"Эрдэнэс тавантолгой" ХК даваа гариг бүр 13:00 цагт хүргэдэг ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭТТ компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийн дарга М.Амарбаяр: "Компанийн зүгээс ногдол ашгаа шуурхай, чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэхийн төлөө ажиллаж байна. 2019 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилах ХК-иудын жагсаалтыг МХБ-ээс гаргасан. Нийт 29 компани ногдол ашиг олгохоос Мандал даатгал 2.5 тэрбум, АПУ ХК 76 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилна.
Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд үүнээс 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгнө" гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн "COVID-19 –тай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд улс орон даяар шилжиж, зарим бизнес хязгаарлагдмал болсон ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн хувьд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Оны эхнээс гуравдугаар сарын 29-нийг хүртлэх хугацаанд 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 шахам мянган тонн нүүрс экспортлоод байна. Мөн Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт түр зогсоод дахин нээгдсэнээс хойш 22.6 мянган тонн нүүрс экспортолсон" гэлээ.
Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авалтын үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг байна.
ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд, ил тод явагдаж байгаа гэсэн юм.