x

Ц.Энхбаяр: Иргэнээ бууддаггүй төртэй болтлоо явна гэж би хүүдээ амласан

Гэрэл зургийг "Үндэсний шуудан" сонин

2008 оны долдугаар сарын 1 бидэнд мартаж болохгүй хар толбо үлдээсэн. Сонгуулийн будилаанаас үүдсэн үймээнээс болж, төр нь иргэдийнхээ өмнөөс буу шагайж, таван хүний амь эрсэдсэн гашуун түүхтэй өдөр өнөөдөр тохиож байна. Монголын түүхийг хар өнгөөр будсан золиосонд 24-хөн настай залуу амиа алдсан юм. Түүний аав Ц.Энхбаяртай ярилцлаа. 

-Өдийгөөс 12 жилийн өмнө сонгуулийн будилаанаас үүдэлтэй үймээний үеэр таны хүү харамсалтайгаар амиа алдсан. Тухайн өдөр яг юу болсон талаар манай уншигчдад нэхэн сануулахгүй юу? 
-2008 оны УИХ-ын сонгуулийг будилаантай боллоо гэж жагссан иргэдийн жагсаалыг би зохион байгуулалттай болсон гэж үздэг. Жагсаал, цуглааныг үймээн болгож хувиргасан юм. Үндсэндээ, аль ялсан нам нь Оюутолгой, Тавантолгойг эзэмших эрх авах байсан. Тийм ч учраас 2010 онд Оюутолгойн гэрээ батлагдаж байсан юм. Тухайн үед үймээн самуун болгохгүйгээр зохицуулж болох байсан. Гэтэл сонгууль будилаантай болсон гэдгийг Ерөнхийлөгч хэлж, СЕХ хүлээн зөвшөөрч, бүх нам энэ үйл явдалтай эвлэрчихсэн байсан болохоор сонгуулийг дахин явуулахгүйгээр ард түмний анхаарлыг татахын тулд зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн хэрэг. Ингэж л бид өнөөдрийг хүртэл хардаж ирсэн.

Энэ нь дараа дараагийн үйл явдлаар ч батлагдаж байлаа. Монголын төр монголчуудад элэгтэй, хандлагатай байсан бол би тэр үйл явдлыг “Яах вэ дээ, төр нэг удаа алдаж дээ” гэж бодно. Тухайн үед хэтэрхий их хохирол амссан нь үнэн. Гэхдээ энэ бүгдийг буцаах ямар ч аргагүй шүү дээ. Ингэж өөрийгөө тайвшруулж болох л байсан. Гэтэл өнөөдөр Монголд өдөр болгон 2008 оны  долдугаар сарын 1-н болж байна. Буу тулгаж, гал нээгээгүй л болохоос авто тээврийн осол, эрүүл мэндийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшинг хар л даа. Нүд хальтрам байна.

Мөн иргэд “Төр иргэд рүүгээ буудах хэмжээнд хүрчихсэн байна шүү” гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ төрд “Дахиад долдугаар сарын 1-н болох вий” гэж гэмшиж, эмээж, айж байгаа зүйл алга. Залуус маань Монголын төрөөс айхдаа агаарын хилээ нээхэд л АНУ, Япон, Солонгос руу зугтах сэтгэл зүрхтэй байна. 

-Хүү тань гэрээсээ хэдэн цагийн үед гарч, хотын төв орсон бэ? 
-Манай хүү АНУ-д хоёр жил уул уурхайн чиглэлээр суралцаад ирсэн. Би уурхайд ажилладаг байгаад сахарын өвчнөөс болоод чөлөөндөө гарсан юм. Уурхайчны гэр бүлд өссөн болохоор хүү маань мэргэжилдээ их дуртай. Сургуулиа төгсөж ирчихээд “Аав би эргээд сургуульд сурч, мэргэжлээ дээшлүүлэхээр явна” гэж хэлж байлаа. Аав, ээж нь ажилгүй болохоор амьдрал хэцүү санагдсан байх. Тэгээд тэр үед “Ямар ч гэсэн би та хоёрынхоо амьдралыг дээшлүүлье” гээд Канадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн өрмийн компанид нягтлан, орчуулагчаар ажилд орсон.

Үүнийхээ дараахан “Канад технологийн байшин барихад гол төмөр их илүү гардаг. Тэр төмрөөр канад технологийн байшин барина” гээд миний хүү их хөөрч явсан. Хүү маань АНУ-аас сургуулиа төгсөж ирээд, дөнгөж зургаан сар болж байсан юм. Манай гэр Баязүрх дүүргийн XI хороо буюу Баянзүрхийн товчоонд, хүүгийн ажил ХIX хороололд байсан болохоор холдоод байлаа. Хүү анх гэрээс ажилдаа явахад амар гээд унадаг дугуй худалдаж авсан. “Үнэтэй дугуйг хямд авлаа” гэж ямар их баярлаж байсан гэж санана.

Төд удалгүй залуу хүн учраас залхуурсан юм байлгүй III хороололд байдаг нагац эгчийндээ амьдрахаар явсан. Бямба, ням гараг бүрт гэртээ ирдэг байлаа. Хүү маань хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө буюу лхагва гарагт гэртээ ирээд надтай хамт ууланд алхаж, салхилсан юм. Алхаж явахдаа би хүүгээ том эр болж дээ гэж бодож явлаа. Тэгээд “Бямба гарагт амрахаараа хүрээд ирнэ” гээд гэрээсээ гарсан. Тэгээд л эргэж ирээгүй.  

-Хүүгээ нас барсныг хэрхэн мэдсэн бэ?
-Бид долдугаар сарын 1-нд юу болж байгааг мэдээгүй. Үндэсний телевизээр гарсан мэдээгээр л хотын төвд буу шийдэм болж байгааг сонсоод өнгөрсөн юм.  Ингээд маргааш хүүгийн ажлаас “Ажилдаа ирсэнгүй, юу болсон бэ” гэж асуусан. Бид гайхаад нагац эгч рүү нь утасдахад “Доржоо өчигдөр гэртээ хоноогүй. Ажлаасаа 20:00 цаг өнгөрөөж ирээд, 22:00 цагийн үед гэрээсээ гарсан” гэв. Тухайн үед муу зүйл бодолгүй, ойр байдаг хамаатан садан, эсвэл найз нөхдийнхөөрөө хонож дээ гэж бодсон юм.

Тэд сураг гарахгүй болохоор нь над руу утасдаад, тэгээд телевизийн мэдээг санаж, ээж нь “Үймээний үеэр олон залууг баривчилсан гэсэн. Хойшоо ачигдсан байх” гэхээр нь очиж үзтэл байдаггүй. “Тийм нэртэй хүн ирээгүй” гэхээр нь сүүлдээ эмнэлгүүдийн шарил хадгалах газаар явсан. Гэтэл I эмнэлгийн шарил хадгалах газарт Дорнод аймгийн Энхбаатартай хамт байлаа. Хүүг маань I эмнэлгийн хойд талын үзүүрт 01:00 цагийн үед буудсан байсан. Буудуулсных нь дараа 100 метрийн зайтай I эмнэлэг рүү тэнд байсан залуус өргөөд орсон юм билээ. Гэхдээ хүүг маань амиа алдахыг харсан нэг ч гэрч олдоогүй. Хүүг нас барсан талаар 24 цагийн турш хэн ч, юу ч хэлээгүй. Бид өөрсдөө хайж явсаар олсон.

Тэр бүү хэл, гэдсэндээ буудуулсан Ариунбаатарыг дөрвөн хоног цагдаа нар байцааж байснаас биш, гэрийнхэнтэй нь уулзуулаагүй байгаа юм.  Хүү 22:00 цагийн үед гэрээсээ гарсан. Зурагтаар үймээн болж байгааг хараад л залуу хүн сонирхоод очсон байх. Гэхдээ миний хүү тийм ч айхтар нийгмийн идэвхтэй байгаагүй. Харин ямар нийгэмд бид амьдрах ёстой гэдгийг барагцаалдаг хүүхэд байсан. 

-Талийгаачийн аль хэсэгт буудсан байсан бэ?
-Эрүүнд нь буудаж, сум зүүн далных нь үзүүрээр нэвт гарсан байсан. Амиа алдсан таван залуугийн нэг нь миний хүүтэй яг адилхан буудуулсан байна лээ. Тохиолдол гэхээр нэг газар буудсан нь их сонин. Адилхан газраар орсон сум нэг талаар гарна гэдэг нэг хүний буудлага ч байж магадгүй. 

-Хүүгээ одоо ч гэсэн ороод ирэх юм шиг санадаг уу? 
-Үеийнх нь залуусыг хараад, өөрийн эрхгүй өдийд байсан бол эхнэр хүүхдээ дагуулаад, амралтын өдөр хүрээд ирэх байсан даа гэж боддог. Миний хүү чинь эхнэр ч аваагүй. Тухайн үед нэг охины яриа сонсогдоод л байснаас танилцуулаагүй. Ядаж эхнэр, хүүхэдтэй байсан бол гэж их харамсдаг. Өөрийнхөө оронд нэг хүн үлдээгээд явсан бол гэж боддог доо. 12 жил өнгөрсөн ч  унадаг дугуйгаа түрээд гэртээ хүрээд ирэх юм шиг санагддаг. Би хүүдээ “Миний хүү энэ амьдралдаа гоц гойд гавьяа байгуулж, их хэрэг бүтээхгүй л бол эртхэн шиг эхнэр авч, олон хүүхэдтэй болоорой” гэж захидаг байлаа. 

-Таны хүү ямар зан ааштай байв?
-Манай аав амархан баярладаг, хөөрүү хүн байсан. Миний хүү яг тийм хүүхэд байлаа. Ижий, аавдаа жаахан л тортой юм бариад ороод ирвэл сэтгэл нь баясаж, хөөрнө. Сүүлчийн удаа гэртээ тор дүүрэн хүнс бариад ирэхдээ миний хүү хагартлаа баярлаж байсан даа.  

-Амиа алдсан иргэдийн ар гэр болон үймээний үеэр хохирсон иргэд долдугаар сарын 1-ний гол буруутнаар тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярыг нэрлэдэг юм билээ. Монголын төр та бүхнээс уучлалт гуйсан уу? 
-Тухайн үед Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Тэрбээр УИХ-д сууж байсан гишүүд рүүгээ заагаад “Би эд нарын өмнөөс, мөн Ерөнхий сайдын өмнөөс Монголын ард түмэн, талийгаачдын ар гэрээс уучлал гуйж байна” гэж хэлсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Онц байдлын шуурхай штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил хоёрыг гол буруутан гэж боддог. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр тухайн үед онц байдал зарласан.

Гэхдээ тэнд нэг алдаа байсан юм. Үндсэн хуульд төрт ёсны төр засаг ажиллах боломжгүй үед онц байдал зарлана гэж заасан байдаг. Гудамжид болж байгаа үймээн самууны төлөө онц байдал зарлах ёсгүй. Гэтэл С.Баяр Ерөнхийлөгч рүү “Онц байдал зарлахгүй бол гарах хор хохирлыг та хариуцна шүү” гэж хэлсэн байж магадгүй. Үймээний үеэр цэл залуухан таван амиа алдаж, 1000 орчим залууг баривчилчихаад байхад С.Баяр гэж хүн 05:00 цагт шатсан намынхаа байрны гадаа мөргөөд зогсож байсан гэдэг. Эрүүл ухаантай хүн ийм үйлдэл хийх үү. 

-Амиа алдсан хүмүүс болоод хохирогчдыг төлөөлж та “Хохирогчдын холбоо” төрийн бус байгууллага байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан.  Одоо хэвээрээ юу? 
-Долдугаар сарын 1-нд тэрнээс ч илүү аюултай нөхцөл байдал үүсэх байсан. Цагдаа нар ямар ч хяналтгүйгээр тэр, энэ гэхгүйгээр иргэд рүү буудсан. Монголчууд аливаа амьтныг хөөж бууддаггүй. Таван залууг хотын гудамжид нохой шиг л буудаж, алсан даа. Энэ үйлдэлдээ тэд хэзээ ч харамсаж байгаагүй. Хүүгийн маань ажил явдлын үеэр нэг эрх бүхий нөхөр ирээд “Араа бодож яриарай. Сайхан мэдээрэй” гэж хэлсэн. Хүнээ алдчихсан,  ууртай байсан хүмүүс элдэв үгээр хэлсэн л байх. Би гэлтгүй манай гэр бүлийнхэн сонгууль сонгуулийн үед л айдаг. За бас юу болчих бол гэхээс гол харладаг.

Тэр хар жилийн тавдугаар сард байгалийн онц аюултай үзэгдэл болж Монгол Улс 52 хүнээ алдсан. Гэтэл 2020 оны тавдугаар сард бас байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл болно гэж зарласан. Бүтэн үе өнгөрсний дараа буюу 12 жилийн ийм үйл явдал болох вий гэхээс хүртэл айж байлаа. Монголчууд хэзээ ч нэгнийнхээ цусыг урсгаж болохгүй. Би хүүгийнхээ шарил дээр очоод хүүдээ “Амиа алдсан таван залууг би төлөөлөөд үлдсэн.

Иргэнээ бууддаггүй төртэй болтлоо би чадлаа хүртэл явна” гэж амласан. Гэхдээ “Чадахгүй байж магадгүй. Намайг уучлаарай. Ямар ч гэсэн чадахын төлөө явах болохоор та нар тайвшир” гэж хэлсэн. Яагаад гэвэл, тэд халуун амиараа энэ төрийг өөрчил гэж баталж, хэлсэн шүү дээ. Тэнгэрээс надад гурван хүүхэд өгсөн байхад төр яагаад биднээс нэг хүүг маань булааж авах ёстой гэж. Тэнгэрээс давсан хүч чадал энэ төрд байх ёстой, үгүйтэй л би тэмцэж яваа. 

-Хүүгийнхээ төлөө хөшөө барих газар гуйгаад, бүтээгүй гэж сонссон? 
-Бид амиа алдсан таван залуугийн гэгээн дурсгалд зориулж хөшөө барих газар гуйсан. Хөшөө бариулахыг Ардчилсан холбоо хүлээн зөвшөөрч, бүх үйл ажиллагаа явагдаад, санхүүгийн их, бага хэмжээний хуримтлал үүсгээд, “Хөшөө барихад бэлэн шүү” гэж бидэнд хэлсэн. Бид хөшөө барих газрыг албан ёсоор хөөцөлдсөн. Тухайн үед төрийн бүх эрхийг Ардчилсан нам барьж байлаа. Хөшөө барих арга хэмжээг тэд эх барихаасаа өмнө дэмжиж байсан ч газар олгоогүй. Тийм учраас би сүүлийн найман жил энэ асуудлаар хөөцөлдөөгүй.

Учир нь, 2012 онд Ардчилсан нам ялахад энэ асуудлыг тухайн намынхныг хөөцөлдөж, анхаарч байгаа гэж бид ойлгосон. Гэтэл хоёр нам  энэ асудлыг тоож хэлэлцэхгүг ойлгосон. Мөн долдугаар сарын 1-ний гол буруутанг тогтоохгүйгээр хэн нэгнийг харлуулах зорилгоор энэ асуудлыг барьж, сэвж ирсэн. Монголчууд “Цэцгийн толгой тасалдаггүй үртэй, Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм аа. Ийм төртэй хүссэн, хүсээгүй болно гэж би боддог. Тэр үед энэ асуудлаар төрөөс  хөшөө босгоно байх. Ийм байхад би наана нь яваад, хэрүүл хийж, мөнгө олох гээд байгаа юм шиг хүмүүст санагдах вий гээд хөөцөлдөхөө больсон. 

-Тухайн үед хохирогчдын ар гэрийнхэн гэж эмэгтэйчүүд голцуу тэмцэж байсан. Тэднийг та тэргүүлж, олон ч удаа жагсаал зохион байгуулсан. Одоо хохирогчдын биеийн байдал ямар байгаа вэ?
-Галт зэвсгэнд шархадсан гурав, амиа алдсан дөрвөн залуугийн ар гэртэй холбоотой байдаг. Бид жил гаруйн хугацаанд хамт тэмцсэн. Тэд минь сүүлдээ туйлдсан. Би анх 50 саяын нөхөн олговор өгөхөд нь “Хэргийн гол буруутнууд албан ёсоор уучлалт гуйхгүй бол авахгүй. Хүний хүүхдийг хүчээр алчихаад та нар яаж байна. Тэгвэл би С.Баярынд очоод хүүхдийг нь алчихъя. Чи тэгээд тэр төрийн мөнгийг аваарай гэж хэлье” гэсэн. Сүүлдээ хүмүүсийн маань амьдал ахуй нь хэцүүдэж, яах ч аргагүй тэмцлээ зогсоосон. Ядаж байхад өвөл байсан болохоор маргааш хэн нь ханиад, хатгаа тусах бол гэхээс айж байлаа.

Хууль зүйн яамны гадаа арванхоёрдугаар сард суулт хийж байгаад “Хэдүүлээ хүнээ алдчихаад, дээрээс нь өөрсдөө эрүүл мэндээрээ хохирлоо. Бид ингэж болохгүй юм байна. Та нар дан эмэгтэй хүмүүс учраас одоо гэртээ харьцгаа. Би ганц эрэгтэйгээрээ энэ тэмцлийг үргэлжлүүлье. Харин шаардлага гарвал та нартай зөвшилцөнө” гэж хэлээд, өнөөх нөхөн төлбөрийн 50 сая төгрөгийг авахаас өөр аргагүйд хүрсэн дээ.

Би тухайн үед Хууль зүйн яамны сайд байсан Ц.Мөнх-Оргилтой 10 жил хэрэлдлээ. Тэрнээс сүүлд “Хөлөндөө буудуулсан Ариунбаатар гээд залууг БНСУ-д эмчлүүлээд өгөөч” гэж арга ядаад гуйсан юм. Би мөнгөтэй байсан бол өөрөө эмчлүүлчихнэ. Ариунбаатар одоо хөлөө тайруулах дээрээ тулаад байгаа. Гэтэл Ц.Мөнх-Оргил зүгээр л БНСУ-д аваачаад хаячихсан байна лээ.

-Өнөөдөр та бүхэн талийгаачдын гэгээн дурсгалд зориулж ямар үйл ажиллагаа хийх вэ?
-Жил бүрийн долдугаар сарын 1-ний өглөө гандан орж, ном уншуулж, Хэлмэгдсийн хөшөөнд цэцэг өргөн, орой нь Тусгаар тогтнолын ордны гадаа зул асаадаг. Энэ үйл ажиллагааг маргааш (өнөөдөр) ч бас хийнэ.

Үндэсний шуудан сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.20)
    цагдаа нар манукорт робот болсон нь америкаас
    2020 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 51 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 1 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 26 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top