УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр /2020.04.07/-ийн хуралдаанаараа “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашгийг ямар замаар тараах тухай Сангийн сайдаас асуулт асууж, хариулт авлаа.
-Өнөөдөр дийлэнх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ гээд бололцоотой бүх татварын зохицуулалтаар дэмжих арга хэмжээг төрөөс авч байна. Татварын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд эргээд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд орон байр, талбайгаа түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна уу гэдгийг хянаж байгаа юу.
Ер нь татварын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрүүд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ. Энэ асуудалд нэгмөр тодорхой хариулт өгнө үү?
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж, түрээсийн төлбөрөө буулгасан хэмжээгээр нь дүйцүүлэн татварын хөнгөлөлт үзүүлж, хохиролгүй болгох арга хэмжээ авч байгаа.
Аж ахуйн нэгжүүд түрээсээ тэглэсэн, бууруулсан гэдэг мэдээллээ Сангийн яаманд ирүүлж байна. “Нарантуул” худалдааны төв түрээсийн төлбөрөө 30 хувь, “Хүчит шонхор” зах 50, 80, 100 хувь гэсэн шатлалаар чөлөөлснөө мэдэгдсэн. Мөн “Кэй бридж” компани 50 хувь чөлөөлсөн гэдэг мэдээллээ ирүүлсэн.
Короновирусын Монгол Улсад учруулж байгаа хохирлын эрсдэлийн дийлэнхийг төр өөр дээрээ үүрч байна.
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлын тухайд шимтгэл төлөгч аж ахуйн нэгжийн 10 хувийг хамрах юм байна гэдэг худлаа тооцоо мэдээлэл яригдаж байсан.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 910 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үүнээс 187 мянга нь төрийн албан хаагч. Дахиад 80 мянга нь төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажилладаг. Төрийн болон төрийн өмчит орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийг хасчихаар цаана нь үлдэж байгаа 640 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх хөтөлбөрт хамрагдана.
Өчигдөр хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн өдөр Монгол ардын намын бүлгээр хэлэлцээд тендерийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байсныг төлүүлэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Ямар агуулгаар тийм шийдвэрт хүрсэн бэ гэвэл, хэрэгжүүлэхэд төвөгтэй, дунд нь улстөржилт явагдах магадлалтай гэдэг янз бүрийн шалтаг шалтгааныг бодолцоод адилхан шимтгэлээс чөлөөлье гэдэг шийдвэр гаргасан гэж ойлгож байна.
-“Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг ирэх тавдугаар сард олгох хэвээрээ байж чадах уу. Брокерийн пүүсүүд данс нээхдээ янз бүрийн хэмжээгээр төлбөр, хураамж авч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, энэ талаар Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлж байна. Ногдол ашгийг ямар зохион байгуулалтаар, яаж олгох вэ?
-Нэлээд хэсэг иргэд брокерийн пүүсүүдэд ногдол ашиг авах данс нээлгэсэн байна. Данс нээлгэсэн нь тэрүүгээрээ дамжуулаад мөнгөө авна. Одоогоор 300 гаруй мянган хүн данс нээлгэсэн гэж ойлгосон.
Үлдэж байгаа бүх хүмүүс НӨАТ-ын программ буюу “e-barimt” бүртгүүлдэг программд бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авахаар бүх зохицуулалтыг хийсэн. Программаа ч гэсэн тэгж хөгжүүлсэн. Тиймээс ногдол ашиг Сангийн яаманд төвлөрмөгц НӨАТ-ын системээр дамжуулаад бүх иргэн, аж ахуйн нэгжийн данс руу ирэх сард мөнгийг нь хийгээд өгчихнө. НӨАТ-ын буцаан олголт өгдөг системээр иргэн бүрд ногдол ашгийг нь олгох тул тусгайлан брокерийн пүүсүүдэд данс нээлгэх шаардлагагүй.