Монголын аялал, жуулчлалын холбоо жуулчдын урсгалын талаар судалгаа хийсэн бөгөөд энэ онд Монгол улсад аялахаар төлөвлөж, захиалга өгсөн жуулчдын 70 хувь нь захиалгаа цуцалсан дүн гарчээ.
Коронавируст халдварын цар тархалт аялал, жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд ийнхүү эрсдэл учруулж эхлээд байна. Хамгийн сүүлд тооцсоноор аялал, жуулчлалын салбар 2018 онд 577 мянга гаруй жуулчин хүлээн авч 569 сая ам.долларын ашигтай ажиллаж байв.
Энэхүү үзүүлэлт 2020 онд 24 хувиар өсөх хүлээлттэй байсныг Монголын аялал, жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр онцолжээ.
Хэдий тийм боловч хорио цээрээс хойш жуулчид аяллын оператор компаниудад хандан аяллаа эрчимтэй цуцалж эхэлснээр энэ онд ямар ч орлогогүй өнжиж мэдэхээр байгаа талаар мөн хэлсэн байна.
Түүнчлэн хэрэв байдал хүндэрсээр байвал дотоодод 50-60 мянган ажлын байр бий болгодог тус салбарт компаниуд ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүйд хүрэх юм байна.
Монгол улсад аялахаар зорин ирдэг жуулчдыг хувьчлан ангилвал:
- 31 хувь нь БНХАУ,
- 26 хувь нь ОХУ,
- 16 хувь нь БНСУ,
- 4 хувь нь Японы иргэд бол үлдсэн нь Европ болон АНУ-аас ирдэг байна.