ХХЕГ-ын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Зоригтбаатартай төрийн үйлчилгээний талаар ярилцлаа.
-Иргэд хил хамгаалах байгууллагыг Монгол Улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулдаг ХЗДХЯ-ны тохируулагч агентлаг гэх ерөнхий ойлголтоос цааш төдийлөн сайн мэддэггүй. Байгууллагын үүргийн талаар товч танилцуулахгүй юу?
-Юуны өмнө “Зууны мэдээ” сониноор дамжуулан нийт уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хил хамгаалах байгууллага нь хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрүүд, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хилийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Хил хамгаалалтын дүрэм, Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам, Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр, Хил хамгаалах байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөрийг удирдлага болгон улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Тухайлбал, хил хамгаалах байгууллагаас иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ?
-Хил хамгаалах байгууллагаас иргэдэд “Хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын дагуу хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, Монгол Улсын улсын хилээр нэвтэрсэн, зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа өгөх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, Хилийн цэргийн төв архиваас архивын үйлчилгээ үзүүлж байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд иргэдийн дунд аж ахуйн нэгж байгууллагыг хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авч, хилийн зурваст үйл ажиллагаа явуулаад байгаа мэтээр ташаа ойлголт түгээмэл байна. Энэ нь иргэдийн хууль эрх зүйн ойлголт сул байгаатай холбоотой. Ярианы эхэнд хил хамгаалаах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг дэлгэрэнгүй өгүүлсэн нь үүнтэй холбоотой юм. Нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл гарахад нийгмээрээ давалгаалах үзэгдэл нь байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг харлуулах хор уршиг дагуулах болсон. Тиймээс дахин хэлэхэд хил хамгаалах байгууллага хилийн зурваст уул, уурхай ашигт малтмалын чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодоггүй.
-Хилийн зурвас, бүсэд өнөөдрийн байдлаар хэдэн нэвтрэх зөвшөөрөл олгоод байна вэ?
-Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг хянаж “Хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл”-ийг 2019 онд давхардсан тоогоор 1747 аж ахуйн нэгж, байгууллага, 58303 иргэн, 31761 тээврийн хэрэгсэлд олгосон. Харин энэ оны эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 267 аж ахуйн нэгж, байгууллага, 12748 иргэн, 8121 тээврийн хэрэгсэлд олгосон байна.
-Засгийн газраас төрийн байгууллагыг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх талаар олон арга хэмжээг авч байгаа. Хил хамгаалах байгууллагын зүгээс үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгохын тулд ямар алхмуудыг хийв?
-Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд “Төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн”. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, цаасгүй, хүргэх нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Хур” системд төрийн байгууллагын мэдээллийг бүрэн байршуулж, ашиглалтыг сайжруулах арга хэмжээг тусгасан. Мөн хил хамгаалах байгууллагаас иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор байгууллагын цахим хуудсыг шинэчлэх, иргэдэд үйлчлэх, санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах тусгай байрыг шинээр бий болгох, Олон нийттэй харилцах албаны фэйсбүүк хуудас нээн ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
-Төрийн үйлчилгээг шуурхай хүргэж хэдэн хүний өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн бэ?
-Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэн 2016-2019 онд нийт 15207 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Харин 2020 он гарсаар эхний улирлын байдлаар иргэдээс ирүүлсэн 389 өргөдөл, гомдолд зохих хариултыг өгөөд байна. Хилийн цэргийн төв архиваас он гарсаар 1160 иргэнд лавлагаа, хуулбарыг гарган үйлчиллээ. Иргэд та бүхэн хил хамгаалах байгууллагатай холбоотой мэдээ мэдээллийг bpo.gov.mn цахимын “Иргэдийн булан, үйлчилгээ” гэсэн хэсэг бий. Мөн “ХХЕГ-ын Олон нийттэй харилцах алба” пэйж хуудсаар дамжуулан хүлээн авч болно.
-Хил хамгаалах байгууллага нь иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, хил орчмын орон нутгийн иргэдэд урлаг, соёлоор үйлчилдэг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Залуу хойч үедээ эх орны үнэ цэнийг ойлгуулан, эх орноороо бахархах хүмүүжлийг олгох зорилгоор жил бүр оюутан, сурагч, багш, сэтгүүлч, зохиолчдыг улсын хилтэй танилцуулах аяллыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Хил хамгаалах ерөнхий газарт Улсын хилийн түүхийн музей, хилийн ангиудад алдрын танхим гэж бий. Энэ музей, танхимаар дамжуулан иргэдэд хил, хилчдийн талаарх ойлголтыг үнэ төлбөргүй олгож байна. Таны хэлсэнчлэн хил хамгаалах байгууллага мэргэжлийн урлагийн байгууллага болох Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгатай. Тус мэргэжлийн урлагийн байгууллага нь жил бүр хилийн ангиудад урлаг, соёлоор үйлчлэхдээ хил орчмын аймаг, сум, багт үнэ төлбөргүй урлагийн тоглолтоор үйлчилдэг. Өнгөрсөн онд хилийн долоон ангид 92 удаагийн бүрэн хэмжээний, 78 удаагийн үдэшлэгийн арга хэмжээг зохион байгуулж, нийт 6500 гаруй хилчин, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдэд урлаг, соёлоор үйлчилсэн. Хилийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудад “Хилчин” танхим байгуулж, уг танхимдаа эх орон, хил хилчдийн талаарх сургалтыг сурагчдад явуулдаг уламжлал тогтсон. Жил бүр МУИС, МУБИС-ийн оюутнуудыг хамруулж “Хилийн зөрчлөөс ялалт хүртэл” арга хэмжээг зохион байгуулдаг. Тус үйл ажиллагааны хүрээнд 1000 орчим оюутан, залуус хил хамгаалах байгууллага, хилчдийн алба үйл ажиллагаатай танилцсан. Энэ арга хэмжээ нь бусад сургуульд ч мөн нээлттэй.
-Үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхийн тулд цахим хэлбэрийг сүүлийн үед эрэлхийлэх болсон?
-Цаашид байгууллагын хэмжээнд ажлын уялдаа, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, тоон гарын үсэг ашиглах техник, технологийн нөхцлийг судалж, нэвтрүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хилчдийн алба үйл ажиллагааг гадаад, дотоодын байгууллага, олон нийтэд сурталчлах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангахад бид анхаарч ажиллах болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.11 ПҮРЭВ № 114 (6339)