"Шадар гурван цэрэг", "Фантомас" киноны од жүжигчин Милен Демонжо COVID-19 хатгааг давжээ. Жүжигчин эмэгтэй ганцаардмал байдалд дуртай, тэрээр Жарер Депардьегийн хамт тоглож байгаа инээдмийн киногоо дуусгах хүсэлтэйгээ хэлж, удахгүй болох өөрийн 85 насны ойгоор "Зад наргина" хэмээн инээмсэглэнэ. Түүний "Известия" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таныг үхлүүт байхад эмнэлэгт авчирсан гэдэг үнэн үү?
-Тийм юм болсон. Би Парист Тома Жилугийн MDR киноны зураг авалттай байлаа. Нэр нь залуучуудын хэллэгээр “Үхтлээ инээх” гэсэн утгатай. Харин өндөр настнуудын “Ахмадын асрамжийн газар” гэдгийн товчлол гэх үү дээ. Хөл хорио тогтоонгуут Францын баруун хэсэгт байдаг Шато-Гонтье коммунд байдаг өөрийн фермдээ очсон юм. Бүх бие бадайрч нэг л тааруухан байлаа. Эхлээд ханиад хүрлээ гэж бодоод эм ууж, халуунаа үзэхэд 36,6 гэсэн хэвийн хэмжээнд байв. Дараа нь улам хүнрээд ирэхээр нь өөр халууны шил аваад үзтэл 39,5 градус заалаа. Өөрийн зүрхний эмчид утасдав. “Битгий тэнэглээд бай. Шууд түргэн дууд! Гэлээ. Утсаар надад маш их асуулт тавиад түргэний машин ирүүлэн ойрын хот Лавалийн эмнэлэгт хүргэсэн.
-Тэнд таныг оношлогоогоор нам цохисон болох нээ?
-"Бонжур, мадам!" гэж эмч дараагийн өглөө нь хэлээд намайг үзэн нэг том санаа алдсанаа “таны энэ тохиолдолд би онц ихээр өөдрөг бус хандана” гэж байна. Харин би “Үгүй шүү. Харж л байя. Миний цаг ирээгүй шүү!” гэсэн хариултыг эмч сонссон доо. Эмч нар намайг долоо хоног ч тэсэхгүй гэж бодож байлаа. Надад хиймэл амьсгал хийж, комонд оруулахаас тэд айж байжээ. Тэсэхгүй давахгүй гэж бодож байсан байх. Тэгээд тэд өвчтөнүүдийг хлорохиныг хэд хэдэн антибиотиктай хослуулан эмчилж байсан доктор Дидье Раулийн зөвлөмжийг ашиглахаар шийдсэн байсан. Тэр л намайг аварч дээ.
-Таны амьдралын төлөө бүх эмнэлэгийнхэн зүтгэж дээ?
-Эмнэлэгт би гурван долоо хоногийг өнгөрөөсөн. Эхлээд тэд намайг жүжигчин гэж мэдэхгүй тэнгэрт халих гэж байгаа 84-тэй хатагтай гэж бодож байсан болов уу. Миний бодлоор, хөдөө Парисаас илүү сайн эмчилсэн гэж бодож байгаа. Миний төлөө эмнэлгийн асрагчид гайхалтай зүтгэсэн. Тэд гурван өдөр, гурван шөнө намайг тасралтгүй асарсан. Тэдний цалин хөлс бага гэдгийг мэдээд би ёстой гайхсан. Хамгийн ичгүүртэй хэрэг! Ерөнхийлөгч Макроныг эмнэлэгт очиход нь нэгэн сувилагч ажлын хүнд нөхцөл, бага цалин хөлстэйгээ яриад дургүйцлээ гаргасны дараа л ард түмний дургүйцлийг засаг мэдсэн юм. Макрон байдлыг засна гэж амласан нь одоо хоосон үг болж таарав шив дээ. Хүлээж л байя. Эмнэлэгийн ажилтнуудад бидний татвараас төлдөг гэхээр энэ нь бид бүгдийн хэрэг юм.
-Харин та байгалиас заяатай өөдрөг сэтгэлтэн, тэмцэгч үү? Санаа сэтгэлээр унадаггүй юу ер нь?
-Энэ бол миний орос чанар (жүжигчний эх Клавдия Трубникова нь Харьковын уугуул байжээ). Би эцсээ хүртэл тэмцэж, хэзээ ч бууж өгдөггүй байж дасчээ. Энүүхэндээ гэхэд миний янз бүрийн асуудлууд хэдэн жилийн өмнө эхэлсэн. Эхлээд би зальтан банкирын хохирогч боллоо. Намайг тоносон доо. Түүнээс болон стресст орсон би хорт хавдарт нэрвэгдлээ. Театрт нэртэй жүжгийн зохиолч Альберт Гурнейн “Хайрын захидлууд” жүжигт тоглосоор байлаа. Өвчнөөс салж чадсан юм. Дараа нь хорт хавдрын огт өөр төрөл надаас илэрч химийн эмчилгээнд оров. Бие муудаад байсан учир түүнийг болиулахаар шийдсэн. “Бурхан гурвалд дуртай” гэж яриад байдаг нь үнэний хувьтай бололтой. Ингээд коронавирус авч гурвал боллоо шүү дээ.
-Энэ цагаар таныг эмчилсэн доктор Рауль, түүний эмчилгээний аргын талаар маргаан өрнөсөөр байна. Нэг хэсэг нь түүнийг суутан, нөгөө хэсэг нь зальтан гэх. Гэлээ ч тэр л таныг аварч дээ?
-Одоо түүнийг бохироор булж байна. Гэтэл түүний эмийн схем нь намайг аварсан. Эмч эрдэмтэд байнга маргалдаад байхад би гайхдаг юм. Нэг хэсэг нь хлорохин сайн эм гэнэ. Нөгөө нь түүнийг хортой муу гэх. Минийхээр бол хлорохинин үйлдвэрлэх нь хямд эмийн үйлдвэрүүд түүнийг гаргах сонирхолгүй. Тэдэнд вакцин гаргах нь илүү ашигтай. Би хувьдаа вакцинд дургүй, дандаа л тэдний эсрэг байдаг хүн.
-Эмнэлэгт байх нь аймшгийн байгаагүй юу?
-Хэзээ ч үгүй. “Эндээс заавал амьд гарна” гэж би өөртөө хэлээд муу бодлыг хаяж байлаа. Одоо халдвар надад аюулгүй болсон. Миний амьд гарсан нь мэдээж, гайхамшиг. Одоо сэргэн тэнхэрч байна. Одоо амархан ядарч явахад хүнд байна. Таяг тус болдог. Ямарч байсан амьдрал сайхан. Зүрх минь аажмаар мөхөж байгаа ч толгойн ажиллагаа хэвийн 16-тай биш юм аа гэхэд гучтай л юм шиг байна.
-Одоо цагаа хэрхэн өнгөрөөж байна даа?
-Надтай хамт фермд есөн муур, морь, зэргийн амьтад байгаа. Нэг үгээр хэрэгтэй амьтад. Тусгаарлалт гээд шаналаад байдаггүй. Харин ч зүгээр юм шиг байна. Надтай хамт миний ном, кино, цомог байгаа. Уншинэ, үзнэ, сонсоно. Гэр орноо янзалж сууна.
-Хадам эцэг Жорж Симонений номыг уншдаг уу?
-Одоогоор үгүй. Гэхдээ саяхан түүний романыг номын тавиураасаа оллоо. Заавал уншина.
-Ганцаардлаас шаналахгүй байна уу?
-Хэзээ ч үгүй. Тэр нь минийх биш. Заримдаа уйдаад байвал олон найз нартаа гаа утасдаж ярьдаг.
-MDR киноны зураг авалтдаа хэзээ эргэн орох вэ?
-Хэд хоногийн өмнө зураг авалтаа зургаадугаар сарын 4-нд эхлүүлэх бодолтой гэж найруулагч Тома Жиру хэлсэн. Миний хувьд арай эрт гэсэн,хүлээзнэхээс. Зураг авалтын тал нь дууссан. Маш инээдэмтэй, сэтгэл хөндсөн инээдмийн кино. Гурван сар шоронд суух эсвэл нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх шийтгэлтэй хүний түүх. Тэр нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх замыг сонгон ахмадын асрамжийн газар ажиллах үеэрээ Жерар Депардье бид хоёрын тоглож байгаа хөгшчүүдтэй танилцдаг.
-Депардьетэй цуг тоглох ямар санагдав?
-Тэр гайхамшигтай жүжигчин. Их хүмүүс шиг сайхан хүн. Талийгаач Мишель Пикколи тийм л байлаа. Тэдэнтэй цуг тоглох нь мөрөөдөл юм даа.
-Есдүгээр сарын 29-нд таны ой. Хэрхэн тэмдэглэх гэж байна?
-Томоохон наргилт дэлхийг донсголсон найр хийнэ дээ!
Жүжишчин Милен Демонжо Ницце хотноо төржээ. Парист нэртэй төгөлдөрч хуурч Маргерит Лонгоор хичээл заалгаж байсан тэрээр Пьер Кардены урланд загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. “Фантомас” киноны гурвал, “Шадар гурван цэрэг” киноны дараа дэлхийд нэртэй болсон ба нийтдээ Брижит Бардо, Марина Влади, Дирк Богард, Луи де Фюнес, Жан Марэ, Ив Монтан, Ален Делон, Жан-Поль Бельмондо, Пьер Ришар зэргийн алдартнуудын хамт зуугаад кино тогложээ. Арав гаруй ном тэдний тоонд эхийнхээ тухай “Харьковын галт борын цэцэг” намтрыг бичжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)