x

Д.Оюунчимэг: Битон сав авлаа гээд саналаа өгөхгүй ээ, нэр дэвшигч өөрөө хууртаж байна гэсэн үг

Д.Оюунчимэг: Ард түмэн сөрөг хүчинд хайртай гэсэн үг байдаг, гэхдээ...

МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн ахлах багш, улс төр судлаач Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Улс төр судлаачийн хувьд сонгогчид өөрчлөгдөж байгааг хэр анзаардаг вэ. Эсвэл бэлгэнд дуртай, саналаа худалддаг тэр хэсэг нь хэвээрээ байгаа болов уу?

-Хүнээс битон сав авлаа гээд саналаа өгөхгүй ээ. Ямар ч сонголтгүй хүнд энэ мэт нь нөлөөлж болох юм. Гэхдээ энэ бол сонгогчдын нэг хувьд ч хүрэхгүй. Хүнтэй 20 мянган цаас барьж золгоход хууртана гэж бодож байгаа бол нэр дэвшигч өөрөө хууртаж байна гэсэн үг. Ойр зуурын бэлэг сэлт юунд хэрэг болж байна гэхээр ер нь танай тойрогт ийм хүн байгаа шүү гэдгийг мартуулахгүй л гэж дурсгалын л юм өгч байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш битон байтугай бодит жишээ байдаг шүү дээ. “Багш минь, ёстой аймаар юм билээ. Таван ханатай гэр өгөөд байхад саналаа өгдөггүй юм байна” гэж байсан. "Пи ар" гэдэг бол ямар нэг борлогдохгүй барааг борлуулах асуудал ерөөсөө биш. Хандлагыг өөрчлөх ёстой шүү дээ. Сонгууль гэдэг хэн нэг хүнийг ажилтай төрөлтэй болгодог ч юм уу аль нэг намыг юманд хүргэх гээд байгаа юм биш. Бид амьдралаа л сонгож байгаа юм.

-“Манайхан мөнгө өгсөн хүнийг л сонгодог. Намуудын мөрийн хөтөлбөр энэ тэрийг ч анзаардаггүй” гэж зарим улс төрч гомдоллодог?

-Байнга тэгж хардаж байдаг. Гэхдээ бэлэг, мөнгө өгчихөөр л гарчихна гэж горьдвол ёстой худлаа. 1996 он, 2004 онд бол юм гуйдаг. “Таны өрсөлдөгч эмнэлэгт машин өгнө” гэсэн. “Та сургуульд компьютер өгөх үү“ гэж гуйдаг. “Манай сургуулийн дээврийг засч өгөх үү” гэж асуудаг байсан шүү дээ. Одоо бол больсон шүү. Парламентын гишүүн хууль тогтоодог гэдгийг аль хэдийнэ ойлгодог болсон. Сэтгүүлчид маань нийгэм шуугьсан юм болгоныг дагаад нохой шуугиад давхихаар араас нь дагаад давхидаг нохой шиг байж болохгүй. Нийгмийнхээ толгойд явах ёстой. Нэг телевизээр “Таны сонгосон төрийн түшээ” гэсэн нэвтрүүлэг явдаг.

Өдөр болгон нэг нэгээр нь гаргаад “цаазын тавцан” дээр аваачдаг. Тэнд ярьж байгаа юм нь та энэ дөрвөн жилд ямар хууль санаачилсан, таны санаачилсан хуулиар ямар үр дагавар гарсан, юу бүтээгдсэн, ямар сөрөг зүйл байсан, ямар хуулиндаа сэтгэл дүүрэн байдаг, ямрыг нь эргэж хармаар байдаг гэж ажлыг нь ярьдаггүй. Тойрог дээр очсон уу, тойргийнхноо тоосон уу, эргэсэн үү. Цахимаар энэ хүний тухай юу дуртайгаа бич гэхээр дандаа стресстэй, уйдчихсан, хүмүүс нь л орж ирж, 76 гишүүнийг эвгүй байдалд оруулах нэвтрүүлэг л болчхоод байх шиг байна.

-Хүмүүс ирэх сонгуулиар ёс зүйтэй хүн сонгоно л гэж байна. Угаасаа л хүнийг нь харна гэдэг л дээ. Өмнө нь мөнгөтэй хүнд дуртай байсан. Энэ хүн гараад жаахан юм хийчих байх. Төсвөөс мөнгө хумслах гэж чичрэхгүй байх гэж найддаг байсан бол одоо мөнгөтэй хүмүүс бүүр том хулгай хийдэг юм байна гэсэн ойлголт үлдсэн. Одоо бол ёс зүйтэй хүний тухай ярьдаг болж?

-Картны үед өөрийнхөө амьдралыг аваад явчихдаг хүн байвал маньд юм унаж ч магадгүй гэсэн горьдох сэтгэлгээ байсан. Одоо бол ёс зүйн хэм хэмжээ чухал гэдгийг анзаарч байгаа юм. Энэ дэвшил. Гэхдээ бид бодлого сонгож байгаа. Улс орноо яаж авч явах юм. Мөнгө санхүүгийн ямар бодлоготой байх юм. Тэтгэврийн ямар бодлоготой байх юм. Эрүүл мэндийн даатгалын ямар системтэй байх гэдэг бодлого яригдана гэдгийг иргэддээ хэвлэлийнхэн өгөх хэрэгтэй. Иргэд бүгд бодлого, мөрийн хөтөлбөр хардаггүй гэсэн үг биш.

Дэлгүүрт ороод хүн болгон компьютерын нарийн үзүүлэлтүүдийг харж чаддаггүй шүү дээ. Танилцуулгыг нь хардаг. Тэр танилцуулгыг хийнэ гэдэг чинь сайн судлаач, сэтгүүлчид, том нийтлэл бичнэ гэсэн үг. Намуудын мөрийн хөтөлбөрт үнэлгээ хийгээд, байгаа юмыг байгаагаар нь бичнэ. Эдний дэлгүүрийн компьютер дэлбэрнэ гэж бичихгүй. Энэ бол хурд нь тэд, багтаамж нь тэд гэж бичдэг шиг улс төрийн намууд, газар тариалангийн хувьд үүгээрээ ялгаатай байна, мал аж ахуйн бодлогоороо ялгаатай байна гэх мэтээр салбар салбарын мэргэжлийн холбоод, судлаачид сонгуулийн өмнө хэн нэг нэр дэвшигч, намын төлөө биш уншигчдад хандсан бодит нийтлэл гаргаж байвал сонгогчдод маш том буян болно.

-Ирэх сонгуулиар ямар хүмүүс сонгогдож гарч ирэх боломжтой харагдаж байна?

-76 тойрогтой үед гайгүй мэдрэгддэг байсан. Тойрог дээрээ нэг номерын хүн л гарна шүү дээ. Мөнгө, хүрэл медаль байхгүй. Тэр тохиолдолд хийсэн ажилтай, олонд танигдсан, хэн нь хэн бэ гэдэг нь бараг харагддаг. Харин энэ томсгосон тойрог бол хэцүү. Нам дотроо өрсөлдөж болно. Сонгогчид ч бас хуваарилалтын сонголт хийж магадгүй.

-Хуваарилалтын гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Дөрвөн мандаттай тойрог байлаа гэхэд бүгдийг нь нэг намд өгөхгүй ч байж болно гэсэн үг. Би өөрийнхөө намын гурван хүнийг сонгочихъё. Бас сөрөг хүчинтэй байя гээд өөр намд өгчих жишээтэй. Гэх мэтээр бодож хуваарь гаргадаг. Эсвэл дэмжиж байгаа намынхаа хоёр хүнийг сонгочихъё. Нөгөө хоёр нь бол сонин биш байна. Сөрөг хүчний нэг хүнд өгье. Бие даагчид өгье ч гэдэг юм уу тиймэрхүү сонголт хийх сонгогчид 5-10 хувьтай байна. Тэр бас багадахгүй. Сонгуулийн дүн их сонин шүү дээ. Цөөн тооны хөдөлгөөнтэй, хөрвөдөг сонгогчид багагүй нөлөө үзүүлдэг л дээ. 76 тойргийг бол зурж байгаад таамаг дэвшүүлж болдог. Томсгосон тойрогт бол хэцүү. Нам ямар бодлого явуулж байгаа юм. Хоёр том намын тогоон доторх асуудал олон юм шийднэ.

-Өнгөрсөн сонгуулиудыг харахаар эрх баригчдын эсрэг чиглэлд санал өгдөг. Ихэнх сонгогчид төр барьж байгаа хүмүүст гомдсон байдаг. Энэ сэтгэлээрээ сөрөг хүчнийг сонгох магадлал харагддаг?

-Ер нь сонгуулийн үеэр угаасаа тэгдэг. Тэр бол дэлхийн аль ч улсад байдаг. Ерөнхийдөө төр барьсан нам амьдралд байгаа хамаг асуудал, алдаа дутагдлын гол буруутан болж таардаг. “Ард түмэн сөрөг хүчинд хайртай” гэдэг үг байдаг нь тэр л дээ. Гэхдээ үүндээ баясаад, бид сөрөөд байвал биднийг сонгочих юм байна гэж бас болохгүй. Эцсийн эцэст ялгарах хэрэгтэй. Ямар асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бэ?

Түүнээс биш манайх социал демократ үзэлтэй л юм чинь сонгоно гэж үзэл сурталдаа найдах хэрэггүй. Өнөөдөр нийгмийн асуудлыг шийдэх аргачлал нь юу юм. Хаанаас мөнгө олж, яаж шийдэх нь чухал. Төрийн тогтолцоондоо ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Өөр өөрийн онцлогийг эртхэн таниулж байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол яг сонгуулийн хориодхон хоногийн дотор бөмбөгдөөд хүн хүлээж авахгүй. Дөжирч байгаа байхгүй юу. Маш олон төрлийн хөгжим зэрэг нүдээд байвал хүн бүрээ нь хаана дуугараад байгаа юм, содон юмыг хайж эхэлдэг. Тэр дунд явж байгаа гоё хийлийн аялгууг анзаарахгүй.

Уг нь сонгууль гэхэд боловсон хүчний асуудал, бодлогын асуудал нь нэг явбал зөв юм. Та нэг намын газар тариалан эсвэл мал аж ахуйн бодлого хариуцсан хүн байлаа гэхэд 21 аймгаар судалгаа хийлээ, бэлчээрийн ийм асуудал тулгараад байна, фермерийн аж ахуй ийм байна. Малын бүтэц ийм асуудалтай байна. Өвчлөлийг ингэвэл багасгах юм байна. Үүн дээр нь дүгнэлт хийгээд, хүмүүст ямар урам зориг өгч, яаж малчдыг сэргээх юм гэдэг бодлогоо дөрвөн жил ярьчихвал “Энэ хүн хаанаас гараад ирсэн юм”, “Энэ хэн юм”, “Энэ яахаараа сайд болдог юм” гэж хэлэхгүй шүү дээ. Харин ч энэ хүний яриад байсан бэлчээрийн мал аж ахуйн зөв бодлогыг л би дэмжинэ. Энэ хүн чинь тэр намынх юм байна шүү дээ. Тэгвэл би энэ намыг дэмжье гэнэ.

-Хорь гучин жил улс төрд явсан хүмүүс зайлаасай, шинэ хүнийг сонгомоор байна гэсэн хандлага байна. Гэхдээ бодит байдал дээр яг сонголтоо хийхдээ “Хүний хуучин нь, дээлийн шинэ нь” гэх үү эсвэл өөр хүчин зүйл нөлөөлчих үү?

-Хүн хүнд өөр нөлөөлнө. Уйдамхай хэсэг нь “Иддэгээ идсэн хүмүүс болно” гэж болно. Солих ёстой хэсэг байна. Үнэхээр хэрэггүй, ажлаа хийж чадахгүй хүн бол шинэ байна уу, хуучин байна уу сольж болно. Шинэ хүн болгон сайн гэсэн үг биш. Спортын тэмцээн уралдаанд бол залуу хүн хэрэгтэй байх л даа. Улс төрд бол туршлага хэрэгтэй. Гэхдээ хүсэл эрмэлзэл нь залуу байх ёстой. Биологийн нас чухал биш. Асуудалд ул суурьтай хандаж, хуулиа нухаад сууж байдаг хүн л байвал залуу ч байж болно, хөгшин ч байж болно. Эр ч байж болно, эм ч байж болно. Парламентын гишүүн маш хариуцлагатай ажил гэж боддог, хууль, заалт болгоны төлөө зүтгэдэг нөхөр л байх хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш дуулдаг, бүжиглэдэг, ид шид үзүүлдэг, энэ тэрүүгээр явдаг, сайд болох гэж шоу хийж гүйдэг гэдэг сонин биш.

-Эмэгтэйчүүдийн квот нэмэгдүүлэх асуудал сонгуулийн өмнө сөхөгддөг. Үнэхээр эмэгтэйчүүдийг сонгох нөхцөл бүрдсэн үү?

-Манайд ерөнхийдөө эмэгтэйчүүдэд хандах хандлага ширүүн талдаа. Эмэгтэй сайд нарыг бол яаж ийгээд зулгаагаад унагачихдаг. Гэхдээ ер нь дэлхий нийтийн хандлага бараг тийм. Эмэгтэйчүүдэд жаахан халгаатай. Эмэгтэй хүнийг албан тушаалд дэвшүүлэхийн ач холбогдол юу вэ гэсэн чинь унагахад амархан гэсэн үг ч байдаг. Хүссэн хүсээгүй далд ухамсраараа хүйс хараад байна. Нийгмийн ийм сэтгэл зүй байгаа үед квот байж байж л хандлага өөрчлөгдөнө. Гэхдээ заавал эмэгтэй хүн болж төрснийх нь төлөө сонгоно гэсэн үг биш.

-Намуудад итгэх итгэл буураад байна. Дэлхийн бусад оронд ч тийм байгаа юм шиг байна. Алдагдсан итгэлийг сэргээхийн тулд яах ёстой вэ?

-Энгийн юмнаас эхэлж байгаа. Яг намаас юу хүлээж байгаа юм бэ? Нам байшин барихгүй, хоол хийхгүй шүү дээ. Улс төрийн намууд бодлого боловсруулах ёстой. Яаж боловсруулаад байгаа юм бэ. Нэг болохоор 2050 онд ямар байх тухайгаа яриад, нэг бол сонгуулиас тав, зургаан сарын өмнө хэдэн хүн суугаад хөгжлийн бодлого бичдэг. Аль нь ч биш. Өдөр тутам хяналт тавьдаг байх учиртай. Манайд хүүхдийн тоглоом шиг яригдаад байдаг. Сүүдрийн Засгийн газар гээд. Тэр чинь хяналт тавих хэлбэр байхгүй юу. Болж байгааг нь дэмжнэ. Болохгүйг нь засч хэлж өгнө. 35 нам байдаг бол зарим нь өргөс шиг хатгаад, зарим нь шүүмжлээд, зарим нь дэмжээд дуугараад байсан бол төр барьж байгаа намд ч хэрэгтэй. Чимээгүй байснаа сонгуулийн үеэр амилаад гараад ирдэг байж болохгүй л дээ.

-Ингэхэд улстөрчид өөрчлөгдсөн үү?

-Ер нь өөрчлөгдсөн шүү. Анх бие биенийгээ дуурайдаг л байсан. Зарим нь урлагийн хүмүүст түшиглэе гэдэг ч юм уу янз бүр л байсан. Одоо бол өөрийн боломжоо мэдэрдэг. Хаагуур явах вэ, юугаа бэлтгэх вэ хүний санаанд оромгүй жижиг сажиг гэлтгүй хөөрхөн арга сурчихсан. Бөхөөр бол өөрийн гэсэн мэхтэй болсон.

-Мэх гэснээс нэгэн улстөрч жиргээч 20 оны сонгууль бичлэгийн сонгууль болно гэж байсан. Нууц бичлэг задлах моод болох юм байх аа?

-Хүн гол мэдээллээ хараагаараа авдаг. “Нүд үнэн чих худалч” гэдэг. Бичлэг бол эвгүй. Жишээ нь би Л.Эрдэнэчимэгийг сонгуульд унахад харамсч л байсан. Тойрогтоо ч ажилласан, парламентад байхад гай болохооргүй л хүн. Гэтэл ганц бичлэгнээс болоод гарах байтугай арчигдах дээрээ тулсан. Иймэрхүү хорлонтой юм хийе гэвэл зохиомлоор эвлүүлж ч болно. Ямар нэг санамсаргүй бичлэг хадгалж мөнгө болгохыг хичээж ч магадгүй. Ийм юмаар уралдвал бодлого бус хувь хүмүүс нэгнийгээ “агнасан” аймшигтай юм болно. Тийм битгий байгаасай. Л.Эрдэнэчимэгтэй би уулзаж үзээгүй. Гэхдээ “Битгий санаа зов. Тухайн үед хүмүүс шуугьсан ч гэсэн гар утсаараа бичсэн, бичлэгийг нь тараасан хүмүүс улс төрд ороход хэцүү л болсон доо” гэж хэлмээр санагдсан.

Сурталчилгааны хэд хоногтоо өөрөө юу хийхээ ярихын оронд өрсөлдөгч нь ямар муу хүн бэ гэдэг талаар ярих сөрөг үр дагавартай. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санаа зовохоор байсан. Монголын гурван сая хүн дотроос хамгийн адгийныг нь сонгох гэж байгаа юм шиг л нэр дэвшигчид рүүгээ шороо цацсан. Сошиалыг хазаарлах хэцүү л дээ. Гэхдээ хүмүүс тэнд бүх юм үнэн байдаггүйг мэднэ шүү дээ.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 51 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top