Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхэд, залуус сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж, ганцаардалд орох магадлал нэмэгдэж байгаа аж. Сошиал хэрэглээ өсөх нь ганцаардлыг үүсгэдэг үү?
-Энэ бол хоёр талтай нийгэм-сэтгэл зүйн асуудал. Ганцаардал нь амьд харилцааг хумьж байх талтай. Нөгөө талдаа сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж ганцаардал нөхцөлөө бүрдүүлж байна. Тиймээс найз нөхөд болон гэр бүлийн харилцаандаа илүү цаг гаргаж анхаарах.
Ажил дээрээ сошиалд орохгүй байх, гэртээ байх үедээ интернет хэрэглээгээ хянах зэрэг өөртөө дадал болгох үйлдлүүдээ хийхгүй бол нэг л мэдэхэд дэлгэцийн хамааралтай, ганцаардмал нэгэн болох эрсдэлийг дагуулж байна.
-Хүмүүс фейсбүүк, твиттерт олон найз, дагагчтай байж, олон лайк, зүрх даруулж байвал өөрийгөө нэр хүндтэй, олны танил болж байна гэж эндүүрэх нь бий. Хүмүүс яагаад ингэж сошиал руу улайрна вэ?
-Бодит амьдрал дээрх харилцааны илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой.
Мөн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нэг үг, өгүүлбэрийг нэгэн зэрэг хүргэдэг учир хүмүүст харилцаанаас хариу үйлдлээ хурдан авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь дэлгэц буюу сошиал харилцааны онцлог юм. Тиймээс амьд харилцаанаас илүүтэйгээр сошиал харилцааг илүү үзэх хандлагатай байна.
-Хүн өдөрт дунджаар хэдий хэрийн хугацааг сошиал орчинд зарцуулбал зохимжтой вэ?
-Хоёроос дээш цагийг тогтмол зарцуулах нь хамаарлыг илтгэж байгаа учир өөрийн ажлын болон амьдралын онцлог хэв маягтаа тохируулан түүнээс бага хугацаагаар хэрэглэх нь зүйтэй. Цаг их өнгөрөөх тусам хамаарал нэмэгдэнэ. Тиймээс амьдралаа зөв төлөвлөх, бусдад цаг гаргах, чөлөөт цагаа хөдөлгөөн хийж үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.
Дэлгэцийн хамааралд нас, хүйс, ажил эрхлэлт хамаарахгүй орж байгаа тул бие биедээ анхаарал, хяналт тавих нь зүйтэй.
-Хүүхдүүдийг хэдэн наснаас нь эхэлж фейсбүүк хаягтай болговол зөв бэ?
-Сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийг харгалзан 15-16 насанд фейсбүүк хаяг нээх нь хүүхэд шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө тодорхой хэмжээнд удирдахад үр нөлөөтэй. Хэт бага наснаас нь сошиал хаяг нээх, эсвэл хүүхдийн зургийг өөрийн сошиал хуудсандаа хэрэглэх нь тохиромжгүй юм. Эрт нээх тусмаа хүүхдэд олон төрлийн эрсдэлийг дагуулж байна.
-Фейсбүүк, твиттерт донтчихсон, байнга утас шагайж, тэндэх мэдээллээ бусдад хуваалцаж, өөрийгөө мундаг мэдээлэлтэй, хэрэгтэй хүн мэт харагдуулах гэж зорьдог хүмүүс бий.Цахим орчинд өөрийгөө донтож байгаагаа эхний ээлжинд яаж мэдэх вэ?
-Энэ бол хүний хэрэгцээний шатлалын нэг чухал хэсэг юм. Гэвч бид үүнийгээ амьд харилцаанаас бус дэлгэцээс олж байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ Монголд байгаа үзэгдэл бус дэлхий даяараа энэ асуудалд анхаарал хандуулж байна.
Ялангуяа өсвөр, залуу үеийнхэн энэ байдалд хэт автах, хамааралтай болж байгаа нь гэр бүлийн хүмүүсийн анхаарал халамж, гэртээ болон бусдын өмнө үүрэг хариуцлага бага хүлээж байгаа зэрэгтэй хамааралтай ойлголт болоод байна.
-Бага лайк авбал сэтгэлээр унадаг, өөрийнх нь оруулсан пост, жиргээг хүмүүс тоохгүй бол өөрийгөө нийгэмд хэрэггүй, хүмүүст тоогддоггүй азгүй нэгэн мэтээр төсөөлдөг хүмүүс бий. Ийм хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Энэ бас л харилцаанаас авч байгаа хүний сэтгэл ханамжгүй байдлын илрэл хариу үйлдэл юм. Энэ нь бодит байдлаас тасарч өөрийн үнэ цэнэ, амьдралын хандлага зэргээ бусдаар удирдуулж байгаагийн нэг үр дагавар юм. Тиймээс зөвлөгөө гэвэл амьд харилцаанд идэвхтэй байх, ажил амьдралын тэнцвэрээ зөв хангах, аливаа харилцаанд эерэг хандах, байгальд гарах, бусдад туслах зэрэг амьдралдаа илүү идэвхтэй, эерэг хандах хэрэгтэй.
-Амьд харилцаа үүсгэх хэрэгтэй гэдэг. Амьд харилцаа үүсгэх энгийн алхмуудыг та хэлж өгөхгүй юу?
-Гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, хүсэл сонирхолд анхаарал хандуулах, үр хүүхэд, эцэг эхээ халамжлах, ажил, сургуулийн орчинд бусдад санаагаараа туслах, тэднийг сонсох, өөрийн туслах боломжтой зүйлээрээ биеэрээ оролцон туслах нь амьд харилцаандаа идэвхтэй байгаа мөн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.
Тиймээс өөрийн амьдралдаа илүү нээлттэй, амьд харилцааг эрхэмлэсэн тэр хүн, гэр бүл, байгууллага сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой байж чадна.
Өдрийн сонин