Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай Монгол Улсын эдийн хөгжил болон өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Монгол Улс ардчилалын замыг сонгоод 30 жил боллоо. Энэ хугацаанд манай улсын нийгэм эдийн засагт ямар ямар өөрчлөлт гарсан гэж та дүгнэж байна вэ?
-Манай улс ардчилсан нийгэмд шилжих үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. Одоо чөлөөт зах зээлийн эдийн засагтай болсон. Хамгийн том ололт амжилт нь иргэд өөрийн гэсэн өмчтэй, хувийн хэвшилтэй болсон явдал юм.
Нэг жишээ дурьдахад Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжиж байхад улсын хэмжээнд 3300 автомашинтай байсан. Эдгээрээс 100 хүрэхтэй үгүйтэй нь хувь хүний өмчийнх байсан гээд бод л доо.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод л гэхэд нэг сая гаруй авто машин иргэдийн хувийн өмч гэсэн бүртгэлтэй, хөдөлгөөнд оролцож байгаа юм. Үүнээс гадна тухайн үед 10 хүрэхгүй сонин, нэг радио, телевизтэй байлаа. Өнөөдөр манай улсад 400 гаруй сонин, радио, телевизийн суваг идвэхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр технологийн дэвшилийг дагаад мэдээллийн сайтууд ч үйл ажиллагаагаа төрөлжүүлж олширсон.
Энэ жишээнүүд Монгол Улсад сүүлийн 30 жилд ямар өөрчлөлт дэвшил авч ирсэнийг тодорхой харуулж буй явдал юм. Социализмийн үед буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад тав таван жилээр төлөвлөгөө гарган ажилладаг байсан. Гэвч манай улсын мал сүрэг 24 сая толгойгоос хэтэрч чадахгүй ирсэн. Тэгвэл одоо 60 сая толгой хол давчихсан нь томоохон амжилтын нэг юм.
-Таныг манай улсын сайн эдийн засагчдийн нэг гэдгийг хүмүүс мэднэ. Та эдийн засгийн мэргэжлээр хаана суралцаж төгссөн юм бэ?
-Би Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал гарч байх үед Германд дээд боловсрол эзэмшихээр мордож байлаа. Хувь тавилан ч гэх үү социалист хоёр орны хооронд байгуулсан гэрээний дагуу сурахаар явсан сүүлийн оюутнуудын нэг. Тухайн үед Герман улс баруун, зүүн гэж хоёр хуваагдсан байсан. Зүүн Герман нь Монгол шиг социалист чиг баримжаатай байсан.
Гэвч тухайн үед социалист нийгэм задарч хоёр Герман дахин нэгдсэн. Ингээд социалист орнуудын байгуулсан гэрээ хүчингүй болсон. Тухайн үед тэнд сурч байсан оюутнуудыг үргэлжлүүлэн сурах боломж олгосон. Анх загвар зохион бүтээгч мэргэжлээр сурахаар явсан бол мэргэжлээ солих шаардлага гарч эдийн засгийн ухаанаар суралцахаар шийдсэн.
-1990-ээд онд таныг оюутан байхад манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байв. Тэр үеийн байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Иргэд дуртай дэлгүүртээ ороод мах, сүү зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авч чаддаггүй байлаа. Дэлгүүрт хэзээ ирэх нь тодорхойгүй, ирлээ гэхэд маш урт дараалалд зогсч ёстой л алаан болж авдаг байсан цаг үе шүү дээ. Энэ нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдсөн.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд гучин жил өнгөрлөө. Харин эдийн засгийн хувьд сүүлийн 20 жилд хөгжиж байна. Учир нь 1990-ээд онд эдийн засаг маш хүнд, картын бараатай байлаа шүү дээ. Одоо картын бараатай эдийн засаг хүнд байсан үеийг санах хүн өнөөдөр цөөхөн байна. Тэгээд 2000 оны эхээр уул уурхайн салбар хөгжиж эхэлснээр эдийн засгийн хөгжил эхэлсэн гэж боддог.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн үнэлж, харж байна вэ?
-Манай улсын эдийн засаг нэлээд хүндрэх нөхцөл байдал ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал, дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн халдварын улмаас нүүрсний экспорт хэсэг хугацаанд зогслоо. Үүнээс гадна өр төлж буй учраас гадаад валютын гарах урсгал үргэлжилж буй юм. Ийм учраас манай улсын олж буй орлого буурсан тул эдийн засаг хүндэрч эхэлсэн. Нөгөө талаар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож буй тул зах худалдааны төв, дэлгүүр ажиллахгүй, борлуулалт нь буурч байна.
Эдгээр нөхцөл байдлын улмаас иргэд зөвхөн хүнс, ариутгал ариун цэврийн бүтээгдэхүүн хулдан авч байгаа. Өөрөөр хэлбэл гутал, хувцас гээд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалт огцом буурсан. Энэ нь эдийн засаг хүндэрч буй шинж тэмдэгийн нэг. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосон, заавар зөвлөмжүүд гарсан учраас Монголчууд энэ жил Цагаан сарын баяраа өргөн тэмдэглэлгүй өнжсөн. Худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгчидийн гол орлого олдог үе нь Цагаан сарын баяр байдаг. БНХАУ-ын Цагаан сар энэ жилийн хувьд 1 сард болсон мөн энэ үеэр хил гааль 1 сар хаадаг тул үйлдвэрлэгчид шаардлагатай бараа бүтээгдэхүүн түүхий эдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард татаад авчихсан.
Тэгээд 1 сард бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихсэн. Гэтэл борлуулалт хийж чадаагүй. Үүнээс шалтгаалж зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдал хүндэрсэн. Яагаад гэвэл ихэнх аж ахуйн нэгж, хувь хүн бүгд л зээл авсан байгаа. Иймд чанаргүй зээлийн хувь хэмжээ өсөх нь ойлгомжтой болсон. Чанаргүй зээлийн энэ өсөлт нь арилжааны банкуудын үйл ажилагааг доголдуулах магадлалтай.
-Монголбанк зээл төлөх хугацаа, хугацаа хэтэрсэн зээлийн ангилал, хүү торгууль зэргийг гурван сараар хойшлуулах болсоноо мэдэгдсэн. Энэ нь нүүрлээд буй хямралаас гаргаж чадах уу?
-Энэ цар тахалын тархалт хэр удаан үргэлжилэхээс шалтгаалж дэлхийн улс орнууд болоод манай улсын эдийн засгийн хямрал, уналтыг тодорхойлох болчихлоо. Судалгаануудыг ажиглавал энэ цар тахалын тархалт он дуустал үргэлжлэх төлөвтэй гэсэн байна. Учир нь эмчлэх эм тариа, вакцин нь хараахан гараагүй. Эрдэмтэд судалгаа, шинжилгээ хийж хайсаар байгаа.
Вакциныг нь гаргаж авлаа гэхэд өргөн хэрэглээнд үйлдвэрлэхийн тулд чамгүй хугацаа орно гэсэн үг юм. Ийм учраас эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах цогц төлөвлөгөө шаардлагатай байна. Гэтэл эрх баригчид гал унтраах хэмжээний жижиг арга хэмжээнүүд авч байгаа юм. Энэ нь эдийн засагт тодорхой үр дүн өгөхгүй байх хандлага харагдаж байна. Жишээ нь Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж 10 хувь болголоо.
Бодлогын хүүгээ бууруулж байгаа алхам нь зөв байлаа гэсэн ч Төв банк дангаараа ийм арга хэмжээ аваад тодорхой үр дүн гарахгүй. Сангийн яамнаас төсвийн тодотгол хийх ёстой. Цогц арга хэмжээ авч байж тодорхой нааштай үр дүн гарна. Монголбанкны ерөнхийлөгч энэ долоо хоногт зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулах арга хэмжээ авсанаа зарласан.
Гэвч үүнд бизнесийн зээл ороогүй. Зөвхөн өргөн хэрэглээний зээлүүд багтсан байна лээ. Ийм учраас бас цогц арга хэмжээ болж чадахгүй байна гэж харагдаад байгаа юм.
-Улс орнууд өнөөдөр тулгараад байгаа эдийн засгийн хүндэрлийг даван туулах ямар ямар арга хэмжээ авч байна. Манай улсын хувьд хэрхэх нь зохистой гэж та эдийн засагч хүний хувьд харж байна вэ?
-Судалгаа сайн хийх ёстой. Үүндээ тулгуурлаж ямар арга хэмжээ авахаа тодорхойлох учиртай юм. Эдийн засгийн хүндрэл тулгархад нийгмийн дундаж давхарга, орлого багатай иргэд хамгийн түрүүнд өртдөг. Тэдэний нуруунд ачааны хүнд ирдэг. Тэгэхээр хямралд өртөх эмзэг бүлгээ тодорхойлж тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр түр зуурын арга хэмжээ авалгүй судалгаа тооцоо хийж төлөвлөх нь чухал байна л даа. Гадны орнуудыг ажиглаж байхад жижиг дунд үйлдвэрлэлийн хүүгүй зээл олгоод эхэлсэн. Тухайлбал, Герман улс ийм арга хэмжээ авлаа. Мөн Засаг захиргааны тусгай бүс болох Хонгконг зайлшгүй шаардлагатай хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахад нь зориулж 1400 хонгконг доллар иргэн бүртээ өгч байна. Энэ нь ард иргэдийнхээ худалдан авах сэтгэлгээг өдөөх нэг арга гэж үзсэн.
Тэгэхээр Засгийн газрууд энэ мэтээр өөрийн улсын онцлогт тохирсон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ аваад эхэллээ. Харин манай улсын хувьд энэ хүндрэл урт хугацаандаа ямар урхаг дагуулах нөлөөллийг сайн судлаагүй байгаа юм. Гэнэтийн уялдаа холбоогүй арга хэмжээ л авч буй нь олигтой үр дүнд хүрэхгүй нь гэж харж байна.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй. Тийм нөхцөл байдал үүсээгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Улсын орлого, зарлагыг атгаж буй хүн ийнхүү мэдэгдэж байгаагын шалтгаан нь юу юум бол?
-Төсвийн орлого тасарч байгаа өнөө үед тодотгол хийхгүй гэж мэдэгдэж буйд гайхаж байна. Экспортын орлого тасархаас гадна дотоодын эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орчихсон. Тэгэхээр төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч буй юм. Орлого төлөвлөсөн хэмжээнд биелэхгүй учраас зарлага талаа бас авч үзэх ёстой.
Төсвийн зарлагыг харвал маш олон байшин барилга барих төсөв бий. Жишээ нь соёлын төв, музей гээд томоохон барилга байгууламж байгаа. Эдгээр нь эдийн засгийн үр өгөөж муу, хүндэрлэл учирсан өнөө үед зайлшгүй шаардлагатай юү? Ийм бүтээн байгуулалт хийх гэж байгаа нь гайхал төрүүлж байна. Төсвийн тодотгол хийгээд илүү зардлааа танаад тэрийгээ эдийн засгаа бэхжүүлэхэд зарцуулах хэрэгтэй.
Тэгэхээр Сангийн сайдын төсөвт тодотгол хийхгүй гэж мэдэгдээд байгаа нь зургадугаар сард болох УИХ-ын сонгуультай холбоотой болов уу л гэж харж байна. Өнөөдөр бид сонгуулиа гэх үү, улс эх орон ард иргэдээ гэх үү?
-Та яриандаа зарим улс орон жижиг дунд үйлдвэрлэгчиддээ хүүгүй зээл олгож эхэлсэн гэлээ. Тэгвэл манай улсад зээлийн хүүг нь бууруулах боломж бий юу?
-Байгаа. Жижиг дунд үйлдвэр хамгийн олон ажлын байр бий болгодог. Иймд өрхийн орлогын гол хэсгийн нэг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрүүдийг тогтвортой ажиллуулах шаардлагтай. Үүний тулд зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх асуудал манай улсад өнөөдөр тулгарч буй юм.
-Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танай төвөөс шинэчлэн гаргасан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Эдийн засгийн бодого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ тайланг жил бүр гаргадаг. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр аймгууд өөрийн гэсэн тодорхой төсөвтэй болсон. Энэ төсөвөө орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад хэрхэн зарцуулж буйг өрсөлдөх чадварын тайланд тусгадаг.
Ингээд Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаас харахад орон нутгийн хөгжилд анхаарахгүй бол болохгүй нь гэсэн дү зураг гарч байгаа. Яагаад гэвэл жилээс жилд Улаанбаатар хот болон бусад томоохон суурьшилын бүст шилжих хөдөлгөөн буурахгүй байна. Шижилт хөдөлгөөн буурахгүй байгаа гол шалтгаан нь ажлын байр, орлоготой болох явдал юм. Үүнийг манай төвийн хийсэн судалгаа тодорхой харуулж байгаа. Ийм учраас аймаг, орон нутгийг хөгжүүлэх цогц бодлого үгүйлэгдэж байна. Т
эгэхээр аймаг орон нутаг нь хөгжиж байж шилжилт хөдөлгөөн саарна. Нөгөө талаар Улаанбаатар хот боон бусад суурьшилын бүст хүн ам ихээр төвлөрч буй тул төрийн үйлчилгээ, хүртээмж муудсан. Хэдийгээр аж амьдарлаа дээшлүүлэх гэж зорьж ирсэн ч амьдарлын чанар нь дээшлэхгүй байгаа юм. Манай улсад өнөөдөр орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох асуудал тулгамдаж байна.
-Өрсөлдөх чадвар нь дээшилж буй аймгууд байгаа юу?
-Өрсөлдөх чадварын тайлангаас харвал сүүлийн жилүүдэд дорвитой хөгжиж буй аймаг бол Дорноговь. Тус аймаг өрсөлдөх чадварынхаа оноог хамгийн ихээр нэмэгдүүлж энэ жил гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн. Өмнөх жилүүдийн тайлангаас харахад Дархан-Уул аймаг гуравт бичигдэж байсан. Энэ жил нэг байр ухарлаа.
Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд орон сууц маш их баригдаж байна. Мөн дэд бүтэцээ нэмэгдүүлэх бүтээн байгуулалт хийж буйтай холбоотой өрсөлдөх чадвар нь дээшилсэн гэж харж байгаа.
-Аймаг, орон нутгийн өрсөлдөх чадварт тулгамдаж буй ямар ямар асуудал байна вэ?
-Бид өрсөлдөх чадварын тайлан гаргахдаа бизнес эрхлэгчдийн дунд санал асуулга явуулдаг. Бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд нийтлэг гурван асуудлыг хэлж байгаа. Нэгдүгээрт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх талаар ярьдаг. Тэгэхдээ зээлийн хүү өндөр байгаа тул хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг тавьдаг.
Хоёрдугаарт орон нутагт зарлагдаж буй тендерийн шалгаруулалт шударга бус байна гэдэг. Гуравдугаарт төсвийн худалдан авалтыг орон нутгаас хийх ёстой гэсэн санал тавьж буй юм. Эдгээр асуудлыг шийдэж байж орон нутагт ажлын байр олноор бий болно, иргэдийн амьдарлын чанар дээшилнэ гэж байна.
-Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын талаар та ямар бодол байр суурьтай байна вэ?
-Уул уурхай хүссэн хүсээгүй ойрын жилүүдэд тэргүүлэх салбар хэвээр байна. Үүнээс гадна хөдөө аж ахуй, шинэ технологи, боловсрол тэргүүлэх салбар байх учиртай. Сүүлийн жилүүдэд монголчуудын оюуны салбарын бүтээлч үйлдвэрлэл сайн хөгжиж байна. Бас дэлхий нийтэд үнэлэгдэх эхлэл сууриа тавьлаа.
Жишээлбэл IT, урлагийн салбартаа анхаарч хөгжүүлэх боломжтой юм. Энэ салбар хөгжихөд хатуу дэд бүтэц шаардлаггүй. Интернэт байхад хангалттай шүү дээ.
-Монголд урт, дунд хугацааны хөгжлийн бодлого байна уу?
-Бид хөгжлийн цогц бодлого гэдэг зүйл гаргачихаад хэрэгжүүлэлгүй орхидог талтай. Хуучин нийгмийн уриа, лозун хэлбэрээр байгаад байна. Урт хугацааны хөгжлийн бодлогоо төлөвлөгөөтэй хэрэгжүүлдэггүй учраас үр дүн гарахгүй байгаа. Бодлогын арга хэмжээний үр дүн урт хугацаандаа гардаг.
Тухайлбал, нэг аймгийг хөгжүүлэх гэж өндөр төсөв өглөө гэж бодоё. Түүний үр дүн тэр жилдээ гарахгүй. Тодорхой хугацааны дараа үр дүн гардаг. Урт хугацааны хөгжлийн бодлогод нэгдэх ёстой. Учир нь улс төржих сэдэв биш. Тэгэхээр улс орны хувьд улстөржүүлэхгүй байх ёстой сэдэв гэж байх ёстой гэж би боддог. Засаг төр солигдохтой холбоотойгоор улс орны урт хугацааны хөгжлийн бодлого тасалдах учиргүй л гэж хардаг.
Тэгэхээр урт хугацаандаа үе шаттай хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлж түүнийгээ улстөржүүлэлгүй тууштай хэрэгжүүлэх нь чухал юм.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин