МУБИС-ийн дэргэдэх Сэтгэлзүйн үйлчилгээний төвийн эрхлэгч багш, сэтгэлзүйч, доктор, дэд профессор М.Хишиг-Ундрахыг зочноор ярьсан юм.
-Та бид хоёрын ярианы гол сэдэв сэтгэлзүйн ухаанд чиглэх юм. Тэгэхээр эхлээд сэтгэлзүйчийг хэрхэн бэлтгэж байна гэдгээс яриагаа эхлэх үү?
-МУИС, МУБИС, ДХИС болоод ер нь багш бэлтгэдэг олон их, дээд сургуульд сэтгэлзүйч төгсгөн гаргаж байна л даа.
Манай Боловсролын их сургуульд гэхэд энэ мэргэжлээр жилд 30 орчим элсэлттэй байдаг байсан бол сүүлийн жилүүүдэд 60-70 хүрч өнгөрсөн жил 100 хүүхэд элссэн. Энэ өсөлт юуг харуулж байна гэхээр нийгэмд сэтгэлзүйч мэргэжилтний шаардлага их байгаа гэсэн үг юм. Тэгээд энэ мэтээр олон сургуул сэтгэлзүйч төгсгөдөг гэхээр хангалттай олон сэтгэлзүйч бэлтгэгдэж байгаа. Харин харамсалтай нь энэ мэргэжилтний маань орон тоотой газар маш цөөн. Энэ нь сэтгэлзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, үйлчилгээг хүндээ хүргэхэд цаашлаад нийгэмд үзүүлэх үр нөлөө нь бага байгаа юм.
-Мэргэжилтэн бэлтгээд л байна. Гэтэл орон тоогүй гэдэг юу гэсэн үг вэ?
-Дэлхийн улсуудад байгууллага бүхэн шахам сэтгэлзүйчтэй байдаг юм билээ. Тэр ч байтугай ерөнхий болосролын сургуульд нь сэтгэлзүйн ойлголт өгөх хичээл орсон байдаг. Энэ нь нийгэмд зөв хүн бэлтгэн гаргах үндэс нь гэхээр. Гэтэл манайд цэцэрлэг, сургууль хүртэл сэтгэлзүйчгүй байна. Уг нь цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлууд нь сэтгэлзүйчтэй байхыг их дэмждэг. Гэтэл сэтгэлзүйч ажиллуулъя гэхээр орон тоо байхгүй, цалин өгөх боломж нь байхгүй гэдэг. 2018 онд БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа ажиллаж байхдаа цэцэрлэг, ЕБС-иуд сэтгэлзүйчтэй байна гэсэн тушаал гаргасан нь сайн хэрэг. Гэтэл тэр хүн удалгүй сайдын ажлаа өгсөн учир уг тушаалыг хэрэгжүүлэхийн төлөө хөөцөлдөх хүн олдоогүй ч юм уу. За тэгээд манай төр, засгийн ажилд залгамж халаа гэж юм бас байхгүйгээс биеллээ олоогүй ээ. Гэхдээ цаашдаа зөвхөн сургууль, цэцэрлэг биш олон салбарт сэтгэлзүйчийн орон тоотой болох байлгүй гэж найдаж байдаг. Манай боловсролын байгууллагууд хүүхдэд юм сургаад байгаа л гэдэг. Гэтэл сэтгэлзүйн боловсрол нь хоцорчихоод байна. Хүүхэд сэтгэлзүйн ойлголттой болоод ирэхээр бусдыг ойлгодог болно. Хүнийг хүндэтгэдэг болно. Бусдыг сонсдог болно. Өөрийн бодлыг бусдад тулган хүлээлгэдэггүй болно. Өөрийгөө зөв таньж мэдэхэд нь ч тустай. Цаашдаа ээж аав болох суурь бэлтгэл нь бий болно гэсэн үг.
Блиц:
Мижгээгийн Хишиг-Ундрах /Багш, сэтгэлзүйч/
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Сэтгэлзүйн үйлчилгээний төвийн эрхлэгч, доктор, дэд профессор
1985-1989 онд Багшийн сургууль.
1992-1997 онд МУБИС-ийг дүүргэсэн. 30-аад жил багшилсан.
2005 онд 8-12 насны өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчдын хараа, сонсголын ой тогтоолтын судалгаа сэдвээр сэтгэлзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Та сургууль цэцэрлэг сэтгэлзүйчтэй байхын ач холбогдлыг нь хэлээд байнаа даа?
-Тийм ээ. Сэтгэлзүйчтэй байгаад тохиолдож байгаа асуудлыг дор дор нь шийдээд чиглүүлээд явах юм бол тухайн хүүхэд насанд хүрсэн хойноо гэр бүлээ, хүүхдээ хүчирхийлэгч болохгүй шүү дээ. Иргэд нь сэтгэлзүйн боловсролтой байж л нийгэм эрүүлжинэ. Гэтэл манай оронд дээд удирдлагын хүмүүс хөгжил дэвшил гээд ярихаараа дан материаллаг тал руугаа анхаараад хүнийхээ хөгжлийн асуудлыг орхигдуулаад байна. Ер нь хүн нь төв төвшин байна уу, хэр аз жаргалтай амьдарч байна вэ гэдгээрээ дэлхийн улс орнууд хүний хөгжлийнхөө индекс дээр эрэмбэлэгддэг байх юм. Гэтэл манайд янз бүрийн асуудал гарахаас сэргийлэхийн оронд нэгэнт гарсан хойн нь хойноос нь яваад байна.
-Ийм жишээ хэл гэвэл...?
-Тэр амархан л даа. Гэр бүл, залуучуудын байгууллагууд байдаг. Хууль хүчний байгууллагад ч энэ чиглэлтэй алба ажилладаг. Гэтэл тэд хүчирхийлэлд өртөөд ирсэн хүнд л үйлчлэх үүрэгтэй мэт ажиллаад байна. Наад зах нь хүчирхийллийн асуудалд өртсөн хүнд үйлчлэх туслах төв гэж байгуулж байна. Энэ нь хүүхэдтэйгээ, хүнтэйгээ урьд нь ажиллаагүй, хүнээ хөгжүүлээгүйн учир ямар нэг зөрчил алдаа дутагдал гарсны дараа яахав гэдгээ санаад байгаа ч юм шиг. Асуудлын хойноос явдаг агуулгатай ажил болоод байгаа юм. Ер нь хүчирхийлэл бий болохоос урьдчилан сэргийлэх арга нь хүүхдэд багаас нь сэтгэлзүйн боловсрол олгох, хүнээ хөгжүүлэх талыг илүүд анхаарах нь чухал юм. Ингэхийн тулд байгууллага бүр сэтгэлзүйчтай байх учиртай гэж би хэлнэ.
-Эндээс нэг санаа төрөх нь Монгол Улс улам дэвжихэд хүнийхээ хөгжлийг орхигдуулсан явдал саад болж байна гэж өөрөө хэлээд байнаа даа?
-Яг тийм шүү дээ. Монголчууд дэлхийд гайхуулах юм ихтай. Урлаг, спортын алдартнууд төрөн гарсаар гайхагдаж байдаг. Монгол хүний бие, сэтгэлзүйн чанар нь агуу л даа. Хамгийн наад зах нь дэлхийг тэр чигээр нь аюул заналд учруулаад байгаа энэ “Ковид-19” өвчний үед яаж байна. Уг өвчнийг дотооддоо алдаагүй ганц орон болоод байна. Энэ чинь монгол хүн бие сэтгэлзүйн чадавх өндөр гэдгийг харуулах үзүүлэлт. Гэтэл энэ удам судартай гарамгай улс үндэстэн чинь монгол хүнээ судалдаг дэлхийн жишигтэй лаборатори алга, монгол хүнээ судалдаг дагнасан хүрээлэн институт байхгүй байна. Тэгэхээр хүндээ боловсрол олгодог байгууллагууд тэр дотор иргэдэд зөвлөгөө өгдөг сэтгэлзүйчид нь байгаад байвч араас нь чиглүүлэх юм нь хоцроод байдаг л даа. Энэ нь эрх зүйгээр хангах ажил. Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартаа хандаж хүсэхэд Монгол Улсад сэтгэл судлалын үндэсний байгууллагатай болмоор санагддаг юм. Тэр нь монгол хүн гэж хэн бэ гэдгийг судлах хүрээлэн.
-Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвүүд хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай их сургуулийн удирдах хүмүүс асуудлыг зөвөөр олж хараад сургуулийнхаа дэргэд Сэтгэлзүйн үндэсний төв ажилллуулж байгаа. Үүнд нь сэтгэлзүйчид бид талархалтай ханддаг. Миний хувьд сургуульдаа гучин жил багшилсан туршлагадаа тулгуурлан энэ төвийг сайн ажиллуулахыг хичээж ирлээ. Манай төв судалгаа шинжилгээний ажлыг голчлон хийж байна. Манай төв бусад төвүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл академик байгууллага. Үйл ажиллагааны хувьд дэлхийн сэтгэлзүйн байгууллагуудын хүнээ судалдаг суурь тестүүдийг орчуулан авч монгол хүнийхээ онцлогт тохируулж нутагшуулаад үүнийхээ дагуу судалгаа шинжилгээгээ хийж иргэддээ үйлчилж байгаа. Бид онол, аргазүйн чиглэлээр сэтгэл судлаач багш нарт зориулсан үндэсний хэмжээний сэтгүүл гаргадаг. Энэ сэтгүүл маань өнгөрсөн жил олон улсын индекс дугаараа авсан. Монголд сэтгэлзүйн үйлчилгээний олон төв бий л дээ. Тэд төрийн бус статутсайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд мэргэжлийн сэтгэлзүйчид ажилладаг. Сүүлийн жилүүдэд сэтгэлзүйн үйлчилгээний төвд ирэх иргэдийн хандлага их нэмэгдсэн шүү. Янз бүрийн асуудалд орсноос сэтгэл санааны гутралд орсон, сэтгэлзүйн асуудалтай хүн бидэнд олноороо хандаж байна.
-Өнөөдөр Монголын нийгмийн сэтгэлзүй ер нь ямархуу түвшинд байдаг юм бэ?
-Доголдолтой юм их бий. Судалгаанаас харахад өсвөр насныхны сэтгэлзүйгээ жолоодох чадвар тааруу тал байгаа. Хамгийн гол нь сэтгэлзүйн боловсрол дутмагаас ямар нэг таагүй асуудалд ээрэгдэхтэйгээ зэрэг өөрийгөө удирдах, хянах чадвараа алдаж янз бүрийн эрсдэлтэй алхам хийдэг явдал байна. Энэ нь юутай холбоотойг бидний судалгаа харуулж байдаг. Өнөөдрийн нийгэмд зарим эцэг, эхчүүдийн сэтгэлзүйн боловсрол муугаас, үүргээ дутуу ухамсарласнаас гол нь шалтгаалж байна. Эцэг, эхчүүд голдуу социалист нийгмийн бүтээгдэхүүн. Үр хүүхдүүд нь тэрнээс өөр зах зээлийн нийгэмд өсч өндийж байгаа шүү дээ. Гэтэл мэдээллийг асар олон сувгаар асар ихээр авах нөхцөл бүрдчихсэн энэ цаг үед өөрсдийнхөө туулж ирсэн нийгмийн байдалтай адил санаж “би тийм байсан. Та нар ийм байх ёстой” гэсэн ерөнхий хандлагыг хүүхдэдээ харуулж байгаа явдал бол алдаа юм. Бас хүүхдийнхээ дотоод сэтгэлийг, үгийг сонсохгүй хүүхдээ ямар хүүхэдтэй найзалж нөхөрлөөд байгааг анзаардаггүйгээс хохирол амсдаг тал байгаа. Та хүүгийнхээ найзыг мэдэх үү гэсэн асуудлаар судалгаа хийж үзэхэд зарим эцэг, эх мэддэг гэх боловч тэр найз нь ямархуу амьдралтай юм. Аав ээж нь ямар ажил албатай юм, тэдний нөхөрлөл, найзын харилцаа юун дээр тулгуурлаж байнав, найзлах явцдаа бие биедээ ямар нөлөөлөл үзүүлж байнав гэдгийг нарийн мэддэггүй. Энэ тухай нь мэдэхийг хүсдэггүй нь ч бий. Хүүхдийнхээ найзын нэрийг мэдэхгүй байх явдал энүүхэнд. Энэ чинь хүүхдээ хараа хяналтаасаа хол хөндий байлгаж байна гэсэн үг.
-Өнөөдөр мэдээллийн их “цатгалан” эрин үе гэж болно. Тиймээс мэдээллийн ташаа хандлага хүүхдийн сэтгэлзүйд буруу нөлөө үзүүлдэг тухай хүмүүс ярьдаг юм билээ.
-Энэ чухал асуудал. Мэдээллийн асар их ачаалал дунд бид амьдарч байна л даа. Үүнд хүүхэд, залуучууд төөрөлдөж авах гээхийн ухаанаар хандаж чадахгүйд хүрдэг. Хүүхдүүд дарвиад толгойдоо уут углаж байгаад шар цавуу, газ үнэрлэж байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр “Ингэхээр сэтгэл санаа сайхан болдог, гоё байдаг юм гэнэлээ” гэх жишээтэй. Зарим нь амиа хорлоход хүрдэг ч бий. Иймээс мэдээллийн сувгууд цацаж байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй болох хэрэгтэй юм шиг санагддаг. Даангүй телевизүүдэд сэтгэл судлалын багтай баймаар. Хамгийн наад зах нь хүүхэлдэйн киноноос хүртэл бага насныханд тохирохгүй том хүний үг яриа, бусармаг үгс их сонсогддог. Алах талах, алуурчин гэх мэт муухай үг хэллэгтэй нь ч бий. Харах, сонсох, үзэх, амтлах гээд таван мэдрэхүйгээр дамжсан, тэндээс олж авсан тэр мэдээллийн ул мөр уураг тархинд заавал үлддэг. Тэр ул мөр хэзээ нэг цагт хүний сэтгэл санааг цочроосон юм тохиолдоход сэргээгдэж гарч ирж ямар нэг эрсдэлтэй алхам хийхэд хүргэдэг. Иймээс мэдээллийн шүүлтүүр гэдэг юм хэрэгтэй гэж л хэлэх гээд байна л даа.
-Монголд гэр бүл салалт сүүлийн үед элбэгшсэн гэдэг. Энэ яалт ч үгүй сэтгэлзүйн боловсролын дутмаг байдлаас болдог биз.
-Тийм ээ. Сүүлийн үед шүүхийн зөвлөлд Эвлэрүүлэн зуучлах алба гэж бий болгосон. Энэ алба эр, эм хоёрын салах өргөдлийг хүлээж аваад 3-6 сард эвлэрч салахгүй байх зөвлөгөө өгдөг. Үр дүнд хүрдэг. Гэтэл энд бас нэг дутагдалтай зүйл ажиглагддаг л даа. Тэр эвлэрүүлэн зуучлах албанд нь мэргэжлийн сэтгэлзүйч байдаггүй. Иймээс тэднийг хууль эрхзүйн талын баахан зөвлөгөөгөөр бөмбөгддөг. Тэгвэл бие биедээ туньсан, шарлахсан хоёр хос эвлэрэхгүй салчих гээд байдаг. Тэгэхээр нь хуульч, өмгөөлөгч нар “Энэ хоёрыг салгамааргүй байна, сэтгэлзүйн зөвлөгөө өгч туслаач” гэж бидэн рүү явуулдаг. Танил талын шугамаар голдуу. Бид уян хатан хандаж чадах чинээгээрээ зөвлөгөө өгдөг. Итгүүлж ятгахыг эрмэлздэг. Тэгээд тэр зөвлөгөө өгсөн гэр бүлүүдтэй эргэх холбоотой ажиллаад үзэхэд буцаж эвлэрээд сайхан амьдарч байгаа хүмүүс байдаг. Энэ чинь хууль шүүхийн шатанд сэтгэлзүйч байх шаардлагатайг харуулж байгаа юм. Манай төвийнхөн телевизийн зарим сувгуудтай хамтарч ажиллаад өглөө хөтөлбөрт юм уу хамрагдаж сэтгэл судлалын яриа өрнүүлдэг. Энэ бол нийгмийн сэтгэлзүйг дээшлүүлэхэд нэмэр болох ажил. Нэг олзуурхмаар юм бол зарим байгууллагад гэр бүлийн зөвлөлтэй болсон явдал. Хамгийн сүүлд ГХЯ-ны гэр бүлийн зөвлөл биднийг урьж лекц уншуулах зэргээр ажилладаг. Би эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн хайрлах нь ямар үр дагавартай вэ гэдэг талаар нэг зүйлийг хэлэх үү.
-За тэг л дээ?
-Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд эцэг эхчүүд хүүхдээ буруу хайрласнаас сэтгэцийн гажуудалд хүргэдэг тал ажиглагдлаа л даа. Гурван төрлийн гаж хайр байна. Нэг. Уяралын хайр. Энэ нь миний хэнз хүүхэд ч гэдэг юм уу. Ганц хүү ч гэх. Бас миний 37-ны жил дээр гарсан юм. Аавын минь сүнс эргээд ирсэн байх гэх зэргээр өөрсөддөө нэг лоозон маягийн юм дэвшүүлчихээд түүндээ уяраад хушуу дэвсээд хүүхдээ эрхлүүлчихдэг. Ингэж хайрлуулж өссөн хүүхэд өөрөө хүнээс хайр нэхээд байхаас бусдыг хайрлах нинжин сэтгэлгүй хүн болж төлөвшдөг. Хоёрт. Барьцаалах маягийн хайр гэж байна. “За миний хүү гэрээ цэвэрлэчихвэл гадаа гарч тоглож болно шүү. Энэ улирлаар олигтойхон сурвал хүсээд байдаг дугуйг чинь авч өгнө. Охин минь үүнийгээ эмхэлж янзалчихаад хүүхэлдэйн киногоо үзээрэй гэх мэтээр заавал нэг барьцаа тавиад байдаг. Энэ нь хүнийг тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ шүү гэсэн тийм барьцдаг зан чанартай болгодог. Дандаа барьцаагаар бусдыг хайрлах нь нөгөө л нинжин сэтгэлгүй болгоно гэсэн үг. Гуравт. Дарангуйлан хайрлах гэж байна. Хүүхэддээ би чамайг тэжээж байна. Бас хүний өмсгөөгүйг өмсгөж байна гээд байнга захирагдаж байхыг тулгадаг. Хүүхдийнхээ үгийг сонсдоггүй мөн дотоод сэтгэлийг нь ойлгохыг хичээхгүйгээр хайрлах хайр байна. Үнэтэй хувцас авч өгсөнөө хайр гэж эндүүрдэг. Үүнээс болж ирээдүйд дарангуйлагч төрөх нөхцлийг бүрдүүлж байгаа гэж хэлж болно.
-Сэтгэлзүйч гэж ер нь чухам хэн бэ?
-Хүний дотоод сэтгэлийг бүрэн ойлгоод тухайн хүнд өөрийгөө зөвөөр харж чадахгүй байгаагийн учир юу байна гэдгийг таньж мэдсэний үндсэн дээр ялих шалихгүй зүйлээс болж стресстээд бухимдаэад өөрийн алдааг бусдад тохохыг хичээгээд байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгдөг мэргэжилтэн юм.
-Сэтгэлзүйчийн орон тоотой байгууллага олон байна уу?
-Би энэ л учир дутагдалтай гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Хүчний байгууллагууд сэтгэл зүйчтэй ажилладаг болоод хэдэн жил боллоо. Цэргийн ангиуд, ШШГГ-ын харьяа хорих газрууд, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн байгууллага гээд л. Тэнд манай төгсөгчид голдуу ажилладаг. Би дахиад хэлье. Алив салбарын бүх байгууллага сэтгэлзүйчтэй байх ёстой гэж.
-Миний хувьд спортын байгууллагууд сэтгэлзүйчгүй байдагт харамсдаг. Бас л нөгөө орон тоогүйн харгай байх даа.
-Тийм ч байх. Тамирчин хүн өөрийн чадвар, хүчиндээ итгэлтэй, өрсөлдөгчөө ялах зориг тэвчээртэй байхад сэтгэлзүйн хүч их нөлөөтэй шүү дээ. Улсын шигшээ баг дэргэдээ сэтгэлзүйчдийн багтай байх ёстой. Бөхчүүд гэхэд хувиараа сэтгэлзүйчид ханддаг болсон байналээ. Ер нь тамирчид төдийгүй эмнэлгийн байгууллагад сэтгэлзүйч шаардлагатай. Хэн нэгэн өвчиллөө гэхэд өвчиндөө нэг шанална. Үр хүүхдээ яана даа гэж зовно. Үхэл хэзээ бол гэж сэтгэлээ улам өвтгөнө. Энэ үед сэтгэлзүйч хоёр дахь эмч нь байх ёстой юм.
-Одоо УИХ-ын ээлжит сонгууль болох гээд сурталчилгаа явагдаж байна. Энэ үед нэр дэвшигчид, сонгогчдын сэтгэлзүй ер нь ямархуу харагдаж байна вэ?
-УИХ-д сонгогдохоор нэр дэвшигчид өөрсдөө их соёлтой, сэтгэлзүйн зөв түвшинд ажиллаж байж сонгогч олны итгэлийг олж авна. Гэтэл сурталчилгааны үеийн явцаас харахад захиалгатай, захиалгагүй хар бараан зүйл их харагдаж байгаа. Хэн нэгнийг доромжилсон, хүмүүсийн сэтгэлзүйд халдсан юмс ч их байна. Хүнийг хүндэлж элгэмсэг зөв хандаж байвал өөрөө хүндлүүлэхийн эхлэл тэр. Өмнөх УИХ-ын бүрэлдэхүүнээс ч элдэв хэрэг төвөгт орооцолдсон, ашиг сонирхлын зөрчилтэйн улмаас алдаанд орогсод цөөнгүй л байсан шүү дээ. Иймээс УИХ мэргэжлийн сэтгэлзүйчдийн багтай баймаар байгаа юм. Төрийн байгууллагуудын бүтцэд олон байгууллага, агентлаг нэмэгдээд л байдаг. Гэтэл хүний хөгжилтэй холбоотой байгууллага төрүүлэхгүй юм. Ингэхээр монгол хүнээ судлаагүй юм чинь улс орон маань яаж хөгжих юм бэ гэсэн бодол төрдөг.
-Монголд сэтгэлзүйн салбарыг хөгжүүлэхийн тулд яаж ажиллавал зохистой вэ. Та ямар гаргалгаа хэлмээр байна вэ?
-Сэтгэлзүйчдийг бол бэлтгээд байна. Жилд гэхэд хангалттай олон хүн төгсөн гарч байна. Тиймээс сургууль, цэцэрлэгээс эхлээд бүх байгууллагад сэтгэлзүйчийн орон тоог бий болгомоор байна. Харамсалтай нь өнөөгийн УИХ-д гэхэд бизнесмен, хуульч, эдийн засагч талын голдуу хүмүүс гарчихаад тэд асуудлыг ярихдаа дан мөнгө хөрөнгө, уул уурхай л яриад байх юм. Тэнд цөөн ч бай сэтгэлзүйчид байх юм бол өөр болж магадгүй... Зөв сэтгэлтэй өөрөө амар амгаланг олж аваад ажил төрлөө хийхдээ сэтгэлзүйн ямар ч дарамтгүй байх юм бол тэр хүнээс ажлын үр дүн, амжилт гарна. Цаашлаад улс орон маань хөгжинө. Миний хүсэх хамгийн гол юм юу вэ гэвэл би дээр хэлсэн дээ. Монгол хүнээ судалдаг лаборатори бүхий сэтгэл судлалын хүрээлэнтэй болмоор байгаа юм. Ингэсэн тохиолдолд монгол хүний шалгармал шинж чанар улам тодорч дэлхийд монголчуудын манлайлал улам өснө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.22 ДАВАА № 121 (6346)