Монгол улсын "Түмэн торго" ХХК "Монгол бичгэн хээтэй торгоны загвар"-аа БНХАУ-ын Оюуны өмчийн газар бүртгүүллээ. Ингэснээр Монголын бүтээгдэхүүн урд хөршийн зах зээлд оюуны өмчийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болж байна.
"Түмэн торго" ХХК "Монгол бичгэн хээтэй торгоны загвар"-аа БНХАУ дахь МҮХАҮТ-ын харилцагч хуулийн фирмээр дамжуулан тус улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна. "Түмэн торго" ХХК-ийн захирал Б.Очирням бүртгүүлсэн патентаа энэ сарын 22-ны өдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинээс гардаж авлаа.
Тус компани оюуны өмчөө бүртгүүлснээр Хятадын зах зээлд оюуны өмчийн эрхээ хэрэгжүүлэх, өмчийн эрх алдагдсан тохиолдолд гомдол гаргах, үйлдвэрлэлийг зогсоолгох, нөхөн төлбөр нэхэмжлэх онцгой эрх баталгаажсан анхны монгол үйлдвэрлэгч болж байна.
"Патент авснаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дуураймал, хуурамч бүтээгдэхүүн худалдахаас сэргийлэх, ийм зөрчил илэрвэл зогсоох эрх нээгддэг бөгөөд патенттай бүтээгдэхүүнийг бусдад төлбөртэй ашиглуулах, патентаа барьцаалж зээл авах гэхчлэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог"
Тус компани 2017 онд МҮХАҮТ-аар итгэмжлүүлж, "Зохиомжит хэвлэмэл хээтэй торгоны загвар"-ын патентаа манай улсын Оюуны өмчийн газраас авч байсан юм.