Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ.
Энэ үеэр Д.Цогтбаатар сайд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд илүү анхаарал хандуулж, хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд дахин зохион байгуулах цахим механизмын хурлын үеэр нарийвчлан ярилцахыг санал болгосон байна.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “COVID-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчдын хийсэн яриа хэлэлцээ болон хоёр улсын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цар тахалтай тэмцэх явцад харилцан тусламж үзүүлж буй нь хоёр ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлснийг Сайд нар онцлон тэмдэглэсэн байна.
Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл (1)