Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Монгол Улсын өнөөдрийн хуулийн салбарт аливаа нэг хэрэгт хүнийг сэжиглэн шалгах явц тухайн хүнийхээ эрх, эрх чөлөөг хэтэрхий зөрчдөг байдал хэвшил боллоо. Хамгийн түрүүнд цагдан хорионоос эхэлдэг. Энэ хэр зөв зарчим бэ?
-Хуучин социалист системээс угшилтай арга барил. Гэмт хэргийг илрүүлж, үйлдлийг нотолж, ял зэмийг нь шударгаар оногдуулья гэхээсээ илүү гэмт хэрэгт срдэгдэж байгаа хүнийг барьж, хорьдог, өөрөөр нь хэргийг нотлуулах гэж оролддог. Гэм бурууг нь тогтоохоосоо өмнө нийгмээрээ жигшин цээрлүүлдэг. Манжийн үед есөн эрүү гэж юм байсан даа. Хэрэг хүлээлгэхийн тулд есөн эрүү тулгадаг. Хэргийг нотолсны дараа яллах бус, хэргийг илрүүлэхийн тулд тамлан зовоож, өөрөөр нь “би гэмт хэрэгтэн” гэж хэлүүлдэг арга.
Энэ арга барил социализмын үед Вешинскийн арга гэгдэж, социалист хуулийн нотолгооны онол шахуу болсон. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний амнаас хэргээ хүлээх үгийг нь сонсчихвол, өөрөөр нь хэргийг хүлээлгэчихвэл үнэн олдож, социалист шударга ёс тогтлоо гэж үздэг. Энэ аргаа хэрэгжүүлэхийн тулд тэр хүнээ хамгийн хүнд хэцүү байдалд оруулах ёстой. Барьж хорих, айлган сүрдүүлэх, шахалт дарамтад оруулах ёстой. Хорьсон газраа өөр гэмт хэрэгтнээр зодуулж, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх, ар гэрээр нь оролдох гэхчилэн ямар нэгэн аргаар амнаас нь “Миний буруу, би тэгсэн” гэж хүчээр ч болов хэлүүлчихвэл гэмт хэргийг нотолчихлоо гэж үздэг. Тэр арга барил одоо ч гэсэн хуулийн байгууллагад бугшаад явж байна.
Энэ арга барил дээр нэмэгдээд сүүлийн үед газар авч байгаа бас нэг аюултай муу туршлага бол хүнийг барьж хорьж мөрдөхөөс гадна араар нь хэвлэлээр гүжирдэн харлуулж, бусдаар шившиглэн олны хараал, хэл амны зугаа болгож, тэр сэтгэгдлээр буцаагаад яллах гэж оролддог явдал. Энэ хүн шиг муухай хүн байхгүй гэдэг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсний дараа үйлдийг нь нотлоогүй ч “ийм хүн ийм гэмт хэрэг хийсэн л байж таарна” гээд шоронд явуулчихаж болно гэх хандлага. Хэвлэл мэдээллээр хүнийг гоочилж муучилдаг арга барилаар хууль, шүүхийн ажлыг хийх гэж оролддог энэ байдал сүүлийн 20 гаруй жил гаарлаа.
Дээрээс нь хамгийн аюултай нь энэ үйл явдлыг өөгшүүлэгч, дэвэргэгч нар нь эрх мэдэлтгүүд, улс төрийн явцуу бүлэглэлүүд болчихлоо. Хуулиасаа давсан даргын заавар, чиглэл, тушаалаар хүнийг ялладаг, шүүдэг нь зуршил, уламжлал болох шатандаа явж байна. Хууль, зарчим ярьсан хүнийг урвагч гэх, үнэнч байсангүй гэж адлах, гадуурхах, шийтгэх янзтай. Дарга л “Тэг” гэсэн бол яаж ийгээд гүйцэтгэх ёстой, тэгж чадвал би ажилтай, албан тушаалтайгаа үлдэнэ, цол нэмж, дээш ахина гэдэг хуулийн байгууллагад байж боломгүй зарчим хуулийг орлох түвшинд оччихлоо. Үүнээс болоод Үндсэн хуульд байгаа шударга шүүхээр шүүлгэх эрх иргэдэд байна уу, шүүн таслах үйл ажиллагаа процессынхоо шударга ёсыг хангаж байна уу гэх асуултуудад хариу хэлж чадахгүйд хүрч байна.
Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэний ч эрх, эрх чөлөөг хязгаарлаж, мөрдөн мөшгих, өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэх, шүүхээс гадуур яллаж болохгүй гэсэн Үндсэн хуульд заагдсан маш тодорхой зарчим байсаар байтал хуулиас гадуур буруутган шүүсээр. Үндэслэлгүйгээр, хэн нэгний аман зааварчилгаагаар хүний эрх, эрх чөлөө рүү халдсаар. Энэ бол Монгол Улсад хууль гэхээс илүү хувь хүний засаглал тогтсоны шинж. Манайхны ярьдаг “шударга бусын хонгил” улам бүр төгсөрч байгаагийн шинж.
-Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яг ямар тохиолдолд авч байна вэ?
-Практик дээр хоёр үндэслэлийг хамгийн их хэрэглэж байгаа харагддаг. Оргон зайлж болзошгүй, эсвэл дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх.
-Үнэндээ өнөөдрийн бодит байдал дээр гэмт хэрэгт сэжиглэгдсэн хэн нэгнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьдог. Тэндээ бүр “мартаж” залхаан цээрлүүлдэг жишиг манай хууль сахиулах байгууллагуудад бий. Таныг Хууль зүйн сайд байхад хуулийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн байдаг. Тэр дундаа хамгийн их маргаантай, хэл ам дагуулсан шинэчлэл бол Эрүүгийн багц хуулиуд байсан. Тэр шинэчлэл дотор яг энэ цагдан хорихтой холбоотой асуудлыг хөндсөн хуулийн төсөл боловсруулагдаж байсныг санаж байна?
-ХЭҮК-ийн олон удаагийн илтгэл дотор, НҮБ-ын хүний эрхийн шинжээч Монголд ирээд нөхцөл байдлыг үнэлээд хэлсэн зөвлөмж дотор ч бий. Мөн энэ чиглэлийн манай судлаач, мэргэжилтнүүдийн үг, өгүүлэл дотор байнга явдаг нэг зүйл бол хорьж мөрддөг, цагдан хорих байранд эрүү шүүлт тулгадаг гэх асуудал. Цагдан хорьж байгаа нөхцөл, зорилго нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс хамгаалах гэхээс илүүтэй олон нийт, гэр бүлээс нь тусгаарлаж тодорхой хэмжээний айдас, хүйдэст автуулах явдал. Дээр нь гүйцэтгэх ажил нэрийн дор янз бүрийн хүчирхийлэл үйлдэж, эрүү шүүлт хэрэглэдэг. Товчхондоо Монгол Улсад цагдан хорих гэдэг бол залхаан цээрлүүлэлт, эрүү шүүлтийн сонгодог хэлбэр болжээ гэдэг шүүмжлэл.
Нөхцөл байдлыг харахад үнэхээр тийм л байсан. Сайндаа хориод байгаа юм биш. Хорьчихвол хэрэг нь хурдан илэрнэ. Гудамжинд хэрэгтэнтэй хөөцөлдөхийн оронд цагдан хорих төвд аваачаад бусад гэмт хэрэгтнээр айлган сүрдүүлж болно. Гүйцэтгэх ажил нэрийн дор өдөж хоргоож байгаад өөрөөр нь дэл, сул юм яриулж болно. Бүр өмгөөлөгчөөр нь дамжуулаад гүйцэтгэх ажилдаа ашиглаад өөр бусдыг гүтгүүлчихэж болно гэх мэтчилэн.
Би санаж байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд энэ тухай твиттерт жиргэж, үүнийг хуулиар хэрхэн шийдвэрлэж, өөрчилж болох тухай бичиж байж. Мөн тэр үед Хууль сахиулах ажиллагааны тухай хууль болон Эрүүгийн процесийн болон Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулиудын төслийг УИХ-д өргөн барьж байж. Хоржоонтой нь Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 1999 оны хууль нь өөрөө “Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль гээд хуулийнх нь нэр, зорилго нь хүртэл дан ганц хүнийг барьж хорих, хорьж мөрдөхөд чиглэсэн байх жишээтэй.
Ерөөсөө л хорих гэдэг ганцхан арга хэмжээтэй, түүндээ дулдуйдсан мөрдөн шалгах арга барилтай. Уг нь бол таслан сэргийлэх олон арга, хяналтын төрлүүд байдаг. Гэтэл хорих гэдэг ганцхан арга хэмжээндээ зориулаад хууль баталчихсан улс. Тэрнээсээ болоод улсаараа эрүүдэн шүүх донтой болчихсон. 2014 оны тавдугаар сард бас нэг эмгэнэлтэй явдал болсон доо. АТГ-ын шалгаж байсан Газрын тосны газрын дарга С.Амарсайхан гэдэг хүн цагдан хоригдож байхдаа нас барсан.
-Үнэхээр эмгэнэлтэй явдал болсон шүү...
-Миний харьяалж байгаа салбарт болсон үйл явдал учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын удирдлагуудыг дуудаад “Яагаад танай хамгаалалтад байх ёстой, хариуцсан байр байгууламжид чинь хүн нас барчихав аа” гэхэд “Манай эмч, холбогдох хүмүүс эмнэлэгт хэвтүүлье, гаргая” гэдэг хүсэлтээ хэд хэдэн удаа тавьсан ч АТГ зөвшөөрөөгүй гэсэн.
“Юу гэсэн үг вэ. Амь насыг нь хариуцаад хараа хяналтдаа байлгаж байгаа бол шаардлагатай арга хэмжээ авах үүрэг нь хуулиараа та нарт байгаа. Танай дотоод үйл ажиллагаанд яахаараа гаднын байгууллага оролцож байгаа юм. Эцэст нь хариуцлагыг тэд биш, та нар үүрнэ” гэхэд “Манай байгууллага дотор биднээс илүү тэд ажилладаг, илүү эрх мэдэлтэй байдаг, зөвшөөрлийг тэд өгдөг” гэсэн. Хорих байгууллага тусдаа хуультай, хэрэг мөрдөх байгууллага тустаа хуультай. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэхэд хорих байгууллага хариуцлагыг хүлээдэг.
Үүнээс хойш цагдан хорих байгууллага дотор гадны байгууллага хуулиас гадуур, дураар үйл ажиллагаа явуулахгүй гээд өмнө үйлчилж ирсэн журамд нь өөрчлөлт оруулж, цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Тэнд гүйцэтгэх ажил явуулж байгаа учраас эрүүдэн шүүх болон хорьж мөрддөг бүх практик амь орж, хүний эрхийн ноцтой зөрчил ужиграад байгаа юм. Сайдын эрх хэмжээний хүрээнд хийсэн эхний алхам маань тэр. Түүнээс хойш 10 хоноогүй байхад тухайн үеийн Ерөнхийлөгч намайг дуудсан. Нөгөө хуулийн байгууллагууд нь гомдол гаргасан бололтой. Яваад очиход “Чи яахаараа гэмт хэрэгтнүүдийн талд ордог юм бэ. Яагаад гэмт хэрэгтэй тэмцэж байгаа байгууллагын ажилд саад болдог юм” гэсэн.
Тэгэхэд нь би “Гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болоогүй. Гэмт хэрэгтнүүдийн талд ч ороогүй. Хүнийг хорьж мөрддөг, хорьж тусгаарлчихаад дээр нь гүйцэтгэх ажил нэрийн дор тамлаж зовоодог, эрүүдэн шүүдэг, хууран мэхлэх замаар өөрөөр нь гэмт хэргийг нотлуулах гэж оролддог явдлыг засах ёстой. Үүний тулд Хууль зүйн сайдын эрх хэмжээний хүрээнд гаргадаг журмыг өөрчлөх хангалтгүй, хууль болгож бичих ёстой гэж хэлээд гарсан. Үүнийгээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуульд бичсэн. 2014 онд тэр хуулиудыг УИХ-д өргөн барьсан. 2014 оны намартаа манай Засгийн газар огцорч, шинэ Хууль зүйн сайд гарч ирээд өргөн барьсан бүх хуулиудыг буцааж татсан.
Би тэр үед УИХ-ын гишүүн байсан болохоор араас нь хөөцөлдөж, нэхэл дагал болж байж 2015 оны сүүлээр зарим нэг хуулийг нь буцааж өргөн бариулж чадсан. Хуулиудыг 2016 онд баталсан ч ёсчилж амжаагүй байхад МАН гарч ирээд хүчингүй болгочихсон. Та санаж байвал тэр хуулиудыг эсэргүүцээд Тагнуул, Цагдаа, АТГ-ын удирдлагууд Ерөнхий сайдыг шантаажилж, шахалт дарамт хүртэл үзүүлж байлаа.
Үйлийн үр юм даа. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон 2014 оны шийдвэрийг цааш нь мөрдүүлээд хэрэгжүүлчихсэн бол яг жилийн дараа 2015 оны намар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байсан хүмүүс “эрүүдэн шүүгдсэн” гэх асуудал болохгүй байв. Тэр хуулиудыг эцэслээд хуулийн байгууллагуудыг дэгэнд нь оруулчихсан бол өнөөдөр хонгилоо яриад хэрэлдээд суухгүй байж мэдэх л байв.
-Өнгөрсөн онд бас 461 дүгээр Цагдан хорих ангид гавьяат шүүгч амиа хорлосон хэрэг гарсан. Тэр явдал бас л эрүүдэн шүүлтээс үүдсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл байдаг. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулдаг системийн үр дүн үргэлжилсээр байна уу?
-Ужгирсан хуучин арга барилаасаа салах, хайрцагнаасаа гарч сэтгэх, хуучин явж байсан замаасаа гадуур шинэ замаар явна гэхээр манайхан айдаг юм шиг билээ. Чадахгүй байх, хэрэг илрүүлэхэд төвөг дараатай болчих байх, шинэ хүмүүст орон зай, эрх мэдлээ алдчих байх гэх айдастай, тэрийгээ нууж өөрийгөө зөвтгөх арга нь “хуулийн салбарын уламжлалыг эвдэж, самарлаа” гэх үг. Их л том шинэтгэл хэрэгтэй дээ, энэ салбарт.
Энгийн жишээ хэлье. Зөвхөн хууль сахиулагч гэдэг үгийг энэ салбарт оруулж ирэхэд ямар их хугацаа оров. Манайхан бүгд хууль хүчний байгууллага гээд яриад сурчихсан. Хүчний гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Хуулийн байгууллагынхан өөрсдөө тийм итгэл үнэмшилтэй, дотоод соёлтой байхаар чинь хуулийг тайлбарлаж, таниулж, асуудлыг иргэнтэйгээ хамтарч шийдэхээсээ илүү хүчээр шийдэх гэж оролдоно. Тэр хүчээ дээрээс тушаал заавар өгч байгаа дарга, эрх мэдэлтнүүдэд гаргахгүй, доошоо жирийн иргэнд л гаргана.
Нэршил хүртэл буруу соёл, буруу арга барилыг өдөөдгийг эндээс харж болно. Боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулийг нь Хууль сахиулахын их сургууль гэж нэрлэсэн. Гэтэл одоо буцаагаад Дотоод хэргийн сургууль болгочихсон. Нөгөө социализмаа санагалзсан, айлган сүрдүүлэлт хүчирхийллээр ард иргэдээ хянаж, ноомой томоотой байлгана гэж боддог, иргэдийн шүүмжлэл, дуу хоолойг боож хаадаг, өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалж хоохойлдог хүмүүс хуулийн байгууллага, төрийн толгойд гараад ирэхээр хуучин хандлага, арга барилаа хамгийн хурдан сэргээн тогтоож байх жишээний.
-Цагдан хорихтой холбоотой практикт байдаг нэг үзэгдэл нь сэжигтнийг эхлээд 461-р ангид хорьдог. Хэргээ хүлээхгүй бол Төв аймаг руу шилжүүлдэг. Бүр үр дүнгүй байвал ахиад өөр аймаг руу сэлгэдэг гэдэг. Энэ арга барил хэвээр үү?
-Намайг Хууль зүйн сайд байхад яг л ийм процесс байсан. Түүнийг таслан зогсоох гэж оролдсон. Харамсалтай нь хуулиуд нь буцаад уначихсан болохоор шийдэгдсэнгүй. Тухайлбал, Нүүрсний гэх хэрэгтэй Л.Гансүхийн хэрэг дээр ийм зүйл болж байсан. Харьяалсан шүүх нь Улаанбаатарт, яллаж байгаа болон мөрдөн шалгаж байгаа байгууллагууд нь ч Улаанбаатарт, хэрэг гарсан газар нутгийн харьяалал ч Улаанбаатар байдаг. Гэтэл тэр хүнийг Төв аймагт аваачаад хорьчихсон. Төв аймгийн хориход байхад нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бөөн дуулиантайгаар очиж уулзсаныг санаж байгаа байх.
Юу болсон бэ гэхээр АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгч нь Л.Гансүхтэй Н.Алтанхуягийг “уулзуулахгүй” гэдэг. Тэгэхээр нь Н.Алтанхуяг нь Төв аймагт яваад оччихсон. Төв аймгийн Цагдан хорих төвийн харьяалал нь Төв аймгийн прокурор, шүүхэд байдаг. Тиймээс “Уучлаарай, Улаанбаатарт байгаа прокурор, шүүгч нар юу ярих нь надад сонин биш. Миний хариуцаж байгаа нутаг дэвсгэр дэх Цагдан хорих байр. Энд болж байгаа асуудалд би хариуцлага хүлээхээс хотод байгаа тэд хариуцлага хүлээхгүй. Хууль зүйн хувьд уулзуулахгүй гэх шалтгаан байхгүй. Та уулзаж болно” гээд уулзуулсан.
Эрүүгийн хуулинд гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа бол тухайн газар нутаг дээрээ хууль шүүхийн харьяалалтай байх гэдэг зарчмыг манай хуулийн байгууллага зөрчөөд сэлгүүлчихдэг. Дээрээсээ шүүгч нь хэргийн харьяаллаараа өөр бусад газрын нутаг дэвсгэр дээр орж шийдвэр гаргаж болдоггүй. Тэгэхэд болгоод яваад байна гэдэг бол хуулийнхаа суурь зарчмыг эвдээд байна гэсэн үг.
Энэ мэт олон асуудал дээр хууль зүйн маргаан гардаг. Яагаад Төв аймаг, Зүүн хараа руу хүнийг аваачиж байна гэхээр тэр газар нь чанга дэглэмтэй хорихуудтай, тиймээс шорон дотроо гэмт хэрэг хийгээд ял нэмүүлэхээр ирж байгаа хүнд гэмт хэрэгтнүүд цуг хоригдож болдог газар. Тэдгээр догшин ааштай, гэмт хэргийнхээ ертөнцөд нэр нөлөөтэй хүмүүсээр айлгаж ичээж байж хэргийг нь хүлээлгэх гэж оролддог. Хамгийн тод жишээ нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг гэмт хэрэгтнээр зодуулж байгаа баримт шүү дээ.
Энэ чинь өөрөө социалист үеийн хуучин догширсон арга. Гэмт хэрэгтнээр гэмт хэрэгтнийг хашраах гэж оролддог. “Хуульчлагдсан хулгайч” гэдэг үг чинь үүнээс гаралтай. Хууль бус боловч хууль ёсных юм шиг болчихсон, төрөөс дэмжлэгтэй гэмт хэргийн зохион байгуулалт дотор гэмт хэрэг үйлдээд явж байна. Шоронд ял эдэлж байгаа хүнийг авчирч эрх бүхий албан тушаалтнуудын зааварчилгаа, зөвшөөрлийн хүрээнд хүн зодуулж байна гэдэг төр өөрөө гэмт хэргийг өөгшүүлж, гэмт хэргийн туслалцаатайгаар өөр нэг гэмт хэргийг илрүүлнэ гэсэн горьдлоготойгоор ажиллаж байна гэсэн үг. Энэ бол маш муу жишиг, муу арга.
-Таныг Хууль зүйн байхад хууль зүйн салбарт хийсэн шинэчлэлүүдэд шүүмжлэлтэй ханддаг хэсэг байдаг. Хууль зүйн салбарыг самарсан гэж хуучин сайдаасаа эхлээд хурандаа нар нь хэлдэг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Монгол Улсын хууль тогтоомж, хууль зүйн бодлого тавхан асуултад хариулахад үнэн дүр төрх нь харагдана. Нэгд, энэ хуулиуд иргэнээ хамгаалж чадаж байна уу, эсвэл эрх ямбатай дарга нарыг хамгаалж байна уу? Хоёрт, энэ хуулиуд иргэн, хүнийг аюул ослоос сэргийлдэг тогтолцоог бүрдүүлж байна уу, эсвэл хий хоосон тогтолцоо, тогтолцоогоор халхавчилсан хэсэг бүлэг хүмүүсийн өөрсөддөө аюултай гэж үзэж байгаа зүйлийг хүчээр нухчин дарахад тусалж байна уу?
Гуравт, энэ хуулиуд хүн бүрийн хууль шүүхийн өмнө тэгш байх боломжийг үгүй хийж, шударга бус ялгаварлалыг бий болгодог авлига гэдэг үзэгдэлтэй тэмцэж байгаа юм уу, эсвэл авлигачдаа хамгаалаад байгаа юм уу? Дөрөвт, энэ хууль чинь хүн бүрт жигд очиж чадаж байна уу? Жирийн иргэд өнчин ишиг хулгайлсан ч өндөр ялтай, албан тушаалтнууд тэрбум тэрбумаар нь идсэн ч толгойг нь илээд өнгөрөх төдий байна уу? Тавд нь, энэ хууль чинь хувь хүн жирийн бизнес эрхлэгч жирийн дундаж монгол хүн хөгжиж, дэвжихэд дэм тус болж байна уу, эсвэл тэр хүмүүсийг шимэгчилж амьдарч байгаа хүмүүсийн хуулийн нэр барьж тонуул дээрмээ хийдэг хэрэгсэл нь болоод байгаа юм уу?
Хэдхэн асуулт асуугаад өнгө төрхийг нь харахад ямар байна. Цагдааг яагаад иргэнжүүлэх ёстой гэж. Яагаад Тахарын албыг бий болгосон гэж. 30 жил энэ улс оронд хэн илүү хохирч, хэн нь илүү хожсон бол. Ямартаа ч мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай дарга анги нэг их хохироогүй бололтой. Харин жирийн иргэд, дундаж монголчууд илүү хохирсон. Хохирсон иргэдээ хамгаалж чадахгүй төр хохироосон хүмүүсээ хамгаалж гүйгээд байх нь шударга уу? Гэрчээс хэн айдаг вэ? Яагаад авлигачид дуртай үедээ гэрчийг айлгаж, худалдаж авч, үгийг өөрчилж, амыг нь барьж, дуугүй болгодог юм. Гэрч, хохирогч хамгаалах тогтолцоог тэд яагаад ингэтлээ үзэн ядаж, хамгийн түрүүнд устгадаг юм. Тахарын албыг татан буулгчихаар 60 тэрбумынхны үйл явдлыг гэрчилсэн Доржзодов гэдэг хүнийг хэн хамгаалав? Арга ядаад айлд хамгаалж байсан.
Самрах гэж яг юу юм? Хуулийг иргэнд ээлтэй болгох, иргэнээ хамгаалдаг болгох, хүчний байгууллагыг хууль сахиулдаг, иргэндээ үйлчилдэг болгохыг гэж ярьж байгаа бол ингэж самрах чинь зөв. Эсрэгээрээ эд нар миний самарсан зүйлийг засаад юу хийсэн юм? Цагдаагийн даргыг генерал болгосон байх. Иргэнд хүрч үйлчилдэг, хамгаалдаг хэсгээ гар мухарласан байх. Эсрэгээр нь өөрсдийгөө хамгаалдаг, хариуцлагаас бултуулдаг хэсгээ хүчирхэг болгосон байх. Ардчилсан нам, энэ Тэмүүжин хийсэн учраас хуулийг өөрчлөх ёстой гэчихээд дандаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах юмаа хийж ирсэн. Дэвшилттэй сайн болгосон юм юу байгаа юм бэ?
Х.Нямбаатарын Зөрчлийн хуулийг хар. Жижиг гэмт хэргийн хууль болгож бичээд иргэдийг ямар аймшигтай дарамталдаг хэрэгсэл болгоод хувиргачихав. Уг нь 240 хуулийн ард байгаа хариуцлагыг ил болгож тавиад иргэдээ дарамталдаг, шийтгэдэг ухаалаг биш энэ балай юмнуудаа зас гэж байхад татвар, гааль, мэргэжлийн хяналт гэх мэт байгууллагуудынхаа амбицад дийлдээд, тэдний ажлыг хөнгөвчлөх гээд эсргээрээ иргэдээ дарамталдаг, амьралаар нь торгодог, аж ахуйг нь хоосолдог юм болгочихлоо. Хандлагын зөрүү ердөө л энэ.
Иргэнд ээлтэй болгох зүйлийг тэд “самарсан” гэж хардаг. Өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалдаг, иргэд рүүгээ хүчирхийлдэг юмаа “сайхан болж байна” гэж хардаг энэ хүмүүсийг солихгүйгээр энэ хуулийн тогтолцоо зөв болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (5)