x

Н.Энхбаяр: Түүхий эдийн экспорт дээр ханшийн алдагдал хүлээх нөхцөл үүслээ

Дэлхий дахинд эрүүл мэндийн онц байдал зарлахад хүргээд буй шинэ коронавируст халдварт өвчин Монголын болон Хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай ярилцлаа.

-БНХАУ-д анх бүртгэгдэж, 20 гаруй оронд дамжин тархаад буй шинэ коронавирусний халдвар дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Та үүссэн нөхцөл байдлыг судалж байна уу?

-Шинэ коронавирусний халдварт өвчин гарсан талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд Хятад улс ДЭМБ-д мэдээлсэн. Улмаар 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус болохыг тогтоосон. Түүнээс хойш уг халдварт өвчин дэлхий нийтийн анхаарлын төвд орж, улс орнууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв ажиллуулж байна. Хүн төрөлхтний түүхэнд халдварт өвчин гарч байсан тохиолдол МЭӨ үеэс эхтэй. Бүх нийтийг хамарсан халдварт өвчин бактери, вирус гэх хоёр үүсгэгчтэй байдаг. Бактерийн гаралтай халдварт өвчин МЭӨ 3500 дугаар оноос гарсан тухай эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Харин анхны вирусний гаралтай томуу өвчин 1173 онд бүртгэгдсэн. Тэрнээс өмнө гарч байсан уу гэдгийг анагаах ухаан төдийлөн сайн хөгжөөгүй байсан учир мэдэхгүй. Бактери болон вирусний гаралтай өвчлөл дэлхий дахинд байнгын давтамжтай дэгдэж байдаг. Өмнөх туршлагуудаас үзэхэд бактерийн гаралтай өвчлөлийн голомт буюу эх үүсвэр нь Зүүн Ази, Африк зэрэг халуун бүсийн орнуудад байдаг. Бактерийн ч бай, вирусний ч гаралтай бай өвчлөлийг судлахад дандаа амьтнаас гаралтай байдаг.

Өөрөөр хэлбэл тухайн вирус, бактерийн амьдрах орчин, тээгч нь ямар нэгэн амьтны бие байдаг. Хамгийн гол нь хэзээ идэвхжиж, хүнд халдаж байна вэ гэдэг нь л чухал асуудал. 

Жишээлбэл, сарьсан багваахайн сангасыг зарим оронд жимс, ногооны бордоо болгож ашигладаг. Тэр дотор бидний болгоомжлох ёстой бактери, вирус байна шүү дээ. Тиймэрхүү аюултай жимс, хүнсний ногоо импортоор орж ирж байна уу гэдгийг шалгаж байх ёстой. Манай улс 2017 онд шинэ хуулиар Мал эмнэлгийн байгууллагыг Мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болгосон. Ингэснээр зөвхөн таван хошуу малаа бус зэрлэг онгон байгальд буй ан амьтныг ч тэр байгууллага хариуцан судалдаг болсон. ДЭМБ, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас “Нэг эрүүл мэнд” гэсэн концепцийг 2010 оноос хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хүнсэнд хэрэглэж буй мал, хүрээлэн буй орчин, ан амьтан эрүүл байвал хүн эрүүл байх юм. Үүнээс бид ЭМЯ, лабораториуд, Мал эмнэлгийн хүрээлэн, малын зооноз халдварт өвчин судлалын төв зэрэг байгууллага хамтран ажиллах ёстойг ойлгох хэрэгтэй.  

-Шинэ коронавирусний халдвар манай улсад бүртгэгдээгүй ч Хятадын эдийн засаг, улмаар манай эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Энэхүү өвчний эдийн засгийн хор хөнөөлийн та юу гэж үзэж байна вэ?

-Урьд өмнө гарч байсан халдварт өвчний жишээн дээр улс орнууд судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, 2003 оны САРС, 2013 оны H7N9 халдварт өвчний нийгэм эдийн засгийн үр дагаврын судалгааг Хятадын судлаачид 2018 онд хийсэн. Мөн САРС өвчин гарсны дараа АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэн мөн энэ өвчний үр дагавар, сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. 2002 оны 11 дүгээр сард дэгдсэн САРС өвчнөөр Хятадад 5327 хүн халдварлаж 349 хүн нас барсан. Жилийн дотор 29 улс оронд тархаж, 8096 хүн халдварлаж, 774 хүн нас барсан эрүүл мэндийн шууд хохирол учирсан. Улмаар эдийн засгийн бусад салбарт ч нөлөө үзүүлсэн. Халдварт өвчин учир хөл хорио тогтоосон, аялал жуулчлалын салбар уналтад орсон.

САРС өвчин дэгдсэн 7-8 сарын хугацаанд дэлхийн эдийн засаг 30-100 тэрбум ам.долларын хохирол амссан. Харин Хятадын эдийн засаг 12.3-28 тэрбум ам.долларын хохирол амсаж, 2003 оны ДНБ нь 1 хувиар буурсан. Тухайн үед эдийн засагт хамгийн эхэнд мэдрэгдсэн зүйл бол газрын тосны үнэ буурсан явдал. Энэ үзэгдэл яг одоо давтагдаж байна.

Хятад улс түүхий эд, шатахууны хамгийн том хэрэглэгч. Энэ сарын эхээр АНУ, Ираны зөрчлийн улмаас газрын тосны  үнэ өсөж 70$ руу дөхөж байсан бол өнөөдөр 58 руу орсон байна. Металлын ханшид мөн бууралт ажиглагдлаа. Зэсийн ханш оны эхэнд 6200 ам.доллар байсан бол 5900 орчимд буурлаа. Коронавирусний тархалт хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй. Хятадын эдийн засгийн зөвхөн нэгдүгээр улирлын алдагдал ДНБ-ний 2 хувьтай тэнцэнэ гэсэн тооцооллыг Японы санхүүгийн үйлчилгээний Номура групп хийсэн байна.

-Халдварт өвчний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолоход арай эрт байна уу?

-Эдийн засагт үзүүлэх нөлөө халдварт өвчний тархалт хэдий хугацаанд үргэлжлэхээс хамаарна. Одоогоор эхний улирлын эдийн засгийн хохирлыг л таамаглаж байна. Халдварт өвчин эхний хагас жил үргэлжилнэ гэвэл маш том алдагдал хүлээх нь тодорхой. Ирэх 4 дүгээр сард Вашингтон хотноо ОУВС, Дэлхийн банкны уулзалтаар Дэлхийн эдийн засгийн шинэчилсэн тоймыг танилцуулна. Саяхан Давосын форумаар дэлхийн эдийн засгийн тоймыг танилцуулсан. АНУ, Хятадын худалдааны 1-р шатны хэлэлцээрт гарын үсэг зурсан зэрэг нааштай шинж тэмдгээр дэлхийн эдийн засгийн өсөлт 3.4 хувь, ирэх жил 3.5 хувь байна гэж тооцоолж байгаа бол ирэх саруудад буурах нөхцөл үүслээ.

-Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт ордог томоохон эдийн засаг ч сүүлийн жилүүдэд багагүй сорилттой тулгарсан. Шинэ халдварт өвчнөөс үүдэлтэй хохирлыг даван туулах хэр чадвартай вэ?

-Хятад улс ДНБ, алтны нөөц зэрэг олон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Өмнө гарсан халдварт өвчний хохирлыг даван туулсан байдлаас харахад ч тэр чадвартай эдийн засаг. Түүхий эдээс хамааралтай жижиг улсад халдварт өвчин гарвал хэцүү. Хятад улс илүү хэрэгцээгээ гаднаас авдгаас биш бүх түүхий эд өөрсдөд нь бий. Халдвар багатай мужуудад үйлдвэрлэл хэвийн үргэлжлэх учир эдийн засгийн хохирол бага байх талтай. Тус улс 10-аад хоногийн өмнө шинэ коронавирустэй тэмцэхэд 1.6 тэрбум ам.доллар зарцуулж байгаагаа мэдэгдсэн. Энэ зардлыг ямар ч асуудалгүй гаргаж байна. Зөвхөн АНУ-тай хийж буй худалдааны тэнцэл нь 2019 онд 380 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Худалдааны тэнцэл нь ашигтай, төсөв нь мэдээж ашигтай, ийм улс онцгой нөхцөлд гаргах хөрөнгийн эх үүсвэрийн чадамжтай.

-Хятадын тээврийн салбарын хязгаарлалттай холбоотой дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байна. Энэ нь нефть импортлогч манай улсад ашигтай. Гэвч үүнийг дагаад манай экспортын голлох бүтээгдэхүүн зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ мөн буурч байна. Энэ манайд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Үүнийг ярихын тулд 2020 оны төсвийг ярих хэрэгтэй. Харамсалтай нь 2020 оны төсөв бидний боломжоос давсан төсөв болсныг судлаачид хэлж байгаа. 11 их наяд гаруй төгрөгийн орлоготой, 13.8 их наяадын зарлагатай энэ оны төсөв маань хийтэй, алдагдал ихтэй байна. 2019 оны төсвийн орлого төлөвлөгөөний хувьд биелсэн. Гэхдээ тоо хэмжээний хувьд биш зөвхөн үнийн өсөлтийн ачаар биелсэн.

Жишээлбэл, 2019 онд 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн боловч 37 сая тонныг л экспортолсон. Өөрөөр хэлбэл 5 сая тонн нүүрс дутуу экспортолсон алдагдлаа үнийн өсөлтөөр арай чүү нөхсөн. Гэтэл 2020 онд дахиад л 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсөвт суусан нь боломжгүй тоо. Манай улсын экспортын 90 хувийг ганц улсаас хамааралтай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.

Халдварт өвчин гарсан энэ үед ганцхан экспортлогч улсын маань үйл ажиллагаа тасалдлаа. Сайнаар бодоход бидэнд экспорт хийх 330-340 хоног үлдэж байна. Дэлхийн зах зээл дээр бүх түүхий эдийн үнэ буурлаа. Тэгэхээр бид тоо хэмжээн дээр ч, үнэ ханш дээр ч алдагдал хүлээхээр болж байгаа юм. Энэ эрсдэлийг бууруулах нэг боломж нь төсөвт тодотгол хийх.

Амжвал УИХ-ын хаврын чуулганаар, амжихгүй бол сонгуулийн дараа шинээр бүрдсэн парламентын хамгийн эхэнд хийх ажил энэ байх ёстой.

-Төсвийн зардлыг танах хэрэгтэй болох уу?

-Коронавирусний өвчлөлгүй байлаа гэж бодоход л бодит орлого маань 10 их наяд төгрөг. Халдварт өвчинтэй холбоотой нэгдүгээр улиралд нэг их наядын орлого тасалдаж магадгүй. Төсвөө эрүүл байлгая гэвэл орлогоо 2 их наядаар, зарлагаа 2 их наядаар хасах ёстой. Өөрөөр хэлбэл 2 их наяадын төсвийн алдагдлаа хадгалж, 9 их наядын орлоготой, чадвал  10, чадахгүй бол 11 их наядын зарлагатай байвал энэ харьцангуй эрүүл төсөв болно.

Одоо батлагдсан 2020 оны төсвийн тухай хуульд 13 их наядын зарлага тусгасан байгаа учир Сангийн яам энэ хэмжээгээр зарцуулалт хийнэ. Бодит орлого оны эцэст гүйцэхгүй байвал алдагдал улам нэмэгдэнэ гэсэн үг. Иймд юуг санхүүжүүлж, юуг санхүүжүүлэхгүй байхыг дахин нэг эргэж харах хэрэгтэй.

Жишээлбэл ЗТХЯ-д олон хөрөнгө оруулалтын төслүүд тусгагдсан байгаа. Яам тендерээ зарлана, ажил нь эхэлнэ Сангийн яам хуулийн дагуу санхүүжилтийг нь өгнө. Гэтэл оны эцэст төсвийн орлого гүйцэхгүй бол нөгөө эхэлсэн ажил царцана. Ийм алдагдал хүлээх боломжтой ажлуудаа анхнаас нь эхлүүлэхгүй байсан нь дээр.

-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж байна. Нөөцөд хангалттай хөрөнгө бий юу?

-Засгийн газрын тухай хуульд Засгийн газар нөөц сантай байна гэж заасан байдаг. Ган, зуд, ой хээрийн түймэр зэрэг тодорхойгүй буюу төлөвлөх боломжгүй зардлуудыг энэхүү нөөцөөс гаргадаг бөгөөд Ерөнхий сайдын багцад тусгаж өгдөг. Энэ бүх нөхцөлд зарцуулах хөрөнгө төлөвлөгөөгүй нэг том дүн дотор явж байна. Хавар өвөлжилт хүндэрлээ гэхэд нөөцийн хөрөнгө зудад яваад дуусах жишээтэй. Засгийн газрын нөөцөд 1-2 их наяд төгрөг л байдаг. Тэр нь 5, 6 дугаар сард дууссан байх тохиолдол цөөнгүй.

Манай улсад шүлхий, бруцеллёз, тарваган тахал зэрэг малын гаралтай өвчин цөөнгүй гардаг. Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ-ийн сайдын төсөвт зөвхөн эрүүл ахуй, мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааны зардал багтдаг. Жишээлбэл, баруун аймагт халдварт өвчин гарлаа гэхэд хөл хорио тогтоож, өвчилсөн хүмүүсийг эмчлэх зардал төсөвт байхгүй. Энэ зардлыг тухайн үеийн Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдсээр ирсэн. Шинэ коронавирусний хувьд дэлхийн олон улсад гарсан халдварт өвчин учир ДЭМБ, ОУ-ын байгууллагаас туслалцаа авах боломжтой. Малын өвчин их гардаг учир бид Мал эмнэлгийн хүрээлэндээ анхаарал хандуулсаар ирсэн. Харин одоо хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд судлал, лаборатори гурвыг уялдуулж зоонозын өвчнийг тусад нь судалдаг болбол эрсдэлийг тооцох боломжтой болно.

-Хөл хорио тогтоосонтой холбоотой иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцөлж хомсдол үүсэх, түүнээс улбаалаад үнэ өсөж болзошгүй байна. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Өнгөрснөөсөө суралцах хэрэгтэй. Бид анх удаа халдварт өвчинтэй нүүр тулаагүй. Улсын онцгой комисс хөл хорио тогтоосон нь зөв. Гэхдээ бэлтгэлээ хангах хэрэгтэй. Ийм үед иргэд хамгийн түрүүнд амны хаалтын эрэлд гарна. ЭМЯ үүнийг тооцоолчихоод амны хаалт хэрэглэхийг зөвлөх ёстой.

Онц байдлын үед зохион байгуулалт, төлөвлөгөө хамгийн чухал байдаг. Жишээлбэл хүнсний зах, урд хил, цаашлаад хойд хилийн боомтуудыг хаахаар болбол иргэдийг хүнс тэжээлээр хэрхэн хангахыг эртнээс тооцоолсон байх ёстой.

Харамсалтай нь энэ удаа мэргэжлийн олон байгууллагууд алдаа гаргаж байна. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ хоёр өдөр хуралдаад халдварт өвчний эрсдэл бага гэж үнэлсэн боловч өнөөдөр дэлхий дахинд онц байдал зарлалаа. Ухань хотын захиргаа 11 сая хүнтэй хотыг бүхэлд нь хаах хэцүү байсан гэсэн тайлбар тавьж байна. Цаг тухайд нь арга хэмжээ аваагүйн хохирлыг дэлхий нийтээр төлж байна. Манай ЭМЯ мэдээллээ нягтлаагүй улмаас Австралид очсон монгол хүнээс коронавирус илэрсэн талаар мэдэгдэлдээ залруулга хийсэн гэх мэт алдаа дутагдал гарлаа.

Л.Нандинцэцэг /montsame.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.218.60)
    эдийн засгын нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 47 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 1 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 18 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 1 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 11 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top