"С.Оюунчимэг, З.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ гэсэн гурван шүүгчийн гарт миний хувь заяаг орчихсон байна"
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
-Та бид хоёрын ярилцлага таныг эрүүгийн хэрэгт буруутгаж, шүүхэд шилжүүлсэн үед өрнөж байна. "Хорлон сүйтгэх" гэсэн тодотголтойгоор буруутгасан явдал Дэмид, Лхүмбийн гэх “хэрэг”-ээс хойш бараг анхных нь уу?
-Түүх давтагддаг л юм байна. Жаахан өөр хэлбэрээр л давтагдаж байгаа байх. Ер нь махны машин угсрах сонирхолтой улс зөндөө болчихож. Социалист үзэлтэй улсад төрийн эрхийг авах хүртлээ л ардчилагчид байдаг, авсан хойноо дарангуйлдаг. Яг тийм үйл явц Монголд өрнөж байна.
Хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн буруутгалын хувьд бараг анхных болж байгаа байх. 1937 онд бол байсан үзэгдэл. Болж буй үйл явдлыг харахаар ерөөсөө л ардчиллын эсрэг хэрэг хийж байна.
-Таван толгой төслийг цогцоор нь хөдөлгөе гэж зүтгэсэн хүнд “хорлон сүйтгэх” гэдэг буруутгал тэс хөндлөн сонсогдоод байх юм. Таны өчигдөр (уржигдар) телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн шиг ардчиллын үнэт зүйлс ярьдаг, ардчиллын төлөө зүтгэдэг хүмүүсийг чиглэсэн их хэлмэгдүүлэлт эхэлчихэв үү?
-С.Баяр, С.Баярцогтоос эхлээд Э.Бат-Үүл, Да.Ганболд гээд өрнөж буй процессыг харахаар тодорхой байна л даа. Ардчиллын эсрэг хэрэг үүсгээд яваа зураг харагдаж байна. Бидний эсрэг ийм үйл ажиллагаа явуулж байгаагийн цаад шалтгаан тодорхой. Аль болох олон хүнийг айлгах гэж оролдож яваа хэрэг.
Иргэдийн чөлөөт байдлаа хамгаалж, эрх чөлөөтэйгөөр үгээ хэлэх зоригийг мохоох гэсэн оролдлого. Энэ сүрдүүлгэд битгий автаарай гэж хэлмээр байна. Шүүх дээр очиход айх зүйл бидэнд байхгүй. Бидэнд үүсгэсэн хэргийг шүүх, хуулийг зөв болгоход тус болох кейс болгож хувиргая гэж бодож байна. Товчхондоо ардчиллаа хамгаалах цаг болсон байна.
-Ардчилал гэдэг үг бараг овог нь шахуу болсон Баабар, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал та гээд цөөнгүй хүн нэгдэж дуугарч эхэлсний цаана ардчиллаа хамгаалах зорилго байгаа гэж ойлголоо. Нэгдэхгүй бол байдал хэцүүдэх гээд байгаа болохоор аргагүйдээд нэгдчихсэн тал бас байна уу?
-Та зөв харсан байна. Хамгийн гол зорилго маань ардчиллаа хамгаалах. Ийм зорилгоор нэгдсэн. Мэдээж зовлонгоороо нэгдэнэ гэж юм бий. Тийм шалтгаан ч байгаа. Миний хувьд шалгуулахаас айх юм алга. Шалгах ч ёстой.
Гагцхүү хэлмэгдүүлдэг махны машин ажилладаг байж болохгүй. Ер нь ерөнхий хандлагыг нь харвал баялаг бүтээгчдийнхээ эсрэг ажиллаад байна. Нийгмийн хүн амын давхаргыг баялаг бүтээгчид нөгөө талдаа баялаг хүртэгчид гэж хувааж болно.
Нэг талдаа баялаг бүтээгч нь ховордож, нөгөө талд бүтээснийг нь хувааж иддэг давхарга үүсээд байвал товчхондоо нийгэм авлигажиж байна гэсэн үг. Тэр утгаараа авлигатай тэмцэнэ гэдэг хүнтэй тэмцэх тухай асуудал биш. Нийгмийн процессыг зөв болгох тухай асуудал. Төрийн байгууллагууд цугаараа баялаг хүртэгчид. Тэд баялаг бүтээдэггүй.
Шүүх, прокурор, АТГ бол баялаг бутээгч биш, баялгаас хүртэгчид. Ресторан, бизнес үйлчилгээ хийж яваа байгууллагууд хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ баялаг бүтээгчид биш.
Баялгийг дахин хуваарилах ажиллагаанд оролцож яваа хүртэгчид. Ийм хүртэгчид давамгайлаад ирэхээр тэдний сонирхол, зөрчилдөөн нийгмийг ялзралд хүргэдэг. Боловсролын тогтолцоонд ч илэрдэг эд.
-Боловсролын тогтолцоонд яаж илэрнэ гэж?
-Хаана авлига хөгжсөн улс байна тэнд хуульч болохыг мөрөөдөгчид олширдог. Хэрвээ баялаг бүтээгчдээ дэмжсэн нийгэм байсан бол инженер, бизнес чиглэлийн мэргэжилтнүүд илүү олон байдаг зүй тогтолтой.
Болж буй процессыг ингээд томоор нь харахаар Монголын нийгэм авлигажсан, хүндэрсэн байна. Байдал ийм байхад АТГ асуудлыг шийдэхийн төлөө мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай. Бүр сүүлдээ хүнтэй, ардчилалтай, баялаг бүтээгчидтэй тэмцдэг хэлбэрт шилжчихлээ.
АТГ нэлээд асуудал болж байгуулагдсан түүхтэй л дээ. Олон оронд АТГ улс төрийн байгууллага болж хувирсан гашуун туршлага бий. Тийм учраас цагдаагийн хийж болох ажлыг тусгайлсан байгууллага хийх нь зөв үү, буруу юу гэх мэтээр өчнөөн маргаан, талцаан өрнөж байсан юм.
-АТГ байгуулах, байгуулахгүй гэсэн маргаан дэгдэх үед та ямар байр суурьтай байсан бэ?
-Би хувьдаа АТГ байгуулах нь зөв үйлдэл биш гэсэн байр суурьтай байсан. Авлигатай тэмцэх нь чухал, АТГ гэдэг байгууллагатай болох нь зүйтэй гэсэн агуулгатай төсөл Америкийн санхүүжилттэй хэрэгжсэн юм. Тэр нь нөлөөлсөн байж магадгүй, ямартаа ч байгуулаад авсан.
Өнөөдрийн хувьд энэ байгууллага мэргэжлийн түвшинд авлигатай тэмцэж чадаж байна уу гэдэг нь асуудал болчихсон. Анх гоё санаагаар байгуулсан байж магадгүй ч яваандаа хувираад улс төрийн байгууллага боллоо л доо. Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас ийм дүгнэлт хийж болохоор байна.
-Та сая гаргасан номондоо “Таван толгой төсөл бүтээгүй шалтгаан нь АН доторх улс төрийн зөрчил” гэсэн байсан. Тэгвэл АН доторх зөрчил улсаа хэцүү дэглэм рүү чирэх гээд байгаа юм биш үү?
-Намаар нь харвал АН доторх будилаан нийгмийг ийм байдалд хүргээд байна л даа. Таван толгой төслийн хувьд гээд ярихад гэрээ үзэглэх түвшинд асуудал бэлдээд оруулангуут УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хоорондоо зөрчилдөөд унагачих жишээний. Хоёулаа АН-ын төлөөлөл.
Гэхдээ би бол АН-ын төлөөлөл биш. Мэргэжлийн хүний хувьд ажилласан. Тийм учраас маргаанд нь орохгүй гээд улс төрийн будилаан болох үед нь чимээгүй суусан. Дуугүй суусан минь эргээд намайг ороогоод унасан нь л зовлон болчихоод байна.
Одоо өрнөж байгаа процесс ч ялгаагүй. Дахиад улс төр боллоо. Эргээд л АН Таван толгойг улстөржүүлэх асуудлыг өдөж эхэллээ. Өдөж байгаа нь АН-ын даргын зөвлөх З.Энхболд. Ахиулаад яривал АН-аас дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга. Тэднээс л эхлэлтэй асуудал.
-Ерөнхийлөгч прокурорын зөвлөгөөнд зузаан цаас барьж ирээд таныг Таван толгойг Хятадад 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан хэмээн мэдэгдсэнээс хойш үйл явдал эхэлсэн. Төрийн тэргүүн яагаад тийм үйлдэл хийсэн юм бол?
-Өс хонзонгийн л сэдэл байх.
-Хэнд санасан ямар өс гэж?
-Гол байг нь Ц.Элбэгдорж гээд байгаа шүү дээ. Дунд нь намайг хавчуулаад “туугаад” байгаа болохоос. Тэдний хооронд ямар өгөө аваа байдаг, юугаа булаацалдсаныг би хэлж мэдэхгүй. Дахиад хэлэхэд би аль ч намыг нь төлөөлсөн хүн биш, мэргэжлийн түвшинд л ажлыг нь хийж өгөх үүрэгтэй байсан төдий.
-Ч.Сайханбилэг танд мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж Таван толгойг хөдөлгөж өгөөч гэсэн саналыг анх тавьсан, та татгалзсан, дараа нь ахиж хүсэлт тавьсан, тэгээд та зөвшөөрсөн. Таны номыг уншихад ийм процесс өрнөсөн гэж ойлгосон. Таныг сайд болоход Ц.Элбэгдорж гэдэг хүний оролцоо байсан уу?
-Таван толгойн асуудлыг Ц.Элбэгдоржтой холбох гэж оролдож байгаа юм шиг билээ л дээ. Холбоотой эсэхийг нь би мэдэхгүй. Нотолдог хүн нь ч биш. Байцаалтын үеэр надаас “Таныг сайд болоход Ц.Элбэгдорж ямар үүрэгтэй байсан бэ” гэж асууна лээ. Ямар ч үүрэг роль байгаагүй.
Надад санал хүсэлт тавьсан хүн нь Ч.Сайханбилэг. Энэ төслийг хөдөлгөхөд туслаач, мега төсөл хариуцсан сайдын орон тоон дээр ажиллаач гэж хүссэн. Би анхных нь хүсэлтээс татгалзсан. “Өмнөх ажлаа барахгүй байна. Дээр нь ийм том ажил авбал хүчрэхгүй" гээд гараад явсан юм.
Ордны хашаанаас гараад нэг их хол явж амжаагүй байтал туслах нь залгаад "Таныг буцаад ороод ирээч гэнэ ээ” гэж хэлсэн л дээ.
-Эргээд ороход чинь юу гэж байх юм?
-Танаас өөр хийж чадах хүн алга гэсэн утгатай л яриа өрнөсөн. Өөрийгөө хэт үнэлээд биеэ тоогоод байна уу даа гэж өөртөө зэмлэнгүй хандсан л даа, тухайн үед. Тэгээд л тэр ажлыг авсан юм. Ингээд ажиллаж эхэлсэн. Гурав, дөрвөн сарын дотор гэрээг үзэглэх хэмжээнд хүргэсэн нь дан ганц миний хийсэн ажил биш.
Маш олон хүний хүч, хөдөлмөр, зохион байгуулалтаар гэрээг үзэглэх хэмжээнд хүрсэн юм. Нурсан шалтгаан нь З.Энхболд, Ч.Сайханбилэгтэй л холбоотой асуудал.
-Гэрээний хэлэлцээр явагдах хугацаанд тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж холбогдож байв уу, тантай?
-Гэрээ ямар хэмжээнд явж байна, ямар асуудал хөндөгдөв гэх мэт мэдээллийг өгч байсан. Тухайн үед миний хувьд ил тод зарчмыг чанд барьж ажилласан юм. Том төсөл ил тод явах хэрэгтэй. Тэгэхгүй бол сүүлд нь хардлага дагуулдаг эрсдэлтэй. Тийм учраас би гэрээний явцын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүргэж байсан.
УИХ дахь АН, МАН-ын бүлгүүдэд мэдээлэл өгч явсан. Тэр утгаараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдээлэл өгөх нь тодорхой.
-АТГ-ын байцаагчид гэрээ байгуулах явцын талаар хэр мэдээлэлтэй байсан бэ. Таны номыг уншихаар нарийн байтугай наад захын мэдээлэл, мэдлэггүй нөхөд байж дээ гэсэн бодол төрсөн...?
-Мега төсөл чинь эдийн засгийн болоод олон улсын гэрээ, олон улсын санхүүгийн тогтолцоо зэргийг мэддэг хүний хийдэг ажил л даа. Жирийн мөрдөгчдөд тэр хэмжээний ойлголт мэдээж байхгүй.
-Адаглаад бидэнд байдаг ойлголттой дөхөж байх юм уу?
-Бараг доош байсан.
-Тэгээд юу асууж байх юм?
-Би дурдаад авсан даа, өмнө нь. Гэрээ зурагдаагүй, хэрэг гэхэд хэцүү байхад хэрэг болгох гээд үзээд байгаа гэж. Гэтэл нөгөө талд даалгавар өгөгдсөн болохоор бүр хэцүү. Тийм, ийм заалт нь ямар учиртай юм гэж асууна. Үнэгүй өгөх гэж байсан гэнэ, тэр нь яг аль заалт нь вэ гэж асууж ч байх шиг.
-Гэрээний төслийн олон хувилбар байсан гэх яриа дуулдсан. Үнэхээр хэд хэдэн хувилбар байсан юм уу?
-Миний компьютерийг хураагаад дотор нь байсан гэрээний төслийг авсан. Тэр төслийг өөрсдөдөө байсан гэрээний төсөлтэй харьцуулж шалгасан. Мэдээж ганц л төсөл байгаа. Шалгаад ганц төсөл байна гэдгийг нь тогтоочихсон юм. Тиймэрхүү техникийн ажлыг АТГ хэвийн хийсэн л дээ. Доторх асуудлыг нь мэдэхгүй учраас экспертүүд томилсон юм.
Нөгөөдүүл нь гэрээ сайн ч юм шиг, муу ч юм шиг зүйл бичээд өгчихсөн. Цаанаасаа хэрэг болго гэсэн даалгавартай болохоор муу гэсэн хэсгийг нь өлгөж аваад байцаах гэж оролдож байсан л даа.
Дараа нь миний гомдлоор дахин эксперт томилсон. Дүгнэлт нь өмнөхөөсөө арай дөнгүур гарсан ч бүрэн ойлголттой улс биш учраас хэцүүхэн дүгнэлт гарсан байдаг юм. Ер нь УИХ, Засгийн газраас хийсэн ажил, төрийн бодлогыг хэдэн эксперт суугаад зөв, буруу гэсэн дүгнэлт гаргах нь яаж ч бодсон зөв жишиг биш.
-Экспертүүд нь ямар хүмүүс байсан бэ?
-АТГ-ын өөрсдийнх нь сонгосон улс. Заримдаа ч өөрсдөдөө тааруулаад сонгочихов уу гэсэн хардлага төрөхөөр асуудал үүсэж байсан. Ялангуяа Таван толгойн гэрээний эхний экспертүүд нь маш эргэлзээтэй. Хувийн компани сонгоод авчихсан байх жишээний.
-Ямар компани байсан бэ?
-Казах захиралтай компани харагдсан.
-АТГ-ын дараагийн шат нь прокурор байсан. Прокурор арай эрүүл хандах болов уу гэсэн хүлээлт танд байсан уу?
-Байсан. Зүй нь ямар ч албан тушаалтныг хардаж сэрдээд мөрдөж болно. Шалгаж болно. Ингэх нь зөв. Гэхдээ шалгахдаа хуулиа мөрдсөн үү гэдэг асуудал бий. АТГ биднийг хардаж шалгалаа. Энэ тохиолдолд прокурор “АТГ асуудлаа зөв, хуулийн дагуу мөрдөж үү” гэсэн асуулт тавьж ажиллах ёстой байгууллага.
Шүүхийн хувьд “Прокурор хэргээ зөв бичиж үү" гэж хардаж, хүний эрхийг хамгаалж ажиллах учиртай. Гэтэл өнөөдөр байдал тийм биш байна. Шүүх дээр яахыг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан АТГ, прокурорын бие биедээ хяналт тавьдаг тогтолцоо алга болчихсон байна.
-Таныг ерөнхий прокурорт гомдол гаргасан гэж сонслоо. Прокурорын шатанд бас л улстөржжээ дээ?
-Тэглээ. Нийслэлийн прокуророос шууд шүүх рүү оччихлоо. Манай өмгөөлөгч өнөөдөр (өчигдөр) ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэхдээ ерөнхий прокурор энэ нөхцөлд ямар хариу өгдгийг би гадарлаж байна.
-Хүлээж авахгүй гэж үү?
-Тэгнэ байх. “Нэгэнт шүүхэд шилжсэн учраас би авч үзэх боломжгүй” гэсэн хариу өгдөг. Бараг тэгэх байх. Прокурорын дээд шат хүртэл гомдол тавиад дууссаны дараа шүүхэд шилжих ёстой материалыг яаран сандран өгч байгаа нь өөрөө том асуудал. Албан тушаалтан, ер нь хэн ч байсан хүн. Эрхээ эдлэх ёстой. Хэний ч шударга шүүхээр орох бололцоог ингэж хааж болохгүй. Би хонгил гэж хэлэх дургүй. Гэхдээ хонгил гээч юмны ажиллах нүхийг прокурор гаргачихлаа.
-Таны өнөөдөр (өчигдөр) өгсөн гомдлыг ерөнхий прокурор хүлээж авахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна уу?
-Ер нь тэгэх байх. Өмнө нь олон тохиолдолд ерөнхий прокурор “Нэгэнт шүүхэд шилжсэн хэргийг үзэхгүй” гэж хойшоо сууж байсан.
-АТГ яаж ажилласан нь анхнаасаа тодорхой байж. Прокурорт шилжихэд хуулийн дагуу ажиллах болов уу гэсэн найдлага танд байсан уу?
-Миний хувьд хийсэн хэрэг байхгүй. Зөв шийд гарчих болов уу гэсэн хүлээлт байсан. Угаасаа прокурор хүн чинь ял завшуулахгүй, хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Гэтэл хэлмэгдүүлэх ажиллагаа хийлээ. Ерөнхий прокурорт бололцоо өгөхгүйгээр шүүх рүү шилжүүлж байгаа байдлыг нь харвал АТГ, прокуророос шударга ёс хүлээх хэрэггүй гэсэн дүгнэлт гарч байна.
-Таван толгойн гэрээ ер нь ямар хэлцэл байв гэдгийг хоёулаа уншигчдад нэг эргэн сануулах уу, эдийн засгийн ашиг боломж талаас нь...?
-Нэгдүгээрт, манай талаас буюу Монгол Улсын Засгийн газрын талаас хувийн хэвшлийнхнийг дайчилж хийлгэх гэж байсан гэрээ. Таван толгойн орд газрыг ашиглах, хөрөнгө оруулалт татах зорилготой, тэрэнд нь Хятад, Япон, Монголын компаниуд оролцсон, тийм л гэрээ. Ийм гуравласан консорциумтай хийж байсан гэрээ юм.
Түүхий нүүрсийг дундад зууны аргаар олборлож, өнөөхөө машинд ачиж байгаль орчин бохирдуулаад, баахан хүний амь насыг эрсдүүлээд, ар гэр амьдралыг нь сүйдлээд яваа өнөөдрийг өөрчлөхийг зорьсон. Таван толгойн өнөөдрийн байдал орчин үеийн бизнесийн хэлбэр биш шүү дээ.
Нүүрсээ олборлодог, олборлосон нүүрсээ баяжуулаад зардаг болгоё гэж зорьсон юм. Баяжуулаад зарвал гурав дахин өндөр үнээр нүүрсээ зарах байсан. 270 км газар төмөр зам тавиад ачилт хийх боломжийг нээх байлаа. Төмөр замын ачилтын тонн тутам дах тээврийн хөлс хамгийн бага.
Сүүлийн үеийн мэдээ харах хэрэгтэй байх. Ер нь төмөр замаар тээвэрлэвэл тонн тутамд есөн ам.долларын зардал гарна, харин машинаар бол тонн тутамд гарах зардал нь 30-40 ам.доллар. Ийм том ялгаатай.
-Товчхондоо гэрээ байгуулагдсан бол “Эрдэнэс Таван толгой”-н өнөөдрийн олж байгаагаас гурав дахин их ашиг олох байж, тийм үү?
-Ерөөсөө л тийм.
-1,072 хувьцааг амилуулах ямар боломж гарц гэрээнд туссан байсан бэ?
-1,072 хувьцааг яаж амилуулах вэ, өгөөжийг нь хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдэг асуудлыг Засгийн газар гэрээ хийх гэж байхдаа бодчихсон байсан. Орд газраа хүнд өгч болохгүй, 100 хувь “Эрдэнэс Таван толгой"-н өмч байна гэдгийг гэрээнд тусгаж өгсөн.
Төсөл хэрэгжүүлэгч компаниуд ордыг ашиглаж байгаагийнхаа хувьд өмчлөгчид дунджаар хоёр хувийн татвар төлнө гэсэн дэлхийд байхгүй заалт оруулсан.
Тэр хоёр хувийн татвараас 1,072 хувьцааг амилуулж, эхний удаа хүн бүрд 100 ам.доллар егөх боломжтой гэсэн тооцоо хийсэн юм. Тэгээд жил бүр ногдол ашиг өгч байя гэж тооцсон.
Сая ярьсан хоёр хувиас гадна хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ус ашигласан татвар, цахилгааны төлбөр гээд авахаар бүр их мөнгө цуглах байсан л даа. Энэ гэрээ нурснаар 1,072 хувьцааг амилуулж, татвар хураамжийн мөнгөө аваад явах бололцоо хаагдсан. Гэтэл өнөөдөр, таван жилийн дараа 1,072 хувьцаа амилаагүй л байна.
-Таван толгойн гэрээний хэлцлийг хийх үед Засгийн газрын зүгээс улсдаа ашигтай нөхцөл тохирохын тулд хөрөнгө оруулагч талтай мэтгэлцэх, нөхцөлүүдээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хүч шавхсан заалтууд гэвэл та юуг онцлох вэ?
-Бүх яамдын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдсан юм. Ер нь бол ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтайгаа сууж тохиролцоонд хүрсэн. Тохиролцоо хийхдээ олон улсын практик, стандартыг дагаж ажилласан нь тодорхой.
Харин тэдний ярилцаж, хэлэлцээд шийдэж чадахгүй асуудлыг нь дээд түвшиндээ ярьж шийдсэн. Тэр түвшин нь ухаандаа би, хөрөнгө оруулагчдын удирдлагууд. Өөрөөр хэлбэл, хурц асуудлуудаа дээш нь татаж ярьсан. Тэгээд тэрэн дээр нь харилцан үүрэг хариуцлагаа тохиролцож, тэнцүүлж байж шийдвэрүүд гарсан юм.
Миний мэдэхээс гурав билүү дөрвөн удаа ийм хурц асуудлууд үүссэн шиг санагдаж байна. Жишээ нь татвар дээр ийм асуудал үүссэн. Хуулийн дагуу бүх татвараа авахаас гадна лиценз эзэмшигч “Эрдэнэс Таван толгой”-д өгөх хоёр хувийн татвар дээр яриа хэлээ үүссэн ч эцэст нь Монголын талд шийдэж байсан.
Их олборловол илүү их татвар өгөх томьёотой татвар байсан л даа. Би дундажлаад хоёр хувийн татвар гээд байгаа юм. Хоёр хувийн татвар авах нь баталгаатай. Хэрвээ их олборлох юм бол дээшээгээ гурав, дөрвөн хувь болоод явах байсан гэсэн үг.
-Төмөр зам барина гэсэн шошготой ч овоолсон шороо болж хувирсан 280 сая ам.долларыг хөрөнгө оруулагч талаар төлүүлэх тохироог гэрээнд тусгасан санагдаж байна. Хөрөнгө оруулагч талаас нэлээд хэл үг болсон байх аа?
-Нээрээ тэгсэн шүү. Хөрөнгө оруулах талын хүмүүс “Тэр овоолсон шороо ийм өндөр үнэ хүрэхгүй" гэх мэтээр нэлээд яриа хэлээ өрнүүлсэн. Гэхдээ эцэст нь толгой дохиулсан л даа.
-Шүүх энэ асуудалд яаж хандах бол. Танд өмнөх шиг итгэл найдвар байна уу?
-Урьдчилж таах арга байхгүй. Прокурор албан ёсоор шүүхэд материалаа тушаачихсан. Шүүхийн зүгээс материалууд нь бүрэн байна уу, шүүх ажиллагаанд хэрэг болохуйц материалууд уу гэдгийг шүүхийн тусгай бүрэлдэхүүн хуралдаж шийддэг юм байна. Тэр бүрэлдэхүүн нь томилогдсон байгаа.
Танай сониноор дамжуулж шүүгчдийг нэрлэе гэж бодож байна. С.Оюунчимэг, З.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ гэсэн гурван шүүгч хуралдаж шийдэхээр болж. Тэгэхээр энэ гурван шүүгчийн гарт миний хувь заяаг орчихсон байгаа гэсэн үг.
-Шүүхээс шийдвэр гараад хоригдох магадлал өндөр гэж харагдаад байна л даа. Тийм шийдвэр гарвал...?
-Асуудал байхгүй. Миний санаа зовж байгаа зүйл гэвэл Монголын нийгэм буруу тийшээ явж байна. Надад учирч байгаа энэ хэрэгтэй холбоотойгоор Монголын нийгэм өөрөө өөрийгөө таниад засамжлах аргаа олоод авбал болоо. Тэр л миний гүйцэтгэх үүрэг. Тийм учраас би өөрийнхөө энэ кейсийг аль болох нийгэмд хэрэгтэй, урагшлахад нь түлхэц болох кейс болгохын төлөө ажиллана. Тийм учраас би зориуд шүүгчдийн нэрсийг нэрлэж байгаа юм.
Хэн нь яллаад, хэн нь шүүгээд байгаа юм гэдгийг ялгаж салгаж хардаг болох нь Монголын нийгэмд зөв дохиолол болно. Түүнээс бүх шүүгч, бүх прокурор баба, муухай биш. Тийм учраас би бүхнийг ил тод хэлж явна. Юу яригдаж, яаж байгааг бүгдийг нь ил хэлнэ.
-Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэж хоёр хүний зөрчилдөөн дунд хэлмэгдэнэ гэдэг хувь хүн талаас хайран биш үү?
-Чи миний өмнөөс санаа зовоод яах вэ ээ. Монголынхоо нийгэмд санаа зов л доо. Би энэ зэргийн бэрхшээл дундуур туучаад гараад ирсэн хүн.
Эх сурвалж: Өдрийн сонин