"Шийдвэр гаргах түвшинд монгол эмэгтэйчүүд Азийн дунджаас ч доогуур байна"
Аливаа байгууллагын шийдвэр гаргах, удирдах түвшинд жендэрийн тэнцвэртэй байдлыг хангаснаар зөв засаглалтай, шударга, хүнлэг үйл ажиллагаа явуулахаас гадна үр ашиг нэмэгддэг болохыг олон улсын хамаг том гэгдэх судалгааны байгууллагууд нотолсоор байна. Мөн улс төрийн тавцанд ч эмэгтэйчүүд манлайлж, шийдвэр гаргахад нөлөөлж буй улс орнуудын туршлагыг бид харж байна. Харин Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад хангалттай биш байна, уламжлалт хандлага, гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь үүнд хэрхэн нөлөөлж буй талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэлтэй ярилцлаа.
-Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгаа гэж та дүгнэдэг вэ?
-Нийтийн шийдвэр гаргах тогтолцоо буюу УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлагын түвшинд маш тодорхой статистик байдаг. Парламентын түвшинд одоо байгаа 13 эмэгтэй гишүүн гэдэг түүхэн дээд тоо. Энэ нь 76 гишүүний 17 хувь гэсэн үг. Гэтэл азийн дундаж 19 хувь, дэлхийн дундаж 24 хувь байгаатай харьцуулахад манайх эмэгтэйчүүдийн оролцоо мундаг гэж ярьдаг атлаа азийн дунджаасаа ч бага байна. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамгийн сүүлд бүрэлдсэн байдлаар нь харахад 30 орчим хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа юм. Энэ үзэгдэл төрийн албанд ч ажиглагддаг.
Төрийн захиргааны хувьд дунд шатны удирдлагын 30 хувь, дээд шатны удирдлага 15 хувьтай байна. Төрийн үйлчилгээний албан тушаалын 70 орчим хувь эмэгтэйчүүд байдаг бол улс төрийн албан тушаалын 30 хүрэхгүй хувь нь л эмэгтэйчүүд байх жишээний. Харин бүр нарийн судалгаа байхгүй ч бизнесийн салбарт дунд түвшний албан тушаалууд дээр энэ оролцоо боломжийн байгаа болов уу гэж ажигладаг. Сүүлд гарсан судалгаагаар бизнесийн байгууллагын удирдах зөвлөлийн түвшинд эмэгтэйчүүд 20 хүрэхгүй орчим хувьтай байгаа юм.
-Эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад ямар нөхцөл байдал саад болж байна вэ?
-Ихэвчлэн “Монголын эмэгтэйчүүд маш өндөр боловсролтой болсон. Хэрэв тэд хүсвэл шийдвэр гаргах түвшинд очиж чадна” гэсэн тайлбарыг хэлдэг. Эсвэл нэгдүгээрт өөрсдөө хүсэхгүй байна, хоёрдугаарт чадахгүй байна гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бол маш өнгөц дүгнэлт. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн оролцоо тэгш бус байгаа нь бүтцийн буюу тогтолцооны шалтгаанууд голчлон нөлөөлдөг. Тэр олон шалтгаануудын суурь нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаарх хэвшмэл соёлын хэм хэмжээ гэж дүгнэдэг. Үүнийг бид жендэрийн хэвшмэл сэтгэлгээ гэж нэрлээд байгаа юм.
Статистик мэдээлэл харахад тооны хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсрол эзэмшиж байгаа нь үнэн. Ялангуяа дээд боловсрол дээр. Гэсэн хэдий ч зөвхөн боловсрол нь орлогын болон шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалд очих баталгаа биш байдаг. Тухайлбал, суралцаж байгаа салбар нь харахад өөр. Шинжлэх ухаан, технологийн салбарт эрчүүд голчилж, нийгэм хүмүүнлэгийн салбарт эмэгтэйчүүд голчлон суралцдаг нь хэвээрээ. Энэ нь өөрөө нөгөө хэвшмэл сэтгэлгээтэй холбоотой. Эндээс үүдэн орлогын зөрүү болон боломжууд ялгаатай байдаг.
