Монгол улсын хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшиний ярилцлагыг хүргэж байна.
-Хөгжлийн банк өнгөрсөн онд 500 сая ам.долларын бондыг амжилттай босгосон. Ирэх онд бонд босгох төлөвлөгөө бий юу?
-2018 онд 500 сая ам.долларын бонд босгосон. Энэ онд бонд босгоогүй ч ирэх онд гаднаас томоохон хэмжээний хөрөнгө татах бодлоготой ажиллаж байна.
Ингэхдээ тодорхой төслийн бонд босгох нь тохиромжтой байх болов уу хэмээн харж байгаа. Түүнчлэн бусад орны хөгжлийн банк болон банк, санхүүгийн байгууллагатай урт хугацааны зээлийн хэлцэлүүдийг хийж байна. Ирэх онд нийт 320-350 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
-Төгрөгийн орлоготой ААН-д валютын зээл олгодог байдлыг өөрчлөх үү?
-Эрсдэлийн бодлогыг шинэчилж цар хүрээг тогтоосон журам саяхан баталсан. Өнөөдрийн нөхцөлд долларын юм уу өөр валютын зээл авсан дотоодод үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэлээдгүй эрсдэл хүлээхээр байна. Тиймээс зээл олгохдоо ханшийн эрсдэлийг заавал тооцдог зохицуулалттай болсон.
2015, 2016 онуудад арилжааны банкуудаас их хэмжээний долларын зээл гарсан нь муу зээлийн ангилалд шилжсэн байдаг. Энэ давалгаа дахиад явах магадлалтай гэж харж байгаа. Тиймээс шинээр олгож буй зээлүүд дээр төгрөг, долларын хатуу зарчмыг баримталж байна. Экспорт хийдэг, валютын орлоготой зээлдэгчид долларын зээл олгож болно.
-Хөгжлийн банк Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж энэ онд ашиглалтад орууллаа. Энэ төрлийн стратегийн чухал ач холбогдолтой хүлээгдэж буй санхүүжилт бий юу?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, ус, цахилгааны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Монголын талаас санхүүжүүлсэн. Цаашид энэ төрлийн санхүүжилтийг Хөгжлийн банк зайлшгүй хийх ёстой. Тэр дундаа эрчим хүч, дахин төлөвлөлт, зам тээвэр, экспорт, аж үйлдвэрийг дэмжсэн урт хугацааны төслүүдийг илүүтэй дэмжих шаардлагатай.
-Валютын ханш өссөнтэй холбоотой эрсдэл хүлээсэн үү?
-Оны эцсээр цэвэр ашиг ямар гарах нь валютын ханшийн алдагдлаас илүүтэй зээлийн эрсдэлийн сан ямар хэмжээтэй байхаас хамаарна.
-ХХААХҮ-ийн сайд бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр ноолуурын зээлийн олголт удаашралтай байгааг шүүмжилсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-2018 оны Ноолуур хөтөлбөрийн санхүүжилтийг яалтчгүй удааж ноолуурын улирал дууссаны дараа олгосон. Тэр алдааг давтахгүйн тулд 2020 оны Ноолуур хөтөлбөрийг 9 дүгээр сард батлаад зарласан. Цагаан сарын дараа буюу улирал нь эхлэхээс өмнө санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна.
-Экспорт хийдэг ч 20 тэрбумаас бага зээл хүсэж буй компаниуд арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч байна. Хөгжлийн банкны зээлийн босго буурах уу?
-Хөгжлийн банкнаас шууд гарах зээл 20 тэрбумаас доошгүй байх ёстой. Түүнээс бага зээлийг арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнесийн экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд олгохоор ярилцаж байна. Компаниуд өөрсдийн харьцдаг арилжааны банкаар дамжуулан 2 тэрбум төгрөгөөс доошгүй зээл авах боломжтой. Хөгжлийн банкнаас хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг арилжааны банкуудад байршуулна. Арилжааны банкуудын зээлийн хүү 18-26 байгаа бол дамжуулан зээлдүүлэх хөтөлбөрийн хүү бидний тооцоогоор түүнээс бага байна.
-Хэчнээн зээл шүүхэд шилжсэн байна вэ?
-Зургаан зээлдэгчийн 11.4 тэрбум төгрөгийн зээл шүүхэд шилжсэн. Ихэвчлэн “Алт-2” хөтөлбөрийн алтны компаниудын зээл байна.
-Та зургаан сарын өмнө ажлаа авахдаа зээлийн багцыг сайжруулах зэрэг гурван зорилт тавьсан. Энэ зорилтуудаа биелүүлсэн үү? Та энэ албанд үргэлжлүүлэн ажиллах уу?
-Өмнөө тавьсан гурван зорилтынхоо дийлэнх хувийг биелүүлсэн гэж үзэж байна. Зургаан сар гэдэг богино хугацаа. Ямартай ч бодлого, журам, тоглоомын дүрмийг тодорхой болгож, засаглал тал дээр том ахиц гаргасан гэж харж байна. Зээлийн багцын чанарын асуудлыг зургаан сарын дотор шийдэх боломжгүй. Шүүхийн процесс ямар хурдтай явдгийг та бүгд мэдэж байгаа. Энэ ажлыг эхлүүлсэн, үргэлжлээд явна. 2020 онд амжилт, үр дүн нь гарна гэж итгэж байна.
Энэ албанд би зургаан сарын хугацаатай гэрээгээр ажилласан. Үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг ТУЗ шийднэ. Мэргэжлийн банкир хүний хувьд салбартаа ажиллах бодолтой байна.
-Ирэх онуудад төлөх гадаад өр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-2021 оноос эхлэх томоохон гадаад өрийн төлбөрүүд дээр Сангийн яамтай хамтран ажиллана. Хэрэв Монгол Улс өрийн эргэн төлөлтүүд дээр зөрчил гаргах юм бол зөвхөн Хөгжлийн банк гэлтгүй бусад арилжааны банкуудын үйл ажиллагаанд ч нөлөөлнө.
-Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээ их байгааг арилжааны банкууд шүүмжилж байна л даа?
-Манай өөрийн хөрөнгө 1 их наяд давсан. Мэдээж хэрэг бидний санхүүжүүлдэг төслүүд арилжааны зээлээс төрлөөр өөр, урт хугацааны зээлүүд байдаг учир их хэмжээний өөрийн хөрөнгөтэй байхыг шаарддаг.
montsame.mn