x

Б.Мөнхбат: Засгийн газар сошиалаар шүүмжлэгчдийн үгээр ажлаа хийдэг нь хөдөөд бэрхшээл учруулж байна

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.

-Сүхбаатар аймгаас ирэв үү. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

-Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар ажилладаг. Намайг Бадарчийн Мөнхбат гэдэг. 

-Шинэ коронавриусийн улмаас хөл хорионы энэ үед Сүхбаатар аймаг ямаршуу байдалтай байна вэ? 

-Шинэ төрлийн COVID-19 гэж дэлхийн хэмжээний том асуудал үүсээд байна. Дэлхийн өнцөгт нэг өөрчлөлт гарахад л бусад газарт нөлөөлдөг даяаршлагдсан дэлхий болжээ. Сүхбаатар аймгаас ажлаар түр ирээд байна.

Манай орон нутагт энэ өвчний эсрэг төрөөс гарч буй шийдвэрүүдийн биелэлтийг сайн ханган гүйцэтгэж ажиллаж байна. Тухайлбал Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг дэмжиж 1000 хонь мөн хөрш зэргэлдээ Шилийн гол аймагт 1000 хонь 10 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.

Аймгийнхаа Онцгой Байдлын албан хаагчид, Онцгой байдалд зориулж байгаа зардалд ард түмнээс хандив босгож байна. Ийнхүү бид нэгдэж нягтарч чаддаг гэдгээ харуулж байгаа нь сайхан хэрэг.

-Сүхбаатарын малчид өөрсдөө хандивлах уриалга гаргаж хонь өгөхөөр болсон гэсэн. Энэ тухайгаа...? 

-Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлээд манай малчид, удирдлагууд уриалга гаргаж ажилласан. Ингэхдээ Шилийн гол аймагт өгнө гэж ярьж байсан. Ард иргэд өөрсдөө хүсэлт гаргаж дундаасаа 1000 хонь гаргаж өгье гэсний үндсэн дээр зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. Шилийн гол аймаг руу 1000 хонио яаж аваачихыг дараа нь шийдэх ажил гарах байх. Бид өмнө нь харилцан туслалцаж, бидэнд ч бас шаардлагатай үед тусалж хамтарч ажилладаг. Тиймээс энэ тусламжийн ажлыг санаачилж ажилласан.

-Та хурлын даргаар хэзээ сонгогдсон бэ?

-2017 оны зургадугаар сараас энэ ажлыг аваад ажиллаж байна. 

-Иргэдийн хурал бол иргэдийн төлөөллийн чухал байгууллага учраас иргэдтэйгээ тулж, нягт уялдаатай ажилладаг. Та энэ хугацаандаа ямар ажлууд хэрэгжүүлэв? 

-ИТХ бол нутгийн өөрөө удирдах байгууллага. Ард түмнээ төлөөлж төр засагт ажиллаж байгаа төлөөлөгчдөөс бүрддэг. Орон нутгийн хөгжлийн төлөө ард түмнээ төлөөлж ажиллах ёстой үүрэг хүлээсэн учраас хуулийн хүрээнд идэвхтэй санаачилгатай ажиллахыг чухалчилдаг.

Юуны өмнө нутгийн удирдлагын байгууллагыг бэхжүүлэх тал дээр анхаарч ажилласан. Сумдад гэхэд хуралд ажиллаж байгаа байдал, эрх зүйн орчин, төр засгийн дэмжлэг талаасаа харьцангуй сул байдаг. Ийм учраас бид сургалт зөвлөгөөн, зохиох, ард иргэдийг арга хэмжээнүүдэд хамруулах, харилцан туршлага судлуулах, нийгмийг идэвхжүүлэх, шинэлэг сэтгэлгээг дэмжих, чадваржуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 