Хоёрдугаарт хэвшмэл ойлголтод манлайлагч, шийдвэр гаргагч хэн бэ гэдэг ойлголт илүү эр жендэр рүү хазайсан байдаг. Шийдвэртэй, хатуу байх гэх мэтчилэн манлайлагчийг тодорхойлдог тодорхойлолт маань өөрөө эрэгтэйлэг хэв шинжүүдийг илэрхийлдэг хэвээрээ байгаа юм. Эмэгтэй манлайлагчийг түлхүү харуулах, роль моделиудыг дэмжих замаар бид эмэгтэй манлайлагчтай ажиллаж сурах, манлайлагч гэдэг уламжлалт загварыг өөрчлөх хэрэгтэй байна. Жендэрийн хэвшмэл сэтгэлгээ эрэгтэй эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст байгаа. Ийм соёлын шинжтэй өөрчлөлтүүдийг хийх ажлыг олон төрийн бус байгууллагууд хийдэг.
-Амьдрал дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү хэд байдаг вэ?
-200 мянга орчим төгрөгийн зөрүү байгаа. Өөрөөр хэлбэл дунджаар эрчүүд илүү өндөр цалин авдаг хэвээр байна. Хөдөлмөр эрхлэлт, орлого, хөрөнгийн хүйсийн тэнцвэргүй байдал шийдвэр гаргалтын түвшинтэй холбоотой. Улс төрийн өрсөлдөөний орчин ямар дүрмээр ажиллаж, хэр хэмжээний цаг, зардал шаардаж, ямар хүмүүст илүү ээлтэй байгааг харах хэрэгтэй. Энэ талбар шударга бус, тэгш бус байгаа тохиолдолд хэн хожиж, хожигдох нь тодорхой юм. Улс төрийн өрсөлдөөн илүү их цаг зав шаардсан дээр нь өнөөгийн нөхцөлд хөрөнгө санхүү улам их шаардаж байна. Гэтэл эмэгтэй хүмүүсийн амьдралын онцлог бий.
Ихэнх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлнэ, мөн өсгөж торниулах ажилд илүү цаг зарцуулж байна. Ахуйн ачааллын хүйсийн тэнцвэргүй байдлаас болж ажлын байран дээр ахиж дэвшихгүй байх, эсвэл цаг хугацаа алдах, орлого буурах гэх мэтчилэн шалтгаанууд байгаа юм. Нөхөн үржихүйн үүрэг роль нь тухайн хүн нийгэмд оролцох, хөгжлийн болон соёлын үр ашгаас хүртэхэд саад болж болохгүй.
Тиймээс хүүхэд харж байгаа ээж, аавууд эсвэл хүүхдэд чиглэсэн зөв бодлогуудыг бий болгох замаар улс орнууд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь нийгэмд оролцоход сул тал болохооргүй нөхцөлийг бүрдүүлдэг. Шийдвэр гаргах түвшинд очино гэдэг тодорхой цаг хугацаа, туршлагыг шаарддаг. Харин тэр замд нь саад болж байгаа хүчин зүйлүүдийг хүйсээр ялгаатай байна уу гэдгийг харах хэрэгтэй.
-Хүүхдээ харах үүрэг Монголд тэгш биш санаддаг. Хүүхдийг хоёр нас хүртэл харах эрхийг зөвхөн ээжүүд эдэлж, төрөөс хүүхдэд өгч буй тэтгэмжийг ээж л авч байна. Энэ нь өнгөц харахад эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юм шиг атлаа нөгөө талаараа гэртээ суух үүрэг зөвхөн тэднийх юм гэдгийг бараг хуульчилсан байна. Аавууд хүүхдээ харахыг дэмжсэн төрийн бодлого байхгүй юм чинь эмэгтэйчүүд хүүхдээ харж гэртээ сууж байгаа тэр хугацаанд ажил мэргэжлийн хувьд алдсан боломж их байдгийг хэрхэн өөрчилж болох вэ?
-Ийм нөхцөл байдлыг ойлгосон улс орнууд, ялангуяа хөгжингүй улсууд аавын хүүхэд харах чөлөө гэдэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хүүхэд харах чөлөөний хугацааг хувааж түүний талыг нь ээж, талыг нь аав эдлэхийг хатуу хуульчилдаг улсууд байна. Гэхдээ хугацааны хувьд хэн нь түрүүлж хүүхдээ харах уу гэдэг сонголтыг нь олгодог. Ингэснээр эмэгтэйчүүд гэртээ суух, цалин орлогогүй болох байдлаас сэргийлэхээс гадна аавууд гэр орондоо цаг хугацаа өнгөрөөх боломжийг олгож байгаа юм. Бидний гэр ахуйн гэж нэрлэдэг энэ ажил хөлсгүй, үнэлгээгүй. Мөн эдийн засагт ямар их үүрэг хүлээж байгааг ойлгодоггүй ажлууд юм.
Гэтэл тэр үүргийг хүлээж байгаа хүнийг бид ажилгүй гэж тодорхойлдог. Тиймээс үүнийг эрчүүд мэдрэх нэг боломж болдог. Ирээдүйд бодлогын ийм чиг хандлага манайд ч бий болно гэдэг найдаж байгаа. Энэ нь буцаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоход хувь нэмэр оруулах бодлого юм. Чөлөөнөөс гадна бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажлын байран дээр ялгаварлахгүй байх, залуу бүсгүйчүүдийг ажилд авахдаа төрөх төлөвлөгөө ойрын үед бий юу гэдэг асуулт тавихгүй байх, өрх толгойлсон эцэг эхчүүд гэр ахуйн үүргүүдээс шалтгаалаад ажлын байран дээрээ сул тал болохгүй байх бодлогууд бий болж байна.
Өөрөөр хэлбэл хүн ажилтай байх замаар нийгэмд оролцох, хөгжилд хувь нэмэр оруулах, үр шимийг нь өөрөө хүртэх боломжтой. Энэ тулгарч байгаа бүх саад бэрхшээлийг арилгахын сацуу нэмэлт дэмжлэгүүд хэрэгтэй. Ажлын цагийг уян хатан болгох нь бага насны хүүхэдтэй ээж, жирэмсэн эмэгтэй, өрх толгойлсон эцэг эхчүүдэд маш их нэмэртэй. Манайд энэ стандарт их хатуу.
Зарим улс оронд нэг ажлын байран дээр хоёр хүнийг ажиллуулж болдог. Ажлын цаг болон хийх ажлаа хуваарилна, цалингаа хувааж авна. Энэ нь жендэрийн тэгш эрхээс гадна залуучуудад маш том дэмжлэг болдог. Өөр зүйл хийх, шинэ зүйл турших сонирхолтой залууст бүтэн найман цагийн ажлын байр сэтгэлд нь хүрдэггүй. Тиймээс уян хатан, хүндээ нийцсэн нийгмийн хандлагыг хүсээд байгаа юм.
-Хэвшмэл хандлага эмэгтэй хүний шийдвэр гаргах түвшинд нөлөөлж байгааг та хэллээ. Энэ хандлагаас үүдэлтэй гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь эмэгтэйчүүд ажил дээрээ амжилттай байх, дэвших байдалд нөлөөлдөг үү?
-Нөлөөлнө. Манай байгууллагаас сүүлийн тав зургаан жил эмэгтэйчүүд рүү чиглэсэн сайн дурын хөтөлбөр, сургалт, уулзалтуудыг хийж байна. Гэтэл үүнд цаг гаргахад хүртэл зарим залуу ээжид хэцүү байдаг. Долоо хоногт ердөө хоёр цаг шүү дээ. Гэсэн хэдий ч та бүхэн ажиглах юм бол иргэний нийгмийн талбарт явж байгаа бүх сургалт хөтөлбөрийн 70-80 хувьтай эмэгтэйчүүд хамрагддаг. Тэгэхээр эмэгтэйчүүд сурах хүсэл эрмэлзлэл маш өндөр байна. Гэхдээ сүүлийн үед залуу хосууд бие биеийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжих, хувийн орон зайг хүндэтгэдэг болсон. Албан бус хөдөлмөрийн судалгаанууд гардаг.
Ажлын байран дээр найман цаг ажиллачихаад гэртээ ирээд хүүхдээ, гэр бүлийн гишүүдээ асрах, хүүхдийн даалгаврыг нь хийлгэх, гэрээ цэвэрлэх, хоолоо хийх, хувцсаа угаах гээд ажил хийдэг. Нэг судалгаагаар эрчүүд гэртээ ирээд 30-40 минутыг гэрийн ажил хийхэд зарцуулдаг бол эмэгтэйчүүд гурван цаг байна. Мэдээж гэр ахун ажил гарцаагүй, гэхдээ хуваагаад хийчихвэл амрах, өөрийгөө хөгжүүлэх боломжоор тэгш хангагдана шүү дээ.
Чөлөөт цаг гэдэг өөрийгөө хөгжих, хамт олонтой болох, шийдвэр гаргах түвшин рүү ахих боломжийг олгоно. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллахын тулд гарцаагүй шаардагдаж буй ур чадвар бол хамт олонтой ажиллах тухай асуудал. Сүлжээ үүсгэх, өөрийн дэмжлэгийн бүлэгтэй болохын тулд хүн гэрээс гарах л хэрэгтэй. Хэрэв бид ахуйн ажилдаа бүх цаг хугацаагаа зарцуулдаг бол өсөж хөгжих боломжгүй болж байгаа хэрэг.
-Иргэд, олон нийт эмэгтэйчүүдийг дэмжих болсон нь сүүлийн парламентын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон байдлаас харагдаж байна. Гэтэл Засгийн газрын кабинетад ердөө ганц сайд л эмэгтэй хүн байгаа бол яамдын Төрийн нарийн бичгийн даргаар дан эрчүүд ажиллаж байна. Энэ нь сонгогддог албан тушаалд манлайлагч эмэгтэйчүүд гарч ирж чадаж байгаа ч томилогддог төрийн өндөр тушаалд эрчүүд давамгайлсан, тэр хэрээрээ эмэгтэйчүүдийг дэмжихгүй байгаа юм биш үү?
-Яг үнэн. Түүхэндээ нэг Засгийн газарт хоёроос илүү эмэгтэй сайд ажиллаж байгаагүй. Тэд нь ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбараас өөр яамны сайд хийсэн тохиолдол бараг байхгүй. Өөрөөр хэлбэл өөр салбар луу эмэгтэй хүнийг тавихгүй байна гэсэн үг.
Хамгийн хэвшмэл сэтгэлгээ тодорхой харагддаг албан тушаал бол аймгийн Засаг дарга. Хэзээ ч Монгол Улсад эмэгтэй аймгийн Засаг дарга байгаагүй. Нийслэлийн дүүрэгт бол хоёр эмэгтэй Засаг даргатай байгаа. Мөн аймаг, дүүргийн ИТХ дээр ч гэсэн дарга нь эмэгтэй хүн томилогдож үзээгүй байх. Энэ байдлыг өөрчлөхийн тулд соёл өөрчлөгдөхийг хүлээх ёсгүй юм. Харин түр тусгай арга хэмжээгээр буюу дэмжих байдлаар өөрчлөлтийг хурдасгадаг.
Үүний нэг жишээ бол квотууд. Бид УИХ-ын сонгуульд квот хэрэглэдэг шиг томилогддог албан тушаалууд дээр ч квот хэрэглэдэг. Квотыг зарим хүмүүс шударга бус, эмэгтэй хүнийг хүчээр дэвшүүлж, томиллоо гэж хардаг. Гэвч нөгөө талаар эмэгтэй роль моделиудын эхний алхамыг хийж, замыг нь гаргаж байж хүмүүсийн сэтгэлгээг өөрчилдөг. Нийгэм өөрөө өөрчлөгдөхийг хүлээх хооронд хөгжлийн олон боломжийг алдаж байдаг. Тиймээс төр тусгай арга хэмжээгээр эмэгтэйчүүдийг дэмжиж, түүний бодлогоор буюу хууль тогтоомжоор өөрчилдөг жишиг байгаа юм. Манай Жендэрийн тухай хуульд бүх салбарт удирдлагын түвшинд хүйсийн ямар харьцаа байхыг хуульчилсан. Харамсалтай нь хангалттай хэмжээнд хэрэгжихгүй байна.
-Эмэгтэйчүүдийг дэмжээгүйнхээ төлөө алдагдсан нийгмийн хөгжлийн боломжуудыг тодорхойлж гаргасан судалгаа байдаг болов уу?
-Монголд бол яг нарийн судалгаа байдаг эсэхийг би мэдэхгүй. Харин гадаад улс орнуудад бизнесийн байгууллагын ТУЗ-ийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр засаглал, шийдвэр гаргалт сайжрах, орлого тодорхой хувиар өссөн судалгаанууд байдаг.
Ажиглалтын түвшинд харахад жишээ нь төрөх эмнэлэг хангалтгүй байгаа нь, хүүхэд эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртөж байгаа нь, ядууралд эмэгтэйчүүд өртөмтгий байгаа, хот төлөвлөлт жишээ нь хүмүүст ээлгүй байгаа нь эмэгтэй шийдвэр гаргагч хангалтгүй байгаатай холбоотой гэж хардаг. Хэрэв эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байсан бол эмэгтэйчүүдийн туулж байгаа амьдралын туршлагыг бодлого боловсруулахдаа анхаарч үзэх байсан.
Эмэгтэй шийдвэр гаргагчдыг олон болгоно гэдэг хөгжлийг эсвэл хөгжилд садаа болж байгаа хүчин зүйлүүдийг хүн бүрийн амьдралын өнцгөөс харах боломжийг нэмэгдүүлэх гээд байгаа болохоос эмэгтэйчүүд эрчүүдээс илүү дээр гарах гээд байгаа хэрэг ерөөсөө биш. Жишээлбэл төсвийн хөрөнгө оруулалтуудыг харахад төрийн байгууллагын оффисыг маш хурдан бариад, автобаазад нь хүчин чадал өндөртэй үнэтэй машин авчихаж байгаа мөртлөө шинэ төрөх эмнэлгээ барьж дуусгалгүй арван жил болж байна. Ахмадын насжилт судлалын төвийг бариагүй мөн л арван жил болж байна.
Хөрөнгө оруулалтад юуг чухалчилж үзэх вэ гэдэгт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралын туршлага өөр гэдэг эндээс харагдаж байгаа юм. Тэд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн бодлогод санаа тавина гэсэн үг биш ч гэлээ шийдвэр гарахад энэ тал дээр илүү мэдрэмжтэй байх болов уу гэсэн хүлээлт байдаг. Тиймээс ч хүүхдийн хүчирхийлэл эсвэл төрөх эмнэлгийн асуудлыг эмэгтэй шийдвэр гаргагчаас хүлээдэг. Тухайн хүний сонирхдог салбар биш байсан ч асуух нь аргагүй. Яагаад гэвэл илүү мэдрэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм.
Б.Энхжаргал
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