АН-ын Үндэстний Бодлогын Хорооны гишүүн Х.Эрдэнэбаатартай “Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед “Чинээлэг малчин” хөтөлбөрийн тухай цахим орчинд мэдээлэл их явах боллоо. Говьсүмбэрт хэрэгжиж эхлээд одоо Хөвсгөл аймагт хэрэгжүүлхээр болсон гэдгийг дуулаад тантай уулзах хүсэл төрсөн юм. Яагаад та энэ хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэх болсон бэ?
-Хөвсгөлчүүд уул уурхайгүй, аялал жуулчлалын бүс болж хөгжинө гэдэг концепцийг дэмждэг. Тэгсэн атлаа яг аялал жуулчлалаас хөвсгөлчүүд хэр их орлого олдог юм бол гээд судлаад үзэхээр нийт Хөвсгөлчүүдийн орлого аялал жуулчлалаас хамаарал бага, өөрөөр хэлбэл аялал жуучлалаас хүртэж байгаа ашиг шим бараг үгүйтэй ижил. Ихэнх амралтын газрын эзэд, ажиллагсад нь зун, намрын хэдэн сардаа хотоос очоод ажилчихдаг байдал ажиглагдсан. Энэ нь тухайн байдал анхаарах зүйлтэйг харуулж байгаа юм. Үндсэндээ хөдөөд хөгжил алга.
Хөвсгөлийн 20000 орчим малчин өрхөд аялал жуулчлалаас хүртэх ашиг бага байгаа нөхцөлд орлогыг нь яаж дээшлүүлэх вэ, байгалийн онгон дагшин байдлыг хадгалахын сацуу мал аж ахуйн салбарын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр эрэл хайгуул хийж эхэлсэн гэх үү дээ. Тэгээд Говьсүмбэр аймагт амжилттай хэрэгжиж буй “Чинээлэг малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж эхлэхээр болоод байна.
-Энэ хөтөлбөр яг байгаа олж, малчдын аж амьдралыг бодитоор дэмжиж чаддаг гэсэн үг үү?
-Юуны түрүүнд “Чинээлэг малчин” хөтөлбөр нь эрдэмтдийн оюуны их ажил, шинжлэх ухааны ололт, малчдын туршлага дээр суурилсан цогц аргачлал гэдгийг хэлмээр байна. “Хонь” дэд хөтөлбөрөөс эхэлнэ. “Хонь” дэд хөтөлбөрөө орон даяар хэрэгжүүлж нэвтрүүлсний дараа “Үхэр” дэд хөтөлбөр гэх мэтээр цаашаа хүрээгээ тэлэх зорилготой. Санхүүч, эдийн засагч хүний хувьд үр ашгийн тооцоо, орлого зарлага, бизнес эрхлэгчийн хувьд хэрэгжих боломж, эрсдэл зэргийг нэн түрүүнд судалсан. Тун боломжтой, ямар ч малчин айл өрх хэрэгжүүлээд, малаас хүртэх ашиг шимээ хамгийн багадаа тав дахин нэмэгдүүлэх боломжтой. Бэлчээрийн даац, цөлжилтийн асуудлыг ч давхар шийднэ гэхээр ид шидтэй гэмээр туйлын ашигтай хөтөлбөр.
-Та түрүүн цухас дурьдсан, хөдөөд хөгжил алга гэж. Хот хөдөөгийн ялгааг яаж арилгах вэ?
-Бизнест хөл тавьж амжилт гаргасан өөрийн хэмжээний туршлага надад бий. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ул суурьтай хандаж, учир шалтгааныг нарийн тодорхойлох нь тухайн санаачлага, ажил, хөтөлбөр урт настай, давуу талтай байх суурь нь болдог.
Хот хөдөөгийн ялгааг арилгах зорилт биш, хөдөөг хотоос илүү хөгжүүлье гэсэн зорилго миний дотор байдаг. Манай улсын эдийн засаг мал аж ахуйгаас шалтгаалахаа больсон нь сайн хэрэг ч нөгөө туйл руу нь савалж ашигт малтмалын үнэ, эрэлт хэрэгцээнээс бүрэн хараат болоогүй байгаа юм. Хөдөөгийн хөгжил юунаас эхлэх вэ гэж асуухын тулд хөгжил гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой болов уу? Өндөр өндөр барилгууд уу, соёлын ордон уу, халуун ус, паартай байр, паалантай жорлон уу?
Ингэж “хөгжил” гээчээ тодорхойлохоос өмнө одоогийн байгаа нөхцөл байдалдаа дүгнэлт үнэлгээ өгч, хөгжлийн гол суурь нь хүн өөрөө юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хөдөөг хотоос илүү хөгжүүлье гэдэг нь хөдөөд хүн амьдрах нөхцөл боломж хотоос илүү болгохыг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөөд хүн сэтгэл хангалуун амьдарч байгаа эсэхээр нь тэндэхийн хөгжлийг тодорхойлно. Тэнд хийх ажил бүр хүний амьдралын чанарыг дээшлүүлж байхаар хэмжигдэж, дүгнүүлэх ёстой юм.
-Сайхан сонсогдож байна, бодлого ярихаас илүү хэзээ ажил хэрэг болж, таны хэлсэн тэнд амьдарч буй хүмүүс хэзээ чанартай, сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг их чухал байна. Өөрөөр хэлбэл их яарч байна?
-Одоогийн нөхцөл байдалдаа дүгнэлт үнэлгээ өгөх хэрэгтэй гэж би дээр хэлсэн. Парламентын засаглалтай болж ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах зорилт үндсэн хуулиндаа тусгаад даруй 30 жил болж. Энэ хугацаанд төрд сонгогдсон бүх л УИХ-ын гишүүд хөдөөгийн хөгжил ярьж, элдэв төсөл хөтөлбөр зохиож, мөнгө цаас үрсэн боловч сумдаас аймаг, хот руу чиглэсэн нүүдэл улам л ихэсч байгаа нь сонгогчдод таалагдах гэсэн тэдний бодлого сууриараа оновчгүй байсныг илтгээд байна гэж хардаг. Загас барих арга зааж өгөх биш өдөр бүр нэг загас өгдөг нэг тийм үлгэр байдаг шиг, үнэндээ ядуу дорой байлгаж, өөрөөсөө, төрөөс хамааралтай, дуулгавартай байлгах зорилготой байсан гэж харагдахаар явж ирж. Энэ жил гэхэд л мах экспортлож эхлээд махны үнэ нэмэгдэж малчдын орлого овоо нэмэгдэх нь дээ гэж байтал төрөөс зогсоочихсон байх жишээтэй. Зах зээлийн ямар ч мэдрэмжгүй, сонгуульд оноо авах зорилгоор ноолуурын үнэ зарлаж сүржигнээд малчдыг бүр ихээр хохироодог ч жишээтэй байна. Энэ мэтээр байгаа онох нь бүү хэл хорлонтой бодлого явж ирсэн. Хот, хөдөө аль нь байлаа ч хөгжлийн бодлого нь хүн төвтэй байна. Тэр тусмаа орон нутагт малчин төвтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж, тогтвортой орлого, амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм.
“Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид чинээлэг болох олон нөхцөл бүрдэнэ. Ингээд санхүүгийн хувьд бусдаас хараат бус, бие даасан болоод эхлэх цагт тэндэхийн зах зээл өргжиж, соёлын суурьшилт аажимдаа бий болно. Ингээд нөгөө хөгжсөн хөдөө буюу хотоос ялгаагүй амьдрал тэнд бий болох юм.
-Одоо малчид хөрөнгөлөг болсон гэж хотынхон үздэг. Гэтэл хөдөөгийн хөгжил хоцрогдсон хэвээр ч юм шиг бас харагддаг. Энэ юутай холбоотой ойлголтууд юм бол?
-Мянгат малчид мэдээж эдийн засгийн хувьд харьцангүй хөл дээрээ зогсчихсон боловч малчдын дийлэнх нь 300 аас доош толгой малтай, зээлийн хүү, эмнэлгийн зардал чирэгдэл, хүүхдийн сургалтын төлбөр гээд хөл алдахаар биш ч гэсэн байнгын санхүүгийн бэрхшээлийг туулж байдаг. Ялангуяа малчид зовлон бэрхшээл тоочдоггүй араншинтай хүмүүс, яаж байна, амьдрал ямар байна гэхээр болж байна, сайхан байна л гэдэг. Нэрэлхүү гэх юм уу, амны билэг гэж боддогтоо ч тэр үү, ер нь л болгоно бүтээнэ, давгүй дажгүй гэдэг. Тэдний зах зээлд нийлүүлдэг түүхий эд, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн хангалттай үнэлгээтэй биш. Сүүлийн жилүүдэд нэг үеэ бодвол үнэлгээ нь нэмэгдсэн ч тэр нь малчдад биш ченжүүдэд хамаатай асуудал гэдэг нь одоо ил болж байна. Тийм учраас яг малчнаа бодитоор дэмжсэн, тэдний амьдралын чанарт эерэгээр нөлөөлөхүйц чадалтай бодлого зайлшгүй хэрэгтэй хэвээрээ байна.
Малчин гэдэг бол хүнд хүчир ажил бас мэргэжил. Хэн дуртай нь ч хийж чадахгүй.Тийм ч учраас малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой, мах, сүү, малаас гардаг түүхий эдүүд нь зах зээлд үнэтэй, үнэ цэнэтэй байх ёстой гэж хардаг.
-Мах үнэтэй байх нь хотынхон дургүйцнэ биз дээ?
-Энэ инээдтэй хэрэг. Хотынхны цалин нэмэгдэхээр малчид уурладаггүй биз дээ. Энэ бол малчин, хотын иргэн хоёрын асуудал биш. Манай улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, бодлогын хэрэгжилт бодит амьдрал дээр хэрхэн бууж буй дүр зураг. Энэ бол хот, хөдөөгийнхний хэрүүл төдий асуудал биш.
Тухайн улс орон аль ч салбартаа ач холбогдол өгдөг. Энэ нь бодлогын голдирлыг тэгшитгэнэ тэр нь өнөө маргаашдаа биш ч үр өгөөжөө өгдөг. Бид өнөөдөр шууд хүртэх эдийн засгийн үр өгөөжөө бодож уул уурхайн дэд бүтэц, эрх зүйн орчинд шинэчлэл, сайжруулалт хийж хөгжүүлж байгааг буруутгах юмгүй. Гэхдээ монголчууд дэлхийд овоглодог нүүдэлчин, малчин гэх давуу талаа орхигдуулмааргүй байгаа юм. Монгол хөгжинө гэдэг нь Улаанбаатарт нэг байшин нэмэгдэж баригдахаас гадна бидний уламжлал, соёлыг тээж, хүнсний хамгийн гол нэрийн бүтээгдэхүүн махыг маань бэлтгэн нийлүүлж буй тэр малчин айл, мал аж ахуйн соёл нь эдийн засгийн хувьд бэхжихийг бас хэлнэ. Өөрөөр хэбэл малчны хотонд хөгжил очих ёстой. Тэд шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх хэрэгтэй. Малчид ч өөрсдийгөө компани, аж ахуйн нэгж гэж ойлгон өндөр хариуцлага, ухамсартай байх хэрэгтэй. Нэг малчин - нэг компани гэх хэмжээний бодлого хэрэгжих ёстой.
-Нэг малчин - нэг компани гэж сайхан сонсогдож байна?
-Арьс шир, ноосны үнэ шалдаа буугаад жалга гуунд хөсөр хаягдаж байна. Технологи хөгжөөд үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болсон гэх тайлбар байдаг ч үнэндээ тийм биш. Байгалийн гаралтай эд зүйлсийн зах зээл том. Боловсруулах, түүхий эдийн чанар чансаанд анхаарах тал дээр ажиллаж, малчид хоршооллон дундын боловсруулах үйлдвэртэй болох боломж байна. Польшийн тариаланчид дундаа хувь нийлүүлээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ борлуулдаг сүлжээ дэлгүүр байгуулсантай ижил тийм бүтэц ч манай орон нутагт бий болох боломжтой. Энэ бүхэн мэдээж нэг өдөр бий болчих зүйл биш ч сэтгэлгээгээ тэлээд, зөв бодлогод зангидагдаж чадвал тийм ч холын зүйл биш. Хөдөөгийн хөгжил энүүхэн давааны цаана байна.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин