УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаатай уулзаж ярилцлаа.
-Мэргэжлийн жүжигчин болсон түүхээсээ товчхон хуваалцаач?
-Би СУИС-ийг 2008 онд МУГЗ С.Сугар багшийн удирдлага дор төгссөн. Төгсөөд гурван жил телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажилласан. 2012 онд театрт орсон. Дагалдан жүжигчнээр хоёр жил ажиллаад 2014 оноос тасралтгүй эндээ ажиллаж байна.
-Элсэлтийн шалгалтаа математикаар өгч байсан хүн яагаад уран бүтээлч болох замыг сонгочхов?
-Манай аав математикч хүн байлаа. Ааваараа их бахархана. Би ч өөрөө тоонд дуртай, онц сурдаг хүүхэд байсан. Мэдээж математикаар аавыг яаж гүйцэх вэ дээ намайг голдог байсан. Тэр үед хамгийн гоё зүйлийг математик гэж бодож өссөн. Одоо ч надад математикч хүмүүсийн ертөнц гоё санагддаг.
Харин ээж маань урлаг тал руугаа авьяастай. Ээж маань хэл үг хурцтай, шүлэг бичдэг байсан учраас намайг урлаг уран сайхан гээд явахад дэмждэг. Тиймээс надад аавын ч, ээжийн ч аль аль шинж чанараас нь шингэсэн юм болов уу.
-Драмын театрын босго нам биш. Анх яаж драмын жүжигчин болсон бэ?
-Бид чинь театр, киноны жүжигчин гэж төгсдөг. Багш маань л намайг театрын жүжигчин болбол их зүгээр гэж хэлж байсан. Аав ээжийн дараа үгийг нь дагадаг хүн багш байдаг учраас бодоод л явсан. Нэгэнт л энэ мэргэжлээр төгссөн юм чинь ганц театртаа ямар ч байсан шалгалт өгөөд өөрийгөө хэн гэдгээ, хаа яваагаа мэдэх хүсэл байсан. Би зориуд сар бэлдэж байж шалгалт өгсөн. Тэгээд тэнцээд театрын жүжигчин болсон доо.
-Та яг одоо байх газраа олсон гэж бодож байна уу?
-Өнөөдрийг хүртэл сул зогссонгүй уйдаж залхсангүй, шантарч ухарсангүйг бодвол байх газраа олсон юм байлгүй дээ. (инээв) Сэтгэлийн гүнд аятай таатай татагдаж байвал тэр газраа хүн удаан тогтдог.
-Таны уншсан зохиолуудаас өөртэй чинь хамгийн адилхан нь ямар дүр байдаг вэ?
-Ер нь уншиж байгаа зохиолын дүр бүхэнд миний нэг хэлтэрхий явж байгаа юм шиг санагддаг. Дунд сургуульд уншдаг номууд нь Монголын уран зохиол л байдаг байлаа. Тэр зохиолуудаас Ж.Бямба гэдэг зохиолчийн “Үнэний хорвоо” гэдэг зохиолын Хуланжороо гэдэг эмэгтэй сэтгэлээс гардаггүй. Тэр зохиолыг уншаад л ямар гоё эмэгтэй вэ гээд бүр автаад шүтдэг байснаа санадаг.
-Жүжигчин хүн өөртэйгөө маш их ажилласан байдаг. Хүн өөрийгөө илүү сайн мэднэ. Н.Баярмаа гэж ямар эмэгтэй юм бэ?
-Хүн нэг газраа төвлөрөөд ажиллахаар өөрийгөө ажигладаг юм шиг байна. Миний сэтгэл яаж хөдөлж байна, би ямар тохиолдолд ямар шийдвэр гаргаж байна, сэтгэл хөдлөл дээд доод түвшиндээ хүрэхээр яаж байна гээд чагнадаг болсон байна лээ.
-Тэгж чагнахаар ямар хүн юм шиг санагдаж байна?
-Өөрийгөө бүтээх гээд оролдож байна гэх юм уу даа. Хүн өөрийгөө зөнгөөр нь хаявал нэг их ухаантай амьтан биш байна. Миний хийсэн дүгнэлт бол өөрийгөө бүтээхгүй бол ямар нэг өөрчлөлт явагдахгүй нь. Тэгэхээр би ямар хүн бэ гэхээсээ илүү ямар хүн байх вэ гэдэгт анхаарлаа хандуулж явна. Өөрийнхөө сул болон давуу талуудыг сайн мэддэг болсон. Хүнд туслах дуртай, жаахан өр нимгэн хүн юм болов уу. Эмэгтэй хүн гаднах дүр төрхөө хүртэл цуглуулж олж мэддэг юм билээ. Намайг өөрийгөө бүтээхэд хүмүүсийн үг их чухал санагдсан. Хүмүүсээс өөрийгөө тэгж бодож байгаагүй үгс сонсохоор бас сонин.
-Чамайг хүмүүс хамгийн их юу гэж хэлж байх юм?
-Яг хэлэх гэхээр ичээд байна (инээв). Яах вэ эергээр л хардаг юм билээ, тэр талаас нь хэлдэг. Би өөрийгөө цаг нь тулаад ирвэл ямар ч ажлыг голохгүй хийнэ гэж боддог байлаа. Гэтэл хүмүүс намайг чи их ихэмсэг, маш эмэгтэйлэг гэж хэлдэг. (инээв)
-Чиний юуг хүмүүс онцолж магтдаг вэ?
-Нүдний харцыг онцолдог. Гоё нүдтэй юм аа гэдэг. Дуу хоолойг маань бас гоё гэж олон хүмүүс хэлж байсан шүү.
-Тэгвэл хүмүүсийн нүдэнд харагддаггүй ямар гоо үзэсгэлэн чамд нуугдаж байгаа вэ?
-Хүүе энэ ямар хэцүү асуулт вэ. Би ийм нээлттэй ярилцлага өгч байгаагүй шүү дээ. (инээв)
-Нээгдэх цаг нь ирээгүй юм уу?
-Ээдрээтэй асуулт байна. Бусдыг татах увидастай байж магадгүй.
-Юугаараа?
-Хүнтэй уулзаад өнгөрөхөд сэтгэгдэл үлдээж чаддаг юм шиг санагддаг.
-Эрчүүдэд үү?
-Тийм гээд хэлчихвэл бурууддаг юм болов уу. (инээв)
-Чи өр нимгэн хүн гэсэн. Ийм эмэгтэй хүнд маш том сул байдаг. Хүнийг өрөвдөж байгаад хайрлах гэж...Ийм алдаа гаргаж байсан уу?
-Хүнийг өрөвдөөд харьцаад байдаг тохиолдол бий. Өрөвдсөнийхөө төлөө тэр хүнийг хайрлаад өөрийгөө зориулж байсан тохиолдол байхгүй. Гэхдээ эмэгтэй хүн тийм алдаа гаргадаг юм байна гэдгийг харж байсан. Тэр тохиолдолд нэг мэдэхэд л байр нь солигдчихсон байдаг юм билээ.
-Эмэгтэй хүн хэзээд л хүний төлөө л байдаг. Гэтэл зарим тохиолдолд шархлаад шаналаад үлдэх тохиолдол байна. Энэ тохиолдолд яаж өөрийгөө зогсоож татаж авах вэ?
-Ямар ч эмэгтэй хүнд өөрийн гэсэн дээд, доод хязгаар өөрийгөө хүндлэх, үнэлэх хэмжээ байх ёстой гэж боддог. Миний хувьд яаж ч сэтгэл алдарсан хэзээ ч эр хүний араас алдуурч, ухаанаа тавьж болохгүй гэдэг зарчимтай. Харилцан ойлголцол, итгэлцэл дээр л харьцаа үүсэх ёстой. Эр хүний араас эмэгтэй хүн алдуурах хэцүү.
-Тэгвэл тэр юуных нь хайр байх юм. Та хайрынхаа араас алдуурсан эмэгтэй Аннагийн дүрд тоглож байгаа шүү дээ?
-Хуучинсаг сонсогдож болох юм. Би хэзээ ч өөрөө Анна шиг тэсэрч чадахгүй. Анна бол миний мөрөөдлийн Баярмаа. Мэдэхгүй юм даа, хүн тухайн нөхцөл байдалд хэрхэхийг хэлж мэдэхгүй шүү дээ.
-Анна бол хайрынхаа араас алдуураад, автчихсан эмэгтэй. Харин та эсрэг зарчимтай. Энэ дүрийг яаж бүтээж байна вэ?
-Хэцүү шүү дээ. Тэр сэтгэлийг барьж тогтооно гэдэг. Хайр гэдэг чинь нэг алдуурчихаараа ухаанд дийлддэггүй юм биш үү. Анна бол гайхамшигтай ёс журамтай эмэгтэй. Гэтэл тэр эмэгтэйг тийм болтол нь итгүүлээд дарчихсан амьдрал байсан.
Тийм учраас хайртай учрахаараа тэгтлээ тэсэрсэн юм болов уу. Эмэгтэй хүнийг эр хүн хайрлаж байгаа л бол хорвоог таньж мэдүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.
Эмэгтэй хүнийг өөртөө тааруулахаасаа илүү өөрийг нь өөрөөр нь нээлгэх хэрэгтэй. Эмэгтэй хүн хорвоог таниад ирэхээрээ ямар ч юманд барьц алдахаа больдог. Дарагдсан зүрх сэтгэл үхдэггүй амьдаараа булшлагдаж байгаад тэсэрсэн нь тэр.
-Зохиолынхоо дүрийг уншаад тоглохоосоо өмнө бодох гэдэг чухал ажил. Судлаад Аннаг юу гэж ойлгов?
-Ер нь эмэгтэй хүнд нэг тийм үгээр хэлэхэд хэцүү араншин байна. Хүнд хайрлуулах гэж маш том хэрэгцээ бас байдаг. Түүнийгээ эмэгтэй хүн “Би хайрлуулмаар байна, хайрлаад өгөөч” гэж хэлдэггүй. Эмэгтэй хүнд байдаг бараг бүх араншин Аннанд байдаг. Эмэгтэй хүн гэж дотроо яг л ийм байдаг даа гэж бодогддог. Үнэндээ эмэгтэй хүн, эр хүнээс маш өчүүхэн юм хүсдэг. Гэтэл тэр нь амьдрал дээр маш том зөрчлөөр илрээд байдаг.
Ганцхан тэврэлтээр тайвшрах байтал тэгээгүйгээс маш том зөрчилдөөний эхлэл болдог гэдэг ч юм уу, их ээдрээтэй. Зохиолд Анна хорвоо ертөнцийг ганцаараа сөрдөг. Тэр хүний дотор аймшигтай юм болж байхад тэр нь бусад хүмүүсийн хувьд зүгээр нэг яриа.
-Аннагийн зан араншинд чиний ямар хэлтэрхийнүүд байна?
-Эмэгтэй хүн хайраар дутаад ирэхээрээ их хачин олон янзын араншин гаргадаг юм шиг. Би ч гэлтгүй бүх эмэгтэй хүний дотор нэг тийм зан байдаг. Тэр дутагдаад байгаа мэдрэмжээ Анна бүгдийг нь яримааргүй л байна шүү дээ. Гэтэл Вронский яагаад ойлгохгүй байгаа юм...гэх мэт. Тэгээд л бачуурна шүү дээ. Ямар “би чиний төлөө эр нөхөр, үр хүүхдээ хаяад ирлээ” гээд үглээд байлтай биш. Тэгвэл тэр чинь эмэгтэй хүн биш болно биз дээ.
-Н.Баярмаа өөрөө Анна шиг хүчтэй дурлаж байсан уу?
-Дурлана аа дурлана, хүчтэй л дурлана шүү дээ. (инээв)
-Эмэгтэйчүүд хайр дурлалынхаа төлөө алдуурахаас айгаад өөрийгөө хорьчихдог юм биш биз дээ...?
-Ихэнх хүмүүс айна. Нөгөө хүн нь хэн байхаас хамаарах гэх мэт нөхцөл байдлаас шалтгаална.
-Тэгвэл ашиг сонирхол л үлдээд үйлчилдэг юм биш үү?
-Цагаа тулбал бас алдуурах байх аа. Хүн чинь ер нь зөрүүд амьтан шүү дээ. Зөрөх тусам шатдаг ч байж магадгүй. Гэхдээ бүх хүний эсрэг сөрнө гэдэг бол хэцүү.
-Н.Баярмаа гэр бүл, хүүхэдтэй бил үү?
-Гэр бүлтэй, хүүхэдтэй тэгээд л бол оо. (инээв)
-Анна хамгийн сүүлд галт тэрэгний тавцангаас үсэрдэг. Та түүний оронд байсан бол яах вэ?
-Эрүүл саруул ухаанаар бодвол үхэл рүү өөрийгөө түлхэхгүй байх.
-Аннад байдаг бүх л араншин эмэгтэй хүнд байдаг. Түүнийгээ ил гаргахгүй тэсдэг, ил гаргадаг эсэхээрээ л өөр байх...?
-Манай Анна чинь бас л хэцүү хүүхэн шүү дээ. (инээв) Нэг бодохоор өрөвдмөөр, заримдаа үзэн ядмаар, эсвэл хайрлан дурламаар бүр заримдаа алгадаад авмаар. Энэ бүх араншин л Аннаг бүтээдэг.
-Танд Аннад тоглохуйц ямар шинж чанар байгаа гэж бодож байна вэ?
-Аннанд тоглохуйц хувь тавилантай гэж бодож байна. Аннад байдаг эмэгтэй хүний донж маяг, үл ойлгогдох байдал надад байгаа байх. Тайзан дээр өөрийгөө гэрэлтэж чаддаг л гэж бодож байна.
-Аннанд тоглох маш хэцүү. Яагаад гэвэл уншсан хүн бүхний дотор өөрийнх нь Анна байгаа. Тиймээс үзэгч танд маш өндөр шалгуурыг тавина. Тэр талаар?
-Мэдээж. Өмнөх Аннад тоглосон жүжигчдийг судлахад тэд өөгүй төгс бүсгүйчүүд биш байна, гоо сайхан талаасаа шүү. Тулчихсан царайлаг, хөөрхөн эмэгтэй бол тоглодоггүй юм байна. Гэхдээ нэг увидас тэр хүмүүст байна. Түүнийг л гаргахгүй бол үзэгчдийн хүлээлтэд хүрч чадахгүй. Аннаг харах тусам гоё болж харагддаг ч юм уу үгээр хэлэхэд хэцүү нэг шид бий. Үүнийг та л сайн мэдэх байх....
-Миний хувьд тэгвэл тэр чанарыг эмэгтэй хүнд байдаг ад гэж хэлнэ....? Аннаг бүтээхдээ Н.Баярмаа өөр дээрээ юу юуг нэмж байна вэ?
-Ааш аалийг нь л өөртөө суулгах гэж хичээж байгаа. Таны хэлснээр тэр нэг ад гэх юм уу даа.
-Найруулагч Н.Наранбаатар танаас юу хүсч шаардаж байна вэ?
-Хамгийн их хүсч байгаа нь “Энэ эмэгтэйн дотор хоёр Анна байна, энэ хоёр чинь хэн юм бэ? Үүнийг л салгаад харуулаатах” гэж байгаа.
-Монголын хамгийн анхны Анна болно гэдэг дараагийн жүжигчний өмнө маш өндөр цэгийг хатгах хэрэгтэй болно. Дараагийн Анна чамайг давах тэр өндөрт хүргэх үүргээсээ айж байна уу?
-Өрөөндөө суугаад бодоод эхлэхээрээ айдаг. Харин тайзан дээр гараад тоглохоороо би чөлөөлөгддөг. Анхны байхын хэцүү болоод хүнд үүргийг ойлгож байгаа. Тайзан дээр би өөрөөсөө илүү байгаагаа мэдэрдэг. Энэ бол жүжигчин хүнд байдаг амбиц. Үүний төлөө би өөртэйгөө “Чи юу чаддаг жүжигчин юм бэ” гэж хүртэл тэмцэж байна.
Би Аннанд шатаж тоглож байгаа. Тоглоод дуусахад нэг их юм туулаад дуусч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Аливаа юманд өөрийн гэсэн цаг ирдэг. Миний хувьд цаг нь болсон гэж бодож байна. Би энэ жүжгийн дараа хувь хүн болоод жүжигчнийхээ хувьд өөрчлөгдөнө гэдэгтээ итгэлтэй байна.
-Хайр сэтгэл бол шалиг явдлаас гадуурх зүйл гэж жүжигт хэлдэг. Хайрыг яагаад заавал хань нөхөр, гэр бүл, үүрэг хариуцлагатай холбож ярьдаг юм бол. Хайр дангаараа хаана хамаагүй оршиж болохгүй гэж үү? Хайр гэж тэгэхээр юу юм бэ?
-Харин тийм ээ, энэ асуултад чинь ганцхан би ч биш хүн төрөлхтөн хариулж чадахгүй баларч байна шүү дээ. (инээв)
-Эмэгтэй хүн хайрласан хүнээ юунаас ч хамаарахгүй үүрэг хариуцлага, үүрүүлэхгүй хайрлаж болохгүй юм уу?
-Уг нь тэгж хайрламаар байна шүү дээ. Анна л ганцхан тэгж хайрлаж чадлаа. Ийм хайр гэхдээ амьдралд ганц хоёр л тохиолддог байх.
-Хайрлана гэхээр заавал хамт байх албагүй харин ч чөлөөлөх байж болох уу?
-Тэр ч тийм байх шүү. Хайр зөвхөн оюун санааных, сэтгэлийнх байж болно.
-Жүжигчин хүний хувьд сэтгэлгээгээ эрх чөлөөтэй байлгахын тулд яаж өөрийгөө хөглөдөг вэ?
-Янз бүрээр. Заримдаа маш гоё зохиол унших, үзэхэд нэг хэсэгтээ л бадардаг шүү.
-Эмэгтэй хүн ямар байвал муухай харагддаг вэ?
-Хэчнээн гоё ганган, үзэсгэлэнтэй байсан ч цаанаа нэг хүйтэн хөндий, гөлгөр байх муухай харагддаг . Тийм болохгүй байхаа л мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн заавал эмэгтэйлиг л байх ёстой. Зүрх сэтгэлээ эмэгтэйлиг байлгавал цаанаасаа л гэрэлтэнэ.
-Эмэгтэй хүн амьдрал дээр үргэлж эр хүнд сонгогддог. Дурлуулж, хайрлуулж гэр бүл зохиох гэх мэт. Эмэгтэй хүн дурласан хайрласан залуугаа сонгож болох уу. Анна бол өөрийнхөө эрэгтэйг сонгосон байна. Та сонгогдсон уу, сонгосон уу?
-Нөгөө талаасаа эмэгтэй хүнд харин ч сонгох эрх байдаг юм биш үү.
-Олон сонголт байвал тэгж болох байх. Ихэнхдээ эрэгтэй нь дурлаад эмэгтэй нь дагадаг шүү дээ...?
-Миний хувьд сонгосон. Харьцуулж бодож байгаад сонгосон. (инээв)
-Ийм зоригтой эмэгтэйгийн эхний алхмыг асуухгүй яаж өнгөрөх вэ дээ?
-Тэр залуу гэрэл зураг дардаг байсан. Тэгээд би “Нэг юманд зураг хэрэг болоод байна, чи миний зургийг дараад өгөх юм уу” гэсэн чинь дуртайяа л зөвшөөрсөн. Өдөржингөө л миний зургийг авсан. Дараа нь болзоод гэрлэсэн. (инээв)
-Та юунаас айгаад ярилцлага өгдөггүй юм бэ..?
-Айх гэхээсээ илүү би өөрийгөө болоогүй байна гэж боддог. Их нээлттэй хүн бас биш л дээ. Би өөрөө ярих хэмжээнд хүрсэн баймаар байна.
-Хэзээ өөрийгөө ярих хэмжээний жүжигчин боллоо гэж бодох юм?
-Өнөөдөр тантай ярилцаж байна гэдэг чинь ярихаар шийдсэн гэсэн үг биз дээ. (инээв)
-Хэзээ өөрийгөө нэг юм бүтээлээ дээ гэж тоох бол?
-Аннагийн ард ямар мэдрэмж төрөхийг мэдэхгүй байна. Өнөөг хүртэл миний хийж явсан ажлуудаас хамгийн өндөр цэг нь энэ. Зөвхөн өөртөө өндөр цензурыг тавиад өөрийнхөө гишгэж байгаагүй шатны гишгүүрт гишгэлээ. Жүжигчин хүнийхээ хувьд өөртөө баяр хүргэж магадгүй. Би ер нь өөрийгөө маш их голдог хүн л дээ. Нэг л өдөр өөрийгөө тоох цаг ирэх байх аа.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин