Унгарын соёлын яам, Унгарын үндэсний цирк нь Монгол улсын энтертайнмент “FORCELAB LLC”-тэй хамтран ажиллах гэрээг хоёрдугаар сард байгуулсан бөгөөд коронавирустай холбоотойгоор түр хугацаанд хамтын ажиллагаа нь хойшлоод байсан юм.
Тэгвэл тус энтертайнментийн уран бүтээлчдийг дахин Унгарын соёлын яам, Унгарын үндэсний цирк урьжээ. Урилгыг "Forcelab entertainment" хүлээн авсан бөгөөд Унгар дахь Монголын элчин сайдын яам, Монгол дахь Унгарын элчин сайдын яам, Туркын засгийн газар болон Унгарын соёлын яамны дэмжлэгээр Унгар улсыг Эрдэнэт хотын уран нугаралтын багш Ч.Дэлгэрцэцэгийн шавь нар болох Б.Урангоо, Д.Эрдэнэсүрэн, О.Мөнхзул, С.Ариунжаргал нар зорихоор боллоо.
Хэдийгээр дэлхий даяар коронавирусаас болж бүгд эх орноо зорихыг эрмэлзэж байгаа ч Монгол уран бүтээлчдийн хувьд зоригтой алхам болж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ.
“Энэ талаар бид “Forcelab entertainment”-ийн Artist producer Д.Одбаясахаас тодрууллаа.
⁃Юуны өмнө энэ хүнд нөхцөлд уран бүтээлчдээ европ руу явуулахаар болсонд баяр хүргэе. Энэ шийдвэрийг гаргахад хүнд байсан уу?
⁃За баярлалаа... Мэдээж бид хэцүү цаг хугацаанд уран бүтээлчдээ гаргах болсон ч нөгөө талаараа Монголынхоо нэрийг Дэлхийн том тайзан дээр алдаршуулах болсондоо баяртай байгаа. Аливаа уран бүтээлчдийн туйлын зорилго хүсэл тэмүүлэл нь Эх орныхоо нэрийг улс орон болгонд сайнаар дуурсгах шүү дээ...!
⁃Одоогийн нөхцөл байдлын хувьд бараг боломжгүй алхамыг шийдэмгий гаргалаа уран бүтээлчдийн багш, ар гэрийхэн хэр дургүйцэж хүлээн авсан бэ?
⁃Хэдийгээр эрсдэлтэй ч манай уран бүтээлчдийг Унгарын үндэсний циркийн зүгээс өндөр аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллах мөн тухайн оронд гарч болзошгүй бүх эрсдэлийг бүрэн хариуцан урьдчилан сэргийлэх гэрээтэй учраас Багш, уран бүтээлчдийн гэр бүлийн зүгээс маш нааштай эерэгээр хүлээж авсан.
⁃Монгол улсаа төлөөлөөд Унгар улсыг зорьж байгаа 4 уран бүтээлч хэр хугацаанд Унгарын үндэсний циркт тоглох вэ?
⁃Одоогийн байдлаар 9 сарыг дуустал тоглох ёстой. Гэхдээ Унгарын үндэсний циркээс гэрээгээ дахин сунгаж тоглуулах хүсэлтэй байгаа.
⁃Таны хувьд өөрөө мөн нугараач хүн дэлхийн 30 гаруй орны 500 тайзан дээр тоглосон байдаг. Үүнээс 100 орчим тоглолт нь дэлхийн маш алдартай брэндүүдийн нээлт, гала шоунуудад тоглосон гэж сонссон. Одоо бол та өөрөө продюсер болсон байна. Энэ үйл явдлаас харахад таныг тайзнаасаа буух болсон гэж ойлгож болох уу?
⁃/Инээв/....Ер нь би тайзнаасаа үхэн үхтлээ буухгүй гэж боддог хүн дээ. Хэдийгээр одоо нугараачийнхаа хажуугаар продюсерийн үүрэг гүйцэтгэж Монгол уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж байгаа ч цаашдаа ч тайзан дээрээ тоголсоор байна гэж бодож байгаа.
⁃Соёлын тэргүүний ажилтан уран бүтээлчид Монголд ер нь их байдаг таныг ч нэг нь гэж сонссон..?
⁃Монголд удаан байгаагүй учраас хэчнээн тийм цолтой хүн байдгийг мэдэхгүй. Гэхдээ миний хувьд энэ шагналыг 2018 онд авахад маш их баярласан. Учир нь энэ шагналыг би дэлхийн алдартай 100 гаруй тайзан дээр 20 жил нугарч байж авсан шагнал учраас надад ямар ч урлагийн гавъят зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, Чингисийн одонгоос ч үнэ цэнэтэй шагнал юм.
⁃Ингэхэд таны оролцож байсан хамгийн том арга хэмжээ ямар арга хэмжээ байсан бэ?
⁃Хамгийн гэж тодорхойлоход олон арга хэмжээ нэрлэх хэрэгтэй болно. Гэхдээ 2017 оны усан сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээний хаалтын шоунд урилгаар тоглосон маань сэтгэлд илүү тод үлдсэн дээ.
⁃Ингээд сүүлийн хормыг танд үлдээе...?
⁃За баярлалаа... Сүүлийн хормоо ашиглаад энэ удаагийн төслийг амжилттай гүйцэтгэхэд маш их дэмжлэг үзүүлсэн Унгар улсын соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Fekete Peter, Унгар дахь Монголын элчин сайдын яам, Монгол дахь Унгар улсын элчин сайдын яам мөн Уран бүтээлчдийг маань бэлдэж өдий хүрэгсэн Ч.Дэлгэрцэцэг багшдаа болон уран бүтээлчдийн ар гэрийхэн талархснаа илэрхийлье! Мөн тун удахгүй үндэсний их баяр Наадам болох гэж байна. Тиймээс бүх Монголчууддаа сайхан наадаарай гэж хэлье даа...!
⁃Баярлалаа.