телевизээр Б. Содномдаржаагийн эхнэр ярилцлага өгсөн байдаг юм. Ц.Амгаланбаатар хэзээнээс Б.Содномдаржааг дарамталж мессэж бичиж эхэлсэн бэ гээд асуутал бүр 2004 оноос л Б. Содномдаржаад мессеж ирээд түүнийгээ нуугаад, шалгаад үзсэн чинь Ц.Амгаланбаатар баахан заналхийлсэн байсан талаар ярьдаг. Бид 2013 онд хэрэг илрүүлэх үед л эхнэр нь 2004 онд ингэсэн гэж ярьдаг. Одоо мэдээж тэр эхнэр тийм гэж ярихгүй байх. Тэр бичлэгийг нээрээ олж авъя. Ц.Амгаланбаатар өөрөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг илчилсэн. Тухайн үед Эрдэнэт хотод байсан энэ хоёр. Б.Содномдаржаа энэ хэрэгт баривчлагдах үед зах дээр наймаа хийдэг байсан. Тухайн үед Чимгээ тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. Сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай. Б. Содномдаржаа Т.Чимгээ хоёр төрөл садангийн хүмүүс. Т. Чимгээ сүүлд тогооч хийж байсан.
Тухайн үед болон сүүлд мэдээлэл авч байхад хүмүүс энэ хоёрын тухай өөр өөрөөр ярьдаг. Тэднийг төлөв төвшин сайн сайхан амьдралтай гэж. Тэгээд ийм хүмүүсийг яаж сонгож авч, айлд орж яаж хүн алсан гэдэгт хариу авч чадахгүй их удаж хугацаа алдсан. Б.Содномдаржаа гэнэ алдаж алсан туайгаа яриад, Т.Чимгээ гэнэ алдаж итгэсэн хүнд хэргээ ярьсан. Т.Чимгээ би их том хэрэг хийсэн гэтэл тэр хэргийг мэддэг хүн намайг дарамтлаад байна одоо би яах вэ гэж. Тэгээд чи томдоо юу хийсэн юм гэж асуухаар их том зүйлээ гэдэг. Тэгээд энэ муу одоо намайг дарамтлаад байх юм үүнийг тэнд нь цааш харуулчихдаг арга байна уу. Чамд танил их байдаг биз дээ надад туслаач гэсэн байдаг. Б.Амгаланбаатарын ярьсан зүйлүүдийг өөр юм нотлохгүй болохоор бид яллахдаа ашиглахгүй байсан. Гэтэл Ц.Амгаланбаатар чи алаа биз дээ шоронд байхад нь намайг эргэ гэхээр эргээд очдог. Найзаараа аль шоронд байгааг нь олуулаад бүүр эргээд очсон байдаг.
Т. Чимгээгийн хашаанд хэнийх нь үл мэдэгдэх цогцос хаясан байсан уу гэвэл байсан. Хэн болохыг тогтоох аргагүй хээрээс шарилын газраас олж ирээд шидсэн байсан. Үнэн үү гэвэл үнэн. Ямар зорилгоор яаж хаясныг мэдэхгүй байна. Хэрэв тийм зүйлийг гүйцэтгэх ажилтнууд өөрсдөө бас нөгөө хуулиа зөрчөөд хийсэн үгүйг мэдэхгүй. Гэхдээ тэд тэгсэн гэхэд итгэхгүй тэд тэгээгүй байх. Захиалсан болон энэ хэрэгт холбоотой хүмүүс бие биедээ сануулга өгөх гэж ингэсэн юм уу бүү мэд. Ямар ч байсан тийм юм болсон. Үнэн. Би мөрдөн байцаалтын хэргийг хэт нарийн ярихад хэцүү. Гэхдээ яриад л байх шиг байна. Нууцаас гарчихсан юм болохоор. Тагнуулын газрын хүмүүс мэдээллийн дагуу очиход Ц.Амгаланбаатар тэр үед өөрөө оролцсон гэдгээ хэлээгүй алсан хүмүүс нь тэнд тэр тэр хүмүүс гэж ярьсан байдаг. Ингээд анхдагч мэдээллүүдийг нь авсан. Тэр үед мэдээлэл ирсний дагуу шалгасан. Гэхдээ баривчилгаа энэ тэр гэж сүртэй зүйл болоогүй.
тагнуулынхан гүйцэтгэх ажил гэдэг зүйлээ хийсэн. Зарим нь прокурорын зөвшөөрөлтэй, зарим нь угаасаа хуулиараа зөвшөөрөл авахгүйгээр өөрсдөө бие даагаад хийсэн байдаг. Ц.Нямдорж гуайн яриад байгаа ой гутам муухай арга гээд байгаа тэр мессэж бичдэг аргыг хэрэглэсэн байгаа юм. Төлөв даруу Б.Содномдаржаа нь яасан айхтар шоронгийн үг хэллэгтэй юм. Чамайг наад шоронд чинь хатаана, алуулна чи алаа биз дээ гэх мэт зүйлүүд хариу болгон бичсэн байдаг. Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарын явуулсан мессэжийг яриад байгаа юм.
Бидэнд үзүүлснээр Б.Содномдаржаагийн явуулсан мессэжүүд бас байдаг. Ийм л зүйл болсон. Жоомоо алах гэж гэрээ шатаана гэгч болж байна. Энэ нь өөрсдийнх нь өнөөдрийг хүртэл нүдээ аньж дуугүй байсан зүйл. Мөн гүйцэтгэх байгууллагуудад зөвшөөрч ирсэн хэрэгсэл нь. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулдаг энэ зүйлийнх нь үнэн дүр төрх. Үүнийгээ олон түмэнд харуулж, бие биеэ сүрдүүлж эхэллээ л дээ. Энэ бүх зүйлээ харин С.Зоригийн хэрэг дээр ашиглах гэж байх шиг байна.
-Б.Булган бас энэ хэрэгт дахин шалгагдаад 10 сар суугаад гарсан. Энэ хэргийн талаар юу гэх юм?
-Б.Булган энэ гурван ялтанг биш гэдэг. Эхлээд зургийг нь үзүүлэхээр энэ ч юм уу гэж заадаг Б.Содномдаржааг. Тэгээд мөрдөн байцаагчид нь ямар итгэл үнэмшил төрсөн юм гэхээр Б.Булган энэ хэргийг илрүүлэх сонирхолгүй гэсэн бодол таамаг төрсөн байдаг. Яагаад гэхээр гэрчүүдийн мэдүүлэг хэргийг үйлдсэн гэх хэрэгтнүүдийн мэдүүлэг өөрсдийн нь мессэж илчлээд байхад Б.Булган хүлээн зөвшөөрдөггүй. Б.Булган эдэнд туслаад байна гэсэн үндэслэлээр хамтрагч гэж шалгасан. Гэхдээ илрүүлж чадаагүй.
Гол гэрч нь яалт ч байхгүй ганц амьд гэрч нь Б.Булган. Өөр хэн байх юм. Б.Булганыхаар энэ гурван хүн биш юм байж. Гэтэл бүх нотлох баримтаар нотлогдоод байна. Эрдэнэтэд амьдардаг хүн С.Зоригийн хэргийг асуугаад түүгээр эргэлдээд байдаг. Т.Чимгээ нь Б.Содномдаржаад шоронгоос ярилаа хэргийг чинь илчилнэ гэхээр нөгөөх нь юу яриад байгаа юм, мэдэхгүй гэж хэл гэж хоорондоо ярьдаг. Тэгээд Б.Содномдаржаа нь Т.Чимгээгээ чи ямар амьтантай нийлээд яваад байгаа юм наад хүнээсээ хол бай асуудал үүсэх вий гэж хоорондоо ярьдаг. Хүнээс нууцаар хоорондоо уулзаад байдаг. Ингээд байхаар хэрэг мөрдөж байгаа хүмүүс сэжиглэдэг юм байгаа биз. Энэ хоёр зүгээргүй байна гэж.
-Ц.Нямдорж сайд энэ ажлын хэсэгт орж ажиллаж байсан хүмүүсийн хоёр нь ямар ч боловсролгүй хүмүүсийг ажиллуулсан гэж. Бас Б.Содномдаржаагийн утас руу нэлээн их мессэж Б.Амгаланбаатараас явсан гэж. Үнэхээр тийм хүмүүс ажлын хэсэгт ажиллаж, бас дарамталсан мессэж явуулдаг байсан юм уу?
-Энэ үед Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан байсан. Тэр хоёр хүн нь Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажилтнууд. Тэндээс албан ёсоор ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Энэ хоёр гүйцэтгэх ажилтан мэдээллийг олж авчраад энэ хэргийн талаар үнэхээр мэдээд байна шалгаж үзэх шаардлагатай байна гэсэн. Үнэхээр шалгаж үзэх шаардлага байгаа бол шалгах зөвшөөрлийг нь өгөх нь зүй ёсных. Б.Содномдаржаа их сэжигтэй байгаа тул өдөөх, хариу үйлдэл юу гарахыг харах хэрэгтэй гэж ярьж байсан.
Гүйцэтгэх ажилд янз бүрийн арга хэрэглэдэг байх. Мессэж явуулж болох юм гэж ярьж байсан. Мессэж явсан байх. Гэхдээ тэр Ц.Амгаланбаатарын дүрээр тагнуулын гүйцэтгэх ажилтан мессэж явуулж байгааг прокурор хянаж, зөвшөөрөл өгдөггүй. Гүйцэтгэх ажлын хуулиараа прокурор хэмжээ хязгаарын дотор зөвшөөрөл өгнө. Тэр өгсөн зөвшөөрлийнхөө хүрээнд хянадаг. Хуулиараа гүйцэтгэх ажилд прокурор оролцох боломж байхгүй. Тэр мессэж нь гэмт хэрэгтнүүдийн хэлээр хоорондоо баахан чи алсан, би алсан гэсэн мессэжүүд бичсэн байсан. Үүнийг нь сүүлд нь мэдсэн. Үүнийг эрүү шүүлт гэх үү, гүйцэтгэх ажил гэх үү. Гэмт хэргийн ертөнц өөрөө их зовлонтой заваан зүйл. Тийм юм болсон уу гэвэл болсон.
Тухайн үед гүйцэтгэх ажлын ажилтнууд бид гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Бид ач холбогдолтой мэдээллүүд хайж байна гэж хэлдэг байсан. Миний хувьд одоо ийм мессэж явуул хариу ямар мессэж ирж байна гэдэг зөвшөөрөл өгдөг журам байхгүй. Энэ надаас төдийлөн хамааралтай зүйл биш яваад байсан. Ямар нэгэн байдлаар энэ хэргийг үйлдээгүй гэх боломж алга. Мессэж бичихээр хариу үйлдэл нь сэжигтэй байна. Чи битгий уурлаад бай. Уулзъя л даа, уулзаж байгаад ярья л даа гэдэг байсан. Ингэсээр ер нь хангалттай үндэслэл байна гэж үзээд хоёр жилийн дараа энэ хүмүүсийг яллагдагчаар татсан.
-Тэр бичлэг дээр ШШГЕГ-ын хүн өөрөө хоригдлын дүрээр камерт орж Б.Содномдаржааг хоёр цаг гаруй дарамталсан гэж сайд хэлсэн. Төрийг төлөөлж байгаа хүн тэгж болдог юм уу. Тэр хүн одоо хааана юу хийдэг хүн юм?
-Би сайн мэдэхгүй байна. Бодвол тэр мөрдөгч нар нь эрүү үүсгээд татсан байлгүй дээ. Тэр бичлэгийг үзээд энэ хүн одоо хаана байна гээд шалгаж байгаа байлгүй. Би энэ асуудлыг одоо хөндлөнгөөс харж байгаа хүн.
-Бичлэгт улаан подволктой хүн гардаг. Тэр хүнийг И гэсэн байсан. Ц.Амгаланбаатартай цуг камерт орж Б. Содномдаржааг дарамталдаг. Ц.Нямдорж сайд тэр этгээдийг 16 жилийн ялтай сагсчин гэсэн. Тэгээд энэ хэргээс болж 10 жил нь хасагдаж суллагдсан гэж. Энэ хүнийг Б.Содномдаржаагийн камерт орж ирсэн нь хэргээ хүлээхгүй эсэргүүцвэл хариу үйлдэл үзүүлж зодох. Энэ хүнд зодуулсны дараа хавирга нь хугарсан гэж мэдүүлэг дээр байдаг. Их том биетэй хүн байсан бичлэгээс харахад.
-Бидэнд гүйцэтгэх ажил, үзүүлэхгүй нууц гээд байсан нууц ажилтан нь бололтой юм билээ. Тийм хүн оруулчихсан учраас бусад хүнд харуулж болохгүй гээд нууцлаад байсан нь тэр. Яг энэ үйл явц болохоор тэр хүнийг би асуулгасан. Тэр хүн ямар хууль дүрмийн дагуу аль хорих ангид байна. Эсвэл бүүр байхгүй байна уу. Хууль бусаар хугацаа нь болоогүй байхад тэнсэн, сулласан юм байна уу гэж. Яг албан ёсны хариуг надад хүн хэлээгүй байж байгаад би сая халагдчихлаа. Тэр хүнтэй холбоотой асуудал аяндаа тодорхой болох байх. Одоо үүнийг ажиллаж байгаа прокуророос асуугаад тодруулчих хэрэгтэй. Энэ хүн хэн бэ одоо хаана байна гэж.
Хэрвээ сулласан бол ямар ял эдэлж байгаад яагаад суллагдсан. Бүгд баримтаар гараад ирнэ. Бид ярьж байгаад суллачхаж чадахгүй. Шүүгч гэж байгаа. Тэгэхээр тэр сайдын яриад байгаагаар гарч уу, хуулийн хугацаа нь болоод гарч уу гэдэг нь нотлогдоно. Би 2016 оноос хэрэг мөрдөн байцаалтад хяналт тавих чиг үүргээ больсон болохоор хэлж мэдэхгүй байна. Энэ хэргийг шүүхэд өгч дуусаад л түүний дараа захиалагчийг шалгах ажлын хэсэг байгуулагдахад гарсан.
-С.Зоригийн хэрэг дээр ажилласандаа та харамсдаг уу?
-Үгүй. Би харамсахгүй. Алдаа завхрал гарсан нь үнэн. Гэхдээ илрүүлсэн. Би итгэлтэй байна. Тэр олон нотлох баримтуудыг яаж үгүйсгэж, үнэнийг худал болгож нотлохыг нь л харъя.
-Сая ажлаа гэнэт өгчихлөө. Энэ нөхцөл байдлаас болов уу. Яагаад өгөв?
-Эрүүдэн шүүх ажиллагааг намайг зохион байгуулсан гээд нийгмээрээ шуугьж, Үндсэн хууль илт зөрчсөн юм гарахаар дур гутсан. Тэгээд л өргөдлөө өгье гээд шийдсэн. Бас ажиллах хугацаа ч дуусаж байсан. Гэтэл “Өргөдөл авахгүй, шууд огцруулна” гээд огцруулчихлаа. Өнөөдөр Монгол Улс Ерөнхий прокуроргүй болоход л тэндээс гарах шийдвэр байхгүй болно. Хуульд дараагийн хүн томилогдохоор гэж хийгдсэн учраас хүлээж байсан юм. Гэтэл Үндсэн хуулийн бус аргаар, ҮАБЗ зөвлөмж гаргаж шийднэ гэхээр яах вэ. Янз нь одоо баталсан хуулийг нь цэцэд өгнө гээд шуугьж байх шиг байна. Шийдвэрээ гарга гээд өргөдөл өгсөн ч хүлээж авсангүй. Энэ яах вэ жижиг асуудал. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой. Эрүүдэн шүүдэггүй байх ёстой. Тогтолцоо нь өөрөө сонин болчихлоо.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Та хэр сайн таньдаг вэ?
-Танина. Хэсэг хугацаанд хуулийн туслахаар нь ажиллаж байсан. Ц.Элбэгдорж гэхээсээ илүүтэй, 2007 оноос Х.Тэмүүжин нарын хэсэг хуульчид хуулийн судалгаануудаа гадуур яриад явж байхад нь тухайн үед Ардчилсан намынхан “Хуулийн тогтолцоогоо засахгүй бол болохгүй байна. Хэтэрхий хаалттай, муу тогтолцоо юм. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна. Та нар чадах уу” гэж асуухад нь бид ажилласан. Миний судалж, мэдсэн, миний итгэл үнэмшлээ болгосон зүйлсийг хийх гэж байсан учраас би тэдэнтэй ажилласан. Тэгээд ч би улс төрийн ажилтан, намын хүн биш учраас прокурорын байгууллагад орсон. Өөрийн “Шинэчилье” гэж хийсэн ажлынхаа тогтолцооныхоо сул талд эргүүлээд сайхан хэрчүүлж байна даа.
-Төрд тангараг өргөж, үнэнчээр ажиллах боломж байна уу. Улс төрийн нөлөө их байдаг уу?
-Тийм тэнгэрлэг юм яриад яах вэ. Эрх мэдэл булаацалдаж, хууль шүүхийн байгууллагаар дамжуулан эрх мэдэл олж авах, эсвэл өшөө авах ажлыг олон жил хийлээ. Систем нь гажуудалтай учраас тэр. Оролдож, ноцолдож үзэвч эрх зүйн шинэчлэл хагас дутуу явж байна. Бүх талаараа хуучин тогтолцооноосоо бүрэн салж чадаагүй байгаагийнх. Тиймээс л эрх мэдлийн төлөөх тэмцлийн хэрэгсэл болоод явчихлаа. Эцэстээ, илд сэлмийг хэн авах уу гэдэг дээрээ туллаа.
-Том хэргүүдийн цаана их хэмжээний мөнгө эргэлдэж, бүх шатанд оролцоо байдаг гэдэг. Тэндээс хэсэг нөхөд хөрөнгөтэй болдог гэсэн явган гэх үү, дам яриа гардаг. Тийм байх боломжтой юу?
-Боломжтой. Шүүх эрх мэдлийн тогтолцоо үнэхээр хаалттай байна. Түүний гор нь ч гарч байгаа нь энэ. Би үзэж чаддаггүй. Нөгөө хүн нь үзүүлчих гэхээр хуулиараа хэрэгт орох гээд байдаг. Ийм л хаалттай тогтолцоотой. Тухайн үеийнх нь хуулиар асуудлыг шийдэнгүүт мундаг тэнгэрлэг юм яриад байдаг. Бие биенээ муулах болохоор байж болох хамгийн мундаг зүйл, зарчмуудыг ярьж чадаж байна. Бүх зүйл хөшигний ард нуугдан бугшаад яваад байгаа нь үнэн. Нэг бузар жишээ нь үүгээр илэрлээ, дахин хэлэхэд.
-Төрд ил, далд байх ёстой юм гэж бий. Өнөөдөр нууц гэдэг зүйл бүрэн утгаараа байхаа больж байх шиг. Хэрэв энэ бичлэг нийгэмд гарвал хэр аюултай байх бол?
-Одоо ч бараг ялгаагүй болчихлоо доо. Уг нь гаргаж болохгүй зүйл нууцаараа л үлдэх ёстой. Харамсалтай нь, улс төрийн зорилгоор өөр зүйлд ашиглах гээд нууцаас гаргачихлаа. Одоо учрыг нь сайн ухаж ойлгохгүй хүмүүс “Прокурорынхон нууц ажиллагаа нэрийн дор хүн яргалдаг юм байна” гэж харж байгаа байх. Тэгж харагдаж ч байгаа юм чинь. Угтаа энэ хэргийн үнэнийг илрүүлэхэд эрх мэдэлтнүүдээс өөр саад болж байгаа зүйл юу ч байгаагүй. Тэр шударга гэгдээд байгаа гишүүд тогтолцоогоо өөрсдөө мэдэж байгаа. Гэсэн ч хүмүүсийн мэдүүлгийг өөрчлөх гээд зүтгээд байна. Одоо тэр хүн гартаа мундаг том “хөзөр” атгачихлаа. Цаашид яаж тоглохыг нь харах үлдлээ. Төрийн бүх эрх мэдлийг ҮАБЗ гартаа авлаа. Одоо би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Дэлхийн хаана ч байхгүй зүйл мөн үү гэвэл мөн. Яах вэ, хаант засаглалтай улсад тийм байж магад. Тэд 1992 оноос хойш мөнгө, эрх мэдлээ булаацалдсан. Харин одоо хүн гэсгээж, өшөө авдаг үйл явц руу бүрэн орчихлоо. Дараа нь ямар аймар үйл явдал өрнөхийг таашгүй нь.
