Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ.
УОК-ын шийдвэрээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна.
Тэрээр нүүрс тээвэр хийхэд тулгамдаж буй асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Өмнөгөвь аймгийн Шивээ хүрэн боомтоор хорио цээрийн дэглэмийн үед өдөрт 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн гэж Шивээ хүрэн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч Б. Мөнхбат ярив. Ариутгалын түр төхөөрөмжийг шинэчилж, хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэв. Энэ байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд нэг машинд 10 литр ус зарцуулах ба өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комист үүрэг болгов. Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм.
Үүнд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй дөрвөн компаниас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: УУХҮЯ