"Ардчилал таймс" сонин “Чинээлэг малчин хөтөлбөр”-ийн талаарх мэдээллийг цуврал болгон уншигч та бүхэнд хүргэж байгаа билээ. Тэд энэ удаагийн дугаартаа уг хөтөлбөрийг санаачлагч, Чинээлэг малчин бойжуулах ТББ-ын тэргүүн Л.Одсэр, Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжин нарын яриаг хүргэж байна.
-Чинээлэг, дундаж давхарга нийгэмд ямар үр ашигтай талаар яриач. Ер нь баян чинээлэг нийгэм, давхаргыг юу гэж ойлговол зохилтой вэ?
Х.Тэмүүжин: Хэн нэгнээс хараат бус, айдаст автахгүй өөрийн хэмжээнд аз жаргалтай амьдрах гэж оролдож байгаа тэр нийгмийг эрх чөлөөт нийгэм гэж тодорхойлж байна. Ийм боломжийг хувь хүнд олгож байгааг хувь хүний эрх чөлөө гэдэг. Эрх чөлөөнд аюул занал учруулж байдаг хоёр зүйл байдаг. Нэгдүгээрт, айдас. Хүн айснаасаа болоод эрх чөлөөгөө асар хурдан арилжих, татгалзахад хүрдэг. Манай улсад хэн нэг хайртай хүнийх нь бие өвдчихвөл эмнэлэгт очоод, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадах болов уу гэдгээс айж байна.
Ялангуяа мөнгөгүй, танил талгүй, ямар нэгэн нөлөөгүй бол хайхрагдахгүй хаягдчих вий дээ. Хэн ч тоохгүй нийгмийн ялгавартай байдалд өртөөд хэн ч биш болчих вий гэсэн айдастай байна. Энэ байдал боловсролын салбарт ч бий. Зарим нь жилийн 60 сая төгрөгийн үнэтэй сургуульд хүүхдүүдээ сургаад хүүхдүүд нь дэлхийн хэмжээний боловсролтой өрсөлдөх чадвартай болчихсон байхад жирийн иргэдийн хүүхэд чанартай үйлчилгээг авч чадахгүй байна.
Тэгэхээр миний хүүхэд 10 жилийн дараа дахиад л нийгмийн доод хэсэгт байгаад, хар бор ажил хийгээд хэнд ч тоогдохгүй хаягдах вий гэсэн болгоомжлол байна. Асуудал гараад хуулийн өмгөөлөл, хамгаалал авах гээд очиход таньдаг хүн байхгүй, мөнгийг нь төлөхгүй, хэн нэгэн эрх мэдэлтнээр яриулахгүй бол махны машин шиг намайг хэрчиж хаяад алга болгочих вий. Би хүнээрээ байж чадахгүй хэн ч биш болох вий гэсэн айдас байна. Үүнээс дүгнэхэд танил тал, мөнгө, эрх мэдэлгүй бол хэн ч биш болдог. Ингэхээр нийгмийн дунд хана давхарга үүсч нэг нэгээ үзэн ядсан, таагүй байдал бий болно. Энэ байдлыг өөрчлөх ганцхан зүйл байгаа нь нийгмийн дундаж давхаргыг тэлэх. Дундаж давхаргынхны тоо олон болох тусам үл ойлголцол алга болж, бүх зүйлийг мөнгөөр худалдаж авна гэдэг олигархиудаас илүүтэй чинээлэг боломжийн амьдралтай иргэд чанартай боловсрол, эрүүл мэнд, хүнс, аюулгүй байдлыг шаардаж чаддаг.
Тиймээс Ч.Одсэрийн санаачлан хэрэгжүүлж орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшлийг мал аж ахуй руу оруулж ирээд, хамгийн гол нь бүтээмжийг нэмэх байдлаар иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь өөрөө дундаж давхаргын хэмжээг зузаатгаж байгаа хэрэг. Дундаж давхаргынхан олон байх тусмаа дээр дурдсан айдсууд алга болж, бие дааж асуудлаа шийддэг олонх бий болохоор дуртай нь худалдаж авч чадахаа болино. Эрх чөлөөний хамгийн том аюул нэг талдаа айдас, нөгөө талдаа ядуурал. Тэгэхээр айдсаас ангижруулж, ядуурлаас салгачих юм бол иргэд эрх чөлөөтэй байна. Эрх чөлөөтэй хүмүүс өөртөө таарсан аз жаргалыг бүтээж бий болгодог. Тэгэхээр чинээлэг малчин хөтөлбөр хоёр зүйлээр сэтгэл татаж байгаа юм.
Нэгдүгээрт, баялаг бүтээж бизнес эрхэлж байгаа иргэд нэг нэгнээсээ аваад, дунд нь борлуулж, арилжааны замаар бизнес хийх гэж оролддог бол энэ төсөл шинээр баялгийг бүтээж, зах зээл рүү шинэ бүтээмж гаргаж байгаагаараа онцлог. Өнөөдөр дөрвөн жил хөдөлмөрлөж өсгөсөн малаа зах зээлд 150 мянгаар борлуулах, найман сар хөдөлмөрлөөд ийм хэмжээний үнэ цэнээр зах зээлд борлуулах гэдэг асар их ялгаатай. Тэр хүний хөдөлмөрийг дөрөв дахин багасгаж, дөрөв дахин хурдтай, бүтээмжтэй ажиллаж байна гэдэг баялаг бүтээгчийг зах зээлд илүү өрсөлдөх чадвартай, үнэ цэнтэй болгож байна.
Ардчилсан нийгмийн суурь дээр үнэ цэнийг бүтээгээд тэндээсээ өөрийн бусдаас үл хамааралтай байх эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж байгаа иргэд улс төр дээр бие даасан бодолтой, хууль шүүхийн ситемээс шударга ёсыг, боловсрол эрүүл мэндээс чанартай үйлчилгээг шаардаж эхэлдэг. Ингэснээр хөдөө орон нутагт бүх зүйл чанаргүй байдаг гэх ойлголтыг алга болгох юм. Хүүхдээ заавал хот газарт боловсрол эзэмшүүлье гэхээс илүүтэй орлоготой, чинээлэг, чанартай үйлчилгээ шаардаж байгаа иргэд рүү хүссэн үйлчилгээ дөхөж очно.
-Та энэ хөтөлбөрийг санаачлахдаа яагаад “Чинээлэг” гэдэг үгийг сонгох болов?
Л.Одсэр: Бэлчээрийн мал аж ахуй дээр суурилсан аж ахуйгаас нийгэм эдийн засаг ихээхэн хамаарч байна. Харамсалтай нь уул уурхайн орлого дээр хоорондоо зодолдоод улс эх орон тэр хэмжээгээр хохирол амсаад зовлонгоо эдэлж байна. 90 оноос хойших 30 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд шийдэж чадахгүй олон асуудал бий болсон. Эдийн засгийн өсөлтөд мал аж ахуйн салбар 10 гаруйхан хувийн нөлөө үзүүлж байна. Мөн дэлхийн улс орноос ялгардаг өргөн уудам бэлчээр устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Дэлхийн улс орнууд хүнийхээ хөгжлөөр өрсөлдөж байгаа энэ цаг үед бидний орлого нэмэгдээд байгаа хэрнээ байр нь урагшлахгүй байна. Үүний шалтгаан нь орлого иргэдийн гар дээр жигд очихгүй байгаад асуудлын гол нь байгаа юм.
Гэтэл ардчилсан нийгмийн бүтцийг бий болгоод байгаа иргэд өөрсдөө сонгогчид. Ялангуяа таруу байрлалтай 76 гишүүний ихэнх нь хөдөө орон нутгаас сонгохоор болоод байна. Тэгэхээр мал аж ахуй эрхлэгч малчид маань улс төрийн нөлөөгөөрөө ч жин дарж байгаа. Тэд орлого багатай сонгогчид болоод байгаа юм. Ингэхээр одоохондоо мөнгө, албан тушаалын нөлөөгөөр сонгуулийн саналаа худалдчихаад дараа нөгөөдүүлийгээ болохгүй, бүтэхгүй байна гээд шүүмжлээд байдаг. Үүнийг засч сайжруулах гол алхам нь энэ хөтөлбөр. Үүнд асар их мөнгө шаардлагагүй. Энэ жил улсын төсөвт 3.6 их наяд төгрөгийн үргүй зардал хөрөнгө оруулалт хийгдэхээр байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө, уул уурхайгаас олсон мөнгийг хайр гамгүй цацаад дундаас нь хулгайлахаа бодож байгаа хэрэг.
Гэтэл энэ мөнгөний гуравны нэгд ч хүрэхгүй мөнгөөр өөрсдийгөө чадавхжуулаад орлого бий болгоод баян чинээлэг амьдралтай болгох шалтгаан нь малчны хотонд байна. Улстөрчид малчдыг ядуу буурай байлгаад саналыг нь тав арван цаасаар худалдаж аваад, уул уурхайн их орлогоос хулгайлах үйл ажиллагаагаа санаатайгаар явуулж байна. Тиймээс төрийн бус байгууллагаараа дамжуулж иргэдийг орлоготой болгохоос гадна хүчирхэг, худалдагдаггүй сонгогчийг бий болгохыг зорьж байна. Энэ бол нийгмийн олон салбарыг хамарсан бүтээлч ажил гэж ойлгож байгаа.
Х.Тэмүүжин: 3000-4000 хонины араас хөөцөлдөх 500 хонины араас хөөцөлдөх гэдэг цаг хугацаа, зарцуулах хөдөлмөрийн хувьд асар их ялгаатай. Тэр хүний малдаа зарцуулах цаг нь багасаад олох орлого нь ижилхэн болоод ирэхээр үр хүүхэд, ар гэртээ зарцуулах цаг хугацаа их болж амьдралдаа бодитоор анхаарал хандуулдаг болно. Амьжиргаагаа дагаад ахуйд хэрэглэдэг зүйлс нь өөрчлөгдөнө, нийгмийг харах цонх, хүүхдүүдийнхээ амьдралыг өөрчлөх боломж нь ч нэмэгдэнэ. Малчин өрхийн хүүхдүүд зарим нь мал дээрээ гарлаа гэхэд бусад нь сум, аймгийн төв болон нийслэл Улаанбаатар хотод суралцахаар амьдардаг. Малчдын орлого нэмэгдэхэд эдгээр хүүхдүүдийн амьдралын орчин өөрчлөгддөг. Энэ нь өсөлтийн шат шиг хүн амын бүтцээр Монголын хөгжилд түлхэц болж байгаа юм.
Малчид чинээлэг болохын хэрээр аймгийн төвүүд, нийслэл хотод амьдарч байгаа тэдний хүүхдүүдиийн боловсрол, ажлын байр, бизнесийнх нь боломж тэр хэмжээгээр тэлж байна. Энэ л монголын ололт хожоо байна. Энд шинэ дундаж давхарга бүрэлдэж байна. Мөн мал дээр байдаг иргэдийг ахуйн соёлоос хол гэсэн ойлголт ч алга болно. Малын буянаар Улаанбаатар хотын иргэдээс илүү тансаг, сайхан орчинд амьдрах боломжтой болж байна. Харин ч хотын захад ажилгүй байгаа иргэн, хөдөө орон нутгийн малчнаас амьдралын чанар доогуур амьдарч байна. Дундаж, чинээлэг, хүчтэй давхарга хэдийчинээ бий болно түүнийг дагаад нийгмийн дундаж сэтгэхүй, амьдрал дээшилнэ.
Ингээд дундаж давхарга хүрээгээ тэлэхээр улстөрчид тэдний худалдаж авдаг, хуурдаг байдал алга болж ардчилал илүү хэрсүү, хариуцлагатай болж эхэлнэ.
-Намар “Чинээлэг малчин хөтөлбөр”-ийн талаар хэвлэлийн бага хурал хийж байхад миний хүч хөдөлмөрөө зарцуулан өсгөж үржүүлсэн малын махны үнийг төр тогтоодог. Хавар зуд болоход хариуцлагыг нь Засгийн газар хүлээх юм уу гэж малчид дуугарч байсан. Энэ мэтчилэн хүлцэнгүй, дуугүй байдлаасаа “би үйлдвэрлэгч, энэ миний өмч хөрөнгө гэдгийг ойлгоод өөрийн үнэ цэн эрх үүргээ олон малчин мэддэг болчихвол төрөөс илүү бодит бодлого шаардаад эхлэх байх. Тухайлал, яагаад махаа зарах гэхээр төрөөс квот тогтоогоод хэн нэг хүний танил тал, ах дүү нарын тусгай зөвшөөрөлтэй компаниар дамжих ёстой юм” гэх мэтчилэн яриа өрнөх юм шиг санагдсан?
Л.Одсэр: Яг үнэн. Өмнө нь махны үнэ өсчихвөл төв суурин газрын иргэдийн амьдрал хэцүүдлээ гэдэг. Гэхдээ бид ардчилсан нийгмийг сонгосон. Хамгийн гол нь Засгийн газраас махны үнэ бууруулах хязгаар тогтоочихоор малчид хүлцэнгүй хүлээж авдаг байсан. Харин хэвлэлийн бага хурал хийснээс хойш нээрээ бид мах үйлдвэрлэгч юм байна гэдгээ малчид ойлгоод эхэлсэн.
Бидний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хот суурин газрын хэрэглэгчдэд үнийг нь тогтоогоод бууруулаад хэрэглүүлдэг. Тэгвэл хотод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнийг бидэнд хямд өгөх ёстой биз дээ гээд санал дэвшүүлж байгаа нь малчид хэрсүүжээд эхэлснийг харуулж байгаа юм. Энэ мэтчилэн малчид нэгдээд эхлэхээр улстөрчид махны үнийг тогтооно, бизнест нь саад учруулна гэж сонгогчид дээр очоод хэлж зүрхлэхгүй болно. Эхний амжилтууд л энэ шүү дээ.
Ялангуяа дийлэнх УИХ-ын гишүүд хөдөө орон нутгаас сонгогдож байгаа энэ үед. Малчид ч ялгаагүй бизнес эрхэлж байхад махных нь үнийг хязгаарлахаа болиод тэгш өрсөлдөх боломжийг хангаад эхэлбэл эрх баригчдаас нийгмийн хэрэгцээгээ шаардаад эхэлнэ. Тэр үед тэнд тохирсон бодлогыг ярьж эхлэхээр хажуугийн өрсөлдөгч нь түүнээс давсан таатай шийдлүүдийг ярина. Ингээд нийгэм цэвэршиж бодлого уралдуулдаг болно
Х.Тэмүүжин: Эдийн засгийн хамгийн чухал бодлого нь иргэдийн орлогыг дээшлүүлье, амьдралын чанарыг нэмэгдүүлж, бүтээмжийг дээшлүүлэх л яриа байна шүү дээ. Малчдын бүтээмж дээшлээд орлого нэмэгдэх гэдэг нь тухайн зах зээлийг зөвхөн Улаанбаатар хотод байгаа хүмүүс л хүртэнэ гэсэн үг биш шүү дээ. Дэлхий интеграцлагдаад бүс нутгийн хэмжээнд манай улсыг ярихад хүнс үйлдвэрлэж байгаа улс орон стратегийн хувьд илүү байр суурьтай, хүчтэй байна. Хүнсний аюулгүй байдлын асуудал чухал байсаар л байна. Дэлхий даяар хүнс, эрчим хүч хоёр дээр асуудал үүснэ. Тэгэхээр мах үйлдвэрлэх нь бүс нутгийнхаа хэмжээнд брэнд болоод, малчдын чинээлэг байдал нэмэгдэхэд тэд эдийн засгийн өсөлтөөрөө бизнес рүүгээ дахин хөрөнгө оруулалт хийж, малаа эрүүлжүүлж, дэлхийн стандарттай нийцүүлнэ.
Монгол махыг бүс нутгийнхаа хэмжээнд брэнд болгоод үнэ цэнийг нь нэмэгдүүлбэл манай улсын иргэдийн орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ганцхан малчид ашгийг нь хүртэх асуудал биш. Бид хотод бөөнөөрөө бужигначхаад улам бүр ядуураад байгааг аврах ганц түлхүүр үндсэндээ мал аж ахуй, эко хүнсний үйлдвэрлэл юм.
-Малчин хүн баян чинээлэг болоод үйлдвэрлэл явуулаад эхлэхээр улам хэрсүүжээд хуучны Итгэлт баянаас илүүтэй амьдралын ухаан бас яваад байгаа. Нэг нөхөр очоод худлаа юм яриад саналыг нь худалдаад авах гэхэд харьцангуй боловсролтой болчихсон байна гэсэн үг биз. Чинээлэг гэдэг үгийн ард бас боловсролын юм яваад байх шиг?
Х.Тэмүүжин: Асуудлыг илүү бодитоор хардаг болно гэсэн үг л дээ. Хэн нэгнээс хамааралгүй өөрөө бүтээгч болоод ирэхээр илүү хөндлөнгөөс хардаг болж эхэлнэ. Ядуу хүмүүс бусдаас илүү хамааралтай болдог. Тухайлбал, хандив өгсөн, халамжилсан хүмүүст автамтгай болж, эсвэл итгэл найдвар төрүүлэх гэж худлаа ярихаар гэнэн байдлаар итгэмтгий зан гаргадаг. Иргэд бодит орлоготой, өөрийн гэсэн амьдралаа авч явдаг болоод ирэхээрээ хүчирхэг болдог. Хүчирхэг болсон иргэд хэн нэгэнд автаад байдаггүй. Өөрийг нь хүчирхэг болгож байгаа мал аж ахуйн салбарыг хэн нь дэмжиж, хэн нь зөв бодлого ярьж байна гэдгийг ялгаж салгах чадвартай болдог.
Тэгэхээр хэр баргийн хүнд хөнгөхөн хууртаж, нөлөөнд нь автахгүй гэсэн үг. Энэ нь өөрөө ардчиллын хамгийн чухал шинж. Иргэд нь хууртагддаггүй, хөнгөн хөдөлдөггүй нийгмийн нэгж дээр ардчилал өөрөө суурилж, тогтвортой оршин тогтнодог. Монголын ардчилал яагаад эмзэг байгаа, гажаад байгаа вэ гэдэг нь цөөн тооны хүмүүс мөнгөтэй эрх мэдэлтэй болчхоод бусад хүмүүсээ байнга хууран мэхлэх замаар эрх мэдлээ хадгалж үлдэх тогтолцоотой холбоотой. Үүнийг алга болгох систем нь хүчирхэг дундаж анги давхарга.
Хүчирхэг дундаж давхарга гэдэг нь чинээлэг боломжийн амьдралтай, амьдралаа хэнээс ч хамааралгүй аваад явчихдаг, үр хүүхдийнхээ ирээдүйг илүү хэрсүү ухаалгаар харж чаддаг хүмүүсийн тухай яриа. Тэр хүмүүс зөрчил, дайн самууныг хүсдэггүй, нийгмийг хувааж хэн нэгний худал үгээр биенээ үзэн ядаж туйлширдаггүй. Бодитой тогтвортой, урт хугацаанд ирээдүйг тодорхойлж чадах бодлогуудыг хайж эхэлдэг. Тэгэхээр попорсон, худлаа амласан улстөрчийг гэхээсээ илүүтэй хөгжлийн бодлогууд нь хэрэгжих боломжийг хайж эхэлдэг.
-Чинээлэг малчин хөтөлбөр бол богино хугацаанд үр дүн гарах боломжтой анги давхаргыг онилчихсон хөтөлбөр гэж ойлгоод байгаа шүү дээ?
Х.Тэмүүжин: Энэ аргаар амьдарч байгаа, энэ аргаар амьдрах олон жилийн бэлэн туршлага, суурь нь байгаа. Үүний эдийн засгийн бүтээмжийг нь дээшлүүлээд гадаад, дотоод зах зээл рүү оруулаад малчдын суурь туршлага дээр шинжлэх ухааны багахан дэвшил оруулж ирээд бүтээмжийг нь дээшлүүлчхэд л амьдралын чанар нь дээшилчих гээд байгаа юм.
-Тухайлбал, 25 килограмм гулууз махаа махны үйлдвэрүүд, системээрээ дамжуулаад гадаадад борлууллаа гэхэд тэндээс улсад төлдөг татвараа төлөөд үлдсэн мөнгө нь малчдын халаасанд орлого болж шууд орно гээд байгаа. Харахад, уул уурхайн бодлогын зарцуулалт тодорхой биш шүү дээ?
Х.Тэмүүжин: Уул уурхайн бизнес бол улстөрчдийн бизнес болчхоод байна. Мал аж ахуй бол улстөрчдийн бизнес биш, ард түмний бизнес байхгүй юу. Ард түмний бизнес хэдий чинээ өргөжинө тэр бизнесийн орчноос худал хуурмаг төдий чинээ шахагдана. Улс төрийн бизнес хэдий чинээ өргөжнө түүн дотор хийн бөмбөлөг шиг худал хуурмагууд төдий чинээ арвижина. Зарим ердөө энэ. Уул уурхай хэтэрхий цөөн хүмүүст хамааралтай бизнес гэдэг нь үнэн. Гэхдээ бидэнд үүнтэй өрсөлдөхүйц мал аж ахуй байна. Уул уурхайн бизнес гэдэг хэн нэг нь бүтээгээд байгаа гэхээсээ илүүтэй монголын ард түмний хувь заяагаар бүгдэд хамааралтай баялгийг зах зээл дээр гаргаж байна. Уул уурхай нөхөн сэргээгдэхгүй баялаг.
Харин мал аж ахуй нөхөн сэргээгддэг баялаг. Ингээд харахаар олон зуун жил монголчуудыг тэжээж ирсэн энэ баялаг цаашид ч тэжээсээр л байх болно. Харин уул уурхай, мал аж ахуйн тэнцвэрт байдлыг харгалзаж аль нь илүү өгөөжтэй, үнэ цэнтэй цаашид дэлхийд оршин тогтнохыг бодолцоод явах нь зүйтэй байх. Хэн дэлхийн хоолыг үйлдвэрлэж байна тэр дундаас доош унахгүй л байхгүй юу.
Л.Одсэр: Малчны халаасанд очиж байгаа мөнгө гарахдаа даргын халаасанд очихгүй л байхгүй юу. Энэ өөрөө бусад нийгмийн салбаруудад баялаг болж очно. Тэгэхээр малчид хурдан баян чинээлэг болохын тулд энэ хөтөлбөрийн давуу талыг ашиглаад нийгмийн дундаж давхарга руу орох юм бол шүүмжлээд байгаа нийгмийн тогтолцоо, төр засаг, шударга бус байдлаасаа хурдан сална.
Малчдад хамгийн их давуу боломж байна. Хэнээс ч гуйхгүй одоо байгаа байдал дээрээ богино хугацаанд чинээлэг, дундаж давхаргын цөм болох боломж малчдад бий. Тэр бүтцээ дагаад дараа дараагийн шатны хөгжил хурдтай явна. Чинээлэг дундаж давхарга өөрөө ур чадваруудыг, сайн туршлагуудыг, хөгжлийг үйлдвэрлэгч болж хувирна.
Сэтгэгдэл (6)