x

Д.ОНОН: Төв нутгийнхан олон жил “Загасчны морь усгүй” гэдэг шиг явж ирлээ

Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононтой ярилцлаа.

-Сайхан зусч байна уу, Та? УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Энэ удаагийн сонгуулийн явц, байдлын талаар та ямархуу бодолтой байна вэ?

-Өө, сонгогчид бид чинь УИХ-ын сонгууль болохоор л их л олон сайхан үг сонсож, Монгол Улсын хөгжиж дэвжих тухай сайхан сайхан мөрөөдөл сонсох юм. Энэ удаад ч гэсэн бүгд л засья, цэгцлэе, хөгжүүлье гээд байгаа дуулдана лаа. Ийм үгийг ч наснаасаа л олон сонслоо доо. Одоо уг нь ажил хиймээр л байх юм даа. Даанч яг сонгууль дуусахаар хийдэг хүн нь байхгүй болчихдог нь бас их сонин шүү.

-Тэр дундаа Төв аймгийн уугуул иргэний хувьд хөгжлөөс улам бүр хоцрогдож байгаад таны санаа зовж л явдаг байх даа?

-Ах нь одоогоор Дорнод аймагт морь малаа уяад байж байна. Манай Төв аймаг бол үндсэндээ хэцүү шүү дээ. Уг нь газар тариалан, тариан талбай гээд улс орны эдийн засгийн түшиц болохуйц их өргөн уудам сайхан нутаг. Ойн зурвасаа зүй зохистой хамгаалаад, малтай хүн ардынхаа эрх ашгийг эрхэмлээд явах юм бол болохгүй юм байхгүй. Тэгэхэд үнэндээ одоо мал маллахад ч хэцүү болсон. Малчид бидэнд яг үнэндээ бэлчээрийн газар ч их ховор олдож байна. Үлдсэн жаахан газар нь шороо бургиад хэцүү. Үнэнийг хэлэхэд шороо идэх үү, орхиод явах уу гэдэг дээрээ л байна.

Уг нь малчид бид чинь хэдэн малынхаа хүчинд л амьдардаг хүмүүс. Гэтэл энэ дарга нар “Алсын хараа 2050” ч гэнэ үү их л алс холын хийсгэлэн том том юм яриад байх юм.

-Тэр их холын зорилго танд итгэл үнэмшилгүй санагдаад байна гэж үү?

-Тийм ээ. Социалимзын үед төр засаг ард түмэнтэйгээ хамтраад таван жилийн төлөвлөгөө гаргачихдаг. Тэр төлөвлөгөө нь таван жилдээ яг таг хэрэгждэг байлаа. Тэгэхэд одоо цементэн дээр цэцэг ургуулах гэж байгаа юм шиг л хөөрсөн, хөөрсөн зорилт яриад байх юм. Өнөө маргаашийнхаа амьдрал ахуйг яаая гэж байгаа хүмүүст хаа байсан 2050 оны зорилт яриад яах вэ дээ. Дөрвөн жилийнхээ улс төрийн амлалтаа биелүүлдэггүй хүмүүс хаа байсан 2050 хүртэл Монголыг номон дээр бичсэн шигээ хөгжүүлж чадах уу.

Анхаараад сонсоод үзэхээр их л хөөрүү сэтгэлээр бичсэн төлөвлөгөө зорилт юм болов уу гэж бодсон. Сайн сонсоорой, сонин сонин зорилт байна лээ шүү, тэр дунд нь.

-Харамсалтай нь, Төв аймаг сүүлийн 30 жилд олигтой хөгжсөнгүй. Тэгсэн атлаа танай нутгаас МАН-ын том дарга нар тасралтгүй УИХ-д сонгогдсон байх юм билээ. Сонин шүү?

-Би хааяа боддог юм аа. Ёстой загасчны морь усгүй гэдэг л энэ байх гэж. Хамаг олигтой, боломжтой амьдрал ахуйтай нь хот нүүчихсэн. Аймаг орон нутагтаа төрийн албан хаагч, сургууль соёлд үр хүүхэд нь сурдаг хүмүүс л амьдарч байгаа. Хөгжлийн тухайд бол ярих ч юм биш. Хөгжих битгий хэл л болсон аймаг. Тэгсэн хэрнээ их сонин, хотынхоо иргэдийг тэжээгээд байдаг. Ногоо, үр тариа, мах сүү гээд бүгдийг л хангадаг. Харамсалтай нь, Төв аймгийн маань иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм алга.

-Уг нь их хөдөлмөрч хүмүүс биз?

-Өө хөдөлмөрчтэй ярих юм биш. Хөдөлмөрлөөд л байдаг. Даанч наалддаггүй. Хотынхон ирээд хамаг олигтой үр дүнг нь хамаад авчихдаг шиг байна лээ. Уг нь ядаж л ганц сайхан их сургуулийн цогцолборыг Төв аймгийн нутагт байгуулчих юм бол Төв аймаг маань сэвхийгээд хөгжинө дөө гэж боддог юм. Гэтэл намайг хаа залуу байхад л шинэ хот байгуулна, их сургуулийн цогцолбор байгуулна гэж ярьсан. Хаа байна, тэр шинэ бүтээн байгуулалт нь. Дагуул хот болгоно л гэдэг. Болгосон юм ч алга.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж байгаа хүмүүсээс та хэнийг дэмжиж байгаа вэ?

-Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Тэмүүжинд саналаа өгнө. Энэ удаад зоригтой, өөрийн гэсэн дуу хоолойтой залуу хүмүүсийг сонгоод үзэх цаг болсон гэж бодогдоод байна. Аль болгон хууччуулдаа итгэж алдах вэ дээ. Дандаа л МАН-ыг сонголоо. Ганц гийгүүлсэн юм алга. Иймд энэ удаадаа заавал нэг солиод үзмээр байна. Солихгүй бол дахиад л бахь байдгаараа үлдэж, дахин дөрвөн жил хүлээх болно шүү дээ.

-Х.Тэмүүжин бол улстөрчийн хувьд хэдийн танигдсан туршлагатай улстөрч, сайн хуульч хүн. Гэхдээ та хувь хүнийх нь талаас хэр сайн мэдэх вэ. Танай нутгийн унаган хүүхэд гэх юм билээ?

-Харин ч бүр жаахнаас нь, хүүхэд байхаас нь мэдэх хүн бол би. Манай дүү нартай хар багаасаа нэг тохойд найзалж нөхөрлөж өссөн хүүхэд шүү дээ. Өвөө нь С.Адьяа гэж их мундаг хүн байсан юм. Манай хоёр чинь айл саахалт ч явлаа. Манай С.Адьяа ах адуу малаа над дээр тавьдаг байсан юм. 1971 оных байх шүү, энэ Х.Тэмүүжин чинь.

Ерөнхий хүнийг нь мэддэг болоод ч тэрүү их л зөв яриад байх шиг санагддаг юм. Ялангуяа хуулийн тал руугаа маш сайн боловсорсон хүн дээ. Нэг их амбицлаад бусдын өмнүүр ороод хоосон дэвээд байдаггүй, ярьж хэлэх гэснээ маш тодорхой хэлж яриад яваа харагддаг. Миний дэмжээд байгаа өөр нэг шалтгаан нь удам судар, гэр бүлийнхнийг нь сайн мэддэг болоод тэр. Их шударга, хэлэхээ хэлдэг, санаа бодлоо нуугаад байдаггүй зөв гэж бодсон зорьсондоо хүрдэг дайчин хөдөлмөрч хүмүүс байдаг юм.

Х.Тэмүүжингийн нагац ах нь болох хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнай байна. Түс тас хэлэхээ шууд хэлээд тавьчихдаг их сайхан зоримог, бас их хөдөлмөрч хүн бий. Ер нь тэгээд, ахмад настай хүний нөмөр нөөлөгт өссөн хүүхэд амьдралын зөв, бурууг ялгаж салгахдаа их сайн байдаг шиг санагддаг. Манай Х.Тэмүүжин чинь тийм л өвөөгийн хүү шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.73.121)
    bitii shaa muu avilgach uyach
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 25 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top