Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдварын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, өргөн барьжээ.
Уг тогтоолд,
-Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах /түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх,
-Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх,
-Ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох,
-Малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон байна.
Төсөл санаачлагчдын мэдээлснээр Монгол улс жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид худалдан авч, үлдсэн 7000 тонныг нь гадаад руу гаргадаг. Гэвч энэ жилийн хувьд онцгой нөхцөл байдал үүсч, гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагч, хөрөнгө оруулагчгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүссэн гэсэн үг.
Тиймээс Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахад хүрч, энэ дагуу УИХ-аас тогтоолын төсөл боловсруулан дээрх зохицуулалтуудыг оруулжээ. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид ярьж байна. Таван зуун ямаатай, таван ямаатай айл ав адилхан урамшуулал авна гэсэн үг.
Хөрөнгийн эх үүсвэрт улсын төсвөөс гаргах бөгөөд 200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймагт ноолуур авч эхэлжээ. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, худалдан авалтаа эхэлсэн байна.
Сэтгэгдэл (1)