Мөн хүн амын эрүүл мэндийн асуудалд анхаарч Ж.Чинбүрэн гавьяат эмчээр ахлуулсан залуу эмч нарын баг бүрэлдэхүүнийг аваачиж үнэгүй үзлэг оношилгоо хийж 700 гаруй хүнийг үзлэгт хамрууллаа. Үүний зэрэгцээ эмч нарыг чадавхжуулах сургалтыг Сараанбат ТББ тай хамтран зохион байгууллаа. ИТХ-ын даргын сангаас “Оны шилдэг эмч, сувилагч” шалгаруулж 500 мянган төгрөгөөр шагнах, найзуудтайгаа нийлэн гурван сая төгрөгийн мэс заслын халад нэгдсэн эмнэлэгтээ хандивлах зэргээр эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажиллалаа. Мөн соёл урлаг, биет болон биет бус соёлын өвийг хадгалах хамгаалах чиглэлээр уран бүтээлч, судлаачдыг дэмжлээ. Үүнийхээ хүрээнд соёлын арга хэмжээ хэрэгжүүлээд гурав дахь жилийн нүүрийг үзэж байна. 

Сүхбаатар аймгийг Монгол адууны өв соёлын төв болгож зарласан. Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам Олон Улсын гэрэл зургийн фестивалийг амжилттай зохион байгууллаа. Аймгийн залуу уран бүтээлч буюу зураачдын үзэсгэлэнг уран бүтээлч Д.Амараагийн хамтаар Улаанбаатар хотод зохион байгуулсан. Сүхбаатар аймагт Адууны нутаг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж олон түмний хүртээл болгосон.

Дараа нь Дарьгангын тойрон бүжиг гэж уралдааныг нийтийн соёлыг хөгжүүлэх үүднээс 13 суманд зарлан зохион байгуулж, шалгаруулж дууссан. Дарьганга үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягт оруулах загварын уралдаан зохион байгууллаа. Монгол адууны өв соёлыг сурталчлах зорилгоор Агтана хүрээт гэрэл зургийн уралдааныг ӨМӨЗО-ны Одон телевизтэй хамтарч дэлхийн 57 улсад энэхүү тэмцээнээ сурталчилж ажилласан. Энэ арга хэмжээнд Хүрээлэн төсөл, Монгол ТВ, BBS ТВ, Эх орон телевиз Ухаантай морь сэтгүүл гээд олон газар хамтарч ажилласан. 

Сумдын засаг дарга нарыг соёлын өвдөө анхаарал тавих тал дээр зөвлөмж зөвлөгөө өгч байна. Мөн харилцан туршлага судлах зорилгоор нэг сумыг сонгон авч төлөөлөгч нарыг хамруулсан томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулж ажилласан нь их онцлог сонирхолтой болсон. Хуулийн болон бусад чиглэлээр иргэдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, үйл ажиллагааныхаа хүрээнд аймаг сумдын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлууд, зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлуудыг Тэргүүлэгчдийн хурлаар болон өргөтгөсөн хурлаар хэлэлцэж байна. 

Байгаль хамгаалах чиглэлээр Янзаган хүрээг хайрлаарай зүүн бүсийн хүүхдийн чуулганыг аймагтаа зохион байгуулсан, Эрдэнэцагаан суманд байдаг Араат уулыг байгалийн цогцолбор газар болгох саналыг тухайн суманд хүргүүлж, сумын хурлаар дэмжлээ. 

-Сүхбаатар аймагт өвөлжилт ямар болж байна вэ? 

-Өвөлжилт хоёр жилийн өмнө харын зуд буюу цасгүй өвөл болсон. Энэ нь малчдад их хүнд туссан. Харин энэ жил эсрэгээрээ маш их цастай байсан. Одоо цас хайлаад ерөнхийдөө дууссан. Мал төллөлт эхэлсэн байна. Хаврын хувьд тэнгэр сайхан, газар чийгтэй, өвс ургамал сайхан байна. Малчдын ид ажлын цаг, ноолуур ямаа самнах, мал төллүүлэх гэх мэт гол ажлын үе эхэлсэн байна. Тэгэхээр төр засгаас ноолуурын үнийг тогтвортой байлгах тал дээр саяхан санаачилга гаргасан. Энэ нь цаг үеэ олсон уриалга болсон гэж бодож байна. 

-Сүхбаатар аймагт тулгамдсан асуудал юу байна?

-Эрүүл мэндийн чиглэлийн халдварт өвчин, элэгний өвчлөл, ходоодны өвчлөл, хеликобактер мөн бэлгийн замын өвчлөл их байгаа нь тулгамдсан асуудал болоод байгаа. Мөн Сүхбаатар аймагт ундны усны асуудал хүнд. Хөдөө орон нутагт эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах, тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс бид эмнэлэг рүү хандсан үйл ажиллагаануудыг явуулдаг. Хурлаас аймгийн эмнэлэгт дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Саяхан уламжлалын эмнэлэг ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

-Ер нь та олон асуудалд санаа тавьж явдаг юм байна. Орон нутгийн залуучуудад хүндрэлтэй асуудал юу байна?

-Хөдөөний буюу орон нутгийн айл өрхүүд охидоо сургуульд явуулахыг илүүд үздэг. Түүнээс гэр бүлийн хүйсийн тэнцвэргүй байдал үүсдэг. Тиймээс хөдөө байгаа залуутай гэрлэх хэмжээний эмэгтэй байхгүй болчихсон. Хот руу орж ирээд хөдөөний нөхцөлд амьдарч чадахааргүй болчхож байна гэсэн үг.

Иймд МСҮТ-ийг чадавхжуулах, материаллаг баазыг сайжруулж, тэнд эмэгтэйчүүд, залуучуудыг амьдралд ойр мэргэжилд сургаж, ахуйн нөхцөлд ойр мэргэжил эзэмшүүлээд гаргавал чанартай, чанаргүй их сургууль төгсч дипломтой нэртэй, хөдөө амьдрах чадваргүй болгочихсон байгааг засах хэрэгтэй. Энэ асуудлыг бодлогын хүрээнд авч үзэхгүй бол хөдөө орон нутагт малчдын амьдрал ирээдүй бүрхэг болж байна. 

-Монгол Улсыг бүсчилж эсвэл аймаг аймгаар нь хөгжүүлнэ гэж ярьдаг. Таны бодлоор Сүхбаатар аймаг ямар давуу талтай, юугаараа хөгжих боломжтой вэ?

-Бүсийн хөгжлийн талаар ер нь ярьдаг. Бүсчлэн хөгжүүлэх талаар хэдэн жилийн өмнөөс ярьж төрийн байгууллагууд хүртэл бүсийн төв, бүсийн оношилгооны төв гэх мэт ажил хийж байна. Үүнийг би хувьдаа дэмждэггүй. Зүүн бүсийн оношилгооны төв гээд Дорнод аймагт байдаг. Гэтэл хүн өөр аймгийн эмнэлэгт үзүүлэхээс нийслэл рүү явахыг боддог.

Тэр төв нь тухайн орон нутгийн эмнэлгээс чанарын ялгаагүй байдаг. Хоёрт зүүн бүсийн хөгжлийн төвд гадаадын иргэн харьяат гааль, мэргэжлийн хяналтыг Дорнодоос томилдог. Тиймээс тухайн аймагтайгаа уялдаа холбоо байхгүй, яаж ажиллахаа мэддэггүй. Уялдаа холбоо муутай учраас аймаг орон нутагт хүндрэл учруулдаг. 

-Хөрш зэргэлдээ Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхээр цогцолбор барьж байна. Энэ танай аймагт үр нөлөөгөө өгөх болов уу? 

-Аялал жуулчлалын талаар яамныхантай уулзаж байхад мөн л бүсийн хөгжлийн талаар ярьж байсан. Үнэхээр үр өгөөжөө өгвөл дамжин өнгөрөх жуулчдаас ашиг хүртэхээр төлөвлөж болно. Цаад хилээс орж ирвэл манай аймгаар жуулчид дамжина. Бүсийн аялал жуулчлалын тухайд, жишээлбэл Монгол Улс өөрөө асар том газар нутагтай. Үзэх газрууд нь хол. Тиймээс бүсийн хэмжээний аялал жуулчлалын бодлого утгагүй, уялдаа холбоогүй санагддаг. 100, 200 км шороон замаар яваад л гадныхан ядардаг.

Бүс дамнасан хэдэн зуун км шороон замын аялал даахгүй байх. Дэд бүтцээ түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөв гэж боддог. Манайх цаанаа Бичигт гээд олон улсын хэмжээний А зэрэглэлийн боомттой. Түүгээр тодорхой хэмжээний жуулчид орж ирдэг. Хил дээр визний асуудал гэж хүнд асуудал бий. Виз өгөх эсэх нь тодорхойгүй байдаг.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Виз авахад маш хүндрэлтэй. Аялал жуулчлалын паспорт гэдэг зүйлийг өгнө гэж ярьж байснаа сүүлдээ өгөхгүй гээд л. Хятадаас жуулчид авч ирнэ гэснээ нэг болохоор визийг нь олгохгүй. Иймэрхүү хүндрэлтэй зөрчилтэй, сошиал дахь хоёр хүний маргаан зөрчилдөөнөөс болоод ч юм уу бүхэл бүтэн улсын аялал жуулчлалын салбарт хохирол учруулж байна. Сайд эсвэл салбарын дарга, ерөнхий сайд солигдоход аялал жуулчлалын бодлого дагаад солигддог.

Энэ тогтворгүй бодлогын улмаас л Монгол Улсад аялал жуулчлал хөгжихгүй байгаа болов уу. Тэгсэн хэрнээ өөрсдөө гадаад руу асар их аялдаг болсон гадагшаа мөнгөө алдахдаа санаа зовохгүй байгаа хэрнээ дотогшоо орж ирэх мөнгөн урсгалаа олж авч чадахгүй байна. Мөн аялал жуулчлалын салбарынхан үйлчилгээнээс мөнгө олох гэдэг ойлголт манайд байхгүй байна. Үзэх юм их байна. Үйлчилгээ асар муу байна. 

-Жишээлбэл Сүхбаатар аймагт очвол юу үзэх вэ?

-Манай аймагт батлагдсан маршрут гэвэл Бичигт боомтоор орж ирээд Шилийн богд гээд явж болно. Бид Хустай нурууныхантай өнгөрсөн жил уулзаад аялал жуулчлалын бодлогын талаар ярих үед Дорноговь, Өмнөговийн маршрутыг зүүн тийш нь Будрын чулуу, Егүзөр хутагтын нутаг Араат уулаар яваад Бичигтийн боомтоор гарч болж байна гэж үзсэн.

Мөн дээшээ яваад Буйр нуурын амралтын баазаар дамжиж амраад Дорнод аймгаас нисэх, замдаа засмалаар Хэнтийгийн жуулчны шинэ бүтээн байгуулалт хийсэн зүйлсийг үзээд Улаанбаатар хот хүрэх боломж бий.

-Орон нутагт тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал байгаль орчны доройтол байдаг. Танай аймаг орон нутагт байдал хэр байна? 

-Манай аймагт мал оторлож нутаглах нь их. Бүх л нутгаас очдог. Говийнхон ч бас ирдэг. Монгол Улс 30 сая малын даацтай бэлчээртэй гээд байгаа одоо бэлчээрийн доройтолд орох асуудал гарч байна. Зарим сумуудад цөлжих, үлийн цагаан оготнотой болох гэх мэт асуудлаас үүдээд бэлчээргүй болонгуут зээр гөрөөс, зэрлэг амьтан тогтохгүй болж хангайн бүс рүү нүүх эсвэл хил даван нүүдэллэдэг. 

Манай улс Хятадын зах зээлд мах гаргаж байгаа нь уг нь зөв шийдвэр. Монгол мах дэлхийн зах зээлд өрсөлдөж байна. Цааш нь мал махны үнэ нэмэгдсэнээр малчдын амьдрал сайжирч өр ширнээсээ гарч, гэр орноо тохижуулж машин тэрэг авч байна гэх мэт амьдрал ахуйд эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Гэтэл малаа хятадуудад идүүллээ гэж сошиалд шүүмжилсний улмаас энэ ажил зогссон. Ингэхээр 60 сая малаа яаж эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Өөрсдөө худалдаж авч идээд хангалттай эргэлтэд оруулж чадахгүй. 

-Ер нь боомтын ойр орчимд амьдардаг хүмүүстэй холбоотой асуудлууд байгаа юу? 

-Манай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 3, 4 уурхай байдаг. Бусад нь эдийн засгийн байдал, улс төрийн орчин гэх мэт асуудлаас болоод зогссон. Сүхбаатар аймаг Шилийн голтой хэдэн мянган тонн өвсний гэрээ хийсэн. Шилийн голоор зочид буудал бариулаад оронд нь өвс зарсан.

Гэтэл гэнэт Шадар сайд асан гэнэтийн шийдвэр гаргаад болиулчихсан. Тухайн үед эмийн ургамал, эрдэмтэй шидтэй бүх өвсөө гаргачихлаа, өвсгүй боллоо гээд байсан. Гэтэл одоо бодоход манай аймаг 560 км. Цаашаа өвс хадсан газар 300 км. Нийтдээ 1000, ирж очихын 2000 км. Тэр өвсийг Улаанбаатарт авч ирвэл асар их зардал гарна. Өөр хүн авлаа гэж бодоход энэ бол ямар ч үр ашиггүй. 

Тэнд ажиллаж байсан бизнесменүүд, хил дээр ажиллаж байсан монгол залуучууд бүгд хэдэн тэрбум төгрөгөөр шатсан. Асар их техник машин оруулж ирсэн байсан. Манай мэргэжлийн хяналт зөвшөөрөл өгчихсөн байсан. Гэтэл шийдвэртээ үнэнч байхгүй эргэж буцдагаас болоод асар их эрсдэл, үл итгэх байдлыг бий болгочхож байгаа. Тэр өвсийг шатааж утсгая гэхэд хилийн боомт дээр гал гаргаж болохгүй. Гаргасан шийдвэрээ цуцалснаар Бичигтийн боомтыг галын эрсдэлтэй байдалд оруулсан.

Нэгэнт эдийн засгийн бодлоготой шийдвэр гаргасан бол эргэж хургахгүйгээр шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. 30 мянган тонн үхрийн эсвэл адууны мах гаргана гээд Засгийн газар квотоо өгчихсөн. Тэгсэн хэрнээ хүмүүс сошиалаар шуугиад л махаа гаргахгүй болчихно. Хэдэн тэрбумаар үйлдвэр барьсан залуучууд байна. Төв аймагт таван тэрбумын үйлдвэр байна. Хөвсгөлд ч бас. Ингэж хориглоод л тэр үйлдвэрүүд гацаанд орсон байдаг. Бизнес орчинд их хохирол учруулж байгаа нь хэцүү байгаа байх. 

Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг зогсооё, түрээсийн төлбөрийг зогсооё гэж уриалснаар зарим газрууд хэрэгжүүлж байна. Мэдээж банкны хүүг улсын хэмжээнд, бодлогын түвшинд зохицуулах хэрэгтэй гэж бодож байна. Сошиалын цуу ярианд анхаарал тавьж ажилладаггүй.

Бизнесмен, улстөрчдийн гар хөл болсон ашиг хонжоо хайсан залуучууд сэвж байдаг болов уу л гэж боддог. Хувьсгалын ногоон малгайтнууд хүнийг хилс хэрэгт гүтгэж хүмүүсийн аминд хүрч байсан. Үүн шиг шинэ цагийн ногоон малгайтнууд нь тролууд сошиалаар шүүмжлэгчид юм болов уу. За энэ ч яах вэ энэ бүхний дараа бүх зүйлс хэвэндээ орох байх. Хориотой хаалттай байх үедээ дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл тариалалтаа эрчим-жүүлэх хэрэгтэй байх даа.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баатар (202.9.46.25)
    Үнэн сонгууль дөхөөдхүрэлсүх ард түмнийедуулгавартай. Зарц шиг байгаа өнгөрөөд хоер гарыг чин өргүүлж байгаад к кармааг чин ухахаа мэдэж байгаа байлгүй
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 14 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 2 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top