С.Чинзориг: Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барина.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой Нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ярилцлаа.
-Тэтгэвэр, тэтгэмж ирэх онд нэмэгдэх үү?
-Тэтгэвэр нэмнэ. Тухайлбал, 1991 онд тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх юм.
-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэмэхгүй болсон. Ингээд Нийгмийн даатгалын сангийн төсөв 174 тэрбум төгрөгөөр дутна. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс олохоор төлөвлөж байна вэ?
-Тийм. Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор ирэх онд Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх 2.6 их наяд төгрөгийн дүнг бууруулахгүй. Гэвч аж ахуйн нэгж, төсвийн байгууллага, ажилтнаас төлөх ёстой байсан 174 тэрбум төгрөг дутна гэсэн үг. Иймд бусад орлого гэдэгт уг мөнгийг нэмж төвлөрүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар орлого нэмэгдүүлнэ. Нөгөө талаас Нийгмийн даатгалын сангийн авлага 170 орчим төгрөг байгаа. Ийм замаар уг орлогыг нөхөх чиглэлээр УИХ-ын тогтоол гарсан.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлүүд асуудал дагуулсаар ирсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Ер нь ОУВС-тай нийгмийн даатгалтай холбоотой байгуулсан гэрээг УИХ хоёр дахь удаа засч байна. Манай Засгийн газар 2018 онд байгуулагдсаны дараа тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн. Хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох асуудлуудыг хөндсөн юм. Тэгэхдээ иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн болон амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлөх судалгааг ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгуулагатай хамтарч хийсэн. Ингээд тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд арай ахадсан зүйл байна гэж үзсэн. Сүүлийн хорин жилийн судалгаагаар монгол хүний дундаж наслалт жилд гурван сараар нэмэгдэж байгаа юм. Ийм учраас тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзээд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Харин хүнд хортой нөхцөлд ажиллаж буй иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан.
Энэ мэтчилэн Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах чиглэлээр ОУВС-тай байгуулсан хэлэлцээрт өөрчлөлт оруулсан байдаг. Одоо нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг жил дараалан нэмэх хэлэлцээрт өөрчлөлт орууллаа. Энэ нэмэгдэл нь гурван жилд үе шаттайгаар таван хувьд хүрэх байсан юм. Цаашдаа Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, өөрчлөлт, оруулах шинэчлэлийн бодлого зайлшгүй шаардлагатай тулгарч байна.
-ОУВС нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Засгийн газар энэ байдлаа ойлгуулах яриа хэлэлцээрийг ОУВС-тай хийнэ. Энэ өөрчлөлт нь Засгийн газрын санаачилгаар хийгээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудалд өөрчлөлт орохоор боллоо. Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн хуульд оруулсан шимтгэл нэмэгдүүлэх өөрчлөлтийг бүрмөсөн хүчингүй болгоогүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуулийн үйлчлэх хугацааг нь хойшлуулсан. Ийм учраас уг хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
-ОУВС гэдэг “хадны мангаа” байна гэсэн ойлголт хүмүүст байдаг. Энэ сантай хамтарч ажилласнаар ямар үр дүн гарсан бэ?
-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орсны үр дүнд Нийгмийн даатгалын сангийн орлого чамгүй нэмэгдэж байгаа. Тухайлбал, өмнө нь арилжааны банкуудаас нэг сарын хугацаатай хүүгүй зээл авч тэтгэвэр тавьдаг байсан. Тэгвэл ОУВС-тай хамтарч ажилласны үр дүнд арилжааны банкуудаас авахгүйгээр тэтгэвэр, тэтгэмж тавих боломжтой болсон юм. Мөн тэтгэвэр тавих орлого нэг сард хүрэлцэх эх үүсвэртэй явж ирсэн.
Одоо тэтгэврийн сангийн эх үүсвэр нэмэгдэж тэтгэвэр тавих мөнгө нь хоёр сард хүрэлцэх нааштай үр дүнд хүрсэн. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэмэхгүй учраас тэтгэвэр тавих мөнгөний эх үүсвэр эргээд нэг сарын нөөцтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг сарын орлогоор тэтгэвэр тавиад явах нөхцөл байдалд орсон.
-Тэтгэврийн сангийн алдагдал ямар хэмжээнд байна. Төсвөөс жил бүр 600 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа гэсэн?
-Энэ сан тодорхой хэмжээний алдагдалтай байгаа. Гэхдээ энэ 600 тэрбум төгрөгийг Тэтгэврийн сан алдагдалтай учраас өгдөг гэж ойлгох нь өрөөсгөл. Хоёр учир шалтгаан бий. Нэгдүгээрт, цэргийн албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг. Тэтгэврийг нь ч улсын төсвөөс бүрэн гаргаж явдаг. Ийм учраас дээрх мөнгөний 140 тэрбум төгрөг нь цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжид өгч байгаа зардал.
Хоёрдугаарт, 1995 оноос өмнө ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан. Үүнийг нь улс бүрэн хариуцаж ирсэн. Тэгэхээр дээрх оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн санхүүжилтийг төсвөөс төлөх ёстой. Энэ санхүүжилтэд 220 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. Нэг ёсондоо төсвөөс өгч буй дээрх мөнгөний 360 гаруй тэрбум төгрөг нь төр хариуцах ёстой тэтгэврийн санхүүжилт юм. Үлдсэн 240 орчим тэрбум төгрөг нь алдагдлыг хааж өгч байгаа гэж ойлгож болно.
-Тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах талаар ямар ажил хийх ёстой болж байна вэ?
-Алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгал төлөгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлага бий. Улсын хэмжээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын дөнгөж 20 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Ийм учраас ирэх жилээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хууль хэрэгжинэ. Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн орлого 130-аад тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо бий. Тэгэхээр улсын төсвөөс авах татаас буурна. Энэ онд улсын төсвөөс Нийгмийн даатгалын сан 600 тэрбум төгрөг авсан. Ирэх жил 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авах юм.
-Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хууль ирэх оноос хэрэгжинэ гэлээ. Тэгэхээр нэг даатгуулагч хэдэн төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх тооцоо байгаа вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 420 мянган төгрөг болно. Ийм учраас нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх иргэд дээрх мөнгөн дүнгээс эхлэн тооцох юм. Тэгэхээр иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс 10 хувиар тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй хугацаагаа нөхнө.
-Тэгвэл ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм бэ?
-Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой журмыг хэлэлцүүлнэ. Тэгэхээр тодорхой болно. Урьдчилан харж буйгаар нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хүн ажиллаж байснаа тодорхойлох шаардлагатай болно. Малчнаар ажиллаж байсан бол жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэн эсэхийг харна.
Энэ нь малчнаар ажиллаж байсныг тогтоох гол шаардлага болох байх. Хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэн татварын албанаас “Татвар төлөгч” гэсэн хөх дэвтэр авсан байх ёстой. Ингээд уг дэвтрийг хэдэн онд авсан байна, түүнээс хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эрх үүснэ.
-Эдийн засагчид болон иргэд тэтгэврийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх тухай сүүлийн үед ярьж эхэлсэн. Энэ талаар та НХХ-ийн сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэдэг санал нэг байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд батлагдсан. Үүнээс хойш 25 жил өнгөрлөө. Тэгээд сүүлийн үед нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой үүсч буй нөхцөл байдлыг бүрэн зохицуулж чадахгүй байна. Иймд нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомжийг шинэчлэх шаардлага бий. Тэгэхдээ хоёр зүйлд онцгой анхаарах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа.
Нэгдүгээрт, нийгмийн даатгалын байгууллагын удирдлага, бүтэц, менежментийг сайжруулах талаар томоохон өөрчлөлт хийх ёстой. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах, өсгөх, хуримтлал бий болгох чиглэлийн ажлыг сайжруулж боловсронгуй болгох учиртай юм.
Ер нь олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоонд шилжих учиртай гэж харж байгаа. Суурь тэтгэвэртэй болох, ажилтнууд ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч тэтгэвэр авах ёстой. Мөн сайн дурын үндсэн дээр тэтгэврийн хувийн даатгалын тогтолцоо бий болгох нь зүйтэй. Ингэж хуримтлалын тогтолцоонд шилжих шаардлага тулгарч байгаа юм.
-Та Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг өөрчлөх, тогтолцооны шинэчлэлт хийх тухай ярилаа. Энэ асуудлыг ирэх онд хийж амжих болов уу?
-Сонгуулийн жил гарч байна. Аливаа өөрчлөлтийг сонгуулийн өмнө хийхэд болгоомжлол байдаг. Гэвч УИХ-ын хаврын чуулганаар нийгмийн даатгалтай холбоотой хууль, тогтоомжийн өөрчлөлтүүдийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа.
"Ардчилал таймс" сонин