Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдыг ноолуурын үнээр дэмжинэ хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгож килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөс багагүй үнээр авах чиглэл баримтална гэсэн юм.
Түүний энэ мэдэгдлийн араас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Би та нарт хэзээ худлаа ярьж байлаа. Би энэ ажлыг хар толгойгоороо хариуцна” хэмээн сүржин мэдэгдсэн нь малчдын магнайг хэдэн хоногтоо тэнийлгээд амжсан. Малчдын жилийн орлогын 40 хувийг бүрдүүлдэг ноолуурын үнэ ийнхүү 100 мянгад хүрэх нь тэдний ахуй амьдралд хэрхэн нөлөөлөхийг энд дурдах нь илүүц биз.
Харин Засгийн газрын тэргүүн, салбарын сайдын энэ сайхан амлалтуудад итгэн хэдэн ямааныхаа ноолуурыг 100 мянга хүрэхийг хүлээж, хав даран суугаа малчдын тэвчээр өнгөрсөн сар гаруй хугацаанд барагдсаар өнөөдрийг хүрлээ.
Заримынх нь тэвчээр алдагдаж “Ноолуур 100 мянган төгрөгөөр төрийн ордонд авч байна” хэмээн Ч.Улаан сайдын утасны дугаарыг цахим орчинд тараагаад амжив. Түүнд итгэсэн зарим нэг малчин ноолуураа ачаад төрийн ордныг зүглэж, түүний эрэлд гарахаар бэлдээд байгаа аж. Харин өнгөрсөн баасан гаргийн УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс ХХААХҮ сайдад хандсан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуны үеэр Ч.Улаан сайд Энэ жил 233 мянган малчин өрх 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ. 300 тэрбум төгрөгөөр нийт ноолуурын 30 хувийг л худалдан авч хүрэлцэнэ. Үндсэндээ Засгийн газар 300 тэрбумаар гурван мянган тонн ноолуур авна гэж тооцоолсон гэсэн үг. Үйлдвэрүүдийн худалдан авах гурван мянган тонн ноолуурыг сүлжмэл болгож, үлдсэн долоон мянган тонныг нь дуудлага худалдаанд оруулна хэмээн мэдэгдээд зарим гишүүдэд загнуулаад амжсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд аа, та одоо болно. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос, ноолуурын хэмжээг өсгөхөөс илүү яаж ард иргэдээ хоолтой байлгах вэ гэдэгт дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Гэтэл та ноолуурын үнийг нэмнэ гэдэг асуудал чинь бүтэхгүй. Та буруу мэдээлэл өгч байна. Та ноолуур бэлтгэхэд зориулж 300 тэрбум төгрөг гаргаж, нэг кг ноолуур 105 мянган төгрөгт хүрч байна гэдэг үлгэр ярьж байгаа тань ард түмнийг хуурч байна. Ноолуур монголчуудын хувьд чухал ч гэсэн малчдын гол орлого олдог зүйл дээр нь улс төр хийж, тоглож хүний амьдрал ахуйг сүйрүүлж болохгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архангай аймагт ноолуурын үнэ хэзээ 100 мянган төгрөгт хүрэх талаар түүний ам өчгийг асууж, цагтаа Архангайн ноолуур 105 төгрөгт хүрч байсан юм шүү гээд уурыг нь хүргээд амжив. Асуулгын явцад арга ядан бухимдсан сайд “Ноолуурыг зүүн аймгуудаас эхлээд бэлтгэдэг. Чанар нь зүүн аймгуудад илүү байдаг. Одоогоор 100 мянга хүрчихсэн байгаа. Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон гэсэн юм.
Түүний энэ хариултаас харахад 100 мянган төгрөгөөр малчдын ноолуурыг авна гэсэн түүний үг малчдын чихэн дээр цэцэг ургуулсан үйлдэл байсан нь тодорхой болов. Одоо тэрээр толгойгоороо хариуцна хэмээн мэдэгдэж байсан нөгөө 100 мянган төгрөгийн үнэлгээгээ ч мартсан бололтой.
Нөгөө талаар Ч.Улаан сайд анх мэдэгдэхдээ малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэснээс биш нийт ноолуурын 30 хувийг нь л авна, бусад нь зах зээлийн журмаар өөрсдөө борлуулах хэрэгтэй гэж огт хэлээгүй нь та бидний амьдралыг залгуулж байдаг малчдаа мэхэлсэн хэрэг болж байна. Нэг үгээр хэлэхэд Ч.Улаан сайд ингэж тохуурхсанаараа монголын малчдын 70 хувийг улаан цайм хуурсан хэрэг. Манай малчдын хэн нь энэ төр засгийн араас нь гарсан, хэн нь урдаас нь гарсан болоод ийн ялгаварлаж байгаа хэрэг вэ гэж асуумаар.
Өнөөдрийн байдлаар Ч.Улаан сайдын хэлсэнчлэн кг ноолуур 100 мянган төгрөгөөр авч байгаа газрыг хаанаас ч хайгаад олсонгүй. Харин Ч.Улаан сайдын энэ жилийн сонгуулиар нэр дэвшихээр товлосон тойрогт 105 мянган төгрөгөөр ноолуураа тооцуулж тушаасан хэдэн малчин хохироод үлдсэн талаар л мэдээлэл түгэж байна. Ч.Улаан сайдын хэлээд байсан 105 мянган төгрөгөөр үнэлж ноолуураа тушаасан иргэд үлдэгдэл мөнгөө хэзээ олж авах нь тодорхойгүй байгаа бөгөөд арга ядахдаа цагдаагийн байгууллагад хандсан талаар ч хэлж байна. Үнэндээ манай улс энэ жил 10 мянган тонн ноолуур бэлтгэнэ гэсэн тооцоо гарсан. Гэтэл нийт ноолуурын 30 хувьд хүрэх 300 тэрбумын хөрөнгө санхүүгийн асуудлаа ч бүрэн шийдэж чадаагүй байж малчдыг ноолуураа 100 мянгаас доош өгч болохгүй гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийснээрээ “гүйх нохойд гүйхгүй нохой саад” болсон Засгийн газрын тэргүүн, салбарын сайд ямар хариуцлага хүлээх вэ.
Хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр ийм мэдэгдэл хийгээгүй, ноолуурын үнийг зах зээлийн жамаар нь явуулсан бол малчид ийн хохироод үлдэхгүй байх боломж байсан ч байж болох. Үнэндээ тэднийг мэдэгдэл хийхээс өмнө ноолуурын үнэ 70 мянган төгрөгийн ханштай байсан.
Хэдийгээр санхүүгийн хямралтай байгаа ч Монголын үйлдвэрүүд, ченжүүд ийм үнээр ноолуур авах сонирхолтой байсан. Дорнод аймагт ноолуур 80 мянган төгрөгийн ханшаар эхэлж малчид эхнээсээ тушааж байхад Ч.Улаан сайд ингэж худал хэлснээр энэ наймаа зогссон. Малчид ноолуураа 100 мянган төгрөг хүрэх нь гээд дараад хэвтчихсэн. “Салбарын сайд худлаа хэлэхгүй байх. 100 мянган төгрөгт хүрч магадгүй. Тушаах гэж яараад яах вэ” гээд хүлээж суусаар байтал ноолуур өнөөдөр 45-55 мянган төгрөгийн ханштай болгочихсон байх.
Үүний дээр Ч.Улаан сайдын өнөөх 100 мянган төгрөг гэдэг нь ч бас худал болж өнөөдөр 85 мянган төгрөг гэсэн үнэлгээ гаргачхаж. Гэтэл өнөөдөр Баян-Өлгий аймагт ноолуурыг 25-30 мянган төгрөгийн ханштай болчхоод малчид одоо бид яах вэ хэмээн халаглах малчин ч байна. Магадгүй Ч.Улаан сайд Баян-өлгий аймгаас нэр дэвших байсан бол энэ аймгийнхан 105 биш юм аа гэхэд 30 мянгаас арай дээгүүр үнээр ноолуураа тушаах ч байсан юм бил үү.
Үнэндээ Ерөнхий сайд болон ХХААХҮ сайдад зах зээлийн эдийн засгийн ийм наад захын үндсэн зарчмыг тайлбарлаад ойлгуулчих сүүхээтэй хүн энэ Засгийн газарт байдаггүй бололтой.
Үгүй наанадаж эрэлт нийлүүлэлтийн хамаарлыг хэлээд өгчихмөөр байх юм. Эрэлт их байвал нийлүүлэлт их болж үнэ өснө. Эрэлт бага байвал үнэ буурах нь эдийн засгийн үндсэн зарчим ойлголт баймаар. Гэтэл эрэлт нийлүүлэлтийн огтлолцол дээр зах зээлийнхээ жамаар тогтох үнийг хүчээр тогтоон барих гэсэн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн түүний энэ муйхар оролдлого олон мянган малчдын амьдралд сөргөөр нөлөөлөхөөс гадна аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихад хүргэж байгаа гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Тухайлбал,“Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан “Ноолуурын үнийг 100 мянгад хүргэнэ гэж тэр Ч.Улаан сайд одоо юу яриад байгаа юм бэ. Дэлхийн эдийн засаг хямарчхаад байхад яагаад заавал 100 мянган төгрөгөөр авна, авахгүй гэж яриад байгаа юм бэ. Хөдөө аж ахуйн салбараа ерөөсөө ярихгүй зөвхөн малчны тухай яриад байх юм. Үйлдвэрлэгчид бид хүн биш юм уу. Үйлдвэрлэгч бид өрөнд орон байж яаж 100 мянган төгрөгөөр ноолуур авах юм бэ. Энэ жил ноолуурын ханш 20-30 мянган төгрөг байх төлөвтэй байна. 70 мянган төгрөгийн зөрүүтэй ноолуур аваад бид яах вэ дээ” хэмээн үгээ хэлж суугаа бол “Сийлэн кашмер” компанийн захирал Г.Хулан: 100 мянган төгрөгөөр ноолуур авна гэж зарласнаас хойш малчид ноолуураа худалдахгүй хадгалж эхэлсэн. Зээл олгох хугацаа хойшлогдож, үйлдвэрлэгчид ноолуурыг 100 мянган төгрөгөөр авахгүй гэсэн байр суурьтай байна. Одоо зарим малчид ноолуураа 70 мянгаар борлуулаад, зарим нь Ч.Улаан сайдыг хүлээж байна. Харамсалтай нь 100 мянган төгрөгөөр авах ёстой гэснээр зах зээлийн бодит ханшийг 67 хувиар нэмэгдүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэж байна. Бид яагаад шаардлагагүй өрийн дарамтад орох ёстой юм бэ. Би хэзээ ч 100 мянган төгрөгөөр ноолуур худалдаж авахгүй. Төр засаг нь мөнгөтэй юм бол өөрөө худалдаж ав. Ч.Улаан сайд мөнгөтэй юм бол өөрөө худалдаж ав. Үйлдвэрүүдийг битгий өрийн дарамтад оруулаад бай” гэсэн юм.
Харин эдийн засагчид Ч.Улаан болон У.Хүрэлсүхийн амлалтыг “Хоосон мөрөөдөл, сонгуулийн шоу” хэмээн хэдийнэ тодорхойлчихсон. Энэ дүгнэлт ч үнэнд нийцнэ. Учир нь Ч.Улаан сайд сонгуулийн “нүхээ” малтаж, нэрээ дэвшүүлэх Сүхбаатар аймагтаа нэг килограмм ноолуурыг 105 мянган төгрөгөөр авахаар баталсан нь нууц биш юм. Гэвч тэрбээр амлалтаа ганцхан Сүхбаатарт хэрэгжүүлээд, бусад аймгийн малчдыг ялгарварлаад өнгөрөх нь. Гэхдээ тэдэндээ ч амласан үнээ бүрэн гүйцэд өгөөгүй байгаа шүү. Цагтаа “Би та нарт хэзээ худлаа ярьж байлаа. 100 мянгаар авна. Толгойгоороо хариуцна” хэмээн мэдэгдэж байсан түүний амлалтыг ард түмэн мартаагүй. Арга ядахдаа Ч.Улааны улайдаггүй нүүр, хөгшин толгойгоор бид яах вэ. Ноолуураа дарах уу, зарах уу хэлээд аль” хэмээн халаглаж сууна.
Хуучин цагийн үеэ өнгөрөөсөн ч МАН-ын үе үеийн дарга нарын өлмийг долоон байж сонгууль бүрээр нэг тойрог эзэмшин Сүхбаатар аймгийн ард иргэдийнхээ хулхин дээр цэцэг ургуулан сонгогдсоор ирсэн ч өдгөө Улайдаггүй Улаан” нэртэй болоод байгаа энэ хүн дахиад хэдэн жил УИХ-ын дугуй танхимд суухын тулд монголын малчдын жилийн орлогын ихэнхийг ийн хаагдуулж, заримыг нь бүр хулхидан байгааг намынхан нь ч шүүмжилсээр байна.
Улайдаггүй Ч.Улаан өнөөдөр малчид шуудайтай ноолуураа бариад төрийн ордны гадаа хаалган дээр ирчих вий хэмээн сэмхэн зугтааж явах зуур малчдын бэлтгэсэн жаал ноолуур улам үнэгүйдэж, цаг хугацаа өнгөрөх тутам хуурайшин чанараа алдсаар байх нь..
Харин Ч.Улаан сайдын хувьд хаанахын хэдэн хүн яаж хохирох нь хамаагүй, юутай ч УИХ-ын сонгууль өнгөрөг, би өөрийнхөө тойргийн малчдын ноолуурыг хэлсэн үнээрээ авчихсан юм чинь, суудлаа олоод авах минь хэмээн ханцуй дотроо залбиран яваа бололтой.
Ийнхүү УИХ-ын дугуй танхимаас салахыг огт хүсдэггүй зөнөсөн өвгөн, улайдаггүй Ч.Улааны зах зээлийн эдийн засгийн зарчмын эсрэг хийсэн бодлогогүй мэдэгдэл, гаргасан болчимгүй шийдвэр нь ёстой “Гүйх нохойд гүйхгүй нохой садаа болно” гэгч л болж байна. Ийнхүү гэртээ ач нараа хараад сууж байх ёстой тэтгэврийн нэг өвгөн монголын ноос ноолуурын хэдэн үйлдвэрийг нийт малчидтай нь хамт нэг мөсөн хөмөрсөн нь энэ.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин