Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Үүний дотор АНУ, Иран, Ирак улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслэн үнэ нь нэмэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотойгоор шатахууны үнийг тогтворжуулах эрсдлийн хуримтлал бий болгох хэджинг гэрээ байгуулах эрхийг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт өгсөн байна.
Тодруулбал Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийх бэлтгэл ажлыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам хангасан байна. Тиймээс гэрээ байгуулах эрхийг ийнхүү салбарын сайдад өгчээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2.17-д "Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна" гэж заасан байдаг. Дээрх гэрээг байгуулснаар АИ92 шатахууны үнэ тогтворжих, улмаар инфляцад дарамтад учрах эрсдлийг бууруулах боломжтой гэв.
АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ
Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдлийн сан/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.
АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд:
- Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ
- Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ
- Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.