-Нууцын зэрэглэлтэй хэр олон хэрэг байдаг вэ. Нууц хэрэг анх удаа задарч байгаа нь энэ үү, эсвэл өмнө нь задарч байв уу. Цаашид задрахгүй гэх баталгаагүй болчихлоо?
-Нууцын зэрэглэлтэй тийм олон хэрэг байхгүй. Тагнуулын байгууллага үүнийг сайн мэдэж байгаа. Тоог нь хэлэх нь өөрөө бас нууц. Нууцын зэрэглэлтэй хэргүүдийг ил болгоод байх юм бол улс гэж байж яах юм бэ. Тэгвэл ёстой утгагүй асуудал болно. Нууцад хамаарч байсан н.Цахилгаан гуайн хүүгийн Жаргалсайханы хэрэг гэж байдаг. Тухайн үед өмгөөлөгч нарын тэмдэглэлийг ч нь өгөөгүй. Нууцын талаар гарын үсэг авч, энэ хэргийн талаар ярьж болохгүй гэж. Энэ хэргийг тийм л болсон гэж ярьдаг. Цагдан хорих байранд шүүх хурал хийж л байсан. Ганцхан энэ хэрэг дээр ингэж байгаа мэтээр яриад байх юм. Хүмүүс ч их амархан мартах юм. Урьд нь байсан шүү дээ. Хэчнээн шүүх хурал хаалттай явж, түүнийг нь үзүүлээгүй билээ. Бас долдугаар сарын 1-ний хэргээс өгсүүлээд зөндөө юм бий. Яривал их юм бий.
-Бичлэг үзэж байхад, Төв аймгийн ШШГЕГ-ын цагдан хорих төвийн хонгилд ямар ч хүн хорих боломжгүй нөхцөл байдалд Б.Содномдаржааг байцаасан байна лээ. Та ажлын хэсгийн ахлагч нь байж тэр газар дээр нэг ч удаа очоогүй хэрэг үү. Яагаад нөхцөл байдалтай танилцаж, хууль бус үйл ажиллагааг даруй зогсоогоогүй юм бэ?
-Би очсон ч камер луу орж үзээгүй. Камерт орох боломжгүй. Бичсэн тэмдэглэлээс нэг хэргийн хоёр холбогдогч нэг дор байгааг олж мэдсэн. Ингээд зургаа дахь хоногоос “Энэ үйлдлээ зогсоо” гэсэн, тэгээд ч зогссон. Хожуу мэдсэн учир нь миний эрх үүрэгт цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцана гэсэн заалт байхгүй. Энэ их төвөгтэй л дөө.
-Тэнд байрлахгүйгээр өөр газар байрлуулж болдоггүй юм уу. Яагаад заавал тэр газарт байцаадаг юм бол?
-Үүнийг би мэдэхгүй. ШШГЕГ-аас цагдан хорих хүнээ хаана байрлуулахаа зохион байгуулдаг. Харин Тагнуулын Ерөнхий газар тэнд нь очиж техник хэрэгслээ тавьдаг болохоос биш прокурор нь очоод “За тэр өрөөнд оруул, одоо камераа энд тавь” гэж удирдахгүй шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч гээд бүх ажилд өдөр бүр оролцоод явдаггүй. Мөрдөгч гээд хүн ажлаа хийгээд, мөрдөөд явж байгаа. Би мөрдөгчийн хажууд очоод суухгүй. Тагнуулын байгууллага бол тусдаа байгууллага. ШШГЕГ ч тусдаа байгууллага. Тэнд хэдэн өрөө нь сул, хэдэн өрөө нь хүнтэй байсныг би мэдэхгүй. Мөрдөн байцаалтын ажилд нь хяналт тавьж байгаа прокурор ч надад ажлаа тайлагнахгүй. Дээд шатныхаа прокурорт ажлаа танилцуулна. Би гүйцэтгэх ажилд нь хяналт тавиад явна. Чиг үүрэг нь ийм.
-Ажлын хэсгийн ахлагч байж мэдээлэл авах боломжгүй байдаг нь их сонин юм. Сайн ойлгодоггүй ээ?
-Нэг талаар сонин. Гэхдээ илтгэх хуудсаараа л мэдээлэл авна. Түүнийг л үзнэ. Ингээд ирсэн мэдээллийн дагуу хууль зөрчсөн шинжтэй байна уу гэдгийг хянаж, шийдвэрлэнэ. Ийм л ажил. Энэ бүх зүйл чинь баримт тоотоороо архивын нууц болоод нууцын зэрэглэлд ороод хадгалагдаж байгаа. Тагнуулынхны хийсэн ажил тагнуул дээрээ байгаа. Надад алдаа дутагдал гаргасан зүйл байвал шалгуулаад, тогтоолгоод хариуцлагаа хүлээгээд явж болно. Түүнээс биш, энэ асуудлыг хэн нэг улстөрч, нийгэм шүүж шийдэхгүй. Хуулийн дагуу л явах учиртай. Хууль зүйн сайд нь үүнийг мэдмээр юм. Би өөрт тань, нийгэм, олон нийтэд ингэж, тэгж ажилласан гэдгээ детал бүрээр нь яриад байна л даа. Уг нь хуулиараа шүүхийн өмнө ярих ёстой. Харин одоо хэн эхэлж хэвлэлээр ярьсан нь шийдэх гээд байгаа ч юм шиг. Бүр үнэхээр утга алга. Хэлэх ч үг олдохгүй байна.
-Нууцын ажилтан өөрийгөө яаж хамгаалах вэ. Мөрдлөгийн үед бие биенээ сэрдэх ажил гарах уу?
-Мэдээж гарна. Нууцын ажилтан өөрөө туслах нууцын ажилтантай байя гэж бодъё. Хэдхэн хүн түүнийг нь мэднэ. Гэтэл түрүүнд би хэлсэн дээ. Монгол хэдүүлээ билээ гэж. Хэцүү л дээ. Тагнуул гэхэд дотроо маш нарийн дэг жаягтай. Түүнийг нь бэхжүүлдэг техникийн ажилтнууд нь бас дотроо удирдлагатай. Тэгээд гүйцэтгэх ажилтан үзэж харж болдоггүй гээд л. Ийм л зохион байгуулттай байх жишээний. Тагнуулын буюу тусгай албаны хаалттай систем мөрдлөгийг үзэж харахад саад болдог. Энэ нь ч зөв байх. Тийм болохоор тэд хатуу байр суурин дээрээ байдаг. Үүнийг ойлгох хүн ч байна, ойлгохгүй хүмүүс ч байна.Тагнуулын гүйцэтгэх ажилтнууд нэг прокурорт удирдуулах уу, бод доо.
-Бичлэг дээр Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг “Чи паар“ -ыг алсан. Чи гэр бүлээр нь шатаагаа биз дээ” гээд зодож нүдээд байсан. Хууль зүйн сайд үүнийг тайлбарлахдаа “Тэр паар гэх хүн энэ хэрэгт сэжиглэгдэж хоёр сар байцаагдаж байсан хүн” гэж хэлсэн. “Паар” гэдэг нь миний ойлгосноор хоч нь юм шиг байгаа юм. Энэ хүн хэн юм бэ. Энэ хэрэгт холбоотой шалгагдаж байсан уу. Бичлэгийн дараа Ц.Нямдорж сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэр хүний ахыг дэргэдээ суулгаж байгаад энэ хэргийн талаар ярьсан?
-Тэр хүнийг н.Отгонбаатар гэдэг. 2004 онд гэр бүлээрээ шатаж, амь насаа алдсан байдаг. “Паар”-ын тухай Ц.Амгаланбаатар мэдүүлэг өгсөн юм. Тэгээд тэр “паар” гэх буюу н.Отгонбаатар чинь яадаг хүн бэ гээд мөрдөгч нар ажилласан. Тэгсэн шатаад үхсэн хүн байж. Ц.Амгаланбаатар ярихдаа “Б.Содномдаржаа бид хоёр үүднээс нь гэрийг нь шатааж алсан” гэсэн. Ингээд хэргийг нь шалгаад үзтэл бага насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт шатсан байдаг. Мөрдөн байцаагч энэ хэргийг шалгаж үзээд эргэлзээтэй байна гэдэг. Галын дүгнэлт нь цахилгааны холболтоос болсон гэж гарсан. Гэтэл галын шинжээчийн дүгнэлтийг харахаар гал нь үүднээсээ гарсан гэдэг. Ингээд сэргээгээд шалгасан. Цогцсыг задлан шинжлэх хэрэг гарсан. Энэ их эмзэг асуудал. Энэ хэрэг дээр сэжиглэгдэж байгаа хүний ДНК-г авах шаардлага гарсан. Яалт ч үгүй, шарилыг гаргаж аваад, буцаагаад оршуулсан асуудал гарсан. Тэр өмнөх амьдралын нарийн ширийн нууц нь их төвөгтэй. Хоёулаа ингэж хувь хүний нууцыг яриад байж болж байна уу. Хэрэгт нэг их ач холбогдолтой биш дээ. Өнгөрчихсөн хүнийг холбоотой байна уу, гэж шалгах нь бас утгагүй байсан. Ар гэрийнхэн нь эмзэглэх нь аргагүй. Тэгээд ч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар хоёрт энэ хэргээр нэмж ял өгсөн.
-Ц.Амгаланбаатар гэдэг этгээд чинь сэтгэцийн асуудалтай юм биш үү. Хүн бүрийг л би алсан, би мэднэ гээд байх юм. Эсвэл энэ хүний цаана зохиол яваад байна уу?
-Хөндлөнгөөс бид энэ хүн сэтгэцийн өвчтэй гэж дүгнэж болохгүй. Сэтгэцийн шинжээч нарын дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэж гараад байдаг. Хуулиараа хүн амины гэмт хэрэг дээр заавал сэтгэцийн шинжилгээ хийдэг. Урд өмнөх гэмт хэргүүдийг нь судлахаар ёстой нэг жигшүүртэй гэмт хэрэг хийдэг хүн үү гэвэл тийм. Бас л хэргийн нууц ярьчих гээд байна. Түүнээс биш олон юм байна. Яривал бас та жигшинэ.
-Барууны кинон дээр хүнд ноцтой гэмт хэрэгтнүүдийг ашиглан хэрхэн хэрэг хүлээлгүүлж, дарамталж байгаа талаар гардаг. Тэр бичлэгийг үзэж байхдаа Монголд үүний нэг жишээ нь Ц.Амгаланбаатар юм байна гэж бодогдож байсан?
-Сайн олж харжээ. Би үүнийг л яриад байна. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь яг л ийм зүйл болдог гэж хэлээд байгаа юм шүү дээ.Гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчихгүй, зодуулахгүй, эрх чөлөөнд нь халдуулахгүй гэж бид тэднээс шаарддаг, тийм хүсэл эрмэлзлээр хийлгэх гэж оролддог. Гэтэл бодит байдал ийм л байна. Би үүнийг л яриад байгаа юм. Цагдан хорих байр нь гэмт хэрэг хийсэн хүн оргох магадлалтай, эсвэл дахин гэмт хэрэг үйлдэх гээд байгаа, мөн хэрэг илрүүлэхэд саад учруулах магадлалтай гэсэн үндэслэлээр тухайн хүнийг тусгаарладаг газар. Гэтэл үүнийг нь хасчихаар “Та нар тусгай албаны ганц хэрэг илрүүлдэг хэсгийг хаах, хянах гэлээ” гээд нөгөө заалтыг хасаж, өөрөөр оруулж ирдэг гэж хэлэх гээд байгаа санаа юм. Х.Тэмүүжин сайд байхдаа үүний төлөө их явсан, тэмцсэн. Гэсэн ч болоогүй. Хуулийн нэр томьёо үгийг нь хүн харахаараа ойлгодоггүй. Цаана нь ийм хачин балиар юм явдаг гэдгийг мэддэггүй. Нэг тийм зовлонтой нөхдүүдийг л нөгөө тусгай албад чинь элсүүлж авна. Чамайг ингэвэл, бид дараа нь чамайг тэгнэ гэж. Энэ журам нь нууц. Ийм нөхрийг л олж авч нөгөө этгээдэд нөлөөлдөг. Тэгээд үүнийг тэр байгууллагуудын дарга нар нь энэ арга социализмын үеэс хэрэглэж ирсэн шалгарсан арга гэж тайлбарладаг. Энэ гол арга учраас үүнийгээ өмөөрч ярьдаг. Энэ арга байх ёстой. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явагдах ёстой гэж хэлдэг. Би ер нь болохгүй л юм яриад байна шүү. Бас яг энэ арга нь амьдрал дээр очоод яг энэ үр дүнгээрээ гардаггүй. Ихэнх тохиолдолд хальтардаг.
-Гагц өнөөдрийн энэ хэрэг дээр илэрч байгаа юм биш. Урьд нь цагдан хорих байгууллагад олон өөр зөрчил, хэрэг илэрч байсан. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссынхон мэдэгдэл хийж байх шиг байсан?
-Тийм. Олон гомдол гардаг шалгахаар үр дүнд хүрдэггүй. “Хэн байсан бэ” гэхээр “Гүйцэтгэх ажиллагааны нууц” гээд ам тагладаг. Ингээд л хана мөргөнө. Хуультай гэж хэлэхэд хэцүү. Цагдан хорих газарт гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гэсэн заалт бий. “Нотолъё” гэхээр нууц юм руу явна. Хүний эрхийн комисс өчнөөн шаардлага хүргүүлээд нэмэргүй, дуугарах гишүүн байхгүй. Хүмүүс “Ажлаа олигтойхон хийхгүй яасан юм” гэж байна. Ажлаа сайн хийхийн тулд хууль хэрэгтэй, бас эрх хэрэгтэй. Энэ бүхнийг би нэг бүрчлэн ярьж байгаа нь өөрийгөө өмөөрч ярьж байгаа юм биш, тогтолцоо нь л ийм гэж ярьж байна. Зөвөөр ойлгоорой. Цаад санаа нь гэвэл, улс төрийн тоглолтондоо бол ашиглаж болно, өөр хэрэг дээр бол ашиглаж болохгүй.
-Монголд төр гэж байна уу. Та төртэй орны иргэн мөн үү?
-Би ийм философилог асуултанд хариулмааргүй байна.
-Та дахин прокуророор ажиллах уу?
-Ажиллана гэж бодогдохгүй л байна.
-Уучлаарай намайг. Гэхдээ хууль хүчнийхэн дур зоргоороо ажилладаг юм шиг санагдлаа?
-Би энэ асуултанд үгүй гэж хариулна. Авлигатай тэмцэх газар, прокурор хэрэг илрүүлэхгүй гэж ярьж байгаа энэ хүмүүст тоо байна уу. 2015, 2016 онд Авлигатай тэмцэх газар жилдээ 20 гаруй хэрэг шалгадаг байсан. 2018 онд 160 гаруй хэрэг шалгаж, зарим хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Ямар хүмүүсийг шалгаад байгааг хараарай. Шалгасан нь буруу болчхоод байна. Улс төрийн энэ балиар зохиолоос шалтгаалан хуулийн систем хамаагүй удаан ажилладаг нь үнэн. Хараат бусаар ажиллах гэж тэсч дийлэхгүй, үнэндээ бууж өгч байна. Хүмүүс ч одоо залхаж шантарч эхэллээ. Нийгмийн сэтгэл зүйгээр дайралт хийдэг аргаараа хүмүүсийг буулгаж авч байгааг харлаа, үзлээ.
-Энэ олон үнэн дотроос яг аль нь үнэн гэж ялгаж, салгаж чадахгүй болтол нь мэдээллээр тархи угааж байна. Худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг?
-Аймар технологи явж л байна даа. Өөр юу хэлэх вэ дээ.
-Та өөрөө сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авч байна?
-Би олон юм үзсэн өгөр суусан толгой биш. Надад нэг л итгэл, үнэмшил бий. Сайн ч бай, муу ч бай хуульч гэсэн нэр зүүсэн хүн би. Энэ хэргийг шалгаад нотлох баримтаар нотолсон. Юу үнэн, энэ үнэн. Би үнэнд итгэж байна. Тэр хүнийг “Үг дуугүй олон юм ярилгүй хэрэгтэн болго” гэдэг систем бий болчихвол үг дуугүй л арчигдах байх, би. “Энэ хүн зохион байгуулсан нь үнэн юм байгаа биз дээ” гээд доромжилчхоор үүний эсрэг юу хийдгийг би үнэндээ сайн мэдэхгүй байна. Би улстөрч биш. Надад энэ хүн үнэн яриад байна гэж бодогдтол ярьдаг чадвар байхгүй, ерийн нэг хуульч хүн. Үнэхээр хүчин мөхөстөж байна. Мэдээж, энэ ярилцлага тавигдахаар над руу мянган дайралт ирэх байх. “Энэ амиа аврах гэж ингэж ярьж байна” гэх мэтээр. Зөвхөн ямар нэг зүйл болбол баримт нь үлдэг гэж үүнийг ярьж байгаа нь энэ. Өнөөдрийг хүртэл хуульд үдүүлээд дуугүй л явлаа. Хууль зүйн сайд нь өөрөө гэмт хэрэг үйлдээд, нотлох гэж байгаа баримтыг авч ярихаараа тэр зүйл үнэн болдог юм шиг байна. Тэгвэл хууль сахиулж байгаа прокурор нь энэ гээд өөр баримт гаргаад явахад хэцүү байлаа. Өнөөдөр яах вэ ажлаа өгчихлөө. Энэ богинохон боломжид ийм зүйл болсон шүү гэдэг үгээ хэлээд үлдээчихье. Боломж олдохгүй байж магад гэж бодлоо. Дараа нь юу л болбол болог. Би энэ цагийн урсгалыг яаж дийлэх вэ дээ.
Өнөөдөр Монголын нийгэмд бие биенээ гутаан доромжилж, өөдтэй нэр зүүхээргүй л гундаалаа. Үүний нэг нь би боллоо. Манай найз “Саяхан л чи мөнгө төгрөг хээл хахууль, хууль бус зүйлд орооцолдохгүй явсан хүн. Гэтэл харин ч бүр эсрэгээрээ нэг мөсөн ийм том зүйлд орооцолдох гээд яваад байсан юм уу” гэж байна. (инээв) Бас л айхтар үг шүү. Намайг мэддэг найз маань тэгж байна гэхээр. Улс төр хүнийг ийм л болгодог юм байна. Тархи угаалтыг сайн хийж чаддаг юм байна гэхээс өөр би одоо юу ярих вэ. Ийм дайралт болно гэж огт бодоогүй, тооцоолоогүй.
-Тэр бичлэгийг үзээд ажлын хэсгийн хүмүүс ийм ажиллагаа явуулдаг юм байна гэж бодсон. Хууль зүйн сайд хэрэг хүлээлгэхдээ хууль бус арга ашигласан гэж тайлбарласан. Тиймээс л Таны байр суурийг сонсъё гэж бодлоо?
-Хэлж мэдэхгүй байна. Яагаад үүнийг хөзөр болгон гаргаж ирэв. Би энэ талаас нь харж байна. Цаашид С.Зоригийн хэргийн мөрдөх ажиллагааг ямар ч зорилгогүй зогсоох ажиллагаа л явж байна гэж харж байна. Одоо ч үүндээ итгэлтэй байна. Хэн ч зөвтгөхийн аргагүй баримтыг гаргаж ирж, хөзөр болгож тавьж байгаа нь энэ хүн өнөөдөр ардын баатар мэт харагдаж байна. Улаан цайм гэмт хэргийн аргаар энэ бүхнийг хийгээд л. Ерөөс улайрсан зүйл л боллоо. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөндөө хариу үйлдлүүд хийсэн. Тэр нь илэрч, шалгаад эхлэнгүүт сандарч, хууль зөрчин байж, гэмт хэрэг үйлдэн байж энэ хэргийг зогсоож байна. Ийм л байдалд хүрлээ тэр хүн. Энэ хэргийн захиалагчийг хайсан, гүйцэтгэгчийг олсон. Захиалагчийг олчихвол саад учруулаад байгаа хүнд маш аюултай нөхцөл байдал үүсчихээр байгаа учраас гэмт хэргийн аргаар энэ үйлдлийг хийж байна. Анзаарвал, өнөөдрийг хүртэл энэ хэрэг илрэхгүй байгаад захиалагчийн үүрэг оролцоо ямар түвшинд байгаа нь харагдана. Хүмүүс хэлдэг л дээ, тэр хүнд. “Энэ хэргийг илрүүлэхэд чи дандаа саад болдог” гэж. Гэтэл энэ дуу хоолой үнэхээр сул байна. Ойлгомжтой юу. Чанга дуу нь их байна. С.Зоригийн хэрэг “Илэрсэн. Гүйцэтгэгчийг олсон”, “Захиалагчийг нь олуулахгүй гэж” гэмт хэрэг үйлдэн байж тэмцэж байна. Бүх нотлох баримтыг яаж баллахыг би хэлж мэдэхгүй. Хорон аргууд юу байх бол. Ингэж л энэ хэргийн захиалагчийг явцгүй болгож байгаа нэг арга. ҮАБЗ, АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлснөөр ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгож ямар хэргүүдийг мөрдөх бол. Энэ их сонин. Үүнийг заавал харах ёстой.
-Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ хэрэгт хамаатай юу?
-Ямар ч холбоогүй. Яагаад буруутгаад байна вэ гэхээр, энэ хэрэгт холбоотой хүнийг чи хэргээ хийгээгүй гээд хүлээчих гэсэн зүйлээс болж шалгаж эхэлсэн. Хүн тамлан зовоосон асуудал болох энэ хэрэг, хэргийн нотлох баримтыг олон нийтэд үзүүлсэн, энэ хэргийг хэн гаргав гээд энэ гурван үндэслэлээр хэрэг нээснээс болж буруутгаж байгаа байх. Яагаад гэхээр энэ үед Д.Баярмагнай прокурор Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байгаа болохоор тэр. Инээдтэй байна уу. Тийм болохоор тэр хүний дайсан болчхоод байгаа юм. Амар байгаа биз. Хэвлэлээр зарлаж байгаад энэ хэргийн холбогдогч энэ тэр гээд зарлаад л. Уг нь хууль нь зарлах ёстой биз дээ.
-Хоёр том улс төрийн нам хэдэн хэсэг болж хуваагдаад, сошиалаар хэрэлдээд байх юм. Энэ одоо ямар учиртай юм бол?
-Харин тийм.
-Та Д.Дорлигжав прокурортой ямар холбоотой вэ?
-Зүгээр. Одоо энэ хүн хэрэгт холбогдоод буруутгагдаад явж байна. Би хамтарч ажиллаж явсан. Санал зөрөх асуудал гардаг. Миний Ерөнхий прокурор байсан.
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэр холбоотой вэ?
-Зүгээр. Урьд нь таньдаг байсан.
-Прокурорын үйл ажиллагаа яаж явдаг юм. Нийт масс прокурор бүх зүйлийг мэддэг юм шиг ойлгодог?
-Эхлээд хоёр зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. 2017 оны өмнөх 2017 оноос хойших прокурор хоёр өөр. 2017 оноос өмнөх хуулиудад Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны идэвхтэй оролцогч байгаагүй. Яагаад гэхээр эрх, хэм хэмжээ нь өөр байсан. Хэргийг үзээд эцсийн шатанд шүүхэд шилжүүлдэг. Гүйцэтгэх ажиллагаанд таван төрлийн зөвшөөрөл олгодог байв. Өгсөн зөвшөөрлийн хүрээнд хянадаг албан тушаалтан байсан. Энэ үеийн прокурорыг өнөөдрийн прокурортой харьцуулж огт болохгүй. Гол тоглогч байгаагүй. 2017 онд Эрүүгийн хууль, Прокурорын хуульд өөрчлөлт орсон. Удирдан чиглүүлэх рольтой тоглогч болсон. “Ийм зүйлийг хий, ингэж шалга” гэдэг эрхтэй болсон. Одоо энэ яриад байгаа гүйцэтгэх ажлын хүрээнд явсан материалыг үзэх эрхтэй болсон.Тэгэхээр их том боломжууд нээгдсэн гэсэн үг. Өнөөдрийн прокуророос нэлээд зүйл нэхэж болно. Хэргийн талаар чи мэдэж байх ёстой гэдэг ч юм уу. Энэ ажиллагаа яаж явагдсан гэж үзэж болно.
-Таны хардагдахад хүргэж байгаа гол зүйл нь?
-Ажлын хэсгийн ахлагч, тодорхой хяналт тавьж ажиллуулах ажил хоёрыг хавсарч хийсэн нь өнөөдөр хардагдахад хүргээд байгаа юм. Цагдаа, тагнуулын ажлын хэсгүүд өөр, өөрийн удирдлагатай. Надаас асуухгүй өөрсдөө төлөвлөдөг. Би бас түүнийг нь яг ингэж хий гэж зааж зөвлөж чадахгүй. Хийх ажлуудын ерөнхий төлөвлөгөө гаргаж, би баталсан тохиолдлууд бол бий.
-С.Зоригийн хэрэг дээр ажиллахдаа танаас шалтгаалахгүй алдаанууд гаргасан юм байна гэж ойлгож болох уу?
-Алдаа гаргасан. Тэр алдаа нь юундаа байсан бэ гэдгийг хууль тогтооно. Надаас шалтгаалахгүй зүйл ч бий, хамаарах зүйл ч их бий. Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй. Энэ хэрэг нотлогдсон. Энэ заваарсан балиар зүйлээс болоод зарим нотолгоо яахыг мэдэхгүй.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн ажлын хэсгийг байнга сольдог гэж ярьдаг. Ажлын хэсэг олон удаа солигдсон байх шүү?
-Миний мэдэж байгаагаар намайг ажлын хэсгийн ахлагчаар томилогдон очиход 10 гаруй удаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байдаг. Би үүнийг шууд Ц.Нямдоржтой холбоотой гэж хэлж чадахгүй, яагаад гэвэл баримтгүй юм. Б.Хурц энэ хэргийн ажлын хэсэг ингэж олон солигдож байгаа нь ойлгомжтой шүү дээ гэж ярьж байсан. Яагаад гэвэл цагдаагийн даргадаа үүрэг өгөөд солиулаад байдаг Ц.Нямдорж гэж дуугарч байсан. Хууль зүйн сайдыг ямар ч баримтгүй ярихад хүмүүс итгэдэг. Бүү мэд юундаа байдгийг. Жишээ нь баримт гаргаад яривал итгэхгүй л дээ. Энэ хүн ингэж саад болсон, ийм нотлох баримт байна гээд үзүүлмээр байна. Гэтэл хүмүүс “16 настай хүүхэд хүн ална гэж юу байдаг юм. 18 жилийн өмнөх зүйлийг хүн яаж санах юм” гэж хэлдэг.
-Б.Булганыг 10 сар хорихдоо эрүүдэн шүүж байсан уу. Тийм бичлэг үзүүлсэн юм уу?
-Үгүй.
-Б.Булган гомдол гаргасан. Тухайн үед хэрэг гарахад охин маань ээж дээр байсан. Одоо насанд хүрсэн. Гэтэл миний охиноор оролдоод байна гэж Ц.Нямдорж сайдад гомдол гаргасан гэж хэлсэн. Тийм зүйл байгаа юу?
-Миний үед лав энэ асуудлыг яриагүй. Сүүлд захиалагчийг шалгаж ажиллаж байгаа ажлын хэсэг Б.Булганыг яллагдагчаар татаад байгаа. Тэд тийм ажил хийсэн үгүйг мэдэхгүй. Миний үед энэ хэрэг илэрсэн нь үнэн. Одоо бол нотлох баримтуудыг үгүйсгэх нь хэсэг бүлэг хүмүүст чухал байгаад байх шиг байна. Т.Чимгээгийн үйлдлийг нотолсонтой холбоотой гүйцэтгэх ажлын баримт бол байгаа. Түүнийг устгах байх энэ байдлаараа. Тэнд ямар ч эрүү шүүлт байгаагүй. Гэрчүүдийг яах гэж байгаа юм.
-Хууль зүйн сайд хэргүүдтэй танилцах үүрэгтэй юү. Хэргийн баримтуудыг олоод яриад байх юм?
-Байхгүй. Тэгсэн мөртлөө “Би өөрөө баримт олох боломжгүй” гэж хэлдэг. Тэгээд олоод л яриад байна даа. Жирийн хэрэг биш бүр ноцтой, том хэргийн баримтуудыг олж ярьж байгаад гайхаж байна.
-Хуулиар нууцын зэрэглэлтэй материалуудыг хэн гаргах эрхтэй юм бэ?
-Сүүлийн хуулиараа Засгийн газар гаргах эрх авсан шиг санаж байна. Өмнө нь Тагнуулын ерөнхий газрын үндэслэлээр, Ерөнхийлөгч гаргадаг байсан. Үүнийг нь Засгийн газар болиулсан.
-С.Зоригийн хэрэг хоёр дахь удаагаа нууцаас гарч байх шиг байна?
-Тийм. Энэ хэргийг шийдвэрлээд дуусангуут нь тухайн үеийн Ерөнхийлөгч тагнуулаас дүгнэлт гаргуулж, зарим хэсгийг нь нууцаас гаргаж байсан. Тэр бол цэвэр шоу болгож байсан. Ер нь бид цаашид ямар улс болох юм. Бүх эрүүгийн хэргийг шалгаж үзээд хүний хувийн нууцад нэвтрээд зарлаад байх уу. 65 хавтас хэрэг байгаа. Тэр дотор түмэн зүйлийн юм байна. Тэгвэл тэрийг үзэж гарга л даа. Болдог юм бол. Би энэ ажлын хэсэг дээр нэг зарчим барьсан. Хэргийг мөрөөр нь хуулийн дагуу явна гэж. Өмнө нь янз бүрийн хүмүүс ажиллаж байсан. Тиймээс би мөрдөх гэдэг чинь мөрөөрөө л явахыг хэлнэ гэдэг зарчмаар явсан. Бүр гадаад улсын мөрдөх албанд хүн байцаагаад өгөөч гэж хүртэл хүсэлт тавьж байсан. Баримт бүрийг шалгасан. Ингэж явж байхад баримтын дунд тэр нөхөр орж ирсэн.
-Дамирангийн Энхбатыг энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн 2004 онд “Хөх толбо” сонинд ярилцлага өгсөн байдаг. Ц.Нямдорж сайд энэ хүнийг хэрэг хүлээлгэ гэж хэлдэг байсан гэж. Түүний өмгөөлөх эрхийг Ц.Нямдорж сайд хассан гэж сонссон?
-Тийм өмгөөлөгч байдаг. Энэ талаар Л.Санжаасүрэн гуайгаас өөрөөс нь асуусан нь дээр байх. Д.Энхбат нас барсан гэдэг хэрэг тусдаа. Би энэ хэргийг сайн мэдэхгүй байна.
-Үнэн гэж байдаг уу?
-Байгаа. Үнэн байлгүй яах вэ. Баримтыг яаж үгүйсгэх юм. Хуулчийн хувьд баримтыг үнэн гэж үзнэ.
-Ц.Нямдорж сайд энэ хэргийг зохиомлоор хэдхэн прокурорын хийж байгаа ажил гэж яриад байгаа?
-Эрүүгийн долоон шүүгч байдаг. Үүний тав нь ёстой аюултай гэх юм. Угаасаа энэ тав байгаа. Өөр шүүгч байхгүй. Хэрэг дээр ээлжлээд л орно шүү дээ. Тухайн үед таарсан хэргийг л авна.
-Авлигатай тэмцэх газар байх нь зөв үү?
-Байх ёстой. Хэрэг мөрддөг газар УИХ-аас томилогддог байж болохгүй. Энэ тогтолцооны гажуудал. Прокурорын хий гэсэн ажлыг бас хийдэггүй нэг асуудал байна. Энэ бол том зовлон. Үүнийг бусад улс засаад Прокурорын дэргэд мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг алба байдаг. Нөгөө шалга гэсэн байгууллага шалгахгүй бол шалгахгүй. Хоорондоо зөрчилдөх тохиолдол байна.
-Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх боломжтой юу. Хөрс нь байна уу?
-Миний бодлоор Монгол Улс парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай ч улс биш. Шинжлэх ухаан талаас нь яривал холимог. Би хяналт тэнцвэр нь алдагдсан улс гэж хардаг. Бие биедээ хяналт тавьж, хариуцлага тооцдог байх ёстой. Үүнийгээ бүх шатандаа алдсан. Ямар ч албан тушаалтныг хянах боломжгүй. Үүнийгээ аль ч хуулиндаа бичээгүй. Жишээлбэл, Ерөнхий прокурорыг хянадаг, шүүхийг ч хянадаг байх ёстой. Энэ зохицуулалтыг хийж өгөх ёстой. Яг энэ хямралын гор өнөөдөр гарч байна. Гэхдээ хяналт, тэнцвэрийн зарчмыг өнөөдрийн ийм аргаар хэрэгжүүлдэггүй. Хэнд ч хянагдахгүй ҮАБЗ-тэй эргээд хариуцлага тооцох зүйлгүй болчихлоо.
-Ярилцсанд баярлалаа.
П.Оюунсувд "Ардчилал таймс" сонин /2019.04.02-03/
Сэтгэгдэл (11)