Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн багш, дэд профессор, хурандаа Б.Галдаатай ярилцлаа.
-Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш зургаан жил гаруйн хугацаа өнгөрлөө. Таныг ажлаа өгснөөс жил гаруйн дараа л татан буулгачихсан?
-Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 2002 онд байгуулж байсан. Тэр үед энэ алба байгуулагдах шаардлага миний ойлгосноор, хүмүүсийн хэлдгээр нийгмийн захиалга гэж үздэг.
Учир нь хуулийн байгууллагуудын ажилтнуудын үйлдсэн хэрэг урагшилдаггүй. Гомдол гаргадаг, шийдэгдэхгүй байна. Тийм учраас энэ асуудал дээр тусгайлсан байгууллага байх шаардлагатай гэдэг хандлага нийгмийн сэтгэл зүйд байсан. Алба маань цулгай цагаан хөрсөн дээр байгуулагдсан.
Өөрийн гэсэн байргүй, арав таван төгрөгийн төсөвгүй, хүний нөөцгүй. Энэ алба тусгай субъект буюу цагдаа, тагнуулын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудын хэргийг тусгайлж шалгадаг биеэ даасан, харьцангуй хараат бус ажилладаг.
Захиргаа, санхүү аж ахуйн хувьд ч биеэ дааж хуульчлагдсан учраас нөгөө газруудаас төдийлөн дарамт шахалт хамаарал харьцангуй бага байлаа. Эрх зүйн орчин нь ч бас аятайхан бүрдсэн учраас үйл ажиллагаа явуулах боломжид нөлөөлсөн байх. Анх 24 мөрдөн байцаагч, дарга, дэд дарга, жолооч, бичээч гэсэн орон тоотой байв.
Эхний хоёр жил орчим хугацаанд яана даа, яагаад энд ирэв гэж шантрах үе байсан. Манай залуус ч тийм нөхцөл дунд явсан. Хэдий тийм ч тал, талаас хичээсэн дээ. Сэтгэл зүтгэлтэй, мэргэжилдээ хайртай дуртай хүмүүс юмыг босгодог. Залуучуудын хүчээр энэ алба гурав дахь жилээсээ танигдаж эхэлсэн дээ. Тэр эрчээрээ ч явсан.
Нэг тоо баримт дурдахад, Мөрдөн байцаах алба миний ажилласан 10 жил нэг сарын хугацаанд 6,000 орчим гэмт хэргийн шинжтэй гомдол авч шалгасан байдаг юм. 2,900 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийсэн байдаг. Энэ бол бага тоо биш.
Алба байгуулагдахаас өмнөх зургаан жилийн хугацаанд тусгай субъекттэй холбоотой 120 хэрэг бүртгэлт л хийгдсэн байдаг юм билээ. Ажил эхлээд хөл, гараа олж гадна дотны дэмжлэг туслалцаа ч авч эхэлсэн. 2013 оны нэгдүгээр сард намайг ажлаа өгөхөд өөрийн гэсэн байр, унаатай, техник хангамж, мөрдөн байцаагчийн тоноглосон өрөөтэй, АНУ-аас эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй байсан.
-Албыг татан буулгасан тухайд ямар саналтай явдаг вэ. Танай залуус хэрхэн хүлээж авав?
-Гэнэт 2014 оны нэгдүгээр сард 24-нд УИХ-ын тогтоолоор татан буугдаж, АТГ-т орон тоо, төсөв хөрөнгө, техник хэрэгсэл нь шилжсэн. Тогтоол гарахад манай залуус над руу залгаад “Дарга аа, манай алба татан буугдчихлаа. Юу болчихов оо” гээд л ярилаа. Татан буулгах нэрээр хаалга үүдийг нь битүүмжилж хамгаалаад сүйд болсон байдаг.
Би ч багагүй шоконд орсон. “Нэг л том асуудал гарч дээ. Түүнээс биш үйл ажиллагаа нь жигдэрч эрийн цээнд хүрч явсан албыг гэнэт нэг өдрийн хагаст шийдчихдэг ямар учиртай билээ" гэж бодсон. Тийм ч учраас залуустаа “Та нар элдэв гай тарьсан юм биш биз дээ” бас гэж болгоомжилсон.
Тэд “Үгүй дарга аа, бид ажлаа хийж байхад гэнэт ийм шийдвэр гарлаа” гэсэн. Миний үед албыг татан буулгачихгүй яав даа гэж үнэхээр эмзэглэдэг.
Манай хуулийн байгууллагынхан бүгд ариун сайхан улс биш шүү дээ. Болгоомжгүйгээр муу юманд холбогдож, санаандгүй аваар осол гаргана. Цаанадаж санаатай үйлддэг хэрэг байна.
Бас эрх мэдэл, албан тушаал дагасан хууль бус бусармаг явдал дагалддаг. Нийгмийн харилцаа явагдаж хүн ажиллаж амьдарч байгаа нөхцөлд сайн муу юм аль, аль нь дагалддаг. Татан буугдсан учир шалтгааныг одоо хүртэл би ойлгодоггүй.
-Улс төрийн нөлөө л байсан шүү дээ?
-Би ч тэгж боддог. Энэ албыг байх ёстой гэж үздэг хэсэг байхад байлгах шаардлагагүй гэсэн амбицаар хөдөлдөг байгууллага байсныг ч үгүйсгэхгүй. Ер нь тусгай субъектийнхнийг шалгадаг газарт нэг их дуртай байдаггүй. Дэндүү богино хугацаанд шийдэлгүйгээр татан буугдсан. Тэр үед Ерөнхий прокурор ч үүнийг мэдээгүй байдаг. Их л цочмог богино хугацаанд шийдсэн юм юм билээ.
-Өнөөдөр харахад энэ алхам хэр зөв байсан гэж та харж байна?
-Энэ алхмыг зөвтгөхгүй. Аль ч талаасаа. Үнэхээр Мөрдөн байцаах албаныхан доголдол гаргасан бол аргагүй. Тэнд байсан хүмүүс хууль зөрчиж, хүмүүсийг хилсдүүлсэн бол хэн эмзэглэх вэ. Гэтэл ажлаа хийгээд явж байхад гэнэт алга болно гэдэгт цаанаа зорилго байна.
Магадгүй өнөөдөр энэ алба байсан бол өдийд бухимдал үүсгээд байгаа шүүгч, прокурор, цагдаа, тагнуултай холбоотой, зарим нь бүр өнөөдөр олон улсад анхаарал татаад байх асуудал гарах байсан уу. Магадгүй тодорхой хэмжээнд бүгдийг хааж чадахгүй ч үр дүн гаргахуйц үйл ажиллагаа явуулж байсан байх болов уу.
-Та нэг удаа улс төрийн зорилгоор татан буугдсан бол сүүлд нь аюултай тэсрэлтийг үүсгэж магадгүй гэж байсан удаатай. Магадгүй тэр тэсрэлт өнөөдрийн өнгө аяс биш үү?
-Байж болох юм. Тийм зүйл харагдах гэж байна. Яалт ч үгүй энэ албаны хэрэгцээ шаардлага одоо ч байх ёстой гэж горьдож явдаг хүний нэг. Горьдох байтугай заримдаа илэн далангүй хэлдэг.
-Таныг Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг удирдаж байх үед тусгай субъектийн албанхыхан ихээхэн нээлттэй. Ерөнхий прокурор Н.Алтанхуяг, та ч тэр нийгмийн анхаарал татсан хэргийн талаар илэн далангүй мэдээлэл өгдөг байсан. Харин өнөөдөр бол прокурорын албаныхан гэж нууц ноёнтнууд, ихэмсэг зантнууд болсон юм шиг харагдах боллоо. Танд тэгж ажиглагддаг уу?
-Хэвлэл мэдээлэл, иргэн хэн ч гэсэн төрийн байгууллагаас мэдээлэл авах эрх нь бий. Нөгөө тал нь мэдээлэл өгөхөөр хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэхдээ надад прокурорын байгууллагын мэдээлэл хаалттай байна гэхэд сонин сонсогдож байна. Ямар мэдээллийг нууцлах вэ гэдэг асуудал хуулиар зохицуулагдсан.
Төрийн нууц, хувь хүний нууцтай холбоотой асуудал, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанаас дотроос нь асуудал хөндсөн зүйлийг илэн далангүй ярих боломжгүй. Харин хэргийн явц байдал ямар байна вэ, ямар хандлагатай байна, юу нөлөөлөөд байна, үйл ажиллагаанд учраад байгаа бэрхшээл, даван туулах арга зам нээлттэй байхаас өөр арга байхгүй.
Нээлттэй байх тусмаа тэр байгууллагын үйл ажиллагаа, ганц прокурор биш аль ч байгууллагад болж байгаа үйл явдлыг олон түмэн мэдэрч, тэр хэмжээгээр олны хяналт хараа.хардлага сэрдлэгийн учир шалтгаан тайлагдаж байдаг.
-ATГ, цагдаагийн мөрдөгчид урт хугацаанд хэргийг мөрдөж шалгаад тогтоогоод прокурорт шилжүүлдэг. Сүүлийн үеийн хэргүүд бол прокурор, шүүх дээр сураг алдардаг байдал бий болчихлоо. Яагаад манайд ийм байдал бий болчихов оо?
-Ямар ч ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Гэхдээ чухам юунаас болж удаж, бэрхшээл учраад байна вэ, хүмүүсийн хүссэн хэмжээнд шийдэл яагаад гарахгүй байна вэ гэдэг дээр асуудал төвлөрч байгаа нь аргагүй.
Манай хуулийн байгууллагад өөрийнхөө бурууг хүлээхээс илүү бусдад буруугаа чихэж, тэндээс болж гацаанд орчихлоо гэж бие бие рүүгээ түлхэлцдэг хандлага бий. Үнэхээр прокурор дээр хэрэг очоод мөрдөн байцаалтын ажиллагаанд хэргийн мөрдөн байцаалтыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байвал буцааж дахиж шийдэхээс аргагүй. Тэр шийдлийг шалгаад гэм буруутай болохыг тогтоох нотлох баримтыг цуглуулж чадаагүй бол эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгоно.
Гэтэл энд ялгамжтай хандаж байгаа зүйл харагдаад байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнууд, цагаан захтнуудын хэрэг гэх мэт нэлээд дуулиантай хэрэг ингэж үйлдэгдлээ, хорьж цагдлаа гээд нийгэмд сенсааци болсон хэрэг яаж шийдэгдэж байгааг би хүртэл гайхаж байна.
Ямар шатандаа очоод гацаад байна вэ. Хэдэн жил болж байгаа хэрэг вэ, ингэсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа нь юу болчихов. 300, 400 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа л гэнэ. Тэр дотор цагаан захтнуудын хэчнээн хэрэг орчихов. Нэг ёсондоо хуулийн хийдлийг ашиглаад хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд сууж байгаа хэргүүд байна.
-Гэтэл өнөөдөр манайд нэг үзэгдэл бий болчихсон байна. Ерөнхий прокурор байсан хүн цагдан хоригдож хэрэгт татагддаг, шүүгч нар олноороо эрхээ түдгэлзүүлж, гавьяат шүүгч авлигын хэрэгт холбогдож амиа хорлодог. Хамгийн сүүлд гэхэд цагдаагийн хурандаа нар авлигын хэргээр шалгуулж эхлээд байна?
-Энэ чинь тогоон дотор яваа хүмүүсийн хамгийн сэтгэл өвтгөсөн асуудал болчихоод байна. Тэр дундаа арай ч дээ гэж халагламаар нөхцөл байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр харагдаж байна. Би уг нь үүн дээр болгоомжтой хандахыг хичээдэг хүн.
Хэвлэл дээр гарсан болгон буруутан болчихдоггүй. Тэр нөхцөл байдлыг тогтоох үйл явц нь жинхэнэ ёсоороо хэрэгжээд, эцэст нь хүн хэрэгт сэжиглэгдээд шалгагдах нь буруу юм байхгүй.
Гэтэл нэр гараад байгаа хүмүүс дуугүй яваад байгаад байна гэдэг цаанаа "но"-той зүйл байна уу гэж хувь хүний хувьд харагдаад байна. Энэ бол хувь хүний нэр хүндийн асуудал. Хурандаа нь байна уу, Ерөнхий прокурор нь байна уу, шүүгч нь байна уу тэдний бүх хуулийн байгууллагын нэр хүнд айхавтар хөндөгдөж байгаа юм.
Буруутай юм бол бурууг нь тогтоож, ял шийтгэлийг нь өгөөд шуурхайлах хэрэгтэй. Ингэж байж шударга ёс, хууль ёс хэрэгжинэ. Үнэндээ нийгэм цэвэршүүлэх гол хүчин хуулийн байгууллага өөрөө. Өнөөдөр хуулийн байгууллагууд өөрсдөө үйл ажиллагаандаа дүгнэлт хийх шаардлагатай болжээ. Үнэхээр хуулийн байгууллагын нэр хүнд салам гэж хэлж болохоор уначихаад байна.
-Бас нэг эргэлзээтэй зүйл тусгай субъектүүдийн хэргийг манайхан өөрсдөө дотроо шалгадаг тогтолцоо. Нэг өрөөнд зэрэгцээд сууж байсан, магадгүй нэг албаны хүмүүс хэрэгт холбогдоход түүнийг нөгөө албан тушаалтан нь үнэн зөвөөр шалгана гэдэг эргэлзээтэй?
-Их эргэлзээтэй. Нөхцөл байдал нь өөрөө хүмүүсийн эргэлзээг төрүүлээд байгаа юм. Магадгүй зэрэгцэж суусан ч, өөр өрөө тасалгаанд суусан ч сэтгэлээсээ зөв шалгаад явбал түүнийг хааж хязгаарласан юм алга. Гэхдээ тэгж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тийм учраас үүнийг бусдаас хараат, арай нөлөөнд автчихгүй, орчин нөхцөл, орон зайд ажилладаг хүмүүс шалгах нь зайлшгүй юм. Нөгөө талаас хэргийн оролцогчдын хүч оролцоог идэвхжүүлэх ёстой.
Ялангуяа өмгөөлөгчид, сэжигтэн яллагдагч, гэрч, хохирогчдын итгэмжлэгдсэн хүмүүс. Тэнд буруу зөрүү асуудал гарч байгаа бол шалгуулах боломж хуулиар нээлттэй. Ерөөсөө хөндөгдөхгүй байгаагаас хэрэг даамжрах буруу талаас асуудал үүсэх нөхцөлийн нэг хөрс болоод байгаа юм.
Жишээ нь, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүгдсэн гэх хүмүүс бүгд өмгөөлөгчтэй. Тэр өмгөөлөгчид тэр асуудлыг тухайн үед нь гаргаж ярих ёстой байсан. Ер нь үүн дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын хяналт чухал байдаг.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй. Энэ хэргийг гүйцэтгэсэн гэх гурван хүнийг Монголын шүүхийн бүх шатанд буруутай гэж үзээд ял оноосон. Тэр бүрт прокурорууд хянаж байсан. Харин өнөөдөр тэд хэлмэгдсэн гэдэг асуудал яригдаад байгаа. Тэд хэлмэгдсэн гэж үзвэл Монголын шүүх, прокурорын үйл ажиллагаа юу болох вэ?
-Энэ хэрэг бол одоогийн байдлаар бол С.Зоригийг хөнөөсөн алуурчныг илрүүлээд тэр хүмүүс нь гурван шатны шүүхээр хянагдаад гэм буруутай гээд ял өгчихсөн болж харагдаад байна. Гэтэл үүнийг дагасан асар их асуудал бий. Хууль бусаар эрүүдэн шүүсэн, түүнээс үүдэж зохиомол хэрэг бий болж, түүнээс нь энэ хүмүүс гэм буруугүй мөртлөө ял авчихаад цаана нь алуурчид, захиалагчид нь юу болж байгаа юм бэ гэдэг асуудал.
Уг нь энэ хэрэг анх гарахад миний мэдэхээр их тодорхой үйл баримттай, нотолгоотой байж болохуйц хэрэг байсан. Гэтэл өчнөөн хугацаа өнгөрч байхад ар талд нь гараагүй байна гэдэг манай хуулийн байгууллагын урагшгүй ажиллагааны тод жишээ.
"Бид жилдээ зөвхөн эрүүдэн шүүлттэй холбоотой 200 гаруй гомдол хүлээн авч 20 гаруй хэрэг үүсгэж байсан тохиолдол бий"
Харин ч энэ хэргийг илрүүлсэн нэр болж бусармаг юм хийж байгаа бол бүр тэрнээс долоон дор юм болно. Гурван шатны шүүх хуралд прокурорууд оролцсон, мөрдөн шалгалтын ажиллагаанд прокурорууд хяналт тавьсан. Гэхдээ үүн дээр прокуроруудаа хамгаалах үүднээс биш хууль зүйн үүднээс нэг зүйл хэлмээр байна. Жишээ нь, эрүүдэн шүүлт хэрэглэсэн гэж байгаа.
Тэр бусармаг зүйлийг яг хяналт тавьж байгаа прокурор мэдэхгүй. Анхан шат, давах шат, хянах шатаар, прокурорт яллах дүгнэлтээр ирэхэд эд мөрийн баримт дотор тэр бичлэг байсан уу гэдэг эргэлзээтэй. Түүнийг авч үлдчихээд хэрэг хүлээж байгаа мэдүүлгүүдийг хийчихсэн байх юм бол тэр хүмүүст бас гэм буруутай гэж үзэхэд хэцүү.
Гэхдээ хяналт тавьдаг чиг үүрэг, хэргийг бүх талаас нь нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргадаг хүнийхээ хувьд тэр ажиллагаанд оролцсон, оролцоогүй ч хяналтын чиг үүрэгтээ хариуцлагагүй хандсан үр дагаврууд гарахыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь авч үзэх ёстой. Гэхдээ энэ хэрэг бол яалт ч үгүй Монголд байхгүй юмыг бий болгочихлоо.
Тэр нь эрүүдэн шүүлт. Энд хэлэхэд эрүүдэн шүүлтийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албатай холбож ярих ёстой.
-Мэдээж тийм байх?
-Энэ албаны нэг чухал чиг үүрэг бол эрүүдэн шүүлтийн асуудал байсан. Бид жилдээ зөвхөн эрүүдэн шүүлттэй холбоотой 200 гаруй гомдол хүлээн авч 20 гаруй хэрэг үүсгэж байсан тохиолдол бий.
Шүүх рүү шилжүүлж, Үндэсний телевизээр хэлэлцүүлэг хүртэл өрнүүлж байсан. Хуулийн байгууллагынхны зарим хүмүүс эрүүдэн шүүлт Монголд байхгүй гэж ярьдаг юм. Гэхдээ байгаа юмыг үгүйсгэх аргагүй. Харин байгаагаа яаж засаж, алга болгох вэ, хүмүүсээ яаж өртүүлэхгүй байх вэ гэдэг талаас нь ажиллахын оронд үүнийг зөвтгөдөг хандлага одоо ч бас байгаа.
Манай зарим байгууллагын хүмүүсийн сэтгэлгээнд Вишневскийн онолын үзэл баримтлал болох өөрөөр нь хэрэг хүлээлгэх хандлага байсаар байгаа. Үүнийг таслан зогсоох ёстой.
Магадгүй Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байсан бол ийм хэрэг гарах байсан уу гэж боддог. Магадгүй алба байсан бол Олон улсын парламент, НҮБ танайд эрүүдэн шүүлт байна, нийгмийн зүтгэлтнийхээ амийг хөнөөсөн хэрэг дээр хэрэглэсэн гэж олон улсад нэр хүндээ алдах уу. Үүнээс сэрэмжлэх болгоомжлох гэж энэ алба байх шаардлагатай байсан.
Одоо сэргээж тогтоох манаачтай болгох хэрэгтэй. Хуулийн байгууллага ч аль аль талаас нь авч үздэг манаачийг сэргээхгүй бол цагдааг АТГ, АТГ-ыг тагнуул, тагнуулыг цагдаа сэлгэх маягтай шалгаж байна. Энэ нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна.
Нэг судалгааг сонирхож үзсэн. Эрүү шүүлттэй холбоотой хэрэг хуулийнханд хэр байна вэ гэж. Хуучны нөгөө хэргүүд одоо бол 10 дахин буурсан байна лээ. Манай хуулийн байгууллагууд хэрэг зөрчил гаргахаа больсон юм байна гэж ойлгосон.
-Үнэн үү?
-Би үүнийг егөөдөж хэлж байгаа юм. Цаана чинь ийм хэрэг байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн хэргийн талаар мэдээлэл тавихад олон арван хүн мэдээлэл бариад хүрч ирнэ. Харин тэд хуулийнханд бол хандахгүй. Хандаад ч нэмэр байхгүй.
Чирэгдэлтэй, эцэст нь юу ч биш болж, таны хэргийг татгалзлаа, эсвэл хэрэгсэхгүй болголоо гэдэг. Ийм нөхцөл байдал энэ бүхэнд нөлөөлөөд байгаа юм. Харин шинэ хуулиар эрүүдэн шүүлттэй холбоотой хэргийн үзэл баримтлал олон улсын конвенцийн үзэл баримтлалтай нийцүүлсэнд талархаж байгаа.
Хуучин бол зөвхөн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хоёр л эрүүдэн шүүдэг юм шиг, бусад төрийн байгууллагын ажилтнууд хамаардаггүй байсан. Энэ чинь маш уршигтай үйл явц. Одоо харин эрүүдэн шүүлтийг төрийн албан хаагчид хэрэглэсэн бол... гэж шалгадаг болсон.
-Танай алба ажиллаж байх үедээ шалгаж байсан дуулиантай хэргүүд бий. Тэр дундаас 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг дээр яаж ажиллаж байв даа?
-Манай залуусыг хамгийн их зүдрээж зовоосон, сайн муу нэртэй ар талд нь гарсан хэрэг бол яах аргагүй 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг. Тэр хэрэг дээр цагдаагийн даргаас эхлээд газрын дарга нар гээд олон хүн шалгагдсан. Энэ хэргийг шалгах үед манай албаныхан 24 цагаар барьцаанд орж байсан түүхтэй.
Манайхан шүүхээс зөвшөөрөл авчихсан байхад цагдаа нар хурандаагаа авч үлдэхийн тулд шөнөжин хорьж байсан түүхтэй. Үүнээс илүү зовлон гэж юу байх вэ. Хүчтэй л байдаг юм билээ. Гэхдээ тэрнээс манайхан хашраагүй. Хууль бусаар ажиллагааг нь саатуулж бэрхшээл учруулах гэдэг хамгийн ноцтой.
Өдрийн сонин