Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа Нобелийн шагналтнуудтай хийх 70 дахь удаагийн уулзалтад оролцохоор сонгогдоод байна.
Энэ оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-нд ХБНГУ-ын Линдау хотод болох тус уулзалтад 35 хүртэлх насны дэлхийн 650 шилдэг залуу судлаач оролцох юм.
1951 оноос эхлэлтэй тус уулзалтад 2015 оноос хойш манай улсаас зургаан судлаач оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон залуу судлаачид санал бодлоо идэвхтэй солилцохоос гадна үндэстэн хоорондын "хил хязгааргүй уулзалт" болдгоороо онцлогтой.
Судлаач Н.Жавзмаатай хийсэн ярилцлагийг хүргэж байна.
-Нобелийн шагналтнуудтай хийх тус уулзалтад 2015 оноос хойш оролцсон манай улсын долоо дахь судлаач та болох нь ээ. Шалгаруулалтад хэрхэн сонгогдов?
-Энэ уулзалтад оролцох залуу судлаачдын материал саналыг манай хүрээлэнгээс ШУА-д хүргүүлсэн юм. Aкадемиас ярилцлага авч сонгон шалгаруулсны дүнд нэг залуу судлаачийг тус уулзалтад явуулахаар тодорхойлох захидал илгээснээр судлаач онлайн өргөдөл бөглөх эрхтэй болдог. Онлайн өргөдлийг судлаач бөглөж илгээснээр уулзалт зохион байгуулах комисс сонгон шалгаруулж оролцогчдыг сонгодог. Өргөдөлд боловсрол, судалгааны ажил, судалгааны бүтээл, амжилт, бусад ур чадвар, олон нийтийн ажилд хэрхэн оролцдог талаарх мэдээллийг бөглөсөн. Эдгээр мэдээллийг тусгахын зэрэгцээ үйлдвэрлэлтэй холбож судалгаа хийдэг гэдгээ тодотгон бичсэн.
Анх тус уулзалтын веб хуудас руу орж танилцуулга болон өмнөх жилүүдэд оролцсон залуу судлаачдын сэтгэгдэлтэй танилцаад нэлээд эмээсэн. Их мундаг залуучууд өндөр шалгуураар оролцсон байсан. Тиймээс сонгогдох эсэхдээ эргэлзсэн л дээ. Шалгаруулалтад тэнцсэн тухай захиа ирэхэд маш их баярласан ч Монгол Улсын ШУА гэсэн том байгууллагын химийн салбарыг төлөөлнө гэхэд маш их хариуцлага оногдож байгааг ойлгоод бас эмээж л байна. Тиймээс бэлтгэл сайн хийж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байгаа.
Энэ ташрамд надад итгэл найдвар хүлээлгэн уулзалтад явуулахаар сонгосон Хими, химийн технологийн хүрээлэнгийн удирдлагууд болон ШУА-ийн тэргүүлэгчдэд талархсанаа илэрхийлье.
-Энэ удаагийн уулзалтад өмнөх жилүүдээс харьцангуй олон буюу Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцоно. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Танилцуулгаас харахад уулзалтад оролцох судлаачдыг бүлэг болгон хуваагаад, судлаачид судалгааны ажлаа танилцуулдаг юм билээ. Энэхүү уулзалтад оролцсоноороо бусад олон орны судлаачидтай харилцаа холбоо тогтоох боломжтой. Мөн Нобелийн шагналтнуудын лекцийг сонссоноор залуу судлаачийн хувьд, судалгаа хийх эрч хүч нэмэгдэхийн хажуугаар олон улсын судалгааны чиг хандлагыг ойлгож, түүнийгээ цаашдын судалгаандаа ашиглах бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.
-Өөрийн судалгааны ажлын талаар танилцуулна уу?
-Сүүлийн жилүүдэд шилмүүст модны эфирийн тосны химийн бүрэлдэхүүн биологийн идэвхийг тодорхойлох судалгааг хийж байна. Эфирийн тосны үйлдвэрлэлийг Монголд бий болгохын тулд эхний ээлжинд мод бэлтгэлийн хаягдал шилмүүсний эфирийн тосны үйлдвэрлэлийг бий болгох нь хамгийн оновчтой гэж үзэж байгаа. Учир нь Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактер мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлахад идэвхтэй үйлчлэлтэй болох нь эхний шатны судалгаагаар тодорхойлогдоод байгаа юм.
Мөн шилмүүсний эфирийн тосны зонхилох нэгдлүүдийг изомержүүлэн олон өөр төрлийн дэгдэмхий нэгдлийн хольцуудыг гарган авах өргөн боломжтой. Ингэснээр Монголд эфирийн тос, түүнээс үүдэлтэй байгалийн гаралтай үнэрийн үнэт түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Тиймээс цаашид энэ төрлийн судалгааг илүү нарийвчлан, өргөн цар хүрээтэй хийснээр экспортыг дэмжих дотоодын үйлдвэрлэл бий болоход чухал нөлөө үзүүлнэ.
Миний хувьд, ШУА-иас зохион байгуулсан Энтрепренер судлаач (ЭС-21) хөтөлбөрт хамрагдсанаар судалгаагаа үйлдвэрлэлтэй холбох боломж нээгдсэн. Одоогоор шилмүүст модны цэвэр эфирийн тосыг бага хэмжээгээр зах зээлд нэвтрүүлээд байна. Мөн инновацлаг судлаачдын судалгааны ажлын дүн, түүхий эдийн боловсруулалтын технологи Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш их хэрэгтэй байгаа өнөө үед залуу сулаачид бид дор бүрнээ судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар анхаарч ажиллах нь зүйтэй юм.