x

С.Ононбаяр: Үүрч явсан тогоо аминд орж дутуу ичсэн баавгайн савраас мултарсан

Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн С.Ононбаяртай ярилцлаа. Баавгайд бариулаад амьд үлдсэн гэх айдас төрүүлсэн адал явдлынх нь талаар түүнтэй хуучилсан юм.


-Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Сэлэнгийн Ононбаяр гэдэг. Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Миний аав ээж Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Биндэр, Баян-Адарга сумын хүмүүс. Хүн бүр л төрсөн нутаг, өссөн газраа сэтгэлдээ тээж явдаг байх. Миний нутаг үнэхээр сайхан хангай. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж, Монгол гэх нэрийг дэлхийд тамгалсан их хүмүүний унасан газарт төрж, өссөндөө бахархаж явдаг юм.

-Хүүхэд нас тань Биндэр суманд өнгөрсөн үү?

-Биндэр сумын Шаазгайн гол, Онон, Хэрлэн голын ойр орчимд л тоглож өссөн. Аавыгаа дагаад загас жараахай эргүүлж Онон голын хөвөөгөөр алхаж явсан минь сэтгэлд тод бичигдэж үлджээ. Түлээ мод, хадлан бордоо бэлтгэх, самар жимсэнд явахаас өгсүүлээд их ажил хийдэг байсан шүү. Бага байхаасаа л амьдралын амтыг мэдэрч өссөн.

-Нутгийн улсууд таныг баавгайтай улаан нүүрээрээ тулж, амьд үлдсэн гэдэг юм билээ. Болсон үйл явдлын талаар хуучлахгүй юу?

-1999 оны хавар арван жилийн сургуулиа төгсөн юм. Айлын том хүү Их сургуульд элсэж боловсрол эзэмшихээр хот орж ирсэн. 2001 онд самар үнэд орсон. Тухайн үед килограмм самар л 2000 төгрөгийн ханштай байсан.

Ингээд сургалтын төлбөрөө олохоор дүү нараа дагуулаад Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самарт явсан юм. Хүн бүхэн л самарт явдаг байсан даа, тухайн үед. Самар түүхээр тайгад очиход Нарантуул зах дээр байгаа юм шиг л олон хүн бужигнаж байсан. Ингээд нутгийнхнаа олоод оторлосон. Хүн их байсан учраас самар ч ховордож байгаа юм. Ингээд ойр зуурын ууж идэх хүнсээ цүнхлээд 10 хэдэн залуу оторлосон газраасаа цаашаа явсан. Өглөө үүр цайх алдад гарсан бид үдийн 12:00 цагийн алдад Оросын хил рүү дөхөж очлоо. Өвдгөөр татсан цастайд уул өөд мацаж алхсан бид ч их ядарсан.

Ингээд түр амарч түүдэг асаагаад гамбир хайрч идээд, цай чанаж уугаад цааш хөдөлсөн юм. Намайг түүдэгээ унтраагаад, тогоогоо гүйцэд хөргөж үүрээд араас нь хөдлөхөд манай хэд уул өгсөөд нэлээн хол явчихсан байсан.

Тэр газрын зам нь их хэцүү завсар зайгүй унасан модон дээгүүр дамжаад л явна. Нэг харвал урдхан талд явсан ах маань доошоо уначихсан. Гайхаад очоод хартал цасан дээр эсгий гутлынх шиг том том мөр гарсан байсан. Өнөө ах маань “баавгай” гэж чанга хашхираад л унасан модон доогуур шургаад орчихсон. Би ч сандарсандаа халтирч хөл алдаад уначихсан. Босох гэтэл өмнө маань үүдэн хоймрын зайд л том баавгай архирч байх юм. Би шоконд ороод хамаг бие хөшчихсөн. Хүүе гэхийн завдалгүй хормын зуурт л хүрч ирээд миний дээрээс дараад унаж байгаа юм.

Тухайн үед миний аз таарч түрүүлгээ харж унасан. Араас л савардаад байх шиг мэдрэмж төрж байсан. Өнөөх цай чанасан тогоог маань савардаад лааз шиг л болгочихсон байж билээ. Сая нэг сэрэхэд өнөөх баавгай зузаан ноосон малгайг маань бариад сэгсэрч байгаа нь харагдсан. Намайг ч нэг гараараа бариад л сэгсэрсэн. Ингээд л ухаан алдчихсан даа.

-Хөвчийн хүрний савраас яаж мултарсан түүх сонин байна?

-Хамт явж байгаад унасан модон доогуур шургасан ах маань зугтаад урд яваа хэдэд болсон үйл явдлын тухай хэл дуулгасан юм билээ. Өнөө хэд буцаж ирээд хашхиралдахад баавгай яах ийхийн зуургүй л уулын уруу хэд өнхрөөд алга болсон гэсэн. Хамт явсан хүмүүс маань “Чамайг тэр баавгай тэврээд л дараад авсан.

Сэгсэрч тавиад л үнэхээр аймшигтай” гэж хэлж байна лээ. Манай хэд киноноос хардаг үйл явдлыг л дэргэдээс нь бодитоор харсан гэж байсан. Энэ маань өвөл нэгдүгэр сарын сүүлээр болсон үйл явдал шүү дээ. Дутуу ичсэн баавгайтай тааралдсан юм билээ.

-Таны хувь биедээ ямар гэмтэл авсан бэ. Уулын мухарт анхны тусламж хэрхэн үзүүлж байв?

-Баруун гаранд авсан баавгайн соёоны сорви одоо болтол байдаг юм. Тухайн үе д цус алдаад тогтохгүй болохоор нь манай хэд хөвөн шатаагаад дарчихсан. Ууцан дээр нэг сорви бий. Баавгайн соёоных юм уу, саварных юм уу сайн мэдэхгүй. Цочролд ороод хурдхан алхаж ч чадахгүй байсан шүү. Эхний тааралдсан отог руу ороод цай уухад гар салгалаад барьж чадахгүй байж билээ.

-Өөдөөс тань том баавгай архираад босоод ирэхэд юу бодогдож байв?

-Цочролд ороод хөдөлж чадахаа больчихсон. Дээрээс дараад баруун мөрийг маань савардаад ч байх шиг. Ухаан ороход ээжийн маань цайгаа самарч байгаа дүр зураг нүдэнд харагдсаныг мартдаггүй юм. Өглөө цайны дээжээ “Хүү минь сайн яваад ирнэ” гэж сүслээд өргөсөн байсан юм билээ. Эх үр амин холбоотой байдаг гэдгийг тухайн үед ухаарсан. Отог дээрээ ирээд тохиолдсон явдлын талаар хэлэхэд тэврээд уйлчихсан. “Хүү минь одоо больё доо. Явъя” гэсэн дээ. Цуг явсан нутгийн улс баавгайтай барилдаад амьд үлдлээ гээд их л баяр хөөр болсон юмдаг. Надад чинь шуудай шуудай самар өгөөд л сургалтын төлбөрөө олоод уулнаас буусан. Дахиж очоогүй.

-Таны хувьд том цочролд орсон байх. Танд тохиолдсон аймшигт явдал зүүдэнд тань орж байв уу?

-Гүн шоконд орсон шүү. Өнөөх том баавгайн архираад босч байгаа нь харагдаад гурван өдөр унтаж чадаагүй. Ээж минь тэвэрч байж л тайвширч унтдаг байлаа.

-Ер нь баавгайд бариулаад амьд үлдсэн тохиолдол байдаг болов уу. Та сонсож байсан уу?

-Над шиг баавгайтай халз тулж, бариулаад амьд үлдсэн хүн байдаг л байх. Гэхдээ маш азтай тохиолдол гэж боддог юм. Амьд үлдсэндээ их баярладаг юм. Хүүгээ ирнэ гэж хүлээсэн эхийн сэтгэл, нутгийн минь уул, ус, аав ээжийн минь буян заяа түшиж, бурхан харсан гэж л сэтгэлдээ бодож, зөв мөртэй зөв явахыг зорьдог. Болсон явдын дараа нутгийн анчин өвгөд байцаагаад салахгүй байж билээ. Ахмадууд “Баавгайд бариулаад амьд үлдсэн тохилдол ховор байдаг юм шүү. Чи дэндүү азтай байна” гэж хэлж байсан. Цай чанасан тогоогоо ардаа үүрч явсан минь миний аминд орсон. Баавгай үүрч явсан тогоо руу л савардаад байсан гэнэ лээ. Баавгайд сэгсрүүлээд алгадуулахад амьд үлддэггүй гэж хэлж байсан. Тэнд оторлосон улс баавгайтай тулсан газар луу очиход тэр хавиас хандгай барьж идээд явсан байсныг хэлж байна лээ. Дутуу ичсэн баавгайнаас сэрэмжлэхгүй бол аюултай юм билээ.

Тэрбээр тохиолдсон аймшигт явдлынхаа талаар ийн өгүүлсэн юм. Дутуу ичсэн баавгайнд даруулаад хэвтэж байсан С.Ононбаяр өнөөдөр Нутгийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 9 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 26 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 8 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 18 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 43 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top