Төв аймгийн уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононтой цөөн хором ярилцлаа.
-Сайхан зусч байна уу, Та? УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Энэ удаагийн сонгуулийн явц, байдлын талаар танд ер нь ямар бодол төрж байна вэ?
-Сайхаан, сайхан зусч байна уу? Сонгогчид бид чинь УИХ-ын сонгууль болохоор л их л олон сайхан үг сонсож, Монгол Улсын хөгжиж дэвжих тухай сайхан сайхан мөрөөдөл сонсох юм. Энэ удаад ч гэсэн бүгд л засья, цэгцлэе, хөгжүүлье гээд байгаа дуулдана лаа. Ийм үгийг ч наснаасаа л олон сонслоо доо. Одоо уг нь ажил хиймээр л байх юм даа. Даанч яг сонгууль дуусахаар хийдэг хүн нь байхгүй болчихдог нь бас их сонин шүү.
-Тэр дундаа Төв аймгийн уугуул иргэний хувьд хөгжлөөс улам бүр хоцрогдож байгаад таны санаа зовж л явдаг байх даа?
-Ах нь одоогоор Дорнод аймагт морь малаа уяад байж байна. Манай Төв аймаг бол үндсэндээ хэцүү шүү дээ. Уг нь газар тариалан, тариан талбай гээд улс орны эдийн засгийн түшиц болохуйц их өргөн уудам сайхан нутаг. Ойн зурвасаа зүй зохистой хамгаалаад, малтай хүн ардынхаа эрх ашгийг эрхэмлээд явах юм бол болохгүй юм байхгүй. Тэгэхэд үнэндээ одоо мал маллахад ч хэцүү болсон. Малчид бидэнд яг үнэндээ бэлчээрийн газар ч их ховор олдож байна. Үлдсэн жаахан газар нь шороо бургиад хэцүү. Үнэнийг хэлэхэд шороо идэх үү, орхиод явах уу гэдэг дээрээ л байна.
Уг нь малчид бид чинь хэдэн малынхаа хүчинд л амьдардаг хүмүүс. Гэтэл энэ дарга нар “Алсын хараа 2050” ч гэнэ үү их л алс холын хийсгэлэн том том юм яриад байх юм.
-Тэр холын зорилго танд итгэл үнэмшилгүй санагдаад байна гэж үү?
-Тийм ээ. Социалимзын үед төр засаг ард түмэнтэйгээ хамтраад таван жилийн төлөвлөгөө гаргачихдаг. Тэр төлөвлөгөө нь таван жилдээ яг таг хэрэгждэг байлаа. Тэгэхэд одоо цементэн дээр цэцэг ургуулах гэж байгаа юм шиг л хөөрсөн, хөөрсөн зорилт яриад байх юм. Өнөө маргаашийнхаа амьдрал ахуйг яаая гэж байгаа хүмүүст хаа байсан 2050 оны зорилт яриад яах вэ дээ. Дөрвөн жилийнхээ улс төрийн амлалтаа биелүүлдэггүй хүмүүс хаа байсан 2050 хүртэл Монголыг номон дээр бичсэн шигээ хөгжүүлж чадах уу.
Анхаараад сонсоод үзэхээр их л хөөрүү сэтгэлээр бичсэн төлөвлөгөө зорилт юм болов уу гэж бодсон. Сайн сонсоорой, сонин сонин зорилт байна лээ шүү, тэр дунд нь.
-Харамсалтай нь, Төв аймаг сүүлийн 30 жилд олигтой хөгжсөн зүйлгүй. Тэгсэн атлаа танай нутгаас МАН-ын том дарга нар тасралтгүй УИХ-д сонгогдсон байх юм билээ. Сонин шүү?
-Би хааяа боддог юм аа. Ёстой загасчны морь усгүй гэдэг л энэ байх гэж. Хамаг олигтой, боломжтой амьдрал ахуйтай нь хот нүүчихсэн. Аймаг орон нутагтаа төрийн албан хаагч, сургууль соёлд үр хүүхэд нь сурдаг хүмүүс л амьдарч байгаа. Хөгжлийн тухайд бол ярих юм биш. Хөгжих битгий хэл л болсон аймаг. Тэгсэн хэрнээ их сонин хотынхоо иргэдийг тэжээгээд байдаг. Ногоо, үр тариа, мах сүү гээд бүгдийг л хангадаг. Харамсалтай нь, Төв аймгийн маань иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм алга.
-Уг нь их хөдөлмөрч хүмүүс биз?
-Өө хөдөлмөрчтэй ярих юм биш. Хөдөлмөрлөөд л байдаг. Даанч наалддаггүй. Хотынхон ирээд хамаг олигтой үр дүнг нь хамаад авчихдаг шиг байна лээ. Уг нь ядаж л ганц сайхан их сургуулийн цогцолборыг Төв аймгийн нутагт байгуулчих юм бол Төв аймаг маань сэвхийгээд хөгжинө дөө гэж боддог юм. Гэтэл намайг хаа залуу байхад л шинэ хот байгуулна, их сургуулийн цогцолбор байгуулна гэж ярьсан. Хаа байна, тэр шинэ бүтээн байгуулалт нь. Дагуул хот болгоно л гэдэг. Болгосон юм ч алга.
-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж байгаа хүмүүсээс та хэнийг дэмжиж байгаа вэ?
-Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Тэмүүжинд саналаа өгнө гэж бодож байгаа. Энэ удаад зоригтой, өөрийн гэсэн дуу хоолоотой залуу хүмүүсийг сонгоод үзэх цаг болсон гэж бодогдоод байна. Тэгэхгүй бол аль болгон хууччуулдаа итгэж алдаад байх вэ дээ. Дандаа л МАН-ыг сонголоо. Ганц гийгүүлсэн юм алга. Иймд энэ удаадаа заавал нэг солиод үзмээр байна. Солихгүй бол дахиад л бахь байдгаараа үлдээд дахин дөрвөн жил хүлээх болно шүү дээ.
-Х.Тэмүүжин гэдэг хүн улстөрчдийн хувьд хэдийн танигдсан. Туршлагатай улстөрч, сайн хуульч. Гэхдээ та хувь хүнийх нь талаас хэр сайн мэдэх вэ? Танай нутгийн унаган хүүхэд гэх юм билээ?
-Харин ч бүр жаахан хүүхэд байхаас нь мэдэх хүн. Манай дүү нартай хар багаасаа нэг тохойд найзалж нөхөрлөж өссөн хүүхэд шүү дээ. Өвөө нь С.Адьяа гэж их мундаг хүн байсан юм. Манай хоёр чинь айл саахалт ч явлаа. С.Адьяа ах адуу малаа над дээр тавьдаг байсан юм. 1971 оных байх шүү, энэ Х.Тэмүүжин чинь.
Ерөнхий хүнийг нь мэддэг болоод ч тэрүү их л зөв яриад байх шиг санагддаг. Ялангуяа хуулийн тал руугаа маш сайн боловсорсон хүн дээ. Нэг их амбицлаад бусдын өмнүүр ороод хоосон дэвээд байдаггүй, ярьж хэлэх гэснээ маш тодорхой хэлж яриад яваа харагддаг. Миний хувьд дэмжээд байгаа өөр нэг шалтгаан маань удам судар, гэр бүлийнхнийг нь сайн мэддэг болоод тэр.
-Удам судар сайтай гэж үү?
-Сайнаар барах уу. Их шударга, хэлэхээ хэлдэг, санаа бодлоо нуугаад байдаггүй зөв гэж бодсон зорьсондоо хүрдэг дайчин хөдөлмөрч хүмүүс байдаг юм. Х.Тэмүүжингийн нагац ах нь болох хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнай байна. Түс тас хэлэхээ шууд хэлээд тавьчихдаг их сайхан зоримог, бас их хөдөлмөрч хүн бий. Ер нь тэгээд, ахмад настай хүний нөмөр нөөлөгт өссөн хүүхэд амьдралын зөв, бурууг ялгаж салгахдаа их сайн байдаг шиг санагддаг. Манай Х.Тэмүүжин чинь тийм л өвөөгийн хүү шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Жаргал
Сэтгэгдэл (5)