x

Коронавирусийн хорионд орсон МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

Коронавирус ба дэлхийн эдийн засаг

Хятадын Хубэй мужийн Ухань хотод гарсан шинэ коронавирусийн нөхцөл байдал хоёрдугаар сарын 13-ны 10 цагийн байдлаар дэлхий дахинд 60062 хүн халдвартай нь тогтоогдож, 1363 хүн нас баржээ. Харин эдгэрсэн 5680 тохиолдол байна.

Аюулт өвчний тархалт Хятадыг төдийгүй Азийн хүн амыг нийтэд нь айлгаад нэлээд хугацаа өнгөрч байгаа ч тархалт нь буурахгүй байгаа нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлээд эхэллээ. Энэ нь Ази төдийгүй дэлхийн нийтийн хэмжээнд яригдах асуудал болж байна гэсэн үг. Учир нь БНХАУ бол дэлхийн эдийн засгийн 17-18 хувийг дангаараа эзэлдэг, 250 гаруй улс оронтой шууд худалдаа хийдэг хүчирхэг эдийн засаг юм.

Энэ асуудалд дэлхий нийт анхаарлаа хандуулж эхлээд байна. Тухайлбал, “Их 20”-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нар Саудын Арабад энэ сарын сүүлээр уулзах үеэрээ дэлхийн эдийн засагт шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт хэрхэн нөлөөлөх асуудалд гол анхаарлаа хандуулна гэж эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.

“Их 20”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо хоёрдугаар сарын 22, 23-нд уулзах юм. Уг уулзалтын үеэр коронавирусээр үүсгэгддэг аминд халтай уушгины хатгалгааны дэлхийн эдийн засаг, санхүүгийн системд учруулах эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ. Коронавирусийн халдвар өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээс дэгдэж эхэлснээс хойш “Их 20”-ийн төлөөлөгчид анх удаа уулзах гэж буй нь энэ юм. АНУ, Япон, Европын орнууд зэрэг олон улсад бүртгэгдсэн уг халдвар хувьцааны ханш, нефтийн үнэ унахад нөлөөлөөд эхэлсэн. Уг хотод болох уулзалтаар дижитал валютын талаарх зохицуулалт болон үүнээс үүдэлтэй сорилтуудын талаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Мөн бусад улс орнууд Хятадын эдийн засаг өөрийн орны эдийн засагт ямар нөлөөгөө тусгах талаар судалгааг гаргаж тайлан мэдээгээ гаргаад эхэлсэн байна. Хятад улс 2019 оны байдлаар гэхэд дэлхийн эдийн засагт 15.4 хувийг эзэлж, АНУ-ын (23.6%) дараа бичигдсэн юм. Өнөөгийн байдлаар коронавирус дэлхийн эдийн засагт ямар нөлөөг үзүүлэх вэ гэдэг нь уг өвчний тархалтыг шууд утгаар нь таамаглах боломжгүй байгаагаас 2003 онд гарсан SARS хэмээх цар тахалтай харьцуулан судалж байгаа юм.

Гэвч шинэ коронавирусийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө SARS-аас 10-15 дахин өндөр байх магадлалтай гэсэн нь дэлхий нийтийг улам цочроогоод байна. Учир нь 2004, 2006 онд Хятадад дэгдсэн SARS-ын халдвараас 80 мянган ам.долларын эдийн засгийн хохирол учирч байжээ.

Өдгөө Хятадын санхүүгийн зах зээлд хувьцаа, юанийн ханш болон түүхий эдийн уналт бий болж зарим агаарын тээврийн компаниуд Хятад руу хийх нислэгээ цуцлах, улс орнууд иргэдээ Хятад руу зорчихгүй байхыг анхааруулах зэрэг арга хэмжээг аваад буй. Мөн тус улсын тавьсан хорио цээрийн улмаас аялал жуулчлал, тээвэр, нийтийн хоол, үзвэр үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаанд шууд мэдрэгдэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь тус улсын эдийн засгийн 52 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт том цохилт болох нь ойлгомжтой. Өнгөрсөн 2019 онд Хятадын ДНБ 6,1 хувиар өссөний 50 орчим хувийг нь хэрэглээний өсөлтөөр хангаж байжээ.

АНУ-ын шинжээчдийн үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цар тахал улам нэмэгдэж 60-80 мянган ам.долларын хохирол учрах магадлалтай гэжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр экспортын захиалга нь багассантай холбоотойгоор Хятадын үйлдвэрлэлийн идэвх эрс суларчээ. БНХАУ-ын Төвбанк бодлогын арга хэмжээнүүд авна гэдгээ мэдэгдсэнийг мөн уламжлав. БНХАУ-ын Банк, даатгалын захиргааны хорооны дэд дарга Цао Юү “Шинэ вирус тархсан нь манай улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх нь тодорхой” хэмээн өгүүлжээ. Түүний ярьснаар банкны салбарынхан нь биржид бүртгэлтэй компаниудад сэргэхэд нь зориулж зээлийн дэмжлэг санал болгож магадгүй гэнэ. Томоохон банкууд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүүгээ бууруулсан байна.

Ухань дахь орлогын эх үүсвэрээ алдсан иргэдийн зээлээ эргүүлэн төлөх хугацааг хэдэн сараар хоцроохыг нь зөвшөөрөхөө Ардын банк нь мөн мэдэгджээ. Японы “Nomura holdings” компанийн Тинг Лугаар ахлуулсан шинжээчийн баг “Шинэ вирус нь БНХАУ-ын эдийн засагт SARS-аас (2003 онд гарсан) ч илүү сөргөөр нөлөөлж магадгүй. Тус улсын эдийн засаг нэгдүгээр улиралд агшсан үзүүлэлт гарна” хэмээн анхааруулав.

Тэд нэгдүгээр улирал болон энэ жилийн хувьд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хоёр хувиар буурч болохыг ч үгүйсгэсэнгүй. “Citigroup”-ийн Ли Ган Лиугаар ахлуулсан эдийн засагчид “БНХАУ-ын эдийн засаг энэ улиралд муудна. Үүнийг сэргээхэд багагүй хугацаа шаардагдана гэв. Тэдний таамаглаж буйгаар дээрх хугацаанд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.8 хувь болж буурах нь. Өмнөх онд тус улсын ДНБ 6.1 хувиар тэлж байсан юм.

Тайланд улс Хятадын аялал жуулчлалаас төсвийнхөө багагүй хувийг бүрдүүлдэг. Тиймээс Хятадын жуулчид багасахтай холбоогоор энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан байна. БНХАУ энэ онд АНУ-аас 33.4 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаар тохиролцсон нь хэрэгжихгүй ч байж мэдэхийг S&P агентлаг мэдээлэв. Цагаан сарын үеэр хөл хорио тогтоосон нь тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч Louis Vuitton, Richmond, Estee Lauder, Burberry зэрэг компаниудын орлого буурахад хүргэжээ.

“Apple” компани БНХАУ дахь 42 дэлгүүрээ энэ сарын 9-ний өдөр хүртэл хаасан талаар CNN уламжилсан. Гэхдээ онлайн дэлгүүрүүд нь ажиллаж байгаа аж. “Apple” компанийн нийт орлогын 15 орчим хувь нь урд хөршид ногддог гэнэ.

Корона ба Монголын эдийн засаг

БНХАУ-аас 93 хувийн шууд хамааралтай эдийн засагтай манай улсад энэхүү вирусийн тархалт зогсохгүй бол ямраар тусах вэ гэдэг дээр судлаач, шинжээчид таамаглалаа дэвшүүлж иргэд ч энэ талын мэдээлэлд ач холбогдол өгч байна. Хилийн хөл хорио тогтоосонтой холбоотой манай улс нүүрсний экспортоо гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон нь анхаарлыг энэ сэдэвт улам хандуулахад хүргээд байгаа юм. Учир нь манай улсын экспортын 85-86 хувь нь Хятадын зах зээлд гардаг. Түүний 60 хувийг нүүрс болон зэсийн баяжмал эзэлдэг.

Гашуунсухайт, Нарийн сухайтын боомтоор автомашинаар гардаг түүхий эдүүд ийнхүү зогсч нөхцөлд байдал цаашид удаан үргэлжилвэл төсвийн алдагдал саарч, гадаад худалдааны тэнцэл буурах хандлага ажиглагдана гэж эдийн засагчид таамаглаж байна. Ийнхүү манай улсын 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тасрахад хүрч болзошгүй юм.

Ердийн нөхцөлд Тавантолгойн нүүрс Гашуунсухайт боомтоор 1000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэлт хийгддэг байв. Улсын онцгой комиссын шийдвэр гарахын өмнөхөн 100 орчим машин болж буурсан аж. Мөн өдөрт 800, 900 авто машин гардаг байсан Шивээхүрэнгээр 100 хүрэхгүй, 50-80 орчим машин гарч байв. Энэ нь вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосон, худалдааны компани тээврийн компаниуд Монголын хилд хүрэхийн тулд шинжилгээнд орох ёстой, эмнэлгийн ачаалал их гэх мэт янз бүрийн шалтгаанаар ийнхүү удааширч эхэлсэн байжээ. Харин экспортыг зогсоох шийдвэр хэрэгжсэнээр нэгдүгээр улирлын нүүрсний экспорт тасрав. Хэрвээ манай улс төмөр замтай байсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Харин Монгол Улсын Төв банкны зүгээс богино хугацаандаа эдийн засгийн шокыг саармагжуулж огцом савлагаа үүсгэхгүй хангалттай буюу 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй гэдгээ илэрхийлжээ. Хэрвээ цааш тархалт үргэлжилвэл Хонконгийн хөрөнгийн бирж дээр Эрдэнэс Тавантолгой компанийг IPO-г гаргана гэсэн Монголын зорилго нурахад ойрхон байгаа нь бодитой хохирол болж болзошгүй. Монголын банк санхүүгийн гол байгууллагууд энэ оны эхний хоёр сарын байдлаар юуг ч төсөөлж харах боломжгүйг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс коронавирусийн тархалт болон нэгдүгээр улирлын тайлангаас уг вирус Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тааварлах боломжгүй гэдэг нь тодорхой харагдлаа.

Манай эдийн засагт ганцхан эерэг нөлөөллийг харж байгаа нь алтны ханш өснө гэдэгт итгэлтэй байна. Манай улсын зах зээл дээр өнөөдөр шатахууны үнэ нэмэгдээгүй мөн Цагаан сарын бэлтгэл ажил буюу бараа бүтээгдэхүүн, бэлгэнд зарцуулагддаг гадагш чиглэсэн 100-150 сая долларын урсгал татарсан байдалтай байгаа юм. Гэхдээ энэ нь урт хугацаандаа тийм ч эерэг үр дүнг авчрахгүй нь мэдээж.

Учир нь гуравдугаар сарын 2-ны өдрөөс цаашихийг таамаглаж чадах хэн ч алга гэхэд болно. Тухайлбал эдийн засагч Х.Батсуурь “Богино хугацааг авч үзвэл, өвчний шууд үр дүн нь зах зээл дээрх айдас, савлагаа хэлбэрээр илэрч байна. Дунд болон урт хугацааны үр дүнг урьдчилж таамаглах нь хэцүү юм. Учир нь вирусийн тархалт хэр өргөн цар хүрээтэй байх вэ, түүнд хариу үйлдэл үзүүлж буй арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байх вэ гэдгээс их зүйл шалтгаална. Манай улс жил бүрийн Цагаан сараар 700-750 тэрбум төгрөгийг урд хөршөөс бэлэг сэлт, жижиглэн худалдаанд зарцуулдаг. Харин энэ мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна” гэв.

Эдийн засагч Б.Дөлгөөн “Хэдийгээр манай экспортын бүтээгдэхүүн хамгийн өндөр хэмжээгээр гардаг Гашуун-Сухайт, Шивээ Хүрэнгийн боомтыг бүхэлд нь хаагаагүй ч цаад талаас манай бүтээгдэхүүнийг авах ажиллагаа зогссон байна. Хятадад бараа бүтээгдэхүүний эрэлт буурсан, экспорт гарах магадлал муугаас үүдэн гадаадаас хийх түүхий эдийн импортыг бууруулсан болов уу. Тиймээс Монголчууд бид гаднаас авах импортын барааны хэмжээг дагаад бууруулах бодлогын болон бодлогын бус арга хэмжээг яаралтай авахгүй бол энэ байдлаараа гадаад худалдааны алдагдал нь төлбөрийн тэнцлийн алдагдал руу их хэмжээгээр нөлөөлж, ойрын хугацаанд ханшийн хямрал руу түлхэх вий хэмээн эмээж байна” гэж дурьджээ.

Шинжээч Б.Түмэнцэнгэл “Төгрөгийн ханшийн дунд, урт хугацааны трэнд Монгол улсын валют олох чадвараас хамаарна. Харин богино хугацаанд аливаа шокоос үүдэлтэй огцом савлагаа үүсгэхгүй байх бодлогын орон зай бий. Валютын захад оролцогчдын хүлээлт тогтвортой байвал ханшид ч савлагаа үүсэхгүй байх боломжтой. Инфляци эрэлт ба нийлүүлэлтийн шалтгаанаар сүүлийн хоёрдугаар сард саарч буй.

Харин 2020 он гараад төсвийн тэлэлт, цалингийн нэмэгдэл, махны үнийн өсөлтөөс шалтгаалаад бага зэрэг нэмэгдэх хүлээлттэй. ҮСХ 1-р сарын статистикийг зарлахад иргэд хүнс нөөцөлснөөс үүдэлтэй ямар бараа бүтээгдэхүүний үнэ дээр өсөлт гарсан нь тодорхой харагдана. Төсвийн орлого талд гадаад орчноос хамаарсан эрсдлүүд бий. Иймд зардал талын үр ашгийг байнга анхаарах шаардлагатай” хэмээжээ.

Хэрвээ вирусийн дэгдэлт цаашид ихэсвэл БНХАУ хөл хориогоо улам чангатна. Гэвч нүүрс импортлохоо зогсоохгүй. Энэ нь автомашинаар тээвэрлэлтээ хийдэг манай улсын хувьд хүнд тусч магадгүй нь. Хэрвээ тэд Австрали, ОХУ-аас авдаг хэмжээгээ нэмчихвэл бид яах вэ, хөл хориондоо суусаар хоцрох уу? Тухайлбал ОХУ энэ жил Хятад руу гаргадаг нүүрсний хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсныг салбарынхан сануулж байна. Энэ мэтээр шинэ коронавирусийн хөл хорионд орсон Монголын жижигхэн эдийн засаг гуравдугаар сарын 2-ноос цааш сэхээнд орж болзошгүй байдалтай байна.

Эдийн засагч, шинжээч, салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнөөгийн нөхцөл байдлаа бодитой дүгнэж гаргах, дорвитой арга хэмжээ авч, экспортоо үргэлжлүүлэхгүй бол улсын эдийн засаг хүндэрнэ гэдгийг хэлцгээж байна. Мөн дахин ийм хүнд нөхцөл байдал үүсгэхэд бэлтгэлтэй байхын тулд Баялагийн санг бодитойгоор бүрдүүлж хэрэгжүүлэх. Өнөөдрийн нөхцөлд төсвийн тодотгол хийх, хэт үрэлгэн зардлаа бууруулахаас өөр бодитой арга харагдахгүй байгаа гэдэгтэй санал нэгдэж байна.

А.Минжин

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 48 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 2 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 12 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 37 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top