Коронавирусын улмаас эдийн засагт учирсан хүндрэл, иргэдийн ажил орлого буурсантай холбогдуулан Монголбанк 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн ипотекийн зээлийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зургаан сараар хүртэлх сараар хойшлуулах, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулах шийдвэрлэсэн билээ.
Мөн иргэнд олгосон хэрэглээний зээлийн ангиллыг бууруулахгүй байхаар зээлийн гэрээний нөхцөл, хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг банкуудад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний тулд Монголбанк хоёр удаагийн шийдвэрээр бодлогын хүүгээ 11-9 хувь болгон бууруулсан байдаг. Ингэснээр санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах боломжтой гэж үзсэн байдаг.
Гэвч Монголбанкны шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн ч арилжааны банкууд дээр очоод хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн гомдол тасрахгүй байна. Энэ асуудлыг лхагва гаригт хуралдсан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Монголбанкны мэдээллийг сонсон. Мөн тодорхой үүрэг чиглэл ч өгөөд байна.
Баян-Өлгий аймгаас иргэн Ц.Түвшин:
-“Зээлээ хойшлуулах гээд банкинд хүсэлтээ өгөхөд зээлийн графикт өөрчлөлт оруулаад, хойшлуулсан хугацаагаар үлдсэн зээлийн нийт дүнгээс хүү тооцож авна гэж байна. Энэ нь эдийн засгийн тооцоолол хийж чадахгүй иргэдийг луйвардсан хэрэг болж байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхдээ өөрт ашигтай байдлаар эргүүлж, иргэдийг хохироож байна. Банкны эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгснөөс зээлээ төлөхгүй алданги тооцуулах нь хэд дахин бага төлбөр төлөхөөр тооцоо гарч байна. Гурван сая төгрөгний цалингийн зээлтэй хүн 3 сар зээлээ хойшлуулахад хуримтлагдсан хүүнд 180 мянган төгрөг нэмж төлөхөөр тооцоо гарч байна”
Улаанбаатар хотоос иргэн Д.Равдан:
-“Ипотекийн зээлээ хойшлуулахаар банкинд хүсэлтээ өгсөн боловч банк “Хойшлуулсан хугацаанд зээлийн хүүгээ үлдсэн нийт зээлийн дүнгээс тооцож авна. Зээлийн төлөлт хийгдэх сүүлийн гурван сар дээр нэмж тооцно” гэж байна. Би сард сая төгрөгийн ипотекийн зээл төлдөг. Хүүнд 800 мянга, үндсэн төлбөрт 200 мянган төгрөг ойролцоогоор төлж байгаа. Гэтэл энэ аргачлалаар бодоод үлдсэн зээлийн нийт дүнгээс нь гурван сарын хугацаанд хүү тооцож авна гэвэл ойролцоогоор 2,1 сая төгрөгийн хүү нэмж төлөхөөр байна. Бид зээлээ дуртайдаа хойшлуулах гэж байгаа юм биш, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын орлогынхоо тогтвортой байдлыг хангахын төлөө зээлээ хойшлуулах асуудлыг ярьж байна. Гэтэл банк эргээд биднийг хохироосон ийм шийдвэрийг гаргаж болохгүй” гэсэн байна.
Энэ хоёр хүний өргөдлөөс Монголбанкны дээрх шийдвэртэй холбоотойгоор арилжааны банкууд болон иргэдийн дунд үүсээд байгаа зөрчлийг ерөнхийд нь харчихаж болно. Банкууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаагаар хүү тооцож авна гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, эсрэгээрээ банкууд илүү ашиг хийж буй мэтээр үзэгдэх болсон билээ.
Мөн зарим банкуудын зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хүсэлт гаргасан иргэдэд “Орлогоо буурсан нотолгоогоо авчир” гэх мэт шаардлагыг тавьж, ипотекийн зээлтэй иргэний хамтран зээлдэгчийн данснаас зээлийн эргэн төлөлтийг шууд татсан тохиолдол ч гарсан байна.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин энэ талаар “Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлтэй 97 мянган зээлдэгч байна. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ иргэд ирэх тавдугаар сарын 01-нээс өмнө гаргана. Банкууд иргэдээс ямар нэг нотолгоо, баримт шаардахгүйгээр зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэнэ. Хэрвээ чирэгдэл учруулж байгаа бол Монголбанкнаас арга хэмжээ авна” гэв.
Гэвч хэлэх нэг хэрэг, хийх өөр хэрэг. Ядаж л ямар хууль, дүрэм, журмын хүрээнд арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхой болж байж банкууд хөдөлж таарна.
Ерөнхийдөө арилжааны банкууд нэгдсэн мэдээлэлгүй, дээр нь Монголбанк гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нарийвчлан журамласан зүйл байхгүй байгаа нь ийм нөхцөл байдалд хүргэж байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэллээ. Мөн шаардлагатай гэвэл хуульд өөрчлөлт оруулсан ч болно гэв.
Хэдийгээр Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа дээрх арга хэмжээ, зээл хойшлуулах шийдвэрүүд нь зээлийн төрлөөсөө хамаараад гурав, зургаа, 12 сараар хэрэгжүүлэхээр байгаа ч мөн хугацаанд эдийн засагт эргэн сэргэлт гарч ирнэ гэх магадлал тун бага гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тиймээс арилжааны банкууд, иргэдийн дунд үүсээд байгаа энэ маргаан, зөрчилдөөнийг зогсоохын тулд Монголбанк нэг бол гаргасан шийдвэрээ эргэж харах, эсвэл арилжааны банкуудад өгөх үүрэг даалгавар, мөрдөх дүрэм журмыг тодорхой болгох хэрэгтэй болж байна.
Харин Байнгын хорооны зүгээс хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотойгоор Монголбанк арилжааны банкууд нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гаргаж мөрдүүлэх үүрэг чиглэлийг өгчээ. Ингэхдээ хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд тооцох хүүгийн төлбөр нь иргэдэд дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж, журамд тусгах шаардлагыг тавьсан байна.
Мөн ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд банкуудад ачаалалгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай бол хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналаа ч УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг үүрэгдсэн байна. Хэрвээ тэрэндээ тулбал банкны хууль тогтоомжоос аваад олон зүйлд өөрчлөлт орж таарна.
Сануулахад ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ иргэд банкиндаа гаргахад /тавдугаар сарын 01-нээс өмнө/ ердөө 13-хан хоног үлдээд байгаа. Тэгвэл Монголбанк УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд үүнээс ч бага хугацаа үлдсэн гэсэн үг. Хэрвээ заасан хугацаанд энэ дүрэм журам нь бэлэн болохгүй бол Монголбанкнаас гаргасан шийдвэр, Засгийн газраас авсан арга хэмжээ ч "дүр эсгэсэн" зүйл болж үлдэх нь байна.
Б.ЗАЯА