Монгол Улсын Засгийн газар АХБ хооронд 42 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих санхүүжилтийн болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрүүд юм.
Тодруулбал, энэ нь Монголд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усалгаатай газар тариаланг хөгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн 12 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах бөгөөд үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 8 мянган га-аар нэмэгдэх юм.
Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар гарын үсэг зурж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан байлцав.
Төслийг Төв, Сэлэнгэ, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Хэнтий аймгуудад АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс гадна Ядуурлыг бууруулах Японы сангаас 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ.