Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр болж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд бодлогын хүүг хэвээр буюу 9 хувьд хадгалахаар тогтжээ.
Түүнчлэн банкны системийн тогтвортой байдлыг хангах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэр гаргасан байна.
Олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг үндэслэн Монголбанкнаас эдийн засгийг дэмжих санхүүжилтийн болон бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Жилийн инфляц 2020 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 3.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 3.5 хувьтай гарчээ.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляц өсөхөөргүй, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсэхгүй тохиолдолд инфляц зорилтот түвшнээс бага байх хүлээлттэй байна.
Цар тахалтай холбоотой гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш авч хэрэгжүүлсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна гэж Монголбанк үзэж байна.
Гэвч гадаад эрэлт болон эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, Covid-19-ийн тархалтаас сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээ үргэлжилж, дотоод эрэлт эхний хагас жилд агшсан. Энэ онд эдийн засгийн өсөлт саарч, инфляц нам түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа боловч, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хангах шаардлага нь мөнгөний бодлогын төлвийг цаашид зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байна. Гадаад худалдааны маргаан үргэлжлэх, гадаад эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах зэрэг нь тодорхой бус байдал, эрсдэлийг нэмэгдүүлсээр байгааг тэмдэглэв.