x

АЖ Л.Цогзолмаа: Миний хань хаанаас нь ундардаг юм гэмээр хайрыг түгээдэг хүн байсан

"Хүүхдүүд минь ээжийгээ хайрлаж бусдыг хүндэлж яваарай гэж хэлмээр санагдах юм"

Орчлонд хүн бүр өөр өөр өгөгдөлтэй ирдэг. Гэхдээ нэг зан чанар бүх хүнд ижил заяагддаг. Хүнд байх үндсэн шинж чанар бол сайхан сэтгэл. Энэ сайхан сэтгэлээ хэн илүү хөгжүүлж чадаж байна тэр хүний амьдрал сайн, сайхан явдаг хэмээн инээмсэглэн ярилцах эрхэм бол Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, агуу хатагтай, ХХ зууны Монголын соёл урлагийн нэрт төлөөлөгч Л.Цогзолмаа гуай юм.

Нэг гэр бүлийн гурван хүн төрийн соёрхол хүртсэн нь түүхэнд байгаагүй гайхамшиг. Түмэн хүрээлж, төр соёрхсон гэр бүл. Төрийн шагналт, СГЗ Ц.Намсрай агсны гэргий, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд түүний ууган охин гэдгийг бид мэдэх билээ. Ингээд өдгөө 96 насыг зооглож буй гайхалтай буурайтай хүн байх ухаан, ажил хөдөлмөрийн талаар ярилцсанаа хүргэе.

"Өөртөө дурласан хүн бусдыг хайрладаггүй"

-Та онд мэнд тарган тавтай сайхан өвөлжиж байна уу? Танаас ярилцлага авах гэж нэлээн хөөцөлдлөө. Юуны өмнө танд ярилцах боломж олгосонд баярлалаа?

-Монгол түмэн минь тарган сайхан өвөлжиж байна уу. Миний бие сайн, сайн сууж байна. Тэнгэр ойрд тогтуун, намар шиг налайгаад. Жавар тачигнасан хүйтэн өдрүүд цаашилж зурайсан зам татуулдаг, зургаа дахь ес эхэллээ. Удахгүй төлийн дуу цангинаж хавар ирж буйг илтгэх байх. Урин цаг цаанаа л сайхан. Хүн, мал ядрахгүй хаврыг давчихвал боллоо.

Эмээ нь нас дээр гарсан. 100 наслахад хоёр гуравхан жил үлдлээ. Сайхан насалж байна. Монголын минь буян заяа намайг өдий наслуулж байгаа болов уу. Энэ их буяныг яаж даана гэхээс эмээдэг. Өдий зэрэгтэй байгаа нь үр хүүхэд, та бүгдийн буян. Би сэтгүүлч охиныхоо асуултад сайн хариулж чадах болов уу. Уг нь сайн ярилцаж өгөөд санааг тань амраагаад явуулчих юм сан. Асуу, асуу чадлаараа хариулах гэж хичээе.

-Баярлалаа танд. Уучлаарай таныг гэртээ ярилцах боломж олгоход танай гэрийг тэс өөрөөр төсөөлж байснаа нуух юун. Гэтэл та эгэл даруухан хуучин гэртээ амьдардаг юм байна. Та яагаад байраа сольж, магадгүй орд харшид амьдардаггүй юм бол. Тийм боломж баймаар?

-Энэ гэр миний бүх үнэ цэн минь. Нэг ёсондоо миний хамгийн дуртай, хайртай орчин. Энд би өөрийнхөөрөө байж, өөрийгөө олж, эндээс илүү их аз жаргалыг мэдэрдэг. Миний орчлонгоос тасарч, эрх дураараа байх газар. Би энэ байрандаа ээнэгшиж дээ. Энэ бол миний хэн ч халдаж үл болох орон зай, ертөнц минь. Орд харш надад хэрэггүй тийм газар яаж амьдрах вэ. Байгаагаараа байж, анх ямар байсан түүгээрээ байх сайхан. Гэр орноо солилоо гээд би өөрчлөгдөхгүй. Дассан сайхан энергитэй орчинг өөр нөхөх зүйл байхгүй, энэ гэр байрандаа хайртай, сайхан байр.


-Таныг алив нэг зүйлийн шуналгүй хүн байна гэж ойлгож болох уу. Хүн эд мөнгө, эрх мэдэлтэй болох тусам бүх зүйл нь өөрчлөгддөг юм шиг. Шунал хүнийг бий болгодог юм уу, хүн шуналыг бий болгодог уу та юу гэж бодож байна?
-(инээв) Буурай нь ийм гүн ухааны асуулт асуухаар сайн хариулж мэдэхгүй. Энгийн зүгээр сайхан буу халъя хоёулаа, болох уу. Шунах гэдэг зүйл өөрөө их бага байхаас шалтгаална. Тиймээс шуналгүй байна гэж байхгүй. Их шунах уу, бага шунах уу гэдэг нь гол асуудал юм. Би алив зүйлд бага шунадаг хүн. Өөрийгөө хязгаарлаж хэрэгцээгээ мэдэрдэг гэх үү дээ. Хүний хэрэгцээ дуусахгүй тул хязгаар хэрэгтэй. Бүх зүйл хэр хэмжээтэй байх ёстой.

Надад өнөөдөр мөнгө, эрх мэдэл байлаа гээд мөнгөө хэрэгтэй, хэрэггүй зүйлд үрж, эрх мэдэл албан тушаалаа ашиглаад энд тэнд цовхчоод байвал тэр зөв үйл, зөв хүн биш. Чи юу гэж бодож байна сэтгүүлч ээ. Би таны асуусан шуналын тухай асуултад хүн өөрөө шунал гэх зүйлийг бий болгож үүндээ өөрөө идэгдэж хүн биш болдог гэж хэлнэ. Шунал ихэдвэл шулам болно гэж зүйр үг бий. Эрх мэдэл түр зуурын дайраад өнгөрдөг зогсоол. Эрх мэдэл гэдэг нь тухайн хүний мөн чанар, боловсрол мэдлэгийн цэг юм.

-Та хэр эрх мэдэлтэй хүн бэ?

-Зүрхнээс минь салаалсан сайхан хүү, дөрвөн охинтой хүн. Үрс, хань ижил, анд нөхдөдөө жаахан ч гэсэн эрх үүргийнхээ хувьд эрх мэдэлтэй явсан. Одоо өөрийгөө бага ч гэсэн эрх мэдэлтэй ээж гэж боддог. Албан тушаал ажил үүргээ гүйцэтгэж явахдаа эрх мэдэл, элдэв зүйлийн төлөө амь бие, сэтгэлээ эрх мэдэлд өгч явсангүй. (хэсэг чимээгүй болов) Үүнийг хэн гэрчлэх юм бэ гэж асууж магад бурхан гэрчлэх байх. Би ер нь шүтлэгтэй хүн биш. Гэхдээ хааяа нэг мэгзэм хэлдэг болоод байгаа. (инээв)

-Таны сайхан байхын нууц юунд байдаг вэ. Таныг 100 насалж зургаадай таяг тулах гэж буйг монголчууд мэдэх байх. Гэтэл таныг хараад бахархаж, бахадмаар байна. Таны царай зүс энэ насны хүн гэж хэлэхэд итгэхэд бэрх. Хэрэв би тантай уулзаж ярилцлага авах боломж олдвол энэ асуултыг заавал асууж, сайхан байхын нууцыг мэдэх юм сан гэж бодож явсан минь, үнэн. Харин одоо боломж олдлоо асуухгүй өнгөрч чадахгүй нь. Тантай гурван цаг орчим ярилцаж суухдаа би таны сайхан байдгийн нууцыг олчих шиг боллоо. Гэхдээ танаас өөрөөс тань сонсъё?

-Баярлалаа. Миний сайхан гэж юу байх вэ. Гоо сайхны нууц жор надад байсангүй. Төрөлхийн цаанаасаа байгаа царай зүс минь гээд хэлчихвэл хүмүүс яаж ойлгох бол. Би элдэв зүйл идэж, хэрэглэдэггүй. Мэдээж эмэгтэй хүн биеэ зөв, сайхан авч явах ёстой. Шунал багатай хүн гэж өөрийгөө боддог. Шуналаа хязгаарлаж сурсан хүн гэж ойлгоход болно. Энд тэнд очиж хов жив ярьж, өрөөлийн тухай шүүмжилж, атаархаж явсан зан байсангүй. Бусдын сайхан зүйлийг нь ярьж, сайхан чанараас нь суралцаж явлаа.

Нэг ёсондоо миний энэ амнаас муу, муухай үгс гардаггүй, хүний алдаа болон муу чанараар нь хооллохыг хүсдэггүй, зөв, эрүүл хоол идэх дуртай. Амнаас гарч буй зүйл бол хоол юм. Буруу хоол идэхгүй болохоор өнөөдрийн энэ зэрэгтэй сууж байгаатай минь холбоотой байж болох юм. Хүний сайн явах, сайхан байхын нууц бол ердөө л энэ шүү дээ, миний хүү. Та үүнтэй санал нийлэх үү. Та асуусан асуултынхаа хариултыг олж чадав уу. Таны олсон хариулттай таарч байна уу.


-Олсон хариулттай минь яг таарч байна шүү. Мөн нөгөө талаас нь үзвэл таны удамтай холбоотой байж болох. Таны төрсөн ээж бурхан болсон тэр хүний талаар та мэдэхгүй. Таныг өргөж авсан ээж аав тань нэг жилийн дотор бурхан болсон гэсэн, магадгүй таны ээж сайхан хүн байсан байх аа?

-Магадгүй, би бас тэгж боддог. Гэхдээ сайн, сайхан явах өөрөөс нь шалтгаална. Сайхан бодолтой санаа үйл зөвтэй, хүний сайн талыг олж хардаг нүдтэй хүн сайхан царай зүстэй явдаг. Би 1924 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаан хад хэмээх газарт төрсөн. Би төрсөн ээжийгээ огт мэдэхгүй. Нутгийнхаа Сэргэлэн сумын Лувсанжамц гэдэг танил айлдаа өргүүлсэн байдаг. Намайг зургаан нас хүрдэг жил аав өөд болсон. Өргөсөн ээжийг Долгоржав гэдэг. Ааваас хойш удалгүй өөд болсон. Надаас өмнө Маамаа гэдэг охин хүүхэд өргөж авсан айл байсан. Маамаа эгч ээж ааваас хойш намайг дагуулан нийслэлд орж ирсэн. Би багадаа хөгжим дуу бүжигт дуртай хүүхэд байсан болохоор эгч намайг “Залуучуудын соёлын ордон”-ы хөгжмийн ангид оруулсан. Гайхалтай сайн эгч, ижий байлаа. Ижийн хайрыг бүрэн дүүрэн үзээгүй хүн дээ, би. Харин өөрөө ижий болж эх хүний жаргалыг мэдэрсэн.

-Ижий байх, ижийтэй байхын жаргал гоё. Тэр дундаа хүүхдүүдтэйгээ цуг өтлөх сайхан. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Сувд гуай таны охин гэдгийг хүн бүр мэднэ. Наснаасаа илүү сайхан харагддаг. Ээж охин хоёр энэ орчлонгийн чимэг, нэр шигээ сувд эрдэнүүд?

-Ижий хүн хүүхдүүдтэйгээ өтөлнө гэдэг сайхан байлгүй яах вэ. Миний дөрвөн охин чинь бүгд одоо хөгшин эмээ нар. Ач гучийн тоо ч олон боллоо. Өнөр бүл шиг олуулаа болж сайхан үржиж байна манайх гэдэг айл. Энэ бол энэ насны жаргал. Охидууд байнга ирнэ, асарна. Том охин Н.Сувд байнга эргэж ирнэ, тогтмол утсаар ярина. Ээж яаж байна, юу хэрэгтэй байна гээд. Их энхрий шүү дээ тэр минь. Надад хоёр салаа үсээ сүлжсэн жаахан охин харагдаад байдаг юм. Охиноо 70 гарсан гэж ер боддоггүй, нялх охин минь. Бага охин Н.Энхтүвшин миний бүхий л зүйлийг хийж, намайг асарна. Тусдаа айлын хүн байж миний дэргэдээс салахгүй ээжийгээ эрхлүүлнэ. Намайг ганц захиргааддаг хүн. (инээв)

-Таны ханийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Сайн аав, сайн хань байсан гэж сонссон. Та ямар занг нь илүү үнэлдэг байв?

-Гайхалтай хань, сайн аав байсан. Эргэн тойрны хүн бүр мэднэ. Таван хүүхэд минь аавынхаа нуруун дээр тоглож өссөн. Хүүхдүүдээ бүхнээс илүүд тавьж сургаж хүмүүжүүлж, өсгөсөн. Тэдний сайн сайхан, зөв амьдарч байгаа нь ааваас нь улбаатай. Аав нь тэдэнд хүн байх ухааныг, хөдөлмөрт хэрхэн суралцах аргыг заасан.

Миний хань шударга, зарчимч, шуналгүй хүн байв. Байгаа зүйлдээ дэндүү их талархалтай ханддаг хүн. Хүнийг хүндэлнэ, хайрлана гэдгийг хамгийн сайн мэддэг хүн байж. Яаж тэр их ухаан, хайр хаанаас нь ундардаг юм гэмээр хайрыг түгээдэг байсан. Бид хоёр биенээсээ суралцдаг байв. Түүний минь шударга, шуналгүй, намайг гэсэн чин сэтгэл нь миний зүрх сэтгэлд үүрд үлдэж. Энэ бүгд нь намайг хөглөж, өглөө босох шалтаг минь болж үлдээсэнд талархаад барахгүй.

-Таныг хань тань ямар нэрээр дууддаг байсан бэ, таны нэг дууг хань тань үргэлж аялаж явдаг байсан гэж нэг номонд бичигдсэн байсан?

-Бид хоёр танилцаад удаагүй байтал 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөрмонгол руу Засгийн газрын төлөөлөгчөөр явсан. Тэнд явж байхад нь нэг удаа радиогоор миний дуулсан “Хэен хуар“ гэдэг дуу явж л дээ. Энэ дууг сонсоод яагаад ч юм учиргүй их догдолсон гэдэг. Бодвол дурласан байсан юм болов уу. “Хэен хуар”-ыг дандаа амандаа аялдаг болсон тэр үеэс хойш. Намайг ер нь чи энэ тэр гэж нэг ч удаа дуудаж үзээгүй шүү. Үргэлж ээж гэж дууддаг байсан. Би ханийгаа аав гэж дуудаг байсан даа. Бид хоёр тийм л нандин амьдарч байлаа.

-Та анх аавынхаа ямар занд дурлаж байв?

-Манай хүн 1942-43 онд тухайн үеийн Төв хорооны хэвлэл, үзэл суртлын хэлтэс, урлаг соёлын байгууллагын ажлыг давхар хянадаг байсан юм. Үе үе болдог тэр хяналт шалгалтаар нүдний шилтэй, нэг их боловсон, дэгжин нөхөр манай театр дээр байнга ирж, ажил шалгаж хянаад явдаг байсан. Урт сормуустай, жижигхэн давхраатай их хөөрхөн нүдтэй, бас циркт болдог бүжигт ирж их гоё бүжиглэнэ. Тэгж яваад бид хоёр 1944 оны төгсгөлөөр нэг үдэшлэг дээр илүү дотно болсон. Би сүүлд “чиний нүд л их хөөрхөн байсан даа” гэхэд тэгэхгүй яадаг юм гэж ирээд л инээдэгсэн. (нулимсаа арчив)


-Хайрыг та юутай зүйрлэдэг вэ?

-Тийм гээд шууд хэлдэг зүйл биш л дээ. Нэг тийм ялдам, үргэлж инээмсэглэл төрүүлж байдаг гоё эд. Хайр хүнийг хачин гоё болгодог гэж би боддог. Хамгийн нандин зүйл. Маш эмзэг. Хүн хайранд л амьдардаг болов уу. Хайрыг ихээр үзсэн хүн илүү жаргалтай, ямар ч өөр шуналгүй амьдардаг.

-Хүний зан араншин, дотоод зан чанар хүний төрхийг та юу гэж үздэг вэ?

-Өөртөө дурласан хүн бусдыг хайрлах, хүндлэх сэтгэлгүй болдог. Хүний төрөлхийн өөрт заяагддаг нэг тийм ариун зөөлөн сэтгэл байдаг. Энэ чанараа хүн илүү сайн хөгжүүлж гэрэлтүүлж явах ёстой юм. Хүн бүр өөр өөрийн тавилантай ирдэг хэдий ч зөв хүн болж орчлонд амьдрах ёстой. Муу, муухай зан чанартай хүн мэдээж байгаа. Хүн бүрт л сайн, муу зан чанарууд байдаг. Муу зангаа дарж сайн зангаа өнгөлөх хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс арай илүү амин хувиа бодсон, өөрийн төлөө өрөөлийг золиослох нь энүүхэнд болж. Би үхэхээр чи үх. Энэ ёстой муухай шүү. Хүн орчлонд нэг ирэхдээ сайн сайхан зүйлийг түгээж хайр дүүрэн буцах ёстой. Хайрыг хайрла, хайрыг түгээ. Энэ бол амьдралын гол зарчим. Муу нуухаар сайн илчил гэдэг. Муу амьдрахаар сайн үх гэдэг ч үг бий. Зөв бай амьдралд, үнэн бай гэж л хэлмээр байна. Хүнийг хайрлаж, хүндлээд сурчихвал амьдрал өөрөө бүгдийг өгдөг.

-Таны ханийг Ю.Цэдэнбал даргатай ойр, дотны найз нь байсан гэдэг?

-Тийм ээ, тэр үнэн. Тэд их олон жил нөхөрлөсөн. Жинхэнэ сайн найзууд байлаа. Бид их ойр, гэр орноороо орж гарна. Хүнд сайн найз заавал байх ёстой. Хүний итгэлийг олж жинхэнэ нөхөрлөж найзална гэдэг жаргал юм. Хүн найзыгаа дэмждэг, тусалдаг гол зөвлөгч нь байх ёстой. Хамгийн итгэлтэй хүн бол найз байдаг.

-Сониуч зан хөдлөөд байна. Уучлаарай увайгүй зүйл асуучихвал яадаг бол. Таныг Ю.Цэдэнбал даргатай ханилуулах тухай яриа дээдчүүдийн дунд болжээ. Учир Ю.Цэдэнбал даргыг орос эхнэртэй болгохгүй гэж тэр. Тэгсэн Ж.Самбуу агсан үүнд дургүйлхэж байсан гэдэг. Учир нь урлагийн хүнийг төрийн хүнтэй суулгахаас татгалзаж. Та энэ тухай мэдэх үү?

-(инээв) Би огт сонсоогүй зүйл байна. Хэрэв ийм яриа гарсан бол ташаа мэдээлэл гэж хэлнэ. Яагаад гэвэл миний хань Ю.Цэдэнбалын хамгийн ойр дотны найз нь байсан. Тийм учраас хоёр гэрээрээ орж гарах, уулзах, цагийг хамтдаа бид өнгөрүүлэх үе байв. Манай хүний найз учир биднийг сайн мэдэхгүй тийм яриа, цуурхал гарсан юм болов уу. Би огт сонсоогүй зүйл байна.

-Ээжийгээ, ер нь хүнийг хайрлах, хүндлэх ухаанд хүн хэрхэн суралцах ёстой юм бол. Ээж хүн үрдээ гомдоно гэж байдаг уу?

-Эх хүн өр нимгэн уяхан амьтан. Эх хүний мөн чанар үрсийнхээ төлөө ажиллаж, амьдарсаар орчлонг туулдаг. Эмэгтэй хүн гэдгээ мартах үе ч зөндөө. Үр нь хэдий муу зан чанартай байвч үрээ л гэдэг зантай. “Эхийн сэтгэл” гээд П.Бадарчийн сайхан шүлэг бий. Тэр шүлэг тэр чигтээ эх хүний санааг сайн гаргаж өгсөн бүтээл. Энэ шүлгийн нэг хэсэгт:

Хүний хүү ээждээ ирж гэнэ

Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ

Голыг минь гогдон хэлж байна

Аа яадаг юм ороо л биз

Гадагшаа би хүүгээ өмөөрлөө

Ам нь цангаж байгаа байх даа миний муу хүү гэж

Дотогшоо би өмөлзлөө гэх шүлэгт гардаг санаа нь үнэхээр гайхалтай шүү. Эх хүн бол ийм л хүн. Энэ зурагт араажаваар янз бүрийн хүний санаанд оромгүй муу муухай зүйл сонсогдох болсон цаг. Амьддаа л хүүхдүүд минь ээжийгээ хайрлаж бусдыг хүндэлж яваарай гэж хэлмээр санагдах юм.

-Та хэр их зурагт үздэг вэ. Хүүхдүүдтэйгээ тоглолт, дуурь энэ тэрийг сонирхохоор явна биз. Танд урилга тасрахгүй ирдэг байх. Ном их уншдаг гэж сонссон?

-Хүүхдүүдтэйгээ хааяа нэг гарч дуурь, театраар орно. Одоо тэр бүр урилга заллага, хүндэтгэлийн зүйлд оролцоод явах боломж тааруу болсон. Ядардаг ч болж. Миний хөл яаж гүйцэх вэ. Надад гэртээ сууж байх минь сайхан байна. Мэдээ, мэдээллийг зурагтаар сонсч үзэх юм. Сүүлийн үед зурагт үзэх болж. Ном уншиж чадахаа больсон. Нэг нүд юм харах нь багассан. Муудаж байгаа бололтой.

-Хөдөлмөр хүнийг бий болгодог. Өнөөдөр 100 гаран Хөдөлмөрийн баатар бидний дунд амьдарч байна. 2007 онд та Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолыг хүртсэн. Тэр үеийн сэтгэгдлээс хуваалцаач?

-Хөдөлмөрийн баатар сайхан цол. Сэтгэл зүрхнээсээ хөдөлмөрлөж гэмээнэ амжилтыг өөртөө шингээдэг. Амжилт зөвхөн хөдөлмөрөөс гардаг зүйл. Амжилтыг бүтээе гэвэл хөдөлмөрийг бүтээ. Бүх сайхан зүйлийн чинь эхлэл хөдөлмөр юм шүү дээ. Хүн хөдөлмөрлөхгүйгээр сайн зүйлд хүрнэ гэж байхгүй. Хөдөлмөрт хүн шунадаг байх ёстой. Надад хөдөлмөрийн баатар цол ахадсан гэж би боддог. Энэ цолыг авсандаа өөрөөсөө ичдэг байв. Одоо харин зүүх дуртай, үргэлж энгэрт нь минь гялтганаж байдаг миний гоёл болсон доо, Хөдөлмөрийн баатар цол минь.

-Таны ямар бүтээлд өгсөн гэж та боддог вэ?

-Хүн хүүхдүүдээ сайн, муу гэж ялгадаггүй. Үүнтэй адил өөрийн төрүүлсэн уран бүтээлүүдээ сайн муу гэж бодох дургүй. Бүх уран бүтээлдээ хайртай. Миний сэтгэл, зүрх шингэж бүтсэн бүтээлүүд минь.

-“Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийн тухайд та эргэн дурсаач, би энэ талаарх сэтгэлийн яриаг шүүрдэж үзээд олсонгүй?

-Их зохиолч Д.Нацагдоржийн алдарт уран бүтээлийн нэг “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд тоглосон минь миний уран бүтээлийн нэг дурсгалтай мөч. Нансалмаагийн дүрийг надаас өмнө олон сайхан чадалтай жүжигчид тоглож олон янзын арга барилаар бүтээсэн байв. Ардын жүжигчин Т.Хандсүрэн, Д.Ичинхорлоо, Ө.Рэнцэнноров нарын тоглолт надад сургууль болж үлдсэн. Эдгээр сайхан жүжигчдийн амилуулсан Нансалмаагийн дүрийг нэгтгэж аваад өөрийн бодлыг нэмж бүтээхийг оролдсон. Нансалмаагийн монгол бүсгүйн сайхан чанар бүгдийг шингээсэн эгэл жирийн даруу байдлыг гаргахын хамт түүний шударга, санасандаа заавал хүрдэг гүдэс шулуун занг гаргах гэж оролдсон.

-Нансалмаа Балгантай хутга барин тэмцэж буй хэсэг гайхалтай, энэ хэсгийн тухайд?

-Нансалмаа Балгантай хутга барин тэмцэж байгаа дуу хоёрын хоорондох сэтгэлийн хуримтлагдсан эрчийг гаргаж чадаагүйг би яваандаа ойлгосон. Найруулагч З.Цэндээхүү гуай Нансалмаад Балганаас хутгыг нь авах бодол төрж байгаа, түүнийхээ төлөө арга хэрэглэж, Балганаас өрсч шууд шийдэж байгаа зэрэг сэтгэлийн хөдөлгөөний нарийн шилжилтийг гаргахыг надаас шаарддаг байсан.

Тэгэхэд би дуугаа бодоод бас хөгжим дуусчих гээд тэр бүгдийг юун хийх манатай хам хум гүйж очиж суугаад сүр пар босч харайгаад байдаг сан. Гэвч найруулагчийн тавьж байсан тэр шаардлагыг хожим ойлгосон. Нансалмаагийн дүрийг бүтээхэд гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв их түшиг болсон доо.

-“Цогт тайж” Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголын киноны хөгжлийн оргил үе гэж үздэг. Цогт тайж киноны Түвдийн гүнж Дулмаагийн дүрд Ө.Рэнцэнноров гуайг тоглуулах байсан ч асуудал үүсч Гомбо найруулагч таныг Улсын циркийн хөгжимчин байхад тань авчирч тоглуулсан гэдэг түүх байдаг. Та энэ дүрийг гайхалтай амилуулсан?

-1944 оны сүүлчээр “Цогт тайж” киноны Дулмаагийн дүрд тоглох аз тохиосон. Тоглох жүжигчин шалтгаантай болоод би сонгогдсон юм. Энэ киног ЗХУ-ын хуучнаар нэрт найруулагчдын нэг Тарич гуай Монголын анхны найруулагчдын нэг М.Лувсанжамц нар найруулсан юм. Дулмаагийн дүрийн тухай тэр үеийн Төвд Монголын талаар ярьж өгөөд, хэд хоногийн дараа сургууль эхлэхийг надад хэлсэн. Энэ олон ахмад жүжигчдийн дунд тэгээд тийм хүүхэн болж сургууль хийнэ гэж бодохоор ёстой дүүжлэгдэх гэж байгаа шиг санагдаж билээ. Дүүжлэгдэж үзсэн биш дээ.

Ер нь дүүжлэгдэх гэж байгаа хүн тийм байдалтай байдаг байх. Ашгүй намайг эхэлж сургууль хийх өдөр А.Цэрэндэндэв гуайгаас өөр жүжигчид байсангүй. А.Цэрэндэндэв гуайн өмнө аяга бариад очихоор хамаг бие салгалаад нүүр ам таталдаад ухаан алдаж унах шахаж билээ. Одоо бодоход найруулагч хамтран тоглогч хоёроо их зовоосон доо. Миний биеийг чөлөөтэй болгох гэж найруулагч их олон арга хэрэглэж байсан юм байна лээ. Сайн найруулагч сайн жүжигчдийн туслалцаатайгаар Дулмаагийн дүрийг бүтээсэн.

-Урлагт авьяас чухал уу, хөдөлмөр чухал уу?

-Аль аль нь чухал. Авьяас байж гэмээнэ хүн хөдөлмөрлөж түүнийгээ улам илүү өнгө оруулдаг. Хэчнээн хөдөлмөрлөөд урлагт тэнгэрээс буусан авьяас байхгүй бол тод гялалзах нь хэр байдаг бол. Урлаг бол авьяас дээр хөгжиж дэвшдэг зүйл.

-Таныг оросоор гайхалтай сайн ярьдаг гэж байсан. Та хаана сурсан бэ?

-Маам эгч минь намайг алган дээрээ өнхрүүлсэн хүн шүү дээ. Тэр хүн миний хувьд гайхалтай ижий байлаа. Эгч маань намайг Москва хот руу гэр бүлээрээ явахдаа дагуулж явсан юм. Тэнд би очих үед 13 настай байсан. Орос хэлийг тэнд сурсан. Одоо яах вэ яриад л байдаг юм. Тэгэхээр би мартаагүй гэсэн үг.

-Та дээр ярилаа. Таныг эгч тань урлагт дуртай болохоор хөгжмийн ангид оруулсан гэж. Эндээс таны урлагийн зам эхэлжээ. Таны багш хэн гэж хүн байсан бэ?

-Би мундаг багшид шавь орсон. Багшийг минь солгой Баяр гэдэг байлаа. Тухайн үедээ алдартай хөгжимчин байсан. Тухайн үед авьяастай хүүхдүүдийг сонгож авч байсан үе. 1940 оны үед юм уу даа. Тэгээд би жааз хөгжмийн бүлэгт орсон. Эндээс л миний гараа эхэлсэн.


-Н.Цэгмид гуай таны жүжигчин болох суурийг тавьж өгсөн гэдэг юм билээ?

-Н.Цэгмид гуай миний жүжигчин болох анхны суурийг тавьж өгсөн. Дууны урлагийн талаар ихийг мэдүүлж өгсөн хүн нь Ж.Дорждагва гуай юм. Ж.Дорждагва гуай шиг олон дуу мэддэг, монгол ардын дууг гарамгай эзэмшиж дуулдаг хүн орчин үед ховор. Ж.Дорждагва багшид цээл хоолой, надад тунгалаг хоолой хуваарилж өгч тус тусад нь сургууль хийлгээд дараа нь нийлүүлж ажилладаг байв. Э.Оюун багш миний уран бүтээлд их тус болсон хүн. Дуулж, бүжиглэж чадахгүй Э.Оюун багшид загнуулж байсан минь надад их хэрэг болдог байв. “Цогзолмаа минь ээ, дуу гэдэг чинь бүхэл бүтэн ертөнц. Зүгээр ямар ч утгагүй дуулаад маяглаад байж болохгүй. Энэ дуу ямар утга санаа гаргаж байгааг өнгө эгшиг бүрээр нь гаргах хэрэгтэй” гэдэг сэн.

Намайг бас олон хүүхэд гаргалаа гэж “Иш Цогзолмаа минь, Цогзолмаа минь, яаж болох вэ дээ” гээд загнадаг байж билээ. Энэ бүгд цөм миний төлөө хэлж байсныг хожим ойлгож байсан. Найруулагчийн анги төгсөөд дахин жүжигчин хийгээгүй болохоор жүжигчний хувьд Э.Оюун багшийн үеийн “бүтээгдэхүүн” гэж хэлж болох юм.

-Тантай холбоотой Ц.Өлзийсүрэн гэдэг хүний нэр дуулддаг. Таны хамгийн ойрын тань хүн байсан уу. Эгчээс тань хойш?

-Миний хадам эгч минь. Энэ хүн миний хүүхдүүдийг өсгөж өгсөн буянтан, ижий. Бүр ач зээ нарыг хүртэл өсгөлцөж өгсөн хүн. Үргэлж дэргэд минь ээж шиг минь байж тусалж байсан. Миний амжилт өдий зэрэгтэй яваа минь энэ эгчийн минь гавьяа.

-Би танаас хүн бүрийн л мэддэг нэг асуултыг асуух гэсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Сүрэнжав гуай” Манлай явсныг чинь мартахгүй” гэдэг дууг танд зориулж бичсэн гэдэг?

-(инээв) Тухайн үед дууны уралдаан болж байсан үе байх. Энэ уралдаанд гурван яруу найрагч надад зориулж дуу бичсэн байдаг юм. Тэр үеийн дууны нэг. Хүн ер нь ичимхий амьтан. Өөрийнхөө тухай дууг сонсоод сууж байхад тийм ч сайхан санагддаггүй юм билээ.

П.Оюунсувд "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.88.218)
    Цооцоог гүйцэх тийм сайхан хүн хүүхдүүдэд нь ч байхгүй ач нар нь Цооцоо зууны манлай сайхан эмэгтэйгийн дүр төрх алга Уг Сувдын хүүхдээс Цооцоогийн дүр төрх гарах байх гэтэл үгүй Бат оргил жартгар Хэн Цооцоог дуурайх сайхан дүр хаана байна үр ач нараас
    2024 оны 09 сарын 29 | Хариулах
  • Enhtuya (202.55.188.39)
    saihan xul niitelsend bayarlalaa
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Bi (202.126.89.4)
    Tegj nerleheer aab ohin 2 amrag,eej hvv 2 amrag gesen vg vv,shal utgagvi yum.
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 57 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 14 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top