УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцсэн. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бат-Энхэд хариуцлага тооцох асуудлыг ярилаа. Улс орон даяар коронавирусээс урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гэтэл МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх онгоцонд суудлаа сольж суусан. Онгоцноос буугаад хөл хорионд орохгүй гэдэг асуудал үүсгэсэн. Улс орон даяар онцгой нөхцөл байдал мөрдөж байхад үлгэр жишээ байж чадалгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан. Ийм учраас түүнд хариуцлага тооцох асуудал ярьсан. Түүнийг ажлаас нь, Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг МАН-ын Бага хуралд оруулж хэлэлцүүлэхээр болсон.
-УИХ-аар хэлэлцүүлэх олон асуудал гараад байгаа. Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах уу?
-Ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй. Засгийн газарт коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах бүхий л эрх нь бий. Хүнсний гол бүтээгдэхүүн элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны гаалийн татвар, НӨАТ-ыг Засгийн газрын хэмжээнд чөлөөлөх байдлаар шийдээд явах бүрэн бололцоо бий. Иймд УИХ-ын ээлжит чуулган эхлэх үед уг асуудлыг нэмэлт өөрчлөлт оруулах маягаар шийдээд явах бололцоотой гэж үзэж байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад хаврын ээлжит чуулганаар асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлаар ажиллаж байна. Манай Өргөдлийн байнгын хороонд түрээсийн төлбөрийг хөнгөлөх тухай асуудал яригдаж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээлийн хүүг гуравдугаар сараас зургадугаар сар хүртэл хугацаанд тэглэх санал, хүсэлт Өргөдлийн байнгын хороонд ирж байгаа. Монголбанк бодлогын хүүгээ бууруулна гэсэн. Тэгэхээр заавал ээлжит бус чуулган гэлтгүй асуудлыг шийдээд явж байгаа.
-Түрээсийн төлбөрийг хөнгөлнө гэсэн ч амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн гомдол их гарч байгаа шүү дээ?
-Харин тийм. Төр засгаас гаргасан шийдвэр дунд шатанд очоод хэрэгжихгүй байх асуудал гарч байна. Жишээ нь, түрээсийн төлбөр 50-100 хувь хөнгөлөх асуудал яг амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих ёстой. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг ШӨХТГ-т өгөөд байна.
-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй асуудал эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлж буй. Иймд УИХ-ын сонгуулийг хойшлуулах тухай яриа гарах болсон. Энэ талаар ярьсан зүйл байгаа юу?
-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай асуудал яриагүй. Харин улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор СЕХ-нд өгөх хуультай. Тэгэхээр улс төрийн намууд хуралдах асуудал гарна шүү дээ. Улс оронд онцгой дэглэм тогтоосон байгаа учраас улс төрийн намууд цахимаар хуралдах, гарын үсгийг нь хэрхэн цуглуулах гээд асуудал гарч байна. Улсын онцгой комисс уг асуудлаар ойрын үед хуралдаж тодорхой шийдвэр гаргана гэсэн байгаа.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин