x

Д.Батмөнх: Улаанбаатарчууд тэр чигээрээ Эрдэнэт хот руу нүүх цаг ирлээ

Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх асан, Шинэ намын дэд дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа нэг зүйлээс яриагаа эхлэе гэж бодлоо. Энэ сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Орхон аймаг хотын статустай болно. Та бол Эрдэнэтийн ирээдүйн хөгжлийн талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг хүн. Эдийн засагч хүний хувьд Эрдэнэт, албан ёсоор хотын статустай болсноор ирээдүй нь хэрхэн өөрчлөгдөх бол. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг Эрдэнэтчүүд хэрхэн ашиглах ёстой вэ?

-Эрдэнэтчүүд үүнийг өөрсөндөө маш том боломж нээгдлээ гэж харах ёстой. Гарааны цоо шинэ нөхцөл гэж ч болно. Монголчууд бид бие дааж хот байгуулаад явсан түүх хэзээнээс юм. Улаанбаатарын хувьд Өргөө хотоос эхлэлтэй гэхээр 360 жилийн өмнө үү? Үнэндээ яг хот шиг төлөвлөлт хийж, хөгжүүлж эхэлсэн нь гэвэл 1960 он шүү дээ.  Улаанбаатар хотын төлөвлөлтийг Оросууд хийсэн. Цахилгааны эх үүсвэр, дулаан, цэвэр бохир усны сүлжээ, орон сууцны хороолол... гээд нарийн төлөвлөсөн. Ингээд 1960 оноос хүн амыг хүчээр төвлөрүүлсэн. Хотод ирж суурьшсан хөдөөнийхөн саяхан л “Хотод ёстой бүтэхгүй, эрх чөлөө алга, бүх юм нь үнэтэй, хар ус нь хүртэл үнэтэй шүү...” гэж ярьдаг байлаа. Ингэж явсаар ерэн онтой залгаж Оросууд манайхаас гарсан. Тэрнээс хойш л Монголчууд өөрсдөө бие дааж удирдлаа. Өнөөдөр хардаа, хот төлөвлөлт утгаа алдсаныг. Ямар ч төлөвлөлтгүй болсон. Улаанбаатар хотын өнөөдрийн төлөвлөлт дандаа иргэддээ тулгалт хийсэн байдалтай хийгдэж байна. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр тулгалтанд орж хүчээр шийдээд явчихсан. Ядахнаа л гуч дөчин жилээр алсыг харж, ухаалгаар шийдсэн юм ерөөсөө байхгүй. Туул голын эх ширгээд, усны эхгүй болвол сая гаруй хүнтэй энэ хот яах вэ? Үе үеийн хотын удирдлагууд гэх хоёр намын хэсэг нөхөд нийслэлийн ИТХ-д талцаж орж ирээд, хотыг гишгүүр болгон Их хуралд дэвшдэг шат дамжлага болсон. Ер нь бол хотыг төрийн эрх мэдэлд хүрэх суурь л болгож ирсэн. Уг нь хотын захирагч гэдэг бол цэвэр аж ахуйн ажил шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ гашуун туршлагыг одоо хотын статустай болж байгаа Эрдэнэтчүүд давтаж болохгүй. Эрдэнэт хотыг өнөөдрөөс эхлэн хот шиг хот болгон хөгжүүлэх хэрэгтэй.

-Ганц Улаанбаатараа хот шиг хот болгож чадаагүй байхад дараагийн хоёр хотын асуудал бослоо. Алдааг давтахгүй байхын тулд яг яаж төлөвлөх вэ. Монгол архитекторууд, инженерүүд, эдийн засагчид... бусад олон салбарын хүмүүс анх удаа бие даан, гардан энэ хоёр хотыг хөгжүүлэх цаг ирж байх шиг байна?

-Эхний асуудал бол хот төлөвлөлт анхнаасаа буруу төлөвлөлтийг хийвэл зардал өндөр гарна. Өндөр зардал хотыг босгохгүй, хөгжлийг удаашруулна. Хотын эдийн засаг гэдэг бол өөрийн татвараараа санхүүжээд, хотын иргэд өөрөө өөрийнхөө чадах юмаа хийж, орлого олж амьдралаа залгуулахыг хэлээд байгаа юм л даа. Эрдэнэтийг хот шиг хот болгохын тулд наад зах нь хүн амын тоо нь 250-300 мянга хүрэх ёстой. Монгол улсын төсвийн 60-70 хувийг дангаараа үүрч ирсэн Эрдэнэт үйлдвэр нь одоо нарийвчилсан судалгаагаар дахиад 60 жилийн нөөцтэй нь батлагдсан. Жаран жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн нөөц дууссан үед Эрдэнэт хот өөрөө өөрийгөө хангалттай аваад явж чаддаг болсон байх ёстой. Ингэж алсыг харж, бодлоготой, ухаалаг төлөвлөх нь хотын гэрэлт ирээдүй юм. Аль болохоор Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг Эрдэнэт хотод үлдээж чадах юм бол үнэ цэнэтэй хот бий болно. Эрдэнэт үйлдвэр өөрөө асар олон бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг. Тусгай зориулалтын тоног төхөөрөмж, машин механизм, нефть, химийн бүтээгдэхүүн зэрэг дотоодоос нийлүүлэх боломжгүй зүйлс бий. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор аваад, бусад хэрэгцээт бараа материалуудыг Эрдэнэт хотын иргэд өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх замаар үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой. 2019 онд Эрдэнэт үйлдвэр нэг их наядын ашигтай ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрийн ашгийн 20 хүртэл хувийг Эрдэнэтчүүдэд үлдээнэ гэж тооцоолбол 200 орчим тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр Эрдэнэт хотын гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох, үйлдвэр тойрсон жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтанд зарцуулах хэрэгтэй. Цаашлаад хотын газар нутгийг хааш нь тэлэх үү гээд бодлогын олон асуудал, хөгжлийн олон төлөвлөгөө яригдана. Эрдэнэт хотынхон Эрдэнэт-Булганы цахилгаан түгээхээс цахилгаанаа авч байна. Дулаан, бохироо бол дотроо шийдсэн. Цэвэр усны асуудал байхгүй. Эрдэнэт үйлдвэрт 6500 шахам хүн ажиллаж, тэдний ар гэр гээд тооцоолбол хүн амынх нь 30 шахам хувь нь  тус үйлдвэрээс амьдралаа залгуулж байгаа юм.

-Эрдэнэтчүүдийн хувьд дан ганц үйлдвэрээ хараад сууж болохгүй нь тодорхой. Эргэн тойронд нь эдийн засгийн маш их нөөц боломж байгааг та бас ярьдаг?

-Хүн амын тоогоо механикаар нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдэг нь бас нэг хөгжлийн төлөвлөгөө. Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг хотын дүүрэг болгоод авч болно. Зэргэлдээ аймгууд байгаа шүү дээ, тэдгээрийн сумдаас. Жишээ нь Жаргалантыг хотын үр тариа, хүнсний ногооны ханган нийлүүлхээр зохион байгуулж болно. Өөр нэг сумаас дан махны нийлүүлэлтээ авах ч юмуу, энэ мэтчилэн төлөвлөчих юм бол Эрдэнэт хот нэг их зоволгүйгээр өөрөө хөгжөөд явчихна. Дархантай харьцуулахад Эрдэнэт хурдацтай хөгжих боломжтой. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хэмжээний үйлдвэртэй учраас. Зэргэлдээ байгаа Дархантай харьцуулахад эдийн засгийн чадамж асар их. Дарханы иргэдийн дэргэд Эрдэнэтчүүдийн орлого нь хуримтлал үүсгэх хэмжээнд байгаа. Ийм боломж байгааг Дарханд орон сууц барьж байгаа захын нэг компанийн захирал батлан хэлдэг. Эрдэнэтийн иргэдийн худалдан авах чадвар Монголдоо дээгүүр орох хэмжээнд байгаа шүү дээ.

-Дэд бүтцийн хувьд Эрдэнэт эрт холбогдсон. Энэ нь бас л нэг том боломж юм даа?

-Мэдээж замын асуудал чухал. Төмөр зам бол асуудалгүй. Автозам болохоор наана нь Дарханы зам гэж үйлтэй юм байна. Эрдэнэтээс сонгогдсон Их хурлын гишүүдийг гайхаад байдаг юм. Тийм сэтгэлгүй юм уу эсвэл толгой нь ажилладаггүй юм уу, бүү мэд. Дашинчилэнгийн засмал замыг Булган аймгийн замтай холбоход ердөө 100-хан км замын асуудал байна. Тэр хүртэлх 100 км зайг холбочихооч дээ. Нөгөө нэг их наядын ашгаасаа 100 тэрбум төгрөг гаргаад шийдэх асуудал.  Дарханы замын ОУ-ын транзитын ачаалал хөнгөрнө. Булган Эрдэнэт цаашлаад Хөвсгөл аймгийн замын асуудлыг  шийднэ. Тээвэр хямдарна. 100 км-ийн тээвэр хямдрахаар бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна. Иргэдийн халааснаас гарч байгаа бензиний мөнгө хэмнэгдэнэ. Дэд бүтэц байгуулаад байгаагийн давуу тал энэ шүү дээ. Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд хоёр талаар явах засмал замтай болоход ердөө 100 км замын асуудал л байгаа юм. Үүнийг үе үеийн Их хуралд сонгогдсон гишүүд яагаад анхаарч ирээгүйг гайхаад байдаг юм.  Дээрээс нь төмөр замтай. Ингээд дэд бүтэц дээр ямар ч асуудалгүй болж байгаа юм. Цааш нь сэтгээд ажил болговол Орос руу экспорт хийх үйлдвэрүүдыг Эрдэнэтийн бүсэд барьж эхлэх хэрэгтэй. Зэргэлдээ шахуу байгаа 7 сая хүнтэй Эрхүү муж руу бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Үндсэндээ Эрхүү хавийн өргөн хэрэглээний барааг Москва хавиас хангахад Эрэдэнэтээс нийлүүлснээс өртөг өндөр гарна. Тэдний хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Эрдэнэтээс шууд төмөр замаар хойшоо гаргана гээд төлөвлөлтөө эхнээс нь маш нягт нямбай хийгээд, дотоод эдийн засгийн чиглэлээ хараад, дараа нь экспортын чиглэлийн юмнуудаа нэмээд өгвөл Эрдэнэт хот болсныхоо хэргийг хийнэ, том хот болно. Хоржоонтойхон хэлвэл Улаанбаатарын иргэд Эрдэнэт хот руу тэр чигээрээ нүүнэ.

-Эдийн засгийн энэ мэт өөдрөг хөшүүргүүдийг хийхийн тулд нэн тэргүүнд хууль эрх зүйн зохицуулалт маш чухал. Шинэ хуулиуд гарах хэрэгтэй болно?

-Тэгнэ. Үндсэн хуулийг дагаад засаг захиргааны нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд заавал өөрчлөлт орж таарна. Хамгийн том хэрүүл өнөө газрын үнэлгээ болно доо. Одоо энэ Улаанбаатарыг харахгүй юу. Газрыг маш бодлоготойгоор эхнээс нь хийхгүй бол хот гэдэг их айлд газар хамгийн том асуудал болохыг бид харж байна. Дэлхийн хотуудаас харж байна. Газрыг яаж үнэлэх юм бэ гэдгээс эхлээд хуулинд заавал тусгах ёстой асуудлууд гарч ирнэ. Хэдэн дүүрэгтэй болохоос эхлээд Хотын захирагчийн статус бүгд хуулиараа маш тодорхой байх ёстой. Улаанбаатарын хувьд харахад дүүрэг, хороо, хэсэг... гээд тэр чигээрээ улс төрийн намын дэд бүтцүүд бий болчихсон. Дандаа улс төрийн намаар донтчихсон, хоол олох хэрэгслээ болгочихсон хүмүүс байгааг та бид харж байна. Энэ бүх муу зүйлийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Тэгэхээр цоо шинэ хувилбарыг Эрдэнэт дээр турших болж байгаа юм. Жишээ нь Эрдэнэтчүүд өнөөдөр оршин амьдарч буй 100 мянган хүн дотроосоо яг унаган Эрдэнэтэд төрж өссөн, хотынхоо амьдралыг арван хуруу шигээ мэддэг, чин сэтгэлээсээ санаа тавьдаг, аж ахуйн ажлаа сайн мэддэг хүнийг олж хотын даргаараа сонгодог тийм хуулийн зохицуулалттай болох ёстой юм. Тэгж байж тэр хотын захирагч аль нэг намын даргын нөлөөнд бус ажиллана. Яагаад гэвэл түүнийг намаас сонгоогүй, Эрдэнэт хотын иргэд сонгосон учраас тэр бүгдийг иргэдээсээ асууна, иргэддээ ажлаа тайлагнана, иргэд нь түүнд сайн, муу дүнгээ тавина. Орон нутгийн нэг онцлог нь нэгнийхээ сайн мууг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг нь сайхан. Энэ мэтээр Эрдэнэт хотын ирээдүйг харахад их тодорхой харагдаж байна.

-Эрдэнэт албан ёсоор хотын статустай болохоор хажууд нь байдаг Булган аймгийн хувь заяа улам л бүрхэг болох нь?

-Тэр бол Булганчуудын асуудал. Шулуухан хэлэхэд Булган аймагт хөгжил ирэхгүй байгаа шалтгаан Эрдэнэт шүү дээ. Хажууд нь, 60 км зайд ийм том хот байхад Булганы иргэд том зах зээл рүүгээ шавна, том эдийн засгаа л дагаж амьдарна. Алдартай Сайханыхаа айргийг Эрдэнэт хотод аваачиж зарах нь илүү ашигтай байна биз дээ. Тийм болохоор тус аймгийн харьяанд байдаг, Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг Эрдэнэтэд нэгтгээд, нэг нэг дүүрэг болгоод явахыг ч үгүйсгэхгүй. Зах зээлийн өөрийнх нь зохицуулалт хар аяндаа хууль төрүүлдэг. Гэхдээ энэ бүхэн Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн талаарх зөвхөн миний концепци. Энэ бүх ажлууд хууль дүрмийн дагуу хийгдэж, эрдэнэтчүүд нийтээрээ нэг зүгт харан алхаж байж ирээдүйн Эрдэнэт хотыг Улаанбаатараас том хот болгож хөгжүүлнэ. Энэ нь гэхдээ нэг их хол, хэдэн арван жилийн дараах асуудал биш юм. Хууль эрх зүйн зөв зохицуулалттай, зөв хандлагатай байх юм бол угаасаа ажилч хөдөлмөрч, олон газраас цуглаж, онцгой сайн генийн цуглуулга бүрдсэн эрдэнэтчүүд маань Монголдоо хөгжлийн түүчээ болох нь гарцаагүй л дээ.  

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 11 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 29 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top