Үндэсний супер Лигийн гурван удаагийн аварга, Монголын сагсан бөмбөгийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг ОУХМ Одгий буюу Б.Одбаяртай цөөн хором ярилцлаа.
-Сайхан зусч байна уу, Одгий? Австралид амьдрал ямар байна?
-Би Төв аймгийн унаган хүүхэд. Одоогоор гэр бүлтэйгээ Сидней хотод ажиллаж амьдарч байна. Эндхийн амьдралын хэв маяг Монголынхоос өөр. Өрхийн бүх төлбөр долоо хоногийн давтамжтай, маш шаргуу ажиллахаас өөр аргагүй. Өдөр бүрийг төлөвлөж, өөрийгөө тултал дайчлан ажиллана гэсэн үг. Хэн нэгэнд найдах, горьдох боломжгүй. Харин амралтын өдрүүдээ гэр бүлдээ, үр хүүхдүүддээ зориулж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг.
-Би хоёр охинтой. Охидтойгоо харилцахдаа хүлээцтэй, хэлсэн амандаа хүрдэг аав байхыг хичээдэг. Том охинтойгоо сургууль дээр нь юу болсон, юу санааг нь зовоож байна гэхчлэн маш их ярилцахыг хичээдэг. Охид маань өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийн гэсэн санаа бодолтой хүмүүс болон төлөвшөөсэй гэж би хүсдэг. Эхнэр бид хоёр энд ойлгож мэдэрсэн зүйлсээ монгол залуустайгаа хуваалцах зорилгоор гэр бүлийн влог хийж байгаа. Монголын маань нийгмийн амьдралд өөрчлөх зүйл нэлээд бий. Гэхдээ өөрчлөлтийг өөрөөсөө, гэр бүл дотроо эхлүүлэх ёстой болов уу.
-Удахгүй Монголд сонгууль болох гэж байна. Ямар хүмүүсийг сонгож гаргаж ирээсэй гэж хүсч байна?
-Австраличууд улс төрийн соёлын хувьд монголчуудаас нэлээн их ялгаатай. Саяхан Ерөнхий сайд нь айлын зүлгэн дээр зогсчихсон яриа өгч байтал гэрийн эзэн нь гарч ирээд, зөвшөөрөлгүй гэрийнх нь зүлгэн дээр зогсож байгааг анхааруулж, Ерөнхий сайд ч уучлал гуйгаад асуудлаа эв найртай шийдээд явцгаасан. Манайд бол улстөрчид нь хулгай хийж, ЖДҮ зээл хууль бусаар завшсан ч уучлал гуйдаггүй, өөрсдийгөө хаацайлж хэрэлдсээр байгаад дуусдагт би дургүй. Гэтэл гадуур зугаалж явсан залуус жижиг зодоон хийхэд л ял аваад шоронд ордог. Хууль ёс хүмүүст тэгш үйлчлэхгүй байна шүү дээ.
Энэ тал дээр Х.Тэмүүжин гишүүн сайд байхдаа хуулийн салбарын шинэчлэлийг зоригтой эхлүүлж байсныг мэднэ. Цэгц шулуун, зоримог улстөрч гэж боддог. Тиймээс би Х.Тэмүүжин гишүүнийг дэмжиж байна. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх нь нийгэмд шударга ёс тогтох үндсэн нөхцөл шүү дээ. Бас хуулийн салбарыг шинэчилж, үйл ажиллагааг нь ил тод болгох, жирийн иргэдэд дээрэлхдэг биш иргэндээ үйлчилдэг болгох бодлогыг нь дэмждэг.
-Тэгвэл шинэ, залуу сонгогчдод юу захих вэ?
-Би сонгуулийн насанд хүрсэн цагаасаа саналаа өгч, идэвхтэй оролцож ирсэн. Нэр дэвшигчдийг хэрэндээ сайн судалдаг. Харин санал өгсөн нэр дэвшигч маань алдаа гаргавал тэр хүнд дахин санал өгдөггүй. Тэгж хувийн хариуцлага тооцдог гэх үү дээ. Сайн бодлоготой, хэрэгжүүлэх хөтөлбөртэй улс төрчийг бол ажлаа дуустал хийгээсэй гэж боддог. Зарим чухал бодлогыг хэрэгжүүлэхэд дөрвөн жил хангалттай биш байж ч магад. Үнэхээр сайж ажиллаж, өөрчлөлт авчрахаар чармайж буй улс төрчийг дэмжих л хэрэгтэй. Сонгууль ер нь бидний амьдралын суурь нөхцлийг шийддэг чухал үйл явдал. Тиймээс хариуцлагатай хандаж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуустаа захъя